2011/09/23

Элчин сайд Такүо Кидокоро: Дараагийн элчин сайдад Тавантолгойд онцгой анхаарахыг захинаPost title


Элчин сайд Такүо Кидокоро: Дараагийн элчин сайдад Тавантолгойд онцгой анхаарахыг захина
Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Такүо Кидокорогийн албан томилолтын хугацаа дуусаад удахгүй нутаг буцах гэж байна. 

Ноён Элчин сайдын хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон хүртээсэн юм. Элчин сайд Такүо Кидокоротой ярилцлаа.

-Юуны өмнө Монголын төрийн дээд одон медаль "Алтан гадас" одон хүртсэнд баяр хүргэе. Та Монгол Улсад ямар хугацаанд ажиллаад буцах гэж байна вэ?
-Баярлалаа. Монголын төр, засаг намайг өндрөөр үнэлсэнд талархаж байна. Би 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Элчин сайдаар томилогдож ирсэн. Хоёр жил, долоон cap Монгол Улсад Элчин сайдаар ажиллалаа. Гэхдээ үүнээс өмнө би 1973 онд анх Монголд ирж байсан. Түүнээс хойш олон удаа ирж байлаа. Нийтдээ Монголд найман жил ажилласан байна.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал болсон. Тэдгээрээс чухам алийг нь та онцлох вэ?
-Маш олон зүйл бий. Ялангуяа манай хоёр орны харилцааг маш ойр дотно байгааг мэдрүүлсэн зүйл бол гуравдугаар сарын 11-ний өдөр Япон улсад болсон байгалийн гамшиг байсан. Улс оронд маань байгалийн гамшиг тохиолдоход Монголын ард түмэн, төр засгаас чин сэтгэлээсээ хандаж, шуурхай тусламж үзүүлсэн. Тиймээс ч би гуравдугаар сарын 12-ны өдөр буюу гамшиг болсны маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн.

Энэ бол хоёр орны харилцааг ойр дотно гүнзгийрсний гэрч болсон гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч санал нэг байсан. Зөвхөн Монголын төр, засаг төдийгүй жирийн ард иргэд, миний огт танихгүй хүмүүс ч чин сэтгэлээсээ хандаж байсан.

Монголчууд нэг сая долларын мөнгөн тусламж, яаралтай аврах баг явуулж тусласан. Үүнээс гадна япончуудын хувьд төсөөлөхийн аргагүй тусламж бол гамшигт нэрвэгдсэн газрын оршин суугчдаас Монгол Улсад урьж авчирсан. Дөрвөн удаагийн ээлжээр нийтдээ 32 хүн Монголд ирсэн.

-Япон бол Монгол Улсын хамгийн сайн түнш, Монголын хамгийн том донор улс. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбарт танай улсын буцалтгүй тусламж их хэрэгжсэн. Тэдгээрээс тоймлоод дүгнэхэд ямар дүн гарах бол?
-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжууд 1990 оноос Монголд хэрэгжиж байгаа. 1997 онд намайг Монголд ирэхэд дунд сургуулиудын ачаалал ихтэй, зарим cypгууль гурван ээлжээр хичээллэж байсан. Тиймээс Япон улс Монголд боловсролын салбарт, тэр дундаа дунд сургуулийн байрыг шинээр барих, засварлахад туслах ёстой юм байна гэж тусламжаа эхлүүлсэн. Бага сургуулийг засварлах төсөл 1999 оноос хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 55 сургуулийг засварлах болон шинээр барьсан байна. Мөн төмөр зам, дөрөвдүгээр цахилгаан станц, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол соёл гээд олон салбарт хамтын ажиллагаатай.

1973 онд анх Японы Элчин сайдын яам "Улаанбаатар" зочид буудлын нэг өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэр үед жилд 1-2 оюутан л сургуульд сурахаар Японыг зорьдог байсан. Одоо бол жилд 1000 гаруй хүүхэд сурахаар явж байна. Энэ тоо тэр үед мөрөөдөл байсан биз.

-Цаашид ямар салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй гэж та хүсч байна?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай болсныг мэдэгдсэн. Стратегийн түншлэл бий болсноор харилцан ашигтай санал солилцох, хамтарч ажиллах боломжтой болж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламентад уг хэлэхдээ "Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан нийгэмд орсон 20 жидийн хугацаанд Япон улсын тусламж байсан учраас ардчиллыг амжилттай байгуулж чадсан гэж талархал илэрхийлсэн. Мөн Монгол бол гайхамшигтай ашигт малтмал, газрын баялагтай. Харин Японд дэлхийн шилдэг технологи байна. 

Энэ баялгийг ашиглахад дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах ёстой. Байгалийн баялгийг байгаль орчинд хоргүй байдлаар олборлох, ашиглах технологи дэлхийд ганцхан Японд л байна. Тиймээс Монголын баялгийг Японы дэвшилтэд технологитой хамтатгая, сэрцгээ" гэсэн. Энэ бол Монгол Улс Японыг нэгэн түншээ хэмээн итгэж хэлсэн хэрэг гэж бид ойлгож байгаа.

Монгол Улс бол хөгжиж буй орон. Ашигт малтмалын энэ агуу баялагтай улс орны хувьд аль болох Монголд ашигтай байх ёстой гэж үздэг. Тэр утгаараа Монгол түүхий нүүрсээ гаргах биш, дэвшилтэт технологи ашиглан боловсруулж өндөр үнэ хүргэх ёстой. Тэгж байж Монголын брэндийг бий болгоно.

-Тавантолгойд хөрөнгө оруулагчдын асуудлыг Монголын Засгийн газар хараахан шийдээгүй байгаа энэ үед та нутаг буцах гэж байна. Тавантолгойн асуудалд Японы хүсч байгаа 10 хувийг Монголын Засгийн газар зөвшөөрнө гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ. Тавантолгойн асуудалд ямар байр суурьтай байна?
-Тавантолгойн асуудлыг шийдэж дуусаагүй байхад буцаж байгаа нь харамсалтай. Гэхдээ миний байр суурь бол Японы дэвшилтэт технологийг ашиглаад Монгол Улс өндөр үнээр гадаадын зах зээлд ашиглах ёстой гэдгийг онцолмоор байна. Түүнээс биш 10 хувь гэдэг тоондоо гол биш. Монголын ашигт малтмал дэлхийд үнэтэй, брэнд болно гэдгийг харуулах юмсан гэдгээр бид хандаж байгаа. Ашигт малтмалыг ашиглахад дэд бүтэц маш шаардлагатай. Монголд одоохондоо дэд бүтэц бүрэн шийдэгдаж амжаагүй байна. Технологи ч хангалттай алга. Монгол одоо болтол нүүрсийг утаа гаргасан чигээр нь л ашиглаж байна. Гэтэл Японд одоо нүүрсийг хэрэглэдэгч утаа гардаггүй, Бүрэн шийдэж чадсан. Тиймээс шилдэг, дэвшилтэт технологи гэдэг агуулгыг нь онцолж ойлгоосой гэж бодож байна.

-Элчин Сайдын алба гэдэг залгамж халаатай байдаг. Таны халааг авах хүнд аль салбарт илүү анхаарал хандуулахыг захих вэ?
-Ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлээсэй. Мөн боловсролын салбарт, техник технологийн салбарт харилцаа улам гүнзгийрэх байх. Жишээ нь уул уурхайн чиглэлээр оюутнууд сургах, мэргэжилтнүүд солилцох харилцаа өргөжиж байна. Технологийн дэвшил гэдэг хурдан байдаг ч тэр технологийг бүрэн дүүрэн эзэмшихэд 20-30 жил шаардагддаг. Дараагийн Элчин сайдад Тавантолгойн асуудалд хичээнгүйлэн ажиллаасай гэж захина. Мөн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Тиймээс хоёр улсын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх тал дээр санаачлагатай ажиллах байх.

-Та нутагтаа очоод ямар ажил хийх вэ?
-Маш их ажилласан учраас эхлээд хагас жил орчим амарна. Дараа нь аль нэг их сургуульд багшлах болов уу. Японы төрийн албан хаагч хувийн салбарынхантай бараг холбоогүй учраас хувийн салбарт ажиллахгүй байх.

-Та манай улсад олон жил ажилласан байна. Энэ хугацаанд монголчуудыг хэр мэддэг болов?
-Миний ажигласнаар Монголчууд Орос, Хятад хоёр том хөрштэй учраас аливаа зүйлд маш хурдан шийдвэр гаргадаг. Япончууд бол доороос нь эхлээд бүх шат дамжлагыг давдаг учраас их хугацаа алддаг. Манай хоёр улс хамтын ажиллагаандаа энэ хоёр ялгаагаа бодолцож байх учиртай. Нэг нь аль болох хурдан шийдэхийг хүсдэг, нөгөө нь илүү бодож, нухацтай байх гээд байдаг. Энэ хоёрыг хослуулж ажиллах хэрэгтэй байх.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудал дуулиан болоод байгаа. Энэ тал дээр Элчин сайд ямар хариулт хэлэх вэ?
-Хоёр орны албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүйг хэлэх хэрэгтэй. Гэхдээ сонинд гарсан байж болох юм. Үүнд ямар нэг тайлбар хийх боломжгүй.

No comments:

Post a Comment