Төр, засгийн шийдвэрүүдийг, яриа хэлэлцээг, үйл явцыг иргэд мэдэж болохгүй. Энэ бол манай орны гадаадад ялгарах олон онцлогийн нэг. Иймдээ ч таг чиг явсан Засгийн газар маань Тавантолгойгоо тарамдуулчихаад байна. "Алаагүй баавгайн арьсыг хуваах"-ын үлгэрээр АНУ, Хятад, Орос тэргүүтнүүд өмнийн говиос хишиг хүртэх урт дараалалд хүлээстэй байна.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ төслийг буцааснаар хувь, эзэмшил нь зэрэглээ болох вий гэж эмээх нь элбэгшив. Ингэхэд, Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Эх орны хишиг гэж хэт сүржигнэснээс өөр зүйл тэдний гэрийн даалгавраас харагдахгүй байна.
Үндэсний эрх ашиг хэмээх зүйлийг бүр уландаа гишгэсэн хэмээн тэднийг доктор С.Авирмэд шүүмжилдэг. Эдийн засагч, эрдэмтэдтэйгээ нуугдаж тоглож өнгөрөөсөн хугацаа энэ бүхнийг батлаад байна. "Засгийн газарт арай гэж дунд дүн тавилаа" гэж МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлж байлаа.
Харин ард түмэн тэдэнд муу дүн тавьж байна. Бизнесийн орчныг шинэчилнэ, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ, хүн бүр хангалуун амьдарна, уул уурхайгаараа дэлхийн эдийн засгийг тэргүүлнэ гээд л өнөөх амлалтууд хэрэгжилтээ нэхсээр байгаа. Үүний хамгийн бодит шалтгаан бол Тавантолгойг иргэдэд хаалттай сэдэв болгож, судлаачдын саналыг хөсөр чулуудаж, хэнтэй ч ярилгүй дур мэдэж өчнөөн хувь тараасан.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн Монгол талын оролцоог 51-ээс доошгүй хувьд тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварыг урьдчилан авахаар тохиролцохыг зааж өгсөн. Шинээр барих авто зам, эрчим хүч, төмөр зам, усан хангамж, үндэсний боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө гээд тулгын чулууг нь хэрхэн өрөхийг хэнд ч ойлгогдохоор тусгасан байна.
Гэтэл Засгийн газрын гаргасан төсөлд энэ бүхэн эсрэгээрээ байна. Гэрээ байгуулахдаа гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэхээс гадна гэрээний төслийг боловсруулахад олон улсын нэр бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах талаар заасан. УИХ-ын 40 дүгээр тогтоол гарснаас нэг жил таван сарын дараа буюу 2010 оны тавдугаар сард Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Хөрөнгө оруулалтын гэрээ, оператор компанитай нүүрс олборлох гэрээ, эдгээрийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн төслүүдийг оруулж ирсэн.
Гэсэн ч хоёр Засгийн газар дамжиж боловсруулсан бичиг баримт гэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал болоод УИХ-ын 40 дүгээр тогтоолыг зөрчсөн байлаа. Ийнхүү бүдэрсэн Засгийн газар төслөө дахин боловсруулан өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд УИХ-аар хэлэлцүүлээд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолд Тавантолгойн нүүрсний ордод ашиглалт явуулах "Эрдэнэс МГЛ"-ийн охин компани "Эрдэнэс Тавантолгой"-г байгуулж, ордын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, том хөрөнгө оруулах компанийг сонгох гэрээний төсөл, түүнийг сонгох тендерийн баримт бичгийн төсөл, сонгогдсон компанитай байгуулах гэрээний нөхцлийн талаар маш тод тусгаж өгсөн.
Гэтэл тэд дахиад л бүдэрчихлээ. Яагаад гээч. Үүнээс тэс ондоо гэрээ хийхээр дайрч, Тавантолгойг хэд хэд хувааж, эцэст нь Монголчууд юутай үлдэх нь ойлгомжгүй болсон хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ сарын 9-ний шийдвэрээр Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээг дахин хийх болж байна.
Өнгөрсөн сард "Чайна дэйли" сонинд "Японы "Kyodo News" агентлагийн мэдээлснээр Монголын ард түмний дотоодын бодол санаа, дарамт шахалтын улмаас Хятадын "Шенхуа" группт Тавантолгойн томоохон хувийг олгосон ч дэмжлэг хараахан алга" хэмээн нийтэлж байлаа. Энэхүү нийтлэлд "Олон нийтийн санаа бодол" хэмээн тэмдэглэснийг зарим эх сурвалж "Оросууд өөрт ногдсон хувь хэмжээ, шатахууны нийлүүлэлтдээ сэтгэл хангалуун бус байгаагаас болсон" хэмээн тайлбарлажээ.
"Монгол Улсад Оросоос ирэх түлшний нийлүүлэлт ихээхэн чухал бөгөөд Кремльд ч энэ нь хөшүүрэг болсоор ирсэн юм" гэж "Looking Alpha" сайтад бичжээ. Харин "Ройтерс"-ийн мэдээлэлд "Монгол Улс Тавантолгойд өрсөлдөж буй олон компаниас зөвхөн Хятадын "Шенхуа", АНУ-ын "Пийбодий" болон Оросын Төмөр зам" зэрэг консорциумд хариу өгсөн хэмээж. Ийнхүү дэлхий хүртэл биднийг ойлгохоо больчихлоо. Үндэсний эрх ашгаасаа татгалзаж, Тавантолгойг тарамдуулах захиалгыг чухам хэн Засгийн газарт өгөв.
No comments:
Post a Comment