2011/09/08

Хаалттай компани “Эрдэнэс МГЛ”


Хаалттай компани “Эрдэнэс МГЛ”
Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үед л энэ асуудал хөндөгдөж байсан. 

“Эрдэнэс МГЛ” чинь өчнөөн олон жил юу хийж, ямар үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй сонин компани шүү дээ, үйл ажиллагааг нь олон түмэнд нээлттэй ил тод болгох ёстой гэх мэт шүүмжлэл өрнөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс МГЛ" компани түүний охин компани болох "Эрдэнэс Тавантолгой" эзэмших учраас энэ компанийн үйл ажиллагаа шударга, ил тод, нээлттэй байх ёстой гэдэг шаардлагыг улстөрчид тавьж байсан. 

Мэдээж тухайн үед зөв, зүйтэй болгоно гэж албаны хүмүүс учирлаж байсан, тэгээд Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан. Одоо энэ компанийн охин компани болох "Эрдэнэс Тавантолгой" Тавантолгойн ордын ашиглалтыг хариуцаж байна. Харамсалтай нь бүтэн жилийн өмнөөс л үүсч байсан болгоомжлол, шүүмжлэл дууссангүй. 

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс МГЛ" компани Тавантолгойн ордын ашиглалтыг хариуцаад эхэлчихвэл л жигтэйхэн нээлттэй, сайн сайхан компани болчихно гэж амлаж байсан нь худлаа байжээ. Монголчуудын ирээдүй ямар байхыг шийдэх аварга том ордын ашиглалтыг хариуцаж байгаа гэдгээрээ энэ компанийн үйл ажиллагаа олны анхаарлын төвд байдаг. Тэр хэрээр олон нийт үргэлж л шинэ сэргэг мэдээллээр цангаж байх аж.

Харин ард түмнийг мэдээллээр хангах ёстой дөрөв дэх засаглалынхан энэ үүргээ биелүүлэх гэж тус компанийг зориод "хоосон хаалга мөргөж" буцдаг сонин жишиг сүүлийн хоёр, гурван сард ажиглагдах болов. Уг нь УИХ-аас Тавантолгойн ордыг "Эрдэнэс МГЛ" компанид хариуцуулахдаа бүх мэдээллээ "хав дар" гэж хэлээгүй л баймаар. Эсвэл зөвхөн сайд дарга нарт мэдээллээ өгч байгаад, заавар зөвлөгөө авсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өг гэсэн юм уу. 

Мэдэхгүй байна. Үнэхээр бүх мэдээлэл хаалттай байгаа юм уу гэтэл бас тийм биш юм аа. Энэ компанийн талаархи мэдээлэл монголчуудад бус гадаадынханд нээлттэй аж. Сүүлийн хэдэн сард Тавантолгойн талаар гарсан мэдээ, мэдээллүүд бүгд л гадаадын хэвлэл мэдээллийн агентлагийн эх сурвалжтайгаар нийтлэгдэж байна. Олон улсын шилдэг хэвлэл, мэдээллийн агентлагууд Тавантолгойн талаархи мэдээллийг албан ёсны эх сурвалж буюу "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Б.Энэбиш, эсвэл ТӨХ-ны дарга Д.Сугарын хэлснээр гэж байгаад нийтлэх аж. 

"Долоодугаар сарын 4-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэхдээ" гэх үг Блүүмбэрг гэх мэт аварга том мэдээллийн агентлагууд эх сурвалжаа тодотгож бичиж байна. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Хонконг дахь Блүүмбэрг ТВ-д ярилцлага өгсөн талаар тус сайт мөн мэдээлсэн байх юм.

Тавантолгойн зүүн цанхид ажиллах оператор компани, баруун цанхид ажиллах олон улсын хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт, IPO хийх бэлтгэл ажил гэх мэт мэдээллүүдийг хамгийн түрүүнд хаанах мэдээлсэн бэ гэж үү. Ройтерс, БиБиСи, Блүүмбэрг эсвэл CNN гэх мэт дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн "акул"-ууд шүү дээ. Харин манай сэтгүүлчид тэдгээр хэвлэлийнхний мэдээллээс иш татаж, эх сурвалж аван монголчууддаа мэдээ, мэдээллийг хүргэж байна. 

Энэ бүхэн эцсийн дүндээ юу гэсэн үг вэ гэвэл "Эрдэнэс МГЛ" компани дээр компанийн сайн засаглал хэрэгжиж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл нийт хувьцааных нь 10 хувь нь иргэдэд очиж, 30 хувь нь олон улсын хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө оруулалт татах ёстой Монголын хамгийн том компани сайн засаглалгүй байх эрхтэй гэж үү. Энэ зөвхөн мэдээлэл ил тод байх тухай ч асуудал биш юм. Цаашдаа "Эрдэнэс МГЛ" компани төрийн нэрийн өмнөөс стратегийн 15 ордын ашиглалтыг хариуцна. Монголын ард түмэнд хувь, хишиг түгээж, байгалийн баялгаас хувьцаа олгоно. Тэр бүхэнд ийм хаалттай, "халгаатай" байх журмыг баримтална гэж үү. Байдал ийм байж болохгүй.

Хувьцаат компани гэдэг бүхий л мэдээ, мэдээлэл нь ил тод нээлттэй байж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байж гэмээнэ ашиг олдог байх ёстой. Угаасаа тийм байх ёстойг ч олон улсын хөрөнгө оруулагчид шаарддаг. Гэтэл Монголын "Эрдэнэс МГЛ" компани эсрэгээрээ хуучны социалист арга барилаараа ажиллаад, бүх зүйл зөвхөн дарга нарт нээлттэй байгаад байх хэрэг үү. Монголчуудаа дорд үзэж, гадаадынхныг тэнгэрт "тахиад" л байх уу. 

"Эрдэнэс МГЛ"-ийнхэн гадаадын нөхдүүдийг тахин шүтэж байгаа нь зөвхөн мэдээллийн тал дээр ч ажиглагдаагүй. Энэ компанийн охин компани болох "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар гадаадын мэргэжилтнийг асар өндөр цалинтайгаар ажиллуулах тухай асуудал яригдаж байгаа шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөс ч илүү цалинтай хүн Монголын Тавантолгойн ордын ирээдүйг хариуцна гэнэ. Тийм байж хэрхэвч болохгүй байх.

Тэгэхээр оройтоогүй байгаа дээрээ "Эрдэнэс МГЛ" гэх хаалттай компанийг нээлттэй болговол ямар вэ. Хаалттай байгаагийн учир юунд байна вэ. Удирдлагадаа байна уу, эсвэл дотоод зохион байгуулалтдаа байна уу. Эсвэл угаасаа засаад ч засал авахгүй хаалттай, социалист бүр коммунист сэтгэлгээтэй компани байна уу. Ямар ч байсан төрөөс хаалттай байж гэж даалгавар өгөөгүй байхад үүдээ бариад байгаа учраас асуудал хаана байна вэ гэдгийг тодруулаад, засч, янзлах ёстой байх аа.

No comments:

Post a Comment