-Өнөө үед Тавантолгойн ордыг ашиглах асуудал?
-Эрдэмтэн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд байна. Тэгэхээр уг ордыг ашиглах зарчмын бодлого, шийдэл ямар байвал зохилтой вэ гэсэн сэдвээр Таны санал бодлыг сонсох гэсэн юм.
-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал бол эртнээс яригдсан бөгөөд өнөө үед үнэхээр тулгамдсан үйл явдал болоод байна. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиухан нөлөөтэй томоохон төслийн нэг болох ёстой юм. Тийм учраас уг ордыг ашиглах талаар оновчтой бодлого, шийдэл гаргах асуудалд үндэслэл тооцоотой, бодит ухааралтай, нэн хариуцлагатай хандвал зохилтой байна сан. Тавантолгойн ордыг ашиглах талаар УИХ-аас 2008 оны 12 дугаар сарын эхээр 40 дүгээр тогтоол гаргасан, дараа нь бас 2010 оны 7 дугаар сард 39 дүгээр тогтоол гаргасан байгаа.
Гэвч уг ордыг ашиглах зарчмын асуудлыг шийдэх талаар олигтой ахиц гараагүй удааширч байгаа явдалд дүгнэлт хийж хандах нь зүйтэй байна. Тавантолгойн орд бол Монгол улсын эдийн засагт олон арван жилийн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байх нэн чухал бодит баялгийн талбар юм. Тийм учраас уг ордыг ашиглах талаар тун сайтар цэгнэж боловсруулсан оновчтой шийдлийг гаргахын тулд Төр засгийн дээд байгууллагаас анхнаасаа дэс дараалсан, зөв зохистой ажил хэргийг явуулах шаардлагатай юм.
-Аливаа томоохон ордыг ашиглах талаар юуны өмнө ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байдаг. Тавантолгойн ордын хувьд ТЭЗҮ байхгүй бололтой. Та саналаа хэлнэ үү?
-Таны хэлсэнээр, аливаа томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд заавал ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байдаг. Тавантолгойн ордын хувьд хайгуул хийгдэж, нөөцийг нь тогтоосны дараа 1980-аад оны дундуур хуучны ЗХУ-ын Уул уурхайн зураг төслийн институтээр ТЭЗҮ хийлгэсэн юм.
Харин одоо бол Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай гэдэг нь ойлгомжтой юм. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулахгүйгээр ашиглах талаар бүтэлгүй оролдлого хийж байгаа нь туйлын зохисгүй явдал болж байна.
Тийм учраас Тавантолгойн ордыг өндөр үр өгөөжтэй ашиглах талаар оновчтой бодлого, зохистой шийдэл гаргахын тулд нэгд, Засгийн газраас шаардагдах хөрөнгө гаргаж, гуравдагч хөрш орны мэргэжлийн өндөр түвшингийн байгууллагаар уг төслийн ТЭЗҮ-ийг хийлгэж, Төр засгийн дээд түвшинд эрдэмтэн, мэргэжилтний хэсгийг оролцуулан хэлэлцэж зөвшилцөх үйл хэргийг эхний ээлжинд гүйцэлдүүлэх шаардлагатай байна.
Хоёрт, Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийн үндсэн дээр уг ордод зохих хүчин чадал, бүтэц бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн объект байгууламжийг хэрхэн бүрэлдүүлэх, бүтээн байгуулах асуудлаар Цогц төлөвлөгөө боловсруулах ажлыг толгойлогч компаниар хийлгэж, тэрхүү цогц төлөвлөгөөг мөн төр засгийн түвшинд эрдэмтэд мэргэжилтний оролцоотой цэгнэн зөвшилцөх нь зүйтэй юм.
-Уг ордод уурхай, үйлдвэрлэлийг ямар арга хэлбэрээр бүтээн байгуулах нь зүйтэй вэ?
-Дээр дурьдсанаар, мэргэжлийн өндөр түвшинд сайтар цэгнэж боловсруулсан ТЭЗҮ, Цогц төлөвлөгөөний үндсэн дээр Тавантолгойн ордыг ашиглах чиг баримтлал, арга хэлбэрийг дараах зарчмын дагуу тогтооход одоо ч гэсэн оройтоогүй байна.
Гол зарчмын асуудал бол Тавантолгойн нэг бүхэл бүтэн орд буюу объектыг хэсэглэн хуваахгүйгээр, нэгдмэл байдлаар ашиглах зарчмыг баримтлах явдал юм. Тавантолгойн ордыг хэдэн хэсэгт хувааж, өөр өөр компаниудад эзэмшүүлбэл, нэгд, Монгол Улсын Төрийн дээд байгууллагаас Тавантолгойн ордыг стратегийн нэг л орд гэж хуульчлан тогтоосон зарчимтай зөрчилдөх, хоёрт, тус ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийг нэгдмэл бодлого, аргазүйн үндсэн дээр барьж байгуулах асуудлыг оновчтой шийдвэрлэхэд төвөг учруулах, гуравт, тус ордын үйлдвэрлэлийн цогцолборыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх зэрэг таагүй байдал үүдэж болох юм. Тийм зохисгүй байдал бий болохоос сэрэмжлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн уг ордын геологи хайгуулын ажил нь улсын хөрөнгөөр хийгдэж, нөөц нь тогтоогдсон тул Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын төрийн оролцоо хувийг тогтоох, мөн тэр хувь хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх зарчмын асуудлыг шийдэх явдал тулгарах болно гэдгийг анхаарах нь зүйтэй.
-Манай зарим хүмүүс Тавантолгойн ордыг дотоодын компанийн хүчээр л ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Тавантолгой мэтийн томоохон ордыг манай дотоодын компаниуд бие даан ашигладаг байвал мэдээжийн сайн хэрэг л дээ. Гэхдээ уг том ордыг ашиглах асуудлыг зөвхөн газрын хөрсийг хуулж, нүүрсийг экскватораар утгаж, хүнд даацын машинд ачих байдлаар хялбарчлан ойлгож болохгүй, хэрэв тийм байдлын үүднээс Тавантолгойн ордыг дотоодын компанийн хүчээр ашиглах ёстой гэвэл арай дутуу дулим шийдэл болж магадгүй юм.
Яагаад гэвэл нэгд, олон сая тонн коксжих нүүрсийг хамгийн зохистой бөгөөд тогтвортой байж болох зах зээлд олон улсын жишиг үнээр худалдан борлуулах, хоёрт, далайн хоёр дахь гарцын төмөр зам, цахилгаан станц, усны хангамжийн систем зэрэг үйлдвэрлэл техникийн дэд бүтцийн томоохон барилга байгууламжийг болон хот сууринг барьж байгуулах, гуравт, тэр бүхэнд шаардагдах санхүүжилтийн олон тэрбум долларын эх үүсвэрийг бүрэлдүүлэх зэрэг нилээдгүй төвөгтэй үйл хэргийг манай дотоодын компаниуд дангаараа гүйцэлдүүлэх боломжтой гэдэг нь эргэлзээтэй байна.
Тийм болохоор Тавантолгойн ордыг иж бүрнээр, өндөр үр өгөөжтэй ашиглахын тулд гадаадын стратегийн хөрөнгө оруулагч компаниудыг оролцуулах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бодитойгоор ойлгож хандах нь зүйтэй байна.
-Стратегийн хөрөнгө оруулагч компаниудын сонголтын талаар Засгийн газрын мэдээлэл нилээдгүй шүүмжлэл дагуулаад байна, Энэ талаар Та ямар саналтай байгаа вэ?
-Стратегийн хөрөнгө оруулагч компаниудыг оновчтой зөв сонгож шалгаруулахад онцгой анхаарвал зохилтой байна. Одоогоор Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын Шинхуа компанийг 40 хувийн, Орос-Монголын консорциум гэгчийг 36 хувийн, АНУ-ын Пийбоди компанийг 24 хувийн оролцоотой байхаар эзэмшүүлэх тухай хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлагдсан хувилбар нь оновчтой бус байж болох юм.
Энд хамгийн гол нь Тавантолгойн ордын сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргасан, албан ёсоор хүлээн авагдсан компаниудын дотор Хятадын Шинхуа дангаараа, Монгол-Оросын консорциум гэж байгаагүй тул тийм хоёр субъектыг сонгон шалгаруулсан тухай зарласан явдал нь холбогдох хууль журамдаа үл нийцсэн үйлдэл болох учраас хүчингүй гэж үзэх үндэстэй байх болов уу. Тийм болохоор стратегийн хөрөнгө оруулагч компанийн сонгон шалгаруулалтыг дараах чиг баримтлал, хүчин зүйлс, нөлөө хамаарлыг бодолцон дахин явуулах нь зүйтэй байна.
Тухайлбал:
1. Олон арван, магадгүй зуун жилээр ч тооцогдохоор урт хугацаанд ашиглагдаж, үр өгөөжөө өгөх Тавантолгойн ордод ажиллах компаниудыг сонгох шалгуур болгож, нэг удаагийн сонгуулийн зохисгүй амлалтын мөнгөний эх үүсвэр болгох гэж урьдчилгаа төлбөр нэхэх явдлыг зогсоох.
2. Тус ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн барилга байгууламжид шаардлагатай хөрөнгө оруулалтын олон тэрбум долларын эх үүсвэрийг хамгийн зохистой хэлбэрээр бүрэлдүүлэх боломж, шаардлагын үүднээс хандах.
З. Ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн объектыг барьж байгуулах, тэргүүний техник технологийг нийлүүлэх, мэргэжилтэй ажиллах хүчнийг сургаж бэлтгэх боломжтой улс орны компанийг сонгох.
4. Коксжих нүүрсний хэрэгцээтэй, тээвэрлэн нийлүүлэх боломжтой томоохон зах зээлтэй улс орнуудын компани, консорциумыг сонгох.
5. Монгол улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн орон зайны буюу гео бодлогын хувьд эерэг нөлөөтэй байж болохуйц улс орны ашиг сонирхлыг бий болгох.
6. Монгол улсад өөрчлөлт шинэтгэл явагдсан сүүлийн хориод жилд тохиосон хямрал, бэрхшээлийг даван туулахад хамгийн их тусламж үзүүлж ирсэн, түншийн харилцааг бодитойгоор тогтоосон улс орны ач тусыг бодолцож, сонголтыг хийх.
7. Тавантолгойн ордыг ашиглахад оролцох сонирхол, хүсэлтээ илэрхийлсэн гадаад улсын компаниудын дотроос дээр дурьдсан зарчмын чиглэлийг харгалзан зарим улсын компаниуд оролцсон консорциумыг оролцуулах нь зүйтэй байна. Тухайлбал: Япон улсын дөрвөн том (Иточу, Марубени, Сумитомо, Соожицу) корпораци, Оросын болон Солонгосын талтай хамтарсан консорциум болж оролцох саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байгаа юм. Тийм хувилбар нь нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр байгуулахад төдийгүй, Тавантолгой-Чойбалсан-далайн боомтын чиглэлийн төмөр зам болон Тавантолгойн цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон объектыг барьж байгуулахад гол ач холбогдолтой болно.
8. Хятад улсын Шинхуа хэмээх компанид Тавантолгойн Цанхийн хэсгийн 40 хувийг буюу хамгийн их хувийг эзэмшүүлэхээр зарласан явдал нь дараах нөхцөл байдлын улмаас зохистой бус байж болох юм. Нэгд, өнөөгийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн 60 шахам хувь, экспортын 85 хувь нь Хятад улсад ноогдож байна. Тийм байдал нь Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл хэвийн биш үзэгдэл мөн гэдгийг Төр засаг анхаарах шаардлагатай болжээ. Гэтэл дээрээс нь Тавантолгойн нүүрсний ихээхэн хэсгийн экспортыг нэмэх аваас, Монголын экспорт үндсэндээ Хятад улс руу чиглэх болно гэдгийг бодож үзэх нь зүйтэй болов уу. Хоёрт, Хятад улсад нүүрсийг олон улсын гадаад худалдааны жишиг үнээс мэдэгдэхүйц доогуур үнээр худалдах явдал нь Монгол улсын эдийн засаг хохиролтой байх болно.
9. Америкийн Пийбоди компанийг Тавантолгойн ордод хувь эзэмшүүлэх явдал байж болох юм. Гэхдээ тэр компани олборлосон нүүрсээ хаанахын зах зээлд борлуулах нь сонирхол татаж байгаа юм. Хэрэв Япон, БНСУ-ын компаниудыг Тавантолгойн төсөлд оролцуулахгүй болгоод, Америкийн компани олборлосон нүүрсээ Япон, Солонгосын зах зээлд борлуулдаг байгалиа гэвэл утга учир багатай бөгөөд ойлгомжгүй асуудал болно гэдгийг бодож үзэх нь зүйтэй болов уу.
10. Тавантолгойн ордыг ашиглахын тулд юуны өмнө барьж байгуулах шаардлагатай байгаа төмөр зам, цахилгаан станцыг ямар компаниар бариулах асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна. Тийм учраас Тавантолгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд оролцуулах компанийг сонгохдоо төмөр зам, цахилгаан станцыг хэрхэн барьж байгуулах асуудлыг бодолцох нь зүйтэй юм.
Ер нь Тавантолгойн төсөлд оролцогчдыг сонгох асуудал нь зүгээр л хэдэн компанийг сонгох бизнесийн үйл хэрэг төдий бус цаад утгаараа Монгол улсын олон улсын харилцааны оновчтой бодлогын асуудал гэдгийг анхаарвал зохилтой байна.
-Японы компаниудын оролцсон консорциумыг Тавантолгойн ордыг ашиглах төсөлд оролцуулах талаар Та ямар бодолтой байгаа вэ ?
-Японы томоохон корпорациуд оролцсон консорциумыг Тавантолгойн ордыг ашиглах төсөлд оролцуулах нь зүйтэй юм. Монголын Засгийн газар тийм шийдэл гаргах явдал нь дараах учир холбогдолтой гэж бодож байна.
Тухайлбал: Нэгд, Япон бол хөрөнгө санхүүгийн чадавхи сайтай, тэргүүн зэргийн техниктехнологи бүхий хамтын ажиллагаа явуулах хамгийн найдвартай улс юм.
Хоёрт, тус улс нь өнгөрсөн хориод жилд манай улсад хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улсаас Монгол улсад 1991-2010 онд олгосон болон олгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ 1 тэрбум 600 сая ам.долларын (Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын зээл, Энгельсийн гүүрэн гарамын тусламжийг оролцуулаад) хэмжээнд хүрсэн байна. Энэ нь бусад АНУ, ХБНГУ, БНХАУ, Франц, Англи зэрэг нийт хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нийлбэр дүнгээс бараг 1.5 дахин их, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны олгосон нийт зээл, тусламжаас 25 хувиар их байгаа ажээ.
Гуравт, Япон улсаас тийм их хэмжээний зээл тусламж олгосон явдал нь гагцхүү Монголд ач тустай нэг талын харилцаа байсан юм. Тэгвэл одоо улс хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нийтлэг зарчмын дагуу Тавантолгой мэтийн томоохон төслийн хүрээнд Монгол, Японы аль аль талдаа харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулдаг болох нь зүйтэй байна. Энэ нь бидний Монголчуудын "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" хэмээх цэцэн үг сургаалд ч нийцэх болно.
Дөрөвт, Япон улсыг Тавантолгойн төслийн нэгэн гол хэрэгжүүлэгч болгох нь эдүгээ Монгол, Японы хооронд тогтсон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны, мөн Монгол улсын гадаад харилцааны үзэл баримтлалд тусгагдсан гуравдагч хөршийн болон олон тулгуурт харилцааны бодлогын нэгэн бодит биелэл болох юм.
Тавд, Япон бол жилд 130 сая тонн коксжих нүүрсний хэрэгцээтай, манай улсад харьцангуй ойрхон байгаа хамгийн том зах зээл гэдгийг бодолцох учиртай юм.
Зургаад, Японд нүүрсийг олон улсын жишиг үнээр худалдах боломжтой тул эдийн засгийн ахиухан ур ашигтай байх болно.
Долоод, Тавантолгойн нүүрсийг Зүүн хойд Азийн бүс нутагт гаргах энэ далимд, уг үйл хэрэгт Япон улсыг оролцуулсан нөхцөлд л далайн хоёр дахь гарцын төмөр замтай болох стратегийн асар чухал ач холбогдолтой зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрэлдэнэ гэдгийг онилон бодолцож ухаарвал зохино.
-Тавантолгойн ордын үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн ямар байвал зохилтой вэ?
-Та зарчмын чухал асуудал гавилаа. Уг нь Тавантолгойн ордыг ашиглах үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн, хүчин чадлын асуудал бол тус ордын ТЭЗҮ-ээр тодорхойлогдох ёстой юм. Гэтэл ТЭЗҮ боловсрогдоогүй учраас тус ордын үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн, хүч чадлын талаар таамаг төдий байдалтай байгаа юм.
Тийм учраас нэгд, коксжих нүүрсийг гол төлөв экспортын чиглэлээр ашиглах,
хоёрт, коксжих нүүрсийг олборлох явцад дагалдан гарах их хэмжээний эрчим хүчний нүүрсийг хархэн ашиглах гэсан хоёр үндсэн чиглэлийн талаар зохистой шийдлийг гаргах нь зүйтэй юм. Миний хувьд дараах тодорхой бодол саналтай байдаг юм.
Тухайлбал:
1. Манайд кокс химийн том үйлдвэр байгуулж, бэлэн кокс экспортлох тухай яриа байдаг. Гэтэл экспортод цэвэр кокс гаргах зориулалтаар кокс химийн үйлдвэр байгуулах боломжгүй, коксжих нүүрсийг угааж цэвэрлээд экспортлохоос өөр арга байхгүй юм. Тийм байдал нь дараах хоёр учир холбогдолтой байна.
Нэгд, хар металлургийн томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулдаг улс орнууд өөрсдийн ган үйлдвэрлэлийн технологийн онцлог хэрэгцээнд тохирсон коксыг өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай байдаг аж.
Хоёрт, Кокс химийн үйлдвэрт асар их хэмжээний ус шаардагддаг тул манай говийн нөхцөлд томоохон хүчин чадалтай коксын үйлдвэр байгуулах боломжгүй гэдгийг бодолцвол зохино.
2. Харин дотоодын хар төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд зориулан багахан хэмжээний коксын үйлдвэр байгуулах хувилбар байж болох юм. Тухайлбал, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордод түшиглэн ангижруулсан үрлэн төмрийн үйлдвэр байгуулахын зэрэгцээ Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн технологийн шинэчлэлт хийж, хүчин чадлыг өргөтгөх тохиолдолд тус үйлдвэрийн технологийн шаардлага болон хэрэгцээнд тохируулан коксын үйлдвэрийг усны нөөцийн боломжтой газарт байгуулах шаардлага гарах байх.
Тийм чиглэлийг анхнаасаа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хоёр дахь үе шат болгож хэрэгжүүлэх талаар миний бие Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн байсан үедээ Японы талтай тэртээ 1990 оны эхэн үед тохиролцсон юм. Гагцхүү сүүлийн хориод жилд тийм чухал төслийг хэрэгжүүлэх сөхөө манай төр засагт байгаагүй өдий хүрсэн бололтой.
З. Тавантолгойн ордод коксжих нүүрсний олборлолтыг дагалдан гарах эрчим хүчний нүүрсийг хэрхэн ашиглах арга хэлбэрийг тооцоо үндэслэлтэй тогтоох явдал чухал байгаа болно. Уг ордын ТЭЗҮ боловсрогдсон нөхцөлд уурхайн олборлолтын хүчин чадлын хэмжээгээр коксжих нүүрсний олборлолт хийх явцад, дагалдан гарах эрчим хүчний нүүрсний хэмжээ ч тодорхой болох нь мэдээжийн хэрэг юм. Ямар ч нөхцөлд Тавантолгойн ордод томоохон хүчин чадалтай Цахилгаан станц байгуулж, дотоодын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага гарч таарна. Улмаар Хятад улсын хойд бүс нутагт цахилгаан экспортлох бодлогын үүднээс хандах оролдлого хийж үзэх нь зүйтэй болов уу.
4. Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсний нэгэн томоохон хэрэглэгч бол Оюутолгойд баригдах цахилгаан станц байх болно. Оюутолгойн үйлдвэрлэлийн цогцолборт 400 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах, уг станцын хэрэгцээнд жилд 1.3 сая тонн нүүрсийг Тавантолгойн уурхайгаас нийлүүлэх асуудлаар ТЭЗҮ-ийг Японы талаар хийлгэсэн байгаа юм. Оюутолгойн ордын уурхай, баяжуулах үйлдвэрийн барилгын ажил нилээдгүй ахицтай явагдаж байгаа тул төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.
Гэтэл уг ордын уурхай, баяжуулах үйлдвэр нь бэлэн болсон байхад цахилгаан станц барих явдал оройтсоноос, үндсэн үйлдвэрлэл нь цахилгаангүй байх зохисгүй байдал бий болж магадгүй бололтой. Тийм учраас манай Засгийн газар Оюутолгойд цахилгаан станц байгуулах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм билээ.
5. Төмөр зам барихгүйгээр Тавантолгойн ордыг ашиглах боломжгүй тул Тавантолгой-Чойбалсан-далайн боомтын чиглэлийн замыг барих ажлыг Орос, Япон, Солонгосын оролцоотой консорциумаар гүйцэтгүүлэхээс өөр арга зам байхгүй болов уу. Монгол улсын хувьд, Зүүн хойд Азийн далайн боомтод хүрэх зам тээврийн гарцтай болох явдал бол коксжих нүүрс төдийгүй, бусад төрлийн эрдэс баялаг, бүтээгдэхүүн болон контейнерийн тээврийн асуудлыг шийдэх стратегийн хамгийн чухал зорилт хэрэгжих болно гэдгийг онцлон анхаарвал зохино.
Эцэст нь миний нэг онцлон хэлэх зүйл бол цаашид ашигг малтмалын томоохон ордыг ашиглахад нийт хүн амд болон нийт компаниудад хувьцаа тараана гэсэн бодит амьдрал дээр үр дүнгүй өнгөрөх, эдийн засгийн утга агуулга багатай, арга зүйд үл нийцэх, амлалтын чанартай зохисгүй байдлыг зогсоох нь зүйтэй байна.
No comments:
Post a Comment