Энэ санаа яагаад миний анхаарлыг татав гэхээр миний бие Тавантолгойн гэрээг хийж буй Монголын талын ажлын хэсгийн зарим нөхдөд яг Ч.Отгочулуутай адил санааг хэлж өгч байсан. Энэ санаа бол Монголын хоёр эдийн засагчийнх төдийгүй, Монголын төр засгийнхны ч цаашид баримтлах байр суурь болоосой гэж би хүсч байна.
Ийм учраас Ч.Отгочулуугийн санааг дэмжиж, баяжуулж нийтлэл бичье гэж бодлоо. Бид төр засагт гадны хэн ч хэлээгүй маш чухал мэдээлэл, бас маш чухал зөвлөгөө өгч байгаа юм. Энэ бол ажлын хэсэг, Засгийн газар дотоодынхоо эрдэмтдээс зөвлөгөө авч хамтран ажиллах ёстойг харуулсан баримт болж байна. 30 жилийн дараа Хятадын нүүрс дуусах прогнозыг дөрвөн сарын өмнө Москвад болсон нүүрсний талаарх жил бүрийн чуулган дээр Казахстаны хөрөнгө оруулалтын томоохон компанийн захирал бас хэлсэн.
Тухайлбал, Хятадад жилд 3.8 тэрбум тонн нүүрс олборлож байна. Үүн дээр нэмж нүүрс импортолж байна. Сүүлийн таван жилд Хятадын нүүрсний олборлолт 850 сая тонноор нэмэгджээ. Нүүрсний салбар дахь төвлөрлөө 2010 онд 30 хувьтай байсан бол 2014 онд 65 хүргэх бодлого явуулж байна. Нүүрсний уурхайн олборлох доод хэмжээг жилд 300 мянган тонн болгож жижиг уурхайн тоог 2598 байсныг 1053 болгожээ.
Энэ доод хэмжээ 2015 оноос жилд 500 мянган тонн болно. Жилд 100 сая тонноос дээш олборлодог 10 мега үйлдвэр, жилд 50 сая тонноос дээш олборлодог 10 үйлдвэртэй болох зорилт тавьж байна. Хятадын нүүрс ойрын 30 жилд л хүрэлцэнэ гэж хэлсэн. Хятадын нүүрсний стратегиас суралцах зүйл, тэр тусмаа ч гэрээ хэлэлцээртээ тусгах зүйлүүд байна.
Тухайлбал, жилд 50 саяас дээш тонн нүүрс олборлодог компаниудтай болох боломжоо Монгол улс алдаж болохгүй. Энэ бол Тавантолгойн ордыг аль болох хуваахгүй ашиглах явдал юм. Энд бүтээмж өндөрсөнө. Коксжсон нүүрсээ зарах гэж өрсөлдөөд, нүүрсний үнээ өсгөж чадахгүй байх явдал арилна. 30 жилийн дараа Хятад улс нүүрсээ дуусмагц нүүрсний төлөөх дайн өрнөж, нүүрсний үнэ хаданд гарна.
Одоо ч гэсэн Хятад улс нүүрсний өлсгөлөнд орчихсон байна гээд би ахин дахин хэлээд байгаа шүү дээ. Нүүрсний томоохон тоглогч Индонез улс нүүрс экспортлохоо ойрын 3-4 жилд эрс багасгах шийдвэр гаргалаа. Энэ нь Монголын нүүрсний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Хятадууд Монголоос авсан нүүрсээ буцаан булж нөөцөлж байгаа мэдээлэл байдаг. Иймд Хятадтай зөв ярилцаж, тохиролцож чадвал нүүрсээ өндөр үнээр удаан хугацааны гэрээгээр өгч, урьдчилгаа мөнгө ч авах боломжтой.
Гэтэл Засгийн газар хятадуудтай маш муу гэрээ хийж байна. Энэ нь Засгийн газар, ажлын хэсгийнхний мэдлэг чадвар ихэд дутмаг байгаатай холбоотой. Магадгүй хэлэлцээр хийж буй улс төрчид дараагийн сонгууль тулчихаад байгаа, намын болон өөрийн зардлын олон зуун сая төгрөгөө босгох боломжит ганц тохиолдлыг ашиглах гээд муу гэрээ байгуулах гэж байж болох юм. Хэрвээ үүн дээрээ тулбал, зарим хүний дэвшүүлж буй санал шиг сонгуулийн дараа гэрээгээ хийсэн нь дээр.
Нэг жил хүлээгээд хэдэн арван тэрбум доллараа алдахгүй байсан нь дээр. Гэхдээ аль ч тохиолдолд Монголд ашигтай байх бүх хувилбаруудаар Засгийн газар бэлтгэлээ сайн базаах ёстой. Үүний тулд Засгийн газар эдийн засаг, уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдээ ажлын хэсэгт оруулж хамтран ажилламаар байна. ҮАБЗ-ийн зөвлөмжинд ийм санал байгаа. Иймд таван сайдын байгуулсан гэрээг ҮАБЗ ч УИХ ч хүлээн авч хэлэлцэх ёсгүй.
Харин эрдэмтэдтэйгээ хамтран суугаад гэрээгээ хийгээд ир гэж буцаах ёстой. Хэрвээ Засгийн газар зөв стратеги, тактик баримталбал Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг, гол нь Хятадуудтай харилцан ашигтай хийх боломж байна. Гэтэл Засгийн газар үндсэндээ Хятад (40 хувьтай), АНУ-ын (24 хувьтай) хоёр компанийг орж ирээд 1.2 тэрбум тонн нүүрсийг 30 жил ух ав, нүүрсээ ямар үнээр зарахаа та нар мэд гээд сууж байна.
Хятадад нүүрс өгөхөд л хангалттай. Бүүр боловсруулаад аваад гар гэх ёстой. Пибоди орж ирснийг би ойлгохгүй байна. Үүний оронд Япон, Солонгос хоёр байх ёстой. Тэд Хятадад өрсөлдөөн үүсгэнэ. 36 хувьтай юм чинь Монгол Орос хоёр хараад л сууж байхаас өөр юу ч хийж чадахгүй. Стратегийн ордоо ямар ч мэдэлгүй 30 жил харж суухыг ард түмэн зөвшөөрөхгүй. УИХ ч зөвшөөрөхгүй. Тийм тохиолдолд нүүрсний, тэр тусмаа нүүрсний үнийн нэгдсэн бодлогыг төр засгаас явуулах боломжгүй болно.
1.2 тэрбум тонн нүүрсний үнэ дээр 1 ам.долларын алдаа хийхэд 1.2 тэрбум доллар Монголын ард түмэн алдана. Засгийн газар тонныг нь 300 ам.долларын үнэ хүргэх боломжтой коксжсон нүүрсээ 70 ам.доллараар зарж буй нь 1 сая тонноос 230 сая ам доллар алдаж буй хэрэг. Энэ жишгээр баримжаалж үзэхэд, багцаагаар бодоход Засгийн газар маань 1.2 тэрбум тонн нүүрсэн дээрээ 200 орчим тэрбум ам.долларын алдаатай гэрээ хийх гэж байна.
Үүний дэргэд тэр урьдчилж авах 500 сая ам.доллар бол өчүүхэн зүйл. Оролцооны төлбөрийн оронд борлуулалтын урьдчилгаа ав л даа. Өлсгөлөн Хятад зөвшөөрч л таарна. Үйлдвэрүүд ээ зогсоож, ард түмнээ хөлдөөхгүйн тулд энэ байтугай төлбөр төлнө. Иймд Засгийн газар Тавантолгойг ашиглах загвар дээрээ эргэлт хиймээр байна. Мэдээж хэрэг гэрээ хөрөнгө оруулагчдад хангалттай ашигтай байх ёстой. Хэн нь хэдий хэрийн хөрөнгө гаргаад, ямар хугацаанд хэдий хэрийн ашиг олохоо ил тод тооцож зөвшилцсөн байх ёстой.
Ийм тооцоогүйгээр ямар ч хүн хөрөнгөө гаргахгүй. Үүний тулд Монголын тал урьдчилсан ТЭЗҮ-үүдээ гаргаад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ёстой. Гэтэл нүүрс олборлох үйлдвэрийн ч ТЭЗҮ алга. Ирэх 30 жилд нүүрсээ Хятадын нутгаар зөөх үү, Оросын нутгаар зөөх үү, ямар хэмжээтэй нүүрс зөөх вэ, ямар үнэ тарифтай байх вэ гэдэг нь гол тооцоо, гэрээ, хэлэлцээр алга байна. Бүтэн жилийг Засгийн газар алдсан. Одоо бас үр өгөөж муутай хувилбар зүтгүүлээд, энэ нь эргэж буцаад дахиад л нэг жилийг алдах нь.
Уг нь төмөр зам, цахилгаан станц, усны асуудлаа маш яаралтай шийдмээр байна. Цаг алдсаар байна. Эдгээр бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр Тавантолгойн үнэ улам их өсөх болно. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоо мэддэг эрдэмтдээсээ ажлын хэсэгтээ оруулалдаа сайд нар аа. Ч.Хүрэлбаатар сайд нийт үнэ цэнэ гэж яриад байна лээ. Буруу л даа, зүй нь өнөөгийн цэвэр үнэ цэнэ буюу NPV гэж ярих ёстой. Ажлын хэсэг мэдлэггүй байвал гадныхан тэр хэмжээнд нь тохируулж тоглоод өнгөрөхөө бодно.
Нарийн ширийн юм ярих ч үгүй. Харилцан ашигтай, Монголын талд илүү ашигтай ямар хувилбар байж болох талаар эдийн засагч эрдэмтэн бидэнтэй зөвлөлдөө ч гэсэн саналыг Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, С.Баярцогт, Д.Сугар гэсэн гэсэн зургаан сайд, даргад дахин хүргэж байна. Тав зургаан сайдын маань сонгосон загвар, эдийн засагч Ч.Отгочулууны хэлээд буй шатрын хүүний хэмжээнд сэтгэсэн загвар юм.
Энд бас УИХ ч бас буруутай. 39 дүгээр тогтоолдоо хоорондоо зөрчилтэй хоёр загварыг ашигла гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Уг нь аль нэгийг нь өгөх ёстой байв. Түүнд нь Засгийн газар тохируулж ажиллах гэж оролдсон байж болох юм. Одоо монголчууд бид шатрын хүүний нүүдлээр биш харин бэрсний нүүдлээр сэтгэж Тавантолгойн хэлэлцээрээ явуулъя. Алийн болгон өчүүхэн сэтгэж том алдаатай гэрээ хэлэлцээр хийх вэ дээ. Боломжууд байгааг эдийн засагчид бид хэлээд байна.
Ингэмээр тэгмээр байна, NPV-гээ ингэж тооцъё, ийм наймаа хийе, та нар ийм ашиг хүртэнэ гэх мэт тодорхой зүйл хэлж хөрөнгө оруулагчдыг шахах ёстой. Гадныханд буруу өгөх ёсгүй. Улс төрч сайдууд маань мэдлэг чадвар дутаж байна гэдэг нь байгуулж буй гэрээ, түүнийгээ өмгөөлж буй үгнээс нь харагдаж байна. Эдийн засагч эрдэмтдээ хэлэлцээрт оруулаачээ. Тэд өргөн ч, гүн ч, хол ч харж сэтгэнэ. Бид хэлье л дээ. Хятад нөхөд минь, 30 жилийн дараа танай нүүрс дуусна, бид нүүрсээ Оросын төмөр замаар дамжуулж өөр орнууд авахаар удаан хугацааны гэрээ байгуулах гэж байна, хоосон хоцорвоо, эдийн засгаа том ангалд унагав аа, ард түмнээ хөлдөөвөл Та бүх ний эсрэг босоод ирнэ шүү, одоо харилцан ашигтай гэрээ байгуулчихъя гэх мэтчилэн бэрс мэт том харж дуугаръя л даа.
Ядахдаа саяхныг хүртэл Их Монгол Улсын нэг хэсэг байсан Өвөрмонголын нутгаараа, элэг нэгтнийхээ нутгаараа ачаа тээврийн хөнгөлөлттэй тарифаар явъя гээд хэлээд үзье. Ямар нүүрсний эх орон болсон Өвөрмонголоо бид буцааж авъя гэж буй биш дээ. Доктор П.Нэргүй тэргүүтэй эрдэмтэд Орос Хятад гэх мэт орноос алдсан газар нутгийг нь авч өг гэж НҮБ-д захидал бичсэн ч явдал бий. Эрдэмтэд саналаа хэлэхэд хэн ч хаана ч яах ч үгүй. Улс төрчид маань Далай ламыг хүртэл урихаас айж байдаг. Энэ мэт асуудлыг олон талаас нь тавибал Хятадын удирдлага ойлгож хандана даа. Бид л саналаа, үндэслэл, тооцоогоо сайн тавих ёстой.
Сайд нар маань “өгөөш үмхчихээд” дуугарч чадахгүй байгаа бол ҮАБЗ улс төрчдийг хэлэлцээр хийх ажлаас хасаж эрдэмтэдийг оруул гэсэн гээд сууж байвал болмоор санагдана. Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдгийг санаж энэ нийтлэлийг бичлээ. Тавантолгойг яаж ашиглах вэ гэдэг талаар түүний эзэн болсон ард түмнийхээ, юуны өмнө дуугараад байгаа олон эрдэмтэдийнхээ саналыг сонсч, хамтарч ажиллаа ч гэж дахин хүсч байна, сайд нар аа.
Н.Дашзэвэг (Монгол дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч доктор)
No comments:
Post a Comment