2011/09/05

Тавантолгойд хэзээ ч зөвшөөрөхөөргүй гэрээ хийж байна


Тавантолгойд хэзээ ч зөвшөөрөхөөргүй гэрээ хийж байна
Наадмын дараа Тавантолгой ордоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажил эхэлнэ хэмээн Төрийн өмчийн хороо, Эрдэнэс Тавантолгой компаниас мэдэгдэж байсан. Гэвч энэ асуудал өнөөдөр хүртэл чимээгүй байна. 

Тавантолгой ордын гэрээ, ашиглалтын талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц: ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ ДАХИН ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Тавантолгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй. Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол Монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо тааруулаад байна. Саваар нь эхэлж, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. 

Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхарга руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой.

Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажав: ТАВАНТОЛГОЙД АЛДААГАА БИТГИЙ ДАВТААСАЙ

Тавантолгойн талаар байр сууриа илэрхийлж байгаа олон хүний адил энэ ордыг зөвхөн Монголын тал ашиглаж, Монголчууд өөрсдөө олборлож чадна. Эсвэл заавал гадны туршлагатай компанийг ордын ажилд оролцуулах шаардлагатай гэсэн аль нэг талыг нь барьсан дүгнэлтийг би хийхгүй байгаа. 

Аль нь ч байж болно. Гол нь гадныхантай хамтарсан Оюутолгойн гэрээ шиг биш Монголд ашигтай л байх ёстой. Зарим нэг хэсэгт гадныхантай хамтрах шаардлага зайлшгүй. Хөрсөө хуулах, нүүрсээ ухаж гаргах, угаах зэрэг ажлаа, бид өөрсдөө хийж чадна. Харин гүн боловсруулалт хийж, кокс химийн үйлдвэр барих ажилд гадны туршлага хэрэгтэй үгүйсгэх аргагүй. Гол нь бид гадныхан олборлосон нь дээр, өөрсдөө хийнэ гэж маргаснаас уурхайг цаг алдахгүй эдийн засгийн эргэлтэд оруулж, нүүрсээ ашиглавал Монголын иргэдэд ашигтай юм. Хий дэмий улстөржүүлээд, бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хараад байгаа нь харамсалтай байна.

Гавьяат эдийн засагч, доктор Г.Пүрэвбаатар: ХУУЛИА БАТАЛСНЫ ДАРАА ОРДЫН ТУХАЙ ЯРЬЯ

Стратегийн ордын хувьд байж болохгүй гэрээ хийгдэж байна. Ямар ч уул уурхай, барилгын төсөл хийхэд заавал ТЭЗҮ боловсруулж, нөөцийн үнэлгээ хийдэг байтал энэ ажилд ажлын хэсэг орон нутгийн жижиг уурхайгаас ч дор байдлаар хандаж байна. 

Уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг дахин боловсруулж Ашигт малтмалын тухай хуулиа баталсны дараа энэ ордын асуудлыг иж бүрнээр нь боловсруулах хэрэгтэй. 

No comments:

Post a Comment