2011/09/15

”Шинхуа Энержи”-г Монголчууд дэмжихгүй байна” гэжээ


Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн тэр­гүүн болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тавантолгой төсөл Монгол Улсын хууль тог­тоом­жийг зөрчсөн” гэх утгатай тайлбар хийлээ. Ерөнхий сайд С.Батболдын танхимынхан ч үүнийг мэдсэн юм шиг Тавантолгойн  төслийг бу­цаах хүсэлтээ өмнө нь гар­гаад байж. Тэгэхээр одоо Тавантолгойд хөрөнгө  оруу­лах компаниудын тоо, эзэм­­ших хувь, харьцаа нь өөрч­лөгдөнө гэсэн үг бо­лолтой. Одоогийн байд­лаар Цан­хийн баруун хэсэгт “Шин­хуа энержи” групп 40, АНУ-ын “Пибоди Энержи” 24, Орос, Монголын хам­тарсан консорциум 36 хувийг эзэмшихээр тогтоод байсан. Үүнтэй зэрэгцээд Өмнөд Солонгос, Японы кор­порациуд  “Оператор ком­­паниу­дыг шударгаар сон­гоогүй” хэмээн гомдоллож эхэлсэн юм. Энэ тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өөрсдийн таам­гийг дэв­шүүлжээ.

“Ройтерс” агентлаг “Донор орнуудынхаа хүсэл­тийг хүн­дэтгэж үзээгүй Монголын Засгийн газар эцэст нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдыг дэм­жинэ гэдгээ амлалаа. Уг нь тэд Монголын талаас шаардсаны дагуу Оросын консорциумтай нэгдэж, Тавантолгойн тендерт орол­цож байсан юм. Хэрэв тэднийг хөрөнгө оруулагчдын тоонд багтаахаар болсон бол дээрх төслийг хэрэгжүүлэх эсэх нь дахиад л хэдэн сараар сунжирна” хэмээн саяхан мэдээлжээ.

Хятадын “Синьхуа” агент­­лаг “Монгол, Хятадын харилцаа өнө эртний түүх­тэй” хэмээн мэдээлсний дараа барууны хэвлэлүүд, тухайлбал, “Seeking Alpha”-ийн сайтад “Монголчуудын олонхи нь хан үндэстэнд дургүй.

Тиймээс үндэсний баялаг бол­сон Тавантолгойнхоо дийлэнх хэс­гийг Хятадын ком­панид өгөхийг зөвшөөрсөн улстөрч ирэх оны сонгуульд иргэдийнхээ саналыг авч ча­дахгүй” гэсэн байх юм. Ба­рууныхан ийнхүү ерөнхий дүгнэлт хий­сэн боловч Таван­толгойн эргэн тойронд юу болоод байгааг, асуудал юуны учир сунжирч эхэлснийг зөв тодорхойлоод байх шиг. Хятад улс жилд 3.4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Энэ хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хятадын хувьд эрчим хүчний үйлдвэрлэлээрээ АНУ-ыг ч ардаа орхиж мэдэхээр болсон. Гэхдээ энэ салбар нь зөвхөн нүүрснээс хамааралтай байгаа юм. “Coal Investing News” сайтад “Хятад улс 2009 онд дэлхийн нүүрсний эрэлтийн 45 хувийг,  2010 онд 48 хувийг бүрдүүлсэн. Харин 2035 он гэхэд Хятад тэргүүтэй Азийн орнууд нүүрсний эрэлтийн 95 хувийг бүрдүүлнэ. Монголчууд өнгөрсөн онд 12 сая тонн нүүрс экспортолжээ. Ийнхүү экспорт, импортын хувьд бараг л бүрэн хараат болсон учраас Монголын Засгийн газар Тавантолгой төсөлд өмнөд хөршийнхөө ком­панийг оролцуулахгүй байж ча­дах­гүй. Гэхдээ төсөл хэрэгжих явцаас харахад эзэмших хувийг нь тодорхой хэмжээгээр бууруулж магадгүй” гэжээ.

Японы “Kyodo news” агентлаг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хята­дын “Шинхуа энержи” групп Тавантолгойн дийлэнх хувийг эзэмших болсныг төдийлөн дэмжихгүй байгаа. Учир нь олон нийтийн зүгээс үүнийг эсэргүүцэж байна” гэх агуулгатай мэдээлэл гаргажээ. Харин “China Daily” сонин үүнийг онцолж, “Шинхуа энержи” групп хууль ёсны дагуу тендерт ялсан компани” хэмээн мэдээлж байна. Харин барууны хэвлэлүүд Ц.Элбэгдоржийн хэлсэн “Олон нийт” гэдэг үг нь монголчуудаас гадна Оросыг төлөөлж байгааг онцолсон билээ. Тухайлбал, seekingalpha.com сайтад “Оросоос Монгол руу экспортолдог түлш, шатахуун нь хоёр орны хувьд аль, алинд нь хэрэгтэй. Монголчууд хойд хөршөөсөө түлш импортлохгүйгээр амьдарч чадахгүй. Харин энэхүү нийлүүлэлтийнхээ ачаар Оросын тал монголчуудыг хөшүүрэгдэж чаддаг” гэжээ.

“Seeking Alpha” хэмээх санхүү­гийн зах зээлийн талаарх мэдээллийн сайтад “Пибоди энержи” групп Та­вантолгойн ордын 24 хувийг эзэм­шихээр болсон. Жилд 3.6 сая тонн нүүрс олборлоно. Нүүрс нь хамгийн чанартай, өндөр илчлэгтэй. Тэгэхээр “Пибоди энержи” ам.долларыг бөөн, бөөнөөр нь “үйлдвэрлэх нь” хэмээн бичжээ. “Пибоди энержи” компани Австралийн “Mac Arthur Coal” ком­панийн хувьцааг худалдаж авахаар болсон. Харин “Mac Arthur Coal”-ийн хувьд Овоот толгойн нүүрсний уурхайтай дүйцэхүйц томоохон ордыг эзэмшдэг. Тэгэхээр “Пибоди энержи”  группийнхэн Тавантолгойд хөрөнгө оруулах бол­сондоо сэтгэл ханаагүй бололтой.

Тавантолгойд олборлолт хийх эрх бүхий “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын Хөрөнгийн биржид гаргахад зөвлөхөөр оролцох банкуудын тухай яриа ч мөн л өрнөж байна. Төслийг иймэрхүү байдлаар буцаасаар байвал Тавантолгой нэг жилийн дараа гэхэд эдийн засгийн эргэлтэд ороогүй хэвээр байна. Харин энэ нь “Голдман сакс”, “Дойче банк”-ны хувьд ашиггүй. Эдгээр банкны хувьд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын буруутан болж, АНУ-ын дээд шүүхэд дуудагдах болсон. Энэ хэрэг одоо ч үргэлжилж байгаа. АНУ-ын хууль сахиулагчид тэдний буруутайг нотлох шинэ баримтуудыг дэлгэсээр байна. Гэхдээ “Голдман сакс”, “Дойче банк”-ны аль, аль нь энэ тухай албан ёсны тайлбар хийгээгүй юм.

Дэлхийн банкнаас мэдээлснээр энэ оны нэгдүгээр хагаст манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17.3 хувьд хүрсэн. Гэхдээ энэ нь зөвхөн зэс, нүүрсний олборлолттой холбоотой. Өмнө нь манай уул уурхайн салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 40 хувь болон нэмэгдсэн. Харин энэ тухай “Finance Asia” мэдээллийн сайтад “Зөвхөн нэг салбарын өсөлт, нэг зах зээлээс хараат байдал нь Монголын эдийн засгийг тогтворгүй, эрсдэлтэй болгож байна. Хэрэв Хятадын эдийн засаг хямарвал Монгол Улс түүнийг тэсч гарч чадахгүй” хэмээн тодорхойлжээ. Ийм нөхцөлд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ухаалгаар сонгож чадвал хэтдээ нэг газраас хэт хараат байхаа больж, ямар нэгэн хямрал нүүрлэвэл түүнийг хохирол багатай даван гарах боломж болж ч мэдэх юм.

No comments:

Post a Comment