2011/09/26

“Эрдэнэс Тавантолгой” нууцлаг байгаа нь эрсдэл

“Монроуд” компанийн ерөнхий захирал Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монголчууд чадна” гэсэн уриатайгаар Тавантолгойн тендерт оролцсон боловч ялагдсан билээ. Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын Ажлын хэсэгт буцаагаад байгаа энэ үед Б.Гарамгайбаатар захирлын байр суурийг сонссон юм.

-Таныг “Монроуд”-ын Гарамгайбаатар гэж мэдэхээс Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Улс төрд хэзээнээс оров?
-Алт эрт ш дээ. Ардчилал бий болсон 1990- ээд оноос л Ардчилсан холбоо, Ардчилсан намын гишүүн болж, үйл ажиллагаанд нь тогтмол оролцсоор ирсэн. ШДХ-ны анхны гишүүдийн нэг гэж байгаа. МҮДН- ын ч анхны гишүүдийн нэг. Намууд нэгдснээс хойш Ардчилсан намын гишүүнчлэлтэй болсон. Ер нь бол намынхаа “арын албанд” зүтгэсээр ирсэн хүмүүсийн нэг л дээ.

-Хэнтий хэр их улс төрждөг аймаг вэ?

-Улс төрждөг гэдэг нь талцдаг гэж ойлговол огт улс төрждөггүй аймаг шүү. Манай Хэнтийчүүд харин үзэл бодлоо их чөлөөтэй илэрхийлдэг. Хэнтийчүүд хамтарсан Засгийн  Газарт анхнаасаа л тааламжгүй байж, хариуцлага хүлээх хүнгүй болно, амлалт сарнина гэдэг шүүмжлэл гаргаж байсан. Манай намын гишүүд ҮЗХ-ндоо өргөх бичиг хүртэл өгч байсан. Тэр үед зөвхөн Хэнтийчүүд л хамтарч засаг барих асуудлыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо бол бараг бүх аймагт л энэ талаар шүүмжлэл өрнөж байх шив. Аймгийн намын даргын хувьд гишүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж санаа бодлыг нь намын удирдах төвшинд уламжилж байсан. Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь одоогоор эрт байна. Он гараад бол ч. . .

-Та сая Ардчилсан намын Монгол хүн 2020 аянаар Хэнтий аймагт ажиллаад ирсэн. Гишүүд намын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна? Та тэр цуглаан дээрээс юуг хамгийн түрүүн юу олж харсан бэ?


-2020 хөтөлбөрийн хүрээнд манай нам нэлээд их арга хэмжээ зохиож ажиллаа. Хамгийн тод анзаарагдсан зүйл бол Таван толгой төслийн талаар иргэд мэдээлэл, ойлголт авахыг маш их хүсэж байгаа байдал. Мөн Ерөнхийлөгчийн архидалтын эсрэг санаачлага их дэмжлэг авч байна. Энэ чиглэлээр Хэнтийд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг мэдэрлээ, за гуравдугаарт ажилгүйдэл! Хэнтий аймаг дэд бүтэцийн хувьд  харьцангуй сайн атлаа ажилгүйдэл ихтэй байна. Ажилгүйдлээ дагасан сөрөг үзэгдлүүд, орлогын хомсдол, гэмт хэрэг, архидалт санаа зовоож байна. Өөрийн гэсэн орлоготой, жижиг бизнесээ болох эрмэлзэл бий болж, эрэлт үүссэн байгаа нь хамгийн их таалагдсан. Энэ бол их чухал зүйл шүү.

-ҮАБЗ-өөс  “Таван толгой” төслийг ашиглах одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэж буцаасан. Ерөнхийлөгч ч хориг тавьсан байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхое.

-ҮАБЗ-ийн шийдвэрийг би хувь хүнийхээ хувьд дэмжиж хүлээж авсан. Таван толгойн орд газар бол олон арван жил монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах ёстой, цаашлаад хойч ирээдүйн маань амьдралд ихээхэн хамаатай орд учраас яаруу дааруу хандаж болохгүй. Оюу толгой шиг байдлаар тохиролцчихвол үргэлжилсэн заваан юм болно. Монголчууд ахиад л хохирно. Миний үзэж байгаагаар уг төсөл дээр ойлгомжгүй, засаж залруулах, нягтлах маш олон асуудал бий. Иргэдэд ногдох хувь хэмжээ, ногдол ашгаа хэрхэн яаж олж авах, хэр батлагаатай байх. Хувьцааг хэн, хаана арилжих үй олон асуулт дагуулсан хирнээ ямар ч хариулт байхгүй, битүү, хатуу байдлаар явагдаад байгаа нь осолтой.

-Тавантолгойг тойрсон асуудал байнга л хэл ам дагуулдаг.  Таны бодлоор яг юу нь болохгүй байна, явал дээрдэх вэ?


-Би одоогоор хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд үндэслэж л дүгнэлтээ хийж байна. Таван толгойн орд газрыг  ашиглах асуудалтай холбогдуулан УИХ-аас гаргасан тогтоол илтэд зөрчигдсөн. Ашигт малтмалын хуулийн зүйл заалттай ч харшлахаар үйлдэл гаргаад байна уу гэж ойлгогдохоор байгаа. Хамгийн гол нь энэ асар том ордыг  ашиглах шийдэл нь буруу байна. Засгийн Газрын ажлын хэсэг тус ордыг баруун, зүүн хоёр хэсэгт хуваасан нь УИХ- ын тогтоолыг зөрчсөн. Зүүн хэсгийг стратегийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахаар тогтсон гэх нь эргэлзээ дагуулсаар байгаа юм. Хуулиараа бол хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн бүх үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, тайлан тэнцэл, зарлага орлого олон нийтэд ил тод байх ёстой. Энэ ард түмэн чинь тэр ордыг эзэмшигчид нь шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний заалт бүрхэг, шийдвэрүүд бүгд нууцлагдмал байгаа нь аюул дагуулж мэдэхээр юм. Иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах  10 хувь (энэ хувь тодорхойгүй болсон), гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр борлогдох 29, нийтдээ 49 хувь нь хуваарилагдсан гээд л байгаа. Үлдэх 51 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилах юм ярьсан. Эндээс Таван толгойн 51 хувь нь монголчуудад, нийт иргэдэд олгогдохгүй, иргэдэд олгогдох битгий хэл Монгол улсын мэдэлд байх эсэх нь эргэлзээтэй болчихсон юм билээ.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлцэл байгуулахдаа хоёр янзаар байгуулж болох хувилбар бий. Нэгдүгээрт, зөвхөн олборлогчийг сонгон шалгаруулах, хоёрдугаарт олборлох болон борлуулах эрхийг нь стратегийн хөрөнгө оруулагч нарт олгоод, түүнээс татварын ашиг, роялтын татвараас гадна борлуулсан ашгаас хувь хүртэх гэрээ байгуулж болохоор байгаа. Гэтэл ТӨХ-ний дарга Д.Сугарын сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд стратегийн хөрөнгө оруулагч нарт өгсөн 51 хувийн борлуулалтаас монгол улс ашиг хүртэх хувилбар огт харагдаагүй. Энэ нь нийт иргэдэд оногдох хувьцааны хувь хэмжээнд нөлөөлөөд байх шиг санагдаж байгаа юм.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” н өөрийнх нь ашиглах 49 хувь нь яаж зах зээл дээр арилжаалагдах, нэрлэсэн үнэ хэд байх гэх мэт бусад бүх асуудал нь ил тод биш, нэг л нууцлаг байгаад байна. Нэрлэсэн үнэ хэд байхаас иргэдийн гар дээр ирэх 536 хувьцааны анхны хэмжээ, үнэлгээ тодорхой болох учиртай. Хэрвээ тэр үнэ 10 төгрөг байх юм бол яах юм?

-“Таван толгой” төслийн ажлын хэсгийн ахлагч нь танай намын дарга байх аа?. 

-Саяхан Ардчилсан намын аймгийн дарга нарын цугларалт болж бид асуудлаа ярилцлсан. Энэ үеэр намын дарга Н.Алтанхуягаас асуусан л даа. ҮАБЗ хэлэлцээд, засч залруулах олон асуудал байгаа юм байна гэж үзээд, Ерөнхийлөгч өөрийн биеэр хориг тавиад олон нийтэд зарлачихлаа, ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж үзэж байгааг асуусан.  Тэгэхэд Н.Алтанхуяг дарга алдаатай асуудлууд байгааг зөвшөөрч, засахаар ажиллаж байгаа гэж байна лээ. Таван толгойг ашиглах гэрээг бүр зогсоочхож болохгүй. Хийх ёстой. Монголын ард түмэн хохироод үлдэхгүй байх хувилбараар л хийгдэх ёстой

-“Монголын авто замын нэгдэл” Таван толгойн тендерт оролцохоо мэдэгдэж байсан. Юу болсон бэ?


-Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендерт 15 компани оролцсон гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тэдний дунд Монголын авто замын нэгдэл  консерциум байсан. Бид тендерт шалгараагүй ч гэсэн ийм том бүтээн байгуулалтын ажилд Монголчууд орж ажиллаж чадна, тийм боломж, чадвар, нөөц байгааг мэдрүүлсэн гэж бодож байна.

-Иргэд энэ талаар мэдээлэлгүй байгаа, мэдээлэл авах боломж ч хомс байх шиг байна. Ер нь уул уурхайн баялагийг эргэлтэнд оруулахад мэдээлэл хомс, нууцлаг байх нь маш том аюул дагуулдаг л даа. Энэ тал дээр танай нам, таны зүгээс тодорхой зүйл хийх төлөвлөгөө бий юу?

-Иргэдэд “хувьцаагаа аваад л мөнгөтэй болчихно” гэсэн түгээмэл төөрөгдөл их байна. Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэггүй байх үед тараагдсан цэнхэр, ягаан тасалбарын гажуудал өнөөг хэр нь залруулагдаагүй. Тухайн үед хувьцаагаар ашиг олох талаар тоймтой мэдээлэлтэй хүн тун цөөхөн байсан. Тэгээд цөөн хэсэг нь ашиг олоод олонхи нь юу ч үгүй хоцорсон.  Таван толгойн хувьцааны хувьд хувьцаа эзэмшигч ганц нэг хүн юу ч болохгүй. Гэр бүлээрээ, ах дүүгээрээ, хамт олноороо нутаг нугаараа нийлж, сан байгуулах, төвлөрөл, хуримтлал үүсгэж байж, хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх зарчмаар явбал илүү үр дүнтэй байх болов уу.  Энэ тал дээр төрийн зүгээс системтэй сургалт явуулах ойлголт дээшлүүлэх ажил хийх ёстой. Таван толгойн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах 29 хувийг гадаадынхан хамаад авчих эрсдэл харагдаад байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдана гэсэн мэдээлэл сониноос олж харсан. Тэгэхээр монголд бүртгэлтэй гадаадын маш олон компани байгаа ш дээ. Тиймээс л нягтлах, эргэж харах асуудал их байна гэж яриад байгаа маань  энэ. Хэдийгээр би энэ асуудлыг хариуцсан хүн биш  ч гэсэн иргэн хүнийхээ хувьд бодож санаж яваагаа хэлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

-Ордын тодорхой хэсгийг арилжаалахад үйл ажиллагаа явуулах үндсэн зардал бүрэн босно гээд байгаа нь хэр бодитой вэ.

-“Таван толгой” бол дэндүү том орд. Дэлхийд эхний гуравт л гэж ярина. Ашиглахад мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Миний бодлоор бусад бүх асуудлыг түр хойш тавиад эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гээд байгаа чинь ердөө л энэ ш дээ. Замаа тавиад, цахилгаан шугам сүлжээ, ажилчдын байх орон сууцыг шийдвэрлэчихээд ухаж эхлэх ёстой. Шууд л ухаад зөөгөөд унахаар байгаль орчин яаж сүйдэж байгааг бүгд харж байна. Хөшөөтийн уурхайг ашиглах гэж байгаа тал эхлээд замаа тавьж байна. Энэ бол зөв жишиг. Би зориуд тодотгож хэлмээр байна. Нэн тэргүүнд яавал байгальд хор хохиролгүй байх вэ гэдгийг л бодолцох ёстой. Дахин нөхөгдөшгүй зүйлдээ хайр гамтай хандахгүй бол хичнээн алт, нүүрс байгаад орлож чадахгүй шүү дээ.

-Ардчилсан намын гишүүдийн дунд нөлөө бүхий бизнес эрхлэгчид олон байдаг. Нийтлэг жишиг гэж хэлж болохоор болсон нэг зүйл бол намын үйл ажиллагааг дэмжсэний хариуд албан тушаал горилох, янз бүрийн байдлаар наймаалцах явдал их байдаг л даа. Таныг замын салбарын томоохон компани удирддагийн хувьд энэ асуултыг тавьж байна.
-Ардчилал бий болох үед би оюутан байсан. Намаас албан тушаал горилоод, наймаалцаад байсан явдал надад байхгүй. 1996 онд АХЭ-ийн засгийн газрын сүүлийн жилд нь Авто замын газрын орлогч даргаар томилогдож ажилласан. Удалгүй 2000 онд МАХН- төр барьж намын харъяаллаар хоморголон халах үед хувийн салбарт эргэж орсон. Тэр үеэс хойш замын бизнес эрхлэж байна. Зам бол хүнд салбар. Хамгийн их өртөг зардалтай салбар гэдгээрээ хэл ам гарах асуудал ч их байдаг л даа.

-Анод банкаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл гарч байсан. Анод банкийг санхүүгийн хүндрэлд оруулсан буруутны нэг  гэж байсан. . .

-Хэвлэлээр ташаа мэдээлэл их цацагдах юм. Нягталж, тодруулаагүй, ажлаа хялбарчилсан сурвалжлагчийн алдаанаас бусдад буруу ойлголт түгэх явдал гарсаар байгаа нь харамсалтай. Товчхондоо бол манай комдани банкнаас зээл авч, улсын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн нь үнэн. Зах зээлийн нийгмийн ердийн л механизм. Зах тэгээд зээл гэж байгаа биз. Эрүүл санхүүгийн орчинд зээл бол байх л ёстой зүйл. Яагаад энэ асуудлыг буруутгаж ярьдаг гэхээр Монгол улс дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үүднээс эргэн төлөгдөх нөхцлөөр хэд хэдэн тендер зарласан. Эргэн төлөгдөх нөхцөл гэдэг бол компани бүх эрсдлээ даагаад, мөнгөө олно, ажлаа хийнэ. Тодорхой хугацааны дараа улсаас мөнгөө эргүүлэн авна. Ийм л гэрээ шүү дээ. Хоёр том гэрээг бид хэрэгжүүлсэн. Ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр олохын тулд арилжааны банкуудтай гэрээ хийсэн. Яг тэр үед Анод банкны асуудал гарч, намайг Анод банкны ТУЗ-ын гишүүн мэтээр ташаа мэдээлэл цацагдаж эхлэсэн. Би бол олон зээлдэгчийн л нэг. Улсын бүтээн байгуулалтын ажил учраас төлбөр мөнгө нь графикаар хийгддэг. Улсын мөнгө орж ирэхэд Анодын зээл төлөгдчихсөн. Гэтэл сонинууд шуугиулж хаячихаад, төлсөн тухай нь мэдээлдэггүй ээ. Бид одоо Анод банктай ямар ч тооцоо байхгүй. Гарч байгаа мэдээллийг харж байхад шар сонинд гарсан анхны мэдээллийг бага зэрэг өөрчлөөд л тавиад байдаг юм байна лээ. 

No comments:

Post a Comment