“Энержи Ресурс”-д Монгол ажилчдын нөхцөл сайн байсан бөгөөд ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллах үйлдвэрчний эвлэлийг байгуулсан байна.
Оюутолгойн хувьд дөрвөн зүйл дээр удирдлагуудтай нь ойлголцолд хүрчээ. “Хөдөлмөр аюулгүй байдлын талаар Монгол улсын хувьд тэргүүний стандартыг хэрэгжүүлж байна” хэмээн ярьсан С.Ганбаатараас бид зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутолгойд хийсэн шалгалтын талаараа ярихгүй юу?
-2012 оны наймдугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэнэ. Энэ үед ажилчдын 90 хувь нь Монголчууд байна гэж гэрээнд заасан. Энэ бол иргэний хөдөлгөөнүүд, сэтгүүлчдийн маш их хүчин чармайлтаар орсон заалт. Тиймээс энэ 90 хувийг баталгаажуулаач гэдэг асуудлыг бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш тавьсан. Олох доллараа цент центээр нь тооцдог мөртлөө Монгол ажилчдын цалинг яагаад тооцохгүй байгаа юм. Тэнд хэдэн хүн, хэдэн төгрөгний цалинтайгаар ажиллах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Гэрээнд заасан 90 хувь гэдэг нь 4 юм уу, 4000 эсвэл 40 мянга юм уу. Ямар хөдөлмөрийн нөхцөлд, ямар ажлын байранд, ямар цалин хөлстэй, хэдий хугацаатай ажиллах юм. Хэрвээ гурав хоног ажиллуулж Монгол хүнийг өнөө 90 хувьдаа оруулчихаад л гаргаад байвал яахав. Тэд чинь их зальтай шүү. Биднээс ямар диплом шаардах юм тухайн үед гэх мэтээр нарийн төлөвлөгөө гаргаж, гарын үсэг зурах хэрэгтэй. Ирэх долоо хоногт энэ асуудлыг эцэслэн шийдье гэдэг тохироонд хүрлээ.
-Засгийн газрын зүгээс ямар оролцоотой байх вэ?
-Засгийн газар гэрээ хийсэн учир өөрсдөө уг нь энэ асуудлыг шахах ёстой. Гэхдээ Засгийн газар маань тайван байна, тэдэнд дэндүү итгээд байна. Бид хашир байх ёстой. Ингэж төлөвлөгөөгүй явж байгаад наймдугаар сар хүрчих юм бол хэдэн Монгол хүн авч “архи уугаад, хулгай хийгээд байна” гэж шалтаглаж байгаад л оронд нь хятад, гадаад ажилчид аваад ажиллуулчихаж магадгүй юм. Тийм боломжийг бид олгохгүй. Монгол хүмүүст хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол хүнийг ядаргаа, “проблем” гэдэг нүдээр харахаа зогсоож, боломж гэдэг нүдээр харах хэрэгтэй.
-Барилгын явцад 60 хувь нь Монгол ажилчид байх ёстой гэсэн гэрээний заалттай. Одоогийн байдлаар энэ заалт амьдрал дээр биеллээ олж байна уу?
-Толгой компанидаа энэ биеллээ олж байна. Хятадын 7000 ажилтан оруулж ирсэнтэйгээ тэнцүүлээд Монгол ажилчдыг оруулсан байна. Энэ хууль зөрчигдөж байгаа газар нь дандаа туслан гүйцэтгэх компаниуд дээр байна. Туслан гүйцэтгэх компаниудын эзэд дунд Монгол хүн ч байна, хятад хүн ч байна. Тэдний зүгээс Монгол охидын, Монгол ажилчдын эрх ашгийг дэндүү зөрчдөг юм байна. Тиймээс энэ асуудлыг бас ярьлаа.
Ингээд Оюутолгойгоос энэ тал дээр анхаарч ажиллах, цаашлаад болохгүй бол тухайн хууль зөрчөөд байгаа компаниудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан. Тэдний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Ганцхан тэнд ажиллаж байгаа Монгол хүмүүс Та бүхний хүний болон хөдөлмөрийн эрх ашиг зөрчигдөх л юм бол гомдлоо Оюутолгойн “толгой” компанийн хүний нөөцийн албанд шууд мэдээлээрэй.
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенц гэж байдаг. Энэ талаар?
-Монгол хүн, гадаад хүн хоёр адилхан ажил хийж байгаа тохиолдолд цалин нь адил тэгш байна гэж заасан байдаг. Одоогоор энэ зөрчигдөж байгаа. Цаашид энэ конвенцийг бид ажил болгох тал дээр тохирсон.
-Одоо байгаа цалингийн зөрүүг дурьдаач гэвэл?
-Гадаад хүний дундаж цалин 140 сая төгрөг, Монгол хүнийх 14 сая төгрөг байгаа. Хамгийн өндөр нь гэвэл гадаадын нэг захирал сард 64 сая төгрөг авдаг. Гэхдээ энэ бол тэдний дотоод асуудал. Бидний зүгээс ижилхэн экскаватор барьж байгаа гадаад, Монгол хоёр хүн ижил хэмжээний цалин авах ёстой гэдэг шаардлагыг л тавьсан. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ.
-Тавантолгойн талаар?
-Тавантолгойн асуудалд Монголын Засгийн газар Оюутолгойтой хийсэн гэрээнээсээ сургамж авч ажиллах ёстой. Бид илүү хүчтэй тэмцэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдөр Оюутолгой гадаадын хоёр компанийн 100 хувийн хяналтанд байгаа. Тавантолгой гадаадын гурав, япон, солонгос ороод таван компанийн 100 хувийн хяналтанд орох гэж байна. Энэ бүр аюултай. Хоорондоо ямар ч ойлголцол байхгүй таван өөр аргачлалтай оронд өгөх юм бол энэ таван улсын муудалцаан, үйл ойлголцлын зодоон Монголын Тавантолгойн талбар дээр болох юм уу.
Энэ тавыг хэн нь удирдах юм, хэн нь яг юу хийх юм гэдгийг Монголын засгийн газар ард түмэнтэйгээ ил тод ярилцахгүй байна. Энд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах ёстой. Тавантолгойн асуудлыг ил тод хэлэлцэхгүй бол нийт орон даяар ажил хаялт хийхээс аргагүй болно гэдгийг энэ дашрамд хэлье.
-Энержи Ресурс өөрийн цахилгаан станцтай болчихлоо. Гэтэл Оюутолгой бараг өрхийн хэрэглээний зөвшөөрөлтэйгээр хил хүртэл цахилгааны нүх ухуулаад байгаа сурагтай. Энэ талаар та юм дуулав уу?
-Энэ их чухал асуудал шүү. Анх гэрээ байгуулахад оролцож сайн, муугаараа дуудуулж явсны хувьд энэ талаар маш сайн мэдэж байна. Тухайн үед “зөвхөн үйлдвэр барих үед хятадаас цахилгаа авъя” гэсэн. Харин бидний зүгээс “Тийм юм байхгүй. Эхлээд цахилгаан станцаа барь” гэдэг шаардлагыг тавьж “Говьсүмбэр, Шивээ-Овоо, Улаанбаатарын ойролцоо ч юмуу том цахилгаан станц бариад нийслэлд нийлүүл, тэгээд шөнийн алдагдалтай тогоо үйлдвэрлэлийн процесстоо ашигла” гэсэн хөтөлбөрийг хүртэл санал болгож байсан.
Энэ үед Засгийн газар, манай улстөрчид дэндүү хариуцлагагүй загнаж, “Хятадаас цахилгаан авах нь зөв” гэж ярьсан. Ийм л тэнэг зүйл болсон. Гэтэл Хятадаас цахилгаан авах гээд очтол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур сумынхан манай улстөрчдөөс агуу шаардлага тавьсан. Тэд “Цахилгаан авч болно. Гэхдээ 70 хувийн хөрөнгө оруулалтыг нь та нар хийгээд манай нутаг дэвсгэрт зэсийн боловсруулах үйлдвэр барь” гэдэг шаардлагыг тавьсан.
Манай улс төрчид ийм л байх ёстой. Тэгэхэд Монгол дотроо зэсийн боловсруулах үйлдвэр барь гээд хэлчихэж чадахгүй нүдээ бүлтэлзүүлээд байдаг. Харин Оюутолгойн зүгээс зөвшөөрөх боломжгүй гэхэд “тэгвэл цахилгаан станцаа барь, бидэнд хувь өг” гэсэн шаардлагыг тавьсан байгаа юм. Энэ бол улс төр. Тиймээс манай улсын зарим улстөрчид тэр Баяннуур сумынхантай очиж уулзаж, суралц гэж хэлмээр байна.
Одоо Оюутолгойд 20 мегаваттын дизель цахилгаан станц ажиллаж байгаа. Дахиад 20 мегаваттыг барих гэж байна. 20 мегаватт гэдэг бол таван аймгийг хангах цахилгаан станц шүү дээ.
-Оюутолгойн кэмптэй зэрэгцээд Өмнөговь аймагт уурхай бүхэн кэмптэй байна. Гэтэл зарим хүн ингэж байхаар тэнд уурхай дагасан том хот байгуулвал ямар вэ гэдэг саналыг тавиад байгаа. Таны хувьд?
-Би дандаа Оюутолгойг шүүмжлээд байдаг хүн биш. Сайн юм байвал хэлэх ёстой. Оюутолгой гэр кэмп барьж байгаа нь харин байж болох зүйл. Яагаад гэвэл уурхай дагасан хот үнэхээр хэцүү байдалд ордог. Налайхыг хар. Өнөөдөр хүмүүс нүхэнд дарагдаж үхэж байна. Эрдэнэт өнөөдөр уурхайтай сайхан байгаа байж болох ч үүний дараа яах вэ гэдэг төлөвлөгөөг өнөөдөр бид ярьж байх ёстой. Уурхай дагаад хаягдсан хотуудад маш олон хүн хүнд байдалд ордог. Гэхдээ Оюутолгойн хувьд ганц Ханбогд гэлгүйгээр тойроод байршдаг сумдад анхаарал хандуулаасай гэж л хэлмээр байгаа юм.
No comments:
Post a Comment