Тавантолгойг ашиглах арга замын талаарх Засгийн газрын шийдвэрийн талаарх эрдэмтэд шинжээчдийн зүгээс хоёр сар гаруй шүүмжилсний анхны үр дүнд гарлаа.
Гэрээний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний эрх ашигт нийцэхгүй байна гэж үзэн өнгөрсөн баасан гаригт Засгийн газарт буцаалаа. Тавантолгойг ашиглах Засгийн газрын загвар, хэлэлцээрийг хамгийн түрүүнд миний бие шүүмжилж "Зууны мэдээ" сонинд бичиж байсан билээ.
Тавантолгойг ашиглах арга замын талаарх "Монгол" дээд сургуулийн эрдэмтэдийн байр суурийг "Нийгмийн толь" сонинд ч цуврал тоймоор миний бие бичиж байгаа. Өдөр тутмын сонинуудын өчигдрийн дугаарт ҮАБЗ-ийн шийдвэрийн талаар нийтэлсэн нь энэ сэдвийг дахин хөндөхөд хүрлээ.
Нэг талаас ҮАБЗ-ийн дарга Ц.Элбэгдоржид Монголын ард түмний эрх ашиг, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талд зогссонд талархал илэрхийлье. Нөгөө талаас Засгийн газарт ямар шаардлага тавьснаа ард түмэндээ ил тод мэдэгдэх хэрэгтэй байна.
Учир нь Тавантолгойг ашиглах загвар дээр буюу УИХ-ын 39 дүгээр тогтоол алдаатай болсон гэж "Монгол" дээд сургуулийн эрдэмтэд үзэж байгаа. Энэ бол стратегийн хөрөнгө оруулагчдад зохих нөхцөл тавьж хувьцаагаа худалдах асуудал юм. Гэтэл УИХ-ын 39 дүгээр тогтоолоор бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдах чиглэл өгсөн. Стратегийн биш хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зарах болж байгаа юм. Энэ нөхцөлд Засгийн газар ордоо түрээслэх юм уу, гэрээгээр олборлуулах гэрээ байгуулахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Хэрвээ энэ замаар явна гэвэл стратегийн ордыг түрээслэх тухай ойлголт Монголын хуулинд байхгүй. Засгийн газар болохоор тусгай зөвшөөрөл 100 хувь, Монголын талд байгаа хууль зөрчсөн юм алга гэсэн тайлбар өгдөг. Агуулгын хувьд бол стратегийн ордын 51 хувь ямар ч тохиолдолд, түрээсийн компани ч байгуулсан байлаа гэхэд Монголын төрд байх ёстой. Түрээсийн компанийн 51 хувийг ч Монголын төр авлаа гэхэд утга агуулга, өгөөж муутай хэлбэр гарч ирнэ. Энэ бол хуулийн цоорхой ч байж болно. Өөрөө өөртөө түрээслэнэ гэдэг утгагүй.
Энэ зөрчлийг УИХ-ын намрын чуулганы эхээр дахин хэлэлцэж шийдвэрлэхийг эрхэм гишүүдэд уриалж байна. УИХ 39 дүгээр тогтоолынхоо хэрэгжилтийг шалгах ажил хийх юм билээ. Энэ далимаар асуудлыг дахин хэлэлцэж шийдмээр байна. Эс тэгвээс сайд нар улам үнэ орж, янз бүрийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр дахин дахин хийх нэрээр авлига горьдож цаг нөхцөөсөөр байхыг сонирхох болно.
Орд ашиглалтын ерөнхий загвараа зөв шийдэхгүй бол энэ загвар доторх жижиг зүйлсийг хичнээн ч өөрчлөөд нэмэргүй. Эцсийн дүнд үндэсний эрх ашгаа том хохироосон бас нэг гэрээ гарч ирнэ. Тавантолгойн бассейныг ашиглах үзэл баримтлал, 10-20 жилийн хөтөлбөрийг ҮХШХ (Ч.Хашчулуун дарга) гаргах ёстой. Гэтэл энэ нөхөр салбарын яамнаас гаргаж өгсөн таван үйлдвэрийн нэрнээс цаашгүй сууж байна. "Сайншанд" хөтөлбөрийг АНУ-ын нэгэн компани хийж байгаа нэртэй. Үүнийгээ хүлээх ёстой. Энэ мэт хүрээний дотор асуудлаа шийдэх ёстой. Асуудлыг түргэн шийдмээр байгаа учраас УИХ энэ асуудлыг яаралтай дахин хэлэлцэх ёстой.
Гол зүйлийн нэг бол Цанхийн ордыг хоёр хуваахгүй байх явдал. Ийм санаа УИХ-ын 39 дүгээр тогтоолд байгаа. УИХ энэ санаагаа зориуд тодотгож өгөхгүй бол Засгийн газар лиценцээ хуваагаагүй байна гэчихээд бодит ордоо хоёр хуваачихаад "Еэвэнгийн тал энэ байна" гэдэг тоглоом тоглоод байна.
Засгийн газар Хятадын "Шиньхуа" компанид өгсөн 40хувь, АНУ-ын Пибоди компанид өгсөн 24 хувиас тус тус хасаж Япон, Солонгосын компаниудад тус бүр 10-аас доошгүй хувь өгөхөөс өөр илүү зүйл хийхгүй царайтай харагдана.
Засгийн газар ямар ч бодлого, шалгуургүй хуваарилалт хийж алдаа гаргаж байна. Энэ нь төмөр замын гол найдвар Оросын компаниудад 18 хувь өгсөн мөртлөө, ямар ч төмөр замгүй АНУ-ын компанид 24 хувь өгсөн явдлаас шууд харагдаж байна. Энэ нь Засгийн газар Монголын нүүрсийг далайн боомтод хүргэх гол гэрээ хэлцдийг хийж чадсангүйг харуулж байгаа юм. Үндсэн үүрэг даалгавраа биелүүлсэнгүй. Цаадуул нь Монголын ажлын хэсгийн мангар сайд нарыг элэг бариад аар саархан зүйлээр хуураад "аманд нь чихэр хийгээд" өнгөрөх гэж оролдох нь зүйн хэрэг.
Иймд Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар үндэсний эрдэмтэд шинжээчтэйгээ нэгдэж нэг баг болж, нэгдмэл стратеги, тактик боловсруулж байж хөрөнгө оруулагчидтайгаа шинээр яриа хэлэлцээр хийхээс өөр арга зам харагдахгүй байна. Эдгээр сайд нар авлига горьдохгүйгээр ард түмнийхээ эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр байгуулъя гэж хүсэж байвал үүнээс өөр арга алга.
Иймд Тавантолгойн гэрээний эцсийн хариуцлага хүлээх ёстой С.Батболд Н.Алтанхуяг нарт “Та нар хүрэн бөөртэй хүний зөвлөгөөг авахаа зогсоож, Монгол элэг зүрхтэй эрдэмтэн судлаачтайгаа хамтран ажиллаач" гэж хүсье.
Ард түмний эрх ашиг, гадныхны эрх ашиг хоёрын алтан дунджийг ийм замаар тогтоож болно. ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмжийн нэг гол санаа ч бас үүнд оршиж байгаа. Дангаараа дахин хэлэлцээр хийх гэж оролдвол сайд нарыг авлигаа авах гэж улайрч байна гэж хардахаас өөр аргагүй. Ингээд энэ хүсэлтийн хариуг дээрх сайд нар яаж өгөхийг хамтдаа харан хүлээцгээе.
Монгол Дээд Сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг
No comments:
Post a Comment