Энд зогсож буй шалтгаанаа тайлбарлая. Хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэс-Тавантолгой" компани Тавантолгойн зүүн Цанхи гээч газраас нүүрс олборлож эхэлсэн тухай зурагтаар мэдээлэхийг сонслоо. Түүнээс нэг их удалгүй телевизүүдээр Тавантолгойг хэрхэн ашиглах талаар эдийн засагч, багш, захирал, дарга гэх мэт баахан "сэтэр"-тэй хүмүүс хэлэлцүүлэг өрнүүлж байв.
Хэлэлцүүлгээс миний ойлгосон ганц зүйл бол "Эрдэнэс-Тавантолгой" хэмээх компани эксковаторынхаа шанагаар нүүрс олборлож эхэлсэн учраас ирэх жилийн энэ үед бидний хувьцаа их мөнгө болж мэдэхээр байх юм гэсэн. Гэтэл хүмүүсийн тэгж аймаар шуурч авцгаагаад байгаа хувьцааны талаар би огт ойлголтгүй явж байна. Үүнээс болж эмээ, ээж хоёртоо баахан үглүүлсэн. Иймээс л би Хөрөнгийн бирж гэдэг газрын үүдэнд зогсож байна.
Хөрөнгийн биржид ортол хаалттай шилэн хаалга угтав. Үүдэнд суух хэн нэгэн "Хувьцааны талаар асуух гэж байгаа бол Цаад хаалга чинь" гэж байна. Зааж өгсөн газрыг нь Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хэмээдгийг ороод мэдэв. Энэ газрын мэргэжилтэн н.Юмжир гэх хүнтэй уулзлаа. Тэрбээр өдөр бүр над шиг ямар ч ойлголтгүй хүмүүстэй харьцаж, нэг юмаа ярьсаар залхдаг шинжтэй харагдав. Нэг их тайлбар хэлэхгүй "Энэ хаягаар орж хувьцаагаа шалгаж үзээрэй" хэмээн хэдэн үсэг бүхий жижиг цаас сарвайж байна.
Тэнд www.schcd.mn хэмээжээ. Мэргэжилтний хэлснээр энэ хаягаар орж 536 ширхэг үнэт цаас дансандаа орсон эсэхийг шалгах бололтой. Гэхдээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй бол энэ сайт руу ороод хэрэггүй гэнэ. Азаар би яаж яваад ч юм хурууныхаа хээг өгч, өнөөх бүртгэлд нь хамрагдаад амжжээ. Энэ хувьцааг өөр компанийн хувьцаагаар солих боломжтой эсэхийг лавлаад тэгэх боломжгүй болохыг мэдэв. Харин зарж болдог гэнэ. Гэхдээ зарахын тулд заавал хувьцааных нь үнэ нь тодорхой болох ёстой аж.
Тэгэхээр хэдийгээр ирээдүйд чулуу болно гэж хэлсэн ч одоохондоо би ямар ч үнэгүй цаасны төлөө энд иржээ. "Ер нь үнийг нь хэн мэдэх бол" гэж намайг асуутал "Эрдэнэс МГЛ" гээд төрийн өмчит компани эсвэл төрийн өмчийг хариуцдаг Төрийн өмчийн хороо гэх хоёр газрын нэгээс асуу гэж байна.
Ямар ч байсан миний хувьд хувьцаагаа нэр дээрээ орсон эсэхийг шалгах нэг ажил байна. Миний нэр дээр тэрхүү хувьцаа нь орсон бөгөөд би хэзээ нэгэн цагт брокерийн пүүсэд данс нээлгээгүй бол заавал данс нээлгэнэ гэдэг нэг ажил бий. Шалгахын тулд аль нэг интернет кафе рүү явах шаардлагатай болов. Яагаад гэвэл манай хороололд шилэн кабель хүрээгүй. Дээр нь модем гэдэг зүйл авах гэхээр сүлжээг нь уул халхалчихаад болдоггүй гэсэн.
Хувьцаа миний нэр дээр оржээ. Тэгэхээр би дансаа нээлгэж түүндээ хувьцаагаа байршуулах шаардлагатай болж байна. Сайтад нь бичснээр манайд нийт 63 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулдаг. Алийг нь сонгох нь миний эрх гэнэ. Ядаж байхад брокер дилерийн компаниудыг сонгохдоо болгоомжтой байхгүй бол хувьцаа аваад дампуурчихдаг гэж хэн нэгэн хэлсэн санаанд ороод байх юм. Хотын төвөөр байх цөөнгүй компанийн гадуур өнгөрч үзэв. Санаа нь аль гайгүй байшинтайг нь сонгочих гээд хаширлаж байгаа хэрэг л дээ.
Сайхан байшинтай байх юм бол дампуурахгүй ч юм билүү. Компаниудын ажилтан бүр нэг л зүйлийг ярьж байна. 5000 төгрөг төлөөд данс нээлгээд болох юм гэнэ. Эцэст нь Төрийн ордны ойролцоо байрладаг "Эм даблью ти эс" гэх компани руу орлоо. Компанийн брокер Б.Ариунболд, "Иргэдийн дунд нэг буруу ойлголт байна. Брокерийн пүүсийг хүний хувьцаа аваад дампуурдаг, шамшигдуулдаг гэцгээдэг. Тийм зүйл байгаагүй биш байсан. Яагаад гэвэл тэр үед брокер гэдэг хүн дээр үйлчлүүлэгчийн хувьцаа, хувьцаанаас олсон ашиг нь төвлөрдөг байсан юм. Харин одоо бол тийм зүйл байхгүй. Брокер зөвхөн таны хувьцааг зар гэвэл зарж, худалдаж ав гэвэл авах үүрэгтэй хүн юм" хэмээв.
Түүний нэмж хэлснээр гадны нэр хүндтэй дөрвөн хөрөнгө оруулалтын банк бидний хувьцаа эзэмшээд байгаа "Эрдэнэс-Тавантолгой" компанийг дэмжиж, хувьцааг нь дэлхийн зах зээл дээр үнийг нь тогтоож өгөх аж. Тэр болтол бид нэр дээрээ авсан хувьцаагаа данс нээлгэж дансандаа байршуулах л ажил хийж суух юм байна. Брокер бид хоёрын дунд нэгэн сонирхолтой яриа өрнөсөн нь Тавантолгойн нүүрсний үнэ байв. Дэлхийд шагшигдаж байгаа гэх тэр Тавантолгойн нүүрс ганцхан тонн нь 70 ам.доллар гэнэ. Ойролцоогоор 80 гаруй мянган төгрөг гэсэн үг.
Гэтэл гэр хороололд амьдардаг би гэхэд өвөлдөө гурван тонн нүүрс 200 мянган төгрөгөөр авдаг юм. Миний авч байгаа нүүрс лав дэлхийд шагшигдаагүй дээ. Данс нээлгэсэн тул ойрын хэдхэн өдөртөө нээлгэсэн данс руу маань миний хувьцааг оруулна гэнэ. Хурдхан л тэр хувьцааных нь нэг бүрийн үнийг тогтоогоосой билээ. Дээр хэлэхээ мартсан байна. Одоогоор надтай адилхан хувьцааныхаа дансыг нээлгэсэн 500 мянга гаруй хүн бий гэсэн.
Тэгэхээр цаана нь үлдэж буй хүмүүсийг гэнэтхэн дансаа нээлгэх хэрэгтэй гэж ухаарч, замбараагүй юм болохоос би урьтаж хөдөлжээ. Яагаад гэвэл гэнэтхэн нэг л өдөр хүн бүрийн хувьцаа 536 мянга эсвэл 536 сая төгрөг болчихсон байх ч юм билүү. Нэг зүйлийг сануулахад элдэв бичиг баримт хөөцөлддөг шиг иргэний үнэмлэх, түүний хуулбар, цээж зураг, бас түүний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ мөн л түүний хуулбар гэх зэргээр таныг ядраах зүйл энд огт байхгүй. Зүгээр л иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээ, үйлчилгээний хураамж 5000 төгрөг авчираад л болох юм байна.
Үйлчилгээний хураамжийн хувьд энэ ямар учиртай мөнгө юм бэ гэж асуугаад ч хэрэггүй юм билээ. Энэ мөнгийг зөвхөн брокер, дилерийн компани бус Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гээд дөрвөн байгууллага хувааж авдаг гэсэн. Нэг талаас хувьцааны талаарх ойлголт, тэр дундаа 536 ширхэг хувьцааг данс нээлгэж авна гэдэг тийм ч хэцүү биш юм. Англи хэлгүй хүмүүс мэйл шалгаад сурчихдаг шиг л зүйл юм уу даа
No comments:
Post a Comment