Мэдээж үлгэрийн утга санаа үүгээр дуусахгүй. Арван таван толгойтой атгаалжин хар мангас, шатарчин хүү, цуутын цагаагч гүү гэх мэтээр цааш үргэлжилнэ.
Харин сүүлийн үед манай улстөрчид мөнөөх үлгэрийн ерөнхий агуулгыг эрс өөрчилж, реформ хийж байгаа гэхэд болно. Тэр үлгэрийг нь зөвхөн багачууд бус бүхий л насны Монгол Улсын иргэд сонсдогоороо онцлог. “Үлгэр ингэж сайхан эхлэв…Үлгэр тэгж сайхнаас сайхан төгсөв” гэх маягтай. Түүнд нь итгэхгүй байхын аргагүй. Цаг үргэлж зурагтаар ард олныг гүн нойронд автахаас өмнө тархи толгойг нь сэнхэртэл ярьдаг болохоор олонх нь итгэчихсэн.
Итгэх, итгэхдээ “Би чинь баян Монгол Улсын иргэн хүн. Тун удахгүй улс баян болно. Тэгэхээр бид баян болно. Тэр үед би улам баян болно” хэмээн хөөрцөглөдөг болчихсон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд эгэл жирийн иргэд ч адилхан. “Сэтгэл баян бол ходоод цатгалан” ч гэмээр юм шиг.
Нэг тийм сонин хэгжүүн зөгнөлтэй хүмүүс. Тэгвэл дээрх үлгэрийн гол сэдэв болох Тавантолгой, Оюутолгой хоёрын ирээдүйг улстөрчид хэрхэн зурж байна вэ. Бүхэл бүтэн дөрвөн жилийн турш мэтгэлцэхдээ тэд арай зөвхөн “Энэ хоёр ордын тухай үлгэрийг хэн сайхан зохиох вэ” гэсэн уралдаанд түрүүлэхийг л чухалчилж ирсэн юм биш биз. Энэ дунд нөгөө дүрэм журам, үнэ цэнэ гэдэг чухлаас чухал бүхэн нь чухам ямархан түвшинд үнэлэгдэж байгаа бол оо.
Сонирхолтой л асуултууд. Эндээс сэтгэл цатгаж, ходоод өлсгөсөн улстөрчдийн үлгэрийн ерөнхий агуулга руу орцгооё.
Үлгэр ёсоор бол Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол Улс 2040 он гэхэд эндээс 31-32 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олох тооцоо бий. Мөн манай улсын эдийн засаг арван жил тутамд 10 хувиар өсч, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн эхний шат буюу 30 жилийн дараа гэхэд эдийн засгийн өсөлтөө 30 хувьд хүргэх нигууртай. Энэхүү ирээдүйн үр дүнг үл тоомсорлолоо гэхэд 2013 оны зургаадугаар сараас эхлэн Оюутолгойгоос анхны бүтээгдэхүүнийг олборлож, бид “Оюутолгойг экспортлогч” улс болох юм.
Энд мэдээлсэн бүхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын амин сүнс нь. Мэдээж үүний төлөө төмөр зам, эрчим хүч, зам, барилга байгууламж барих нь тодорхой. Гагцхүү орлого талаас нь асуудлыг харахад дээрх мэдээлэл та бидний ирээдүйг ерөнхийд нь тодорхойлох юм. Гэвч өнөөдөр сэдэв бүтэж буй бүтээн байгуулалтын тухай бус харин УИХ хийгээд Засгийн газрын зөрчилдөөн рүү эргэж, хургах нь тэр.
Уг маргааны гол сэдэв нь мэдээж УИХ-ын 57 дугаар тогтоол. Өнгөрсөн оны долоодугаар сарын 16-ны өдөр УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын гол агуулга нь “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэх өгүүлбэр. УИХ-ын гишүүд “Энэ тогтоолын биелэлтийн талаар хангалттай хариулт авч чадахгүй байна” хэмээн үзсэн учраас өдгөө Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.
Үүнээс үүдэн Оюутолгойн нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр болчихоод байна. Энэ тохиолдолд нөгөө сайхан төгсгөлтэй үлгэрийн тухай санаж, санаашрахад тун хэцүү. Хамгийн сонирхолтой нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ийн асуудал бужигнаж байх зуур Тавантолгойд барих төрийн бодлого ч тодорхой бус болов. Монгол Улсын эдийн засгийг урагш нь огцом түлхэх хүчтэй гээд байсан хоёр толгой ийнхүү маргаан мэтгэлцээний бай болчихоод байна. Нэг ёсны цаашид бүх маргаан Оюутолгойг онилсон УИХ-ын 57 дугаар тогтоол болон Тавантолгойг хэрхэн ашиглах вэ гэдгийг чиглүүлсэн УИХ-ын 39 дүгээр тогтоолыг тойрч өрнөнө гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өөрийн нөлөөг алдах хүсэлгүй гэдгээ энэ сард илэрхийлсэн.
Тэрбээр АНУ руу явахаасаа өмнө Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин хийх болсныг олон нийтэд зарлаж, Засгийн газарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-ын 39 дүгээр тогтоолыг дагаж мөрдөх үүрэг өгсөн байгаа. Засгийн газар зөвхөн баруун Цанхид ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо төдийгүй ерөөсөө Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах бодлогыг зангидахдаа дээрх зөвлөмж, тогтоол хоёрын алийг нь ч чиглэл болгоогүйд асуудал бий гэдэг.
Тухайлбал, уг тогтоолын 1.2-т “Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараах арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу үе шаттай хэрэгжүүлэх” хэмээж. Тэрхүү дараах арга хэмжээ гэдэгт нь “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх. Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах. Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэсэн гол заалтууд бий.
Гэтэл Тавантолгойн баруун Цанхид ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах шалгаруулалт хийгээд Засгийн газрын барих ёстой ерөнхий бодлого нь дээрх тогтоолыг зөрчсөн. Наад зах нь, Тавантолгойн арван хувийг бус зөвхөн баруун Цанхийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараахаа Засгийн газар мэдэгдсэн. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 50 хувийг иргэн, үндэсний аж ахуйн нэгжид эзэмшүүлэх тухайд бүр ч хийсэн ажил байхгүй.
Зөвхөн 20 хувь гэсэн бэлгэдлийн тоо л явж буй. Энэ тохиолдолд Тавантолгойгоос ихээхэн хэмжээний ашиг хүртэх мөрөөдөлтэй монголчуудын мөрөөдөл талаар болох нь гарцаагүй. Засгийн газар хийгээд эрх баригчдын хувьд ч энэ тухай ярьсан үлгэр нь зүгээр л аман зохиолын нэг хэлбэр төдийхнөөр түүхнээ үлдэж ч мэднэ. Оюутолгой болон Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах их зорилгын цаадах адилтгаж болох алдаа нь энэ. “УИХ тогтоол гаргадаг. Тэр тогтоол нь хэрэгждэггүй” гэсэн богинохон хэрнээ институт хоорондын зөрчлийг хурцатгаж мэдэх энэ өгүүлбэр эцсийн дүндээ Монголчууд ялагч бус ялагдагч болохыг дохиолох шиг.
Тэр үед улстөрчид нөгөө л үлгэрээ ярина. “Оюутолгой, Тавантолгой хоёр ингээд дууслаа. Одоо цаана нь 14 стратегийн орд байна шүү дээ. Тэр ордууд дээр л алдаагаа давтахгүй бол та нар ч тэр, бид ч тэр баяжина” гээд л… Эцсийн дүндээ энэ бүхэн нь УИХ-ын сонгууль бол ердөө л “Хэн нь сайн үлгэр зохиох вэ” гэдэг уралдаан төдийхнөөр үнэлэгдэх тэр цаг ойртож буйг илэрхийлж байж мэдэх юм.
Тавантолгой, Оюутолгойгоор хамтарсан Засгийн газрын сайдууд болон УИХ-ын гишүүд өөр хоорондоо хангалттай сайхан үлгэр зохиож уралдсан. Харамсалтай нь үлгэрт үнэн байдаггүй гэдгийг ард түмэн хэзээ ойлгох нь тодорхойгүйд л энэ бүх хэтрүүлэг, хийсвэрлэлийн эх үндэс оршиж буй биз ээ.
No comments:
Post a Comment