2011/09/29

Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн замыг Улсын комисс хүлээж авчээ


Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн замыг Улсын комисс хүлээж авчээ
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км замыг “Энержи Ресурс” компани есдүгээр сарын сүүлээр буюу Цахилгаан станцын нээлтийн ёслолоос ердөө гуравхан хоногийн өмнө ашиглалтад оруулжээ. Уг замыг Улсын комисс албан ёсоор хүлээж авсан байна. 

“Энержи Ресурс” компанийн зам ашиглалтад орсноор Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг автомашинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлтийн явцад байнга тохиолддог тоосжилт, аваар осол, машины эвдрэл, зардал  зэрэг нь багасна. Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэдэг. Ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Энержи Ресурс”-ийн замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулсан тухай холбогдох албан тушаалтан мэдэгдэж байв.

Тавантолгойн гэрээг “Бэрс-ийн нүүдлээр” хийе


Тавантолгойн гэрээг “Бэрс-ийн нүүдлээр” хийе
“Хятад улс нүүрснийхээ нөөцийг одоогийнхоо хэрэгцээгээр ашиглах юм бол 30 жилийн дараа дуусна, тэгээд цаашид яах вэ. Энэ салбарт Монгол Улс жижигхэн шатрын хүү биш том тоглогч болох боломжтой” гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу өнгөрсөн долоо хоногт уншсан лекцэндээ хэлснийг би олж уншлаа. 

Энэ санаа яагаад миний анхаарлыг татав гэхээр миний бие Тавантолгойн гэрээг хийж буй Монголын талын ажлын хэсгийн зарим нөхдөд яг Ч.Отгочулуутай адил санааг хэлж өгч байсан. Энэ санаа бол Монголын хоёр эдийн засагчийнх төдийгүй, Монголын төр засгийнхны ч цаашид баримтлах байр суурь болоосой гэж би хүсч байна. 

Ийм учраас Ч.Отгочулуугийн санааг дэмжиж, баяжуулж нийтлэл бичье гэж бодлоо. Бид төр засагт гадны хэн ч хэлээгүй маш чухал мэдээлэл, бас маш чухал зөвлөгөө өгч байгаа юм. Энэ бол ажлын хэсэг, Засгийн газар дотоодынхоо эрдэмтдээс зөвлөгөө авч хамтран ажиллах ёстойг харуулсан баримт болж байна. 30 жилийн дараа Хятадын нүүрс дуусах прогнозыг дөрвөн сарын өмнө Москвад болсон нүүрсний талаарх жил бүрийн чуулган дээр Казахстаны хөрөнгө оруулалтын томоохон компанийн захирал бас хэлсэн. 

Тухайлбал, Хятадад жилд 3.8 тэрбум тонн нүүрс олборлож байна. Үүн дээр нэмж нүүрс импортолж байна. Сүүлийн таван жилд Хятадын нүүрсний олборлолт 850 сая тонноор нэмэгджээ. Нүүрсний салбар дахь төвлөрлөө 2010 онд 30 хувьтай байсан бол 2014 онд 65 хүргэх бодлого явуулж байна. Нүүрсний уурхайн олборлох доод хэмжээг жилд 300 мянган тонн болгож жижиг уурхайн тоог 2598 байсныг 1053 болгожээ. 

Энэ доод хэмжээ 2015 оноос жилд 500 мянган тонн болно. Жилд 100 сая тонноос дээш олборлодог 10 мега үйлдвэр, жилд 50 сая тонноос дээш олборлодог 10 үйлдвэртэй болох зорилт тавьж байна. Хятадын нүүрс ойрын 30 жилд л хүрэлцэнэ гэж хэлсэн. Хятадын нүүрсний стратегиас суралцах зүйл, тэр тусмаа ч гэрээ хэлэлцээртээ тусгах зүйлүүд байна. 

Тухайлбал, жилд 50 саяас дээш тонн нүүрс олборлодог компаниудтай болох боломжоо Монгол улс алдаж болохгүй. Энэ бол Тавантолгойн ордыг аль болох хуваахгүй ашиглах явдал юм. Энд бүтээмж өндөрсөнө. Коксжсон нүүрсээ зарах гэж өрсөлдөөд, нүүрсний үнээ өсгөж чадахгүй байх явдал арилна. 30 жилийн дараа Хятад улс нүүрсээ дуусмагц нүүрсний төлөөх дайн өрнөж, нүүрсний үнэ хаданд гарна. 

Одоо ч гэсэн Хятад улс нүүрсний өлсгөлөнд орчихсон байна гээд би ахин дахин хэлээд байгаа шүү дээ. Нүүрсний томоохон тоглогч Индонез улс нүүрс экспортлохоо ойрын 3-4 жилд эрс багасгах шийдвэр гаргалаа. Энэ нь Монголын нүүрсний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Хятадууд Монголоос авсан нүүрсээ буцаан булж нөөцөлж байгаа мэдээлэл байдаг. Иймд Хятадтай зөв ярилцаж, тохиролцож чадвал нүүрсээ өндөр үнээр удаан хугацааны гэрээгээр өгч, урьдчилгаа мөнгө ч авах боломжтой. 

Гэтэл Засгийн газар хятадуудтай маш муу гэрээ хийж байна. Энэ нь Засгийн газар, ажлын хэсгийнхний мэдлэг чадвар ихэд дутмаг байгаатай холбоотой. Магадгүй хэлэлцээр хийж буй улс төрчид дараагийн сонгууль тулчихаад байгаа, намын болон өөрийн зардлын олон зуун сая төгрөгөө босгох боломжит ганц тохиолдлыг ашиглах гээд муу гэрээ байгуулах гэж байж болох юм. Хэрвээ үүн дээрээ тулбал, зарим хүний дэвшүүлж буй санал шиг сонгуулийн дараа гэрээгээ хийсэн нь дээр. 

Нэг жил хүлээгээд хэдэн арван тэрбум доллараа алдахгүй байсан нь дээр. Гэхдээ аль ч тохиолдолд Монголд ашигтай байх бүх хувилбаруудаар Засгийн газар бэлтгэлээ сайн базаах ёстой. Үүний тулд Засгийн газар эдийн засаг, уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдээ ажлын хэсэгт оруулж хамтран ажилламаар байна. ҮАБЗ-ийн зөвлөмжинд ийм санал байгаа. Иймд таван сайдын байгуулсан гэрээг ҮАБЗ ч УИХ ч хүлээн авч хэлэлцэх ёсгүй. 

Харин эрдэмтэдтэйгээ хамтран суугаад гэрээгээ хийгээд ир гэж буцаах ёстой. Хэрвээ Засгийн газар зөв стратеги, тактик баримталбал Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг, гол нь Хятадуудтай харилцан ашигтай хийх боломж байна. Гэтэл Засгийн газар үндсэндээ Хятад (40 хувьтай), АНУ-ын (24 хувьтай) хоёр компанийг орж ирээд 1.2 тэрбум тонн нүүрсийг 30 жил ух ав, нүүрсээ ямар үнээр зарахаа та нар мэд гээд сууж байна. 

Хятадад нүүрс өгөхөд л хангалттай. Бүүр боловсруулаад аваад гар гэх ёстой. Пибоди орж ирснийг би ойлгохгүй байна. Үүний оронд Япон, Солонгос хоёр байх ёстой. Тэд Хятадад өрсөлдөөн үүсгэнэ. 36 хувьтай юм чинь Монгол Орос хоёр хараад л сууж байхаас өөр юу ч хийж чадахгүй. Стратегийн ордоо ямар ч мэдэлгүй 30 жил харж суухыг ард түмэн зөвшөөрөхгүй. УИХ ч зөвшөөрөхгүй. Тийм тохиолдолд нүүрсний, тэр тусмаа нүүрсний үнийн нэгдсэн бодлогыг төр засгаас явуулах боломжгүй болно. 

1.2 тэрбум тонн нүүрсний үнэ дээр 1 ам.долларын алдаа хийхэд 1.2 тэрбум доллар Монголын ард түмэн алдана. Засгийн газар тонныг нь 300 ам.долларын үнэ хүргэх боломжтой коксжсон нүүрсээ 70 ам.доллараар зарж буй нь 1 сая тонноос 230 сая ам доллар алдаж буй хэрэг. Энэ жишгээр баримжаалж үзэхэд, багцаагаар бодоход Засгийн газар маань 1.2 тэрбум тонн нүүрсэн дээрээ 200 орчим тэрбум ам.долларын алдаатай гэрээ хийх гэж байна. 

Үүний дэргэд тэр урьдчилж авах 500 сая ам.доллар бол өчүүхэн зүйл. Оролцооны төлбөрийн оронд борлуулалтын урьдчилгаа ав л даа. Өлсгөлөн Хятад зөвшөөрч л таарна. Үйлдвэрүүд ээ зогсоож, ард түмнээ хөлдөөхгүйн тулд энэ байтугай төлбөр төлнө. Иймд Засгийн газар Тавантолгойг ашиглах загвар дээрээ эргэлт хиймээр байна. Мэдээж хэрэг гэрээ хөрөнгө оруулагчдад хангалттай ашигтай байх ёстой. Хэн нь хэдий хэрийн хөрөнгө гаргаад, ямар хугацаанд хэдий хэрийн ашиг олохоо ил тод тооцож зөвшилцсөн байх ёстой. 

Ийм тооцоогүйгээр ямар ч хүн хөрөнгөө гаргахгүй. Үүний тулд Монголын тал урьдчилсан ТЭЗҮ-үүдээ гаргаад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ёстой. Гэтэл нүүрс олборлох үйлдвэрийн ч ТЭЗҮ алга. Ирэх 30 жилд нүүрсээ Хятадын нутгаар зөөх үү, Оросын нутгаар зөөх үү, ямар хэмжээтэй нүүрс зөөх вэ, ямар үнэ тарифтай байх вэ гэдэг нь гол тооцоо, гэрээ, хэлэлцээр алга байна. Бүтэн жилийг Засгийн газар алдсан. Одоо бас үр өгөөж муутай хувилбар зүтгүүлээд, энэ нь эргэж буцаад дахиад л нэг жилийг алдах нь. 

Уг нь төмөр зам, цахилгаан станц, усны асуудлаа маш яаралтай шийдмээр байна. Цаг алдсаар байна. Эдгээр бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр Тавантолгойн үнэ улам их өсөх болно. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоо мэддэг эрдэмтдээсээ ажлын хэсэгтээ оруулалдаа сайд нар аа. Ч.Хүрэлбаатар сайд нийт үнэ цэнэ гэж яриад байна лээ. Буруу л даа, зүй нь өнөөгийн цэвэр үнэ цэнэ буюу NPV гэж ярих ёстой. Ажлын хэсэг мэдлэггүй байвал гадныхан тэр хэмжээнд нь тохируулж тоглоод өнгөрөхөө бодно. 

Нарийн ширийн юм ярих ч үгүй. Харилцан ашигтай, Монголын талд илүү ашигтай ямар хувилбар байж болох талаар эдийн засагч эрдэмтэн бидэнтэй зөвлөлдөө ч гэсэн саналыг Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, С.Баярцогт, Д.Сугар гэсэн гэсэн зургаан сайд, даргад дахин хүргэж байна. Тав зургаан сайдын маань сонгосон загвар, эдийн засагч Ч.Отгочулууны хэлээд буй шатрын хүүний хэмжээнд сэтгэсэн загвар юм. 

Энд бас УИХ ч бас буруутай. 39 дүгээр тогтоолдоо хоорондоо зөрчилтэй хоёр загварыг ашигла гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Уг нь аль нэгийг нь өгөх ёстой байв. Түүнд нь Засгийн газар тохируулж ажиллах гэж оролдсон байж болох юм. Одоо монголчууд бид шатрын хүүний нүүдлээр биш харин бэрсний нүүдлээр сэтгэж Тавантолгойн хэлэлцээрээ явуулъя. Алийн болгон өчүүхэн сэтгэж том алдаатай гэрээ хэлэлцээр хийх вэ дээ. Боломжууд байгааг эдийн засагчид бид хэлээд байна. 

Ингэмээр тэгмээр байна, NPV-гээ ингэж тооцъё, ийм наймаа хийе, та нар ийм ашиг хүртэнэ гэх мэт тодорхой зүйл хэлж хөрөнгө оруулагчдыг шахах ёстой. Гадныханд буруу өгөх ёсгүй. Улс төрч сайдууд маань мэдлэг чадвар дутаж байна гэдэг нь байгуулж буй гэрээ, түүнийгээ өмгөөлж буй үгнээс нь харагдаж байна. Эдийн засагч эрдэмтдээ хэлэлцээрт оруулаачээ. Тэд өргөн ч, гүн ч, хол ч харж сэтгэнэ. Бид хэлье л дээ. Хятад нөхөд минь, 30 жилийн дараа танай нүүрс дуусна, бид нүүрсээ Оросын төмөр замаар дамжуулж өөр орнууд авахаар удаан хугацааны гэрээ байгуулах гэж байна, хоосон хоцорвоо, эдийн засгаа том ангалд унагав аа, ард түмнээ хөлдөөвөл Та бүх ний эсрэг босоод ирнэ шүү, одоо харилцан ашигтай гэрээ байгуулчихъя гэх мэтчилэн бэрс мэт том харж дуугаръя л даа. 

Ядахдаа саяхныг хүртэл Их Монгол Улсын нэг хэсэг байсан Өвөрмонголын нутгаараа, элэг нэгтнийхээ нутгаараа ачаа тээврийн хөнгөлөлттэй тарифаар явъя гээд хэлээд үзье. Ямар нүүрсний эх орон болсон Өвөрмонголоо бид буцааж авъя гэж буй биш дээ. Доктор П.Нэргүй тэргүүтэй эрдэмтэд Орос Хятад гэх мэт орноос алдсан газар нутгийг нь авч өг гэж НҮБ-д захидал бичсэн ч явдал бий. Эрдэмтэд саналаа хэлэхэд хэн ч хаана ч яах ч үгүй. Улс төрчид маань Далай ламыг хүртэл урихаас айж байдаг. Энэ мэт асуудлыг олон талаас нь тавибал Хятадын удирдлага ойлгож хандана даа. Бид л саналаа, үндэслэл, тооцоогоо сайн тавих ёстой. 

Сайд нар маань “өгөөш үмхчихээд” дуугарч чадахгүй байгаа бол ҮАБЗ улс төрчдийг хэлэлцээр хийх ажлаас хасаж эрдэмтэдийг оруул гэсэн гээд сууж байвал болмоор санагдана. Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдгийг санаж энэ нийтлэлийг бичлээ. Тавантолгойг яаж ашиглах вэ гэдэг талаар түүний эзэн болсон ард түмнийхээ, юуны өмнө дуугараад байгаа олон эрдэмтэдийнхээ саналыг сонсч, хамтарч ажиллаа ч гэж дахин хүсч байна, сайд нар аа.

Н.Дашзэвэг (Монгол дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч доктор)

2011/09/28

С.Ганбаатар: Оюутолгойн алдааг Тавантолгойд давтаж болохгүй

Монголын Үйлдвэрчний эвлэл болон Байгаль орчны төрийн бус байгууллага Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд хамтран Өмнөговв аймгийн Тавантолгойн "Эрдэнэс МГЛ", "Энержи Ресурс", "Оюутолгой" зэрэг газруудад шалгалт хийсэн байна. Хүний эрхийн комисс цаашаа баруун аймаг, хил рүү шалгалтаа үргэлжлүүлэн явжээ. Харин МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Түүнээс шалгалтын талаар тодруулга авснаа хүргэе.
-Сайн явж ирэв үү. Өмнөговьд цас орсон байна уу?
Сайн явж ирлээ. Намайг онгоцонд суухад цас ороогүй байсан шүү.
-Шалгалтын үр дүнг танилцуулаач?
Олон байгууллагууд явсан учир МҮЭ дүгнэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ манайх бол ажлын хэсэгт орж ажилласан учраас бид ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлын талаарх шалгалтын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Тэнд ер нь бол онцолж хэлэхэд Оюутолгойн хувьд ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байгаа нь ажиглагдсан. Гэхдээ нэг асуудал байгаа нь Монгол ажилчдын тоо юм. Бид Оюутолгойн удирдлагуудтай уулзаж ярилцсан. Дараа жилээс Монгол ажилчдыг 90 хувьд хүргэж, тэгээд удирдах болоод инженер техникийн томоохон ажлуудыг хийлгэх талаар ярьсан. Үүнээсээ тэр мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэхэд сургалтын талаар хамтарч ажиллах зэрэг дөрвөн зүйл дээр ойлголцолд хүрлээ.
-Харин Тавантолгойн асуудалд ямар санал бодолтой байна вэ?
Бид илүү хүчтэй тэмцэх ёстой гэдгийг хатуу ойлголоо. Өнөөдөр Тавантолгойн талаарх мэдээлэл сэтгүүлч та, МҮЭ тэргүүн надад хүртэл байхгүй байна. Яагаад ингэж нууц байдалд бүрхэг байгаа нь өөрөө асуудалтай. Бид Оюутолгой дээр алдсан шиг дахин алдаа гаргамааргүй байна. Оюутолгой хоёр компанийн мэдэлд байдаг бол одоо Тавантолгой гадны таван компаний мэдэлд орох гээд байгааг мэдэж байна. Ингэж болохгүй. Мэдээлэл, гэрээний талаарх үнэн бодит зүйл бидэнд хэрэгтэй. Хэрвээ ингэхгүй бол МҮЭ ямар ч гэсэн зүгээр суухгүй, бид тэмцэнэ гэдгийг хэлмээр байна.

Тавантолгойн хувьцааны ногдол ашгийн тооцоог гаргажээ

“Шинэ өөрчлөлт” Төрийн бус байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар өөрсдийн хийсэн тооцоо судалгаагаа сэтгүүлчдэд танилцууллаа. Монгол Улсын иргэн бүр тус компанийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхийг Засгийн газар олгосон байгаа. Нүүрсний асар их нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд орсон том ордын хувьцааг иргэд эзэмшсэнээр чамгүй хөрөнгийн эзэн боллоо хэмээн үзэж буй. Харин “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага иргэдийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас их зүйлийг хүлээх хэрэггүй гэдгийг энэхүү мэдээллээр хүргэлээ. Учир нь иргэн бүрт тараасан хувьцааны ногдол ашиг жилд хоёр төгрөг 93 мөнгө байна гэдэг тооцоог тэд гаргасан байна. Үүнийг 536 ширхэг гээд бодохоор нийт 1575 төгрөг байх аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч долдугаар сараас борлуулалтаа албан ёсоор эхлүүлсэн. Тэгвэл “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага хувьцааны ногдол ашгийн тооцоог гаргахдаа жилд нэг сая тонн нүүрс олборлон борлуулна хэмээн дээрх тооцоог гаргасан гэнэ. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 70 ам.доллар байгаа ба нэг сая тонн нүүрс 70 сая ам.долларын орлого оруулна. Ингээд нийтдээ нэг сая тонн нүүрс борлуулсныхаа 50 хувийг компанийн цэвэр ашиг гэж үзэж, ашгийнхаа 10 хувийг иргэн бүрт ногдол ашиг болгон тарааснаар дээрх тооцоо гарчээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Даваадорж “Бид энэ мэдээллээрээ аль нэг нам хүчин, Засгийн газар, УИХ-ыг буруутгах гэсэнгүй. Энгийн аргаар тооцож үзэхэд ногдол ашгийн хэмжээг гаргаж, иргэдийг төөрөгдөх хэрэггүй гэдгийг мэдэгдэх гэсэн юм” гэлээ.

Нүүрсний арвин их нөөцөөрөө дэлхийд алдаршаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг одоогоор тогтоогүй байгаа. Ямар үнэтэй байхыг андеррайтер компани тооцож гаргах бөгөөд олон улсын сонгон шалгаруулалтаар тунаж үлдсэн дөрвөн банкны бүрэлдэхүүнтэй компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийхээр ажиллаж буй. Юутай ч ирэх оны эхээр Лондон, ХонгКонг болон Монголын хөрөнгийн бирж дээр энэ ажлыг зохион байгуулна гэсэн мэдээлэл тархаад байна.

С.Ганбаатар: Адилхан ажил хийж байгаа гадаад, Монгол хоёр хүний цалин нэг түвшинд хүрнэ


С.Ганбаатар: Адилхан ажил хийж байгаа гадаад, Монгол хоёр хүний цалин нэг түвшинд хүрнэ
Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, иргэний байгууллагуудтай хамтран Тавантолгойн "Эрдэнэс МГЛ", "Энержи Ресурс", "Оюутолгой"-д шалгалт хийжээ.

“Энержи Ресурс”-д Монгол ажилчдын нөхцөл сайн байсан бөгөөд ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллах үйлдвэрчний эвлэлийг байгуулсан байна. 

Оюутолгойн хувьд дөрвөн зүйл дээр удирдлагуудтай нь ойлголцолд хүрчээ. “Хөдөлмөр аюулгүй байдлын талаар Монгол улсын хувьд тэргүүний стандартыг хэрэгжүүлж байна” хэмээн ярьсан С.Ганбаатараас бид зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойд хийсэн шалгалтын талаараа ярихгүй юу?
-2012 оны наймдугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэнэ. Энэ үед ажилчдын 90 хувь нь Монголчууд байна гэж гэрээнд заасан. Энэ бол иргэний хөдөлгөөнүүд, сэтгүүлчдийн маш их хүчин чармайлтаар орсон заалт. Тиймээс энэ 90 хувийг  баталгаажуулаач гэдэг асуудлыг бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш тавьсан. Олох доллараа цент центээр нь тооцдог мөртлөө Монгол ажилчдын цалинг яагаад тооцохгүй байгаа юм. Тэнд хэдэн хүн, хэдэн төгрөгний цалинтайгаар ажиллах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. 

Гэрээнд заасан 90 хувь гэдэг нь 4 юм уу, 4000 эсвэл 40 мянга юм уу. Ямар хөдөлмөрийн нөхцөлд, ямар ажлын байранд, ямар цалин хөлстэй, хэдий хугацаатай ажиллах юм. Хэрвээ гурав хоног ажиллуулж Монгол хүнийг өнөө 90 хувьдаа оруулчихаад л гаргаад байвал яахав. Тэд чинь их зальтай шүү. Биднээс ямар диплом шаардах юм тухайн үед  гэх мэтээр нарийн төлөвлөгөө гаргаж, гарын үсэг зурах хэрэгтэй. Ирэх долоо хоногт энэ асуудлыг эцэслэн шийдье гэдэг тохироонд хүрлээ.

-Засгийн газрын зүгээс ямар оролцоотой байх вэ?
-Засгийн газар гэрээ хийсэн учир өөрсдөө уг нь энэ асуудлыг шахах ёстой. Гэхдээ Засгийн газар маань тайван байна, тэдэнд дэндүү итгээд байна. Бид хашир байх ёстой. Ингэж төлөвлөгөөгүй явж байгаад наймдугаар сар хүрчих юм бол хэдэн Монгол хүн авч “архи уугаад, хулгай хийгээд байна” гэж шалтаглаж байгаад л оронд нь хятад, гадаад ажилчид аваад ажиллуулчихаж магадгүй юм. Тийм боломжийг бид олгохгүй. Монгол хүмүүст хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол хүнийг ядаргаа, “проблем” гэдэг нүдээр харахаа зогсоож, боломж гэдэг нүдээр харах хэрэгтэй.

-Барилгын явцад 60 хувь нь Монгол ажилчид байх ёстой гэсэн гэрээний заалттай. Одоогийн байдлаар энэ заалт амьдрал дээр биеллээ олж байна уу?
-Толгой компанидаа энэ биеллээ олж байна. Хятадын 7000 ажилтан оруулж ирсэнтэйгээ тэнцүүлээд Монгол ажилчдыг оруулсан байна. Энэ хууль зөрчигдөж байгаа газар нь дандаа туслан гүйцэтгэх компаниуд дээр байна. Туслан гүйцэтгэх компаниудын эзэд дунд Монгол хүн ч байна, хятад хүн ч байна. Тэдний зүгээс Монгол охидын, Монгол ажилчдын эрх ашгийг дэндүү зөрчдөг юм байна. Тиймээс энэ асуудлыг бас ярьлаа. 

Ингээд Оюутолгойгоос энэ тал дээр анхаарч ажиллах, цаашлаад болохгүй бол тухайн хууль зөрчөөд байгаа компаниудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан. Тэдний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Ганцхан тэнд ажиллаж байгаа Монгол хүмүүс Та бүхний хүний болон хөдөлмөрийн эрх ашиг зөрчигдөх л юм бол гомдлоо Оюутолгойн “толгой” компанийн хүний нөөцийн албанд шууд мэдээлээрэй.

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенц гэж байдаг. Энэ талаар?

-Монгол хүн, гадаад хүн хоёр адилхан ажил хийж байгаа тохиолдолд цалин нь адил тэгш байна гэж заасан байдаг. Одоогоор энэ зөрчигдөж байгаа. Цаашид энэ конвенцийг бид ажил болгох тал дээр тохирсон. 

-Одоо байгаа цалингийн зөрүүг дурьдаач гэвэл?

-Гадаад хүний дундаж цалин 140 сая төгрөг, Монгол хүнийх 14 сая төгрөг байгаа. Хамгийн өндөр нь гэвэл гадаадын нэг захирал сард 64 сая төгрөг авдаг. Гэхдээ энэ бол тэдний дотоод асуудал. Бидний зүгээс ижилхэн экскаватор барьж байгаа гадаад, Монгол хоёр хүн ижил хэмжээний цалин авах ёстой гэдэг шаардлагыг л тавьсан. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ. 

-Тавантолгойн талаар? 
-Тавантолгойн асуудалд Монголын Засгийн газар Оюутолгойтой хийсэн гэрээнээсээ сургамж авч ажиллах ёстой. Бид илүү хүчтэй тэмцэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдөр Оюутолгой гадаадын хоёр компанийн 100 хувийн хяналтанд байгаа. Тавантолгой гадаадын гурав, япон, солонгос ороод таван компанийн 100 хувийн хяналтанд орох гэж байна. Энэ бүр аюултай. Хоорондоо ямар ч ойлголцол байхгүй таван өөр аргачлалтай оронд өгөх юм бол энэ таван улсын муудалцаан, үйл ойлголцлын зодоон Монголын Тавантолгойн талбар дээр болох юм уу. 

Энэ тавыг хэн нь удирдах юм, хэн нь яг юу хийх юм гэдгийг Монголын засгийн газар ард түмэнтэйгээ ил тод ярилцахгүй байна. Энд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах ёстой. Тавантолгойн асуудлыг ил тод хэлэлцэхгүй бол нийт орон даяар ажил хаялт хийхээс аргагүй болно гэдгийг энэ дашрамд хэлье. 

-Энержи Ресурс өөрийн цахилгаан станцтай болчихлоо. Гэтэл Оюутолгой бараг өрхийн хэрэглээний зөвшөөрөлтэйгээр хил хүртэл цахилгааны нүх ухуулаад байгаа сурагтай. Энэ талаар та юм дуулав уу? 

-Энэ их чухал асуудал шүү. Анх гэрээ байгуулахад оролцож сайн, муугаараа дуудуулж явсны хувьд энэ талаар маш сайн мэдэж байна. Тухайн үед “зөвхөн үйлдвэр барих үед хятадаас цахилгаа авъя” гэсэн. Харин бидний зүгээс “Тийм юм байхгүй. Эхлээд цахилгаан станцаа барь” гэдэг шаардлагыг тавьж “Говьсүмбэр, Шивээ-Овоо, Улаанбаатарын ойролцоо ч юмуу том цахилгаан станц бариад нийслэлд нийлүүл, тэгээд шөнийн алдагдалтай тогоо үйлдвэрлэлийн процесстоо ашигла” гэсэн хөтөлбөрийг хүртэл санал болгож байсан. 

Энэ үед Засгийн газар, манай улстөрчид дэндүү хариуцлагагүй загнаж, “Хятадаас цахилгаан авах нь зөв” гэж ярьсан. Ийм л тэнэг зүйл болсон. Гэтэл Хятадаас цахилгаан авах гээд очтол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур сумынхан манай улстөрчдөөс агуу шаардлага тавьсан. Тэд “Цахилгаан авч болно. Гэхдээ 70 хувийн хөрөнгө оруулалтыг нь та нар хийгээд манай нутаг дэвсгэрт зэсийн боловсруулах үйлдвэр барь” гэдэг шаардлагыг тавьсан. 

Манай улс төрчид ийм л байх ёстой. Тэгэхэд Монгол дотроо зэсийн боловсруулах үйлдвэр барь гээд хэлчихэж чадахгүй нүдээ бүлтэлзүүлээд байдаг. Харин Оюутолгойн зүгээс зөвшөөрөх боломжгүй гэхэд “тэгвэл цахилгаан станцаа барь, бидэнд хувь өг” гэсэн шаардлагыг тавьсан байгаа юм. Энэ бол улс төр. Тиймээс манай улсын зарим улстөрчид тэр Баяннуур сумынхантай очиж уулзаж, суралц гэж хэлмээр байна.

Одоо Оюутолгойд 20 мегаваттын дизель цахилгаан станц ажиллаж байгаа. Дахиад 20 мегаваттыг барих гэж байна. 20 мегаватт гэдэг бол таван аймгийг хангах цахилгаан станц шүү дээ. 

-Оюутолгойн кэмптэй зэрэгцээд Өмнөговь аймагт уурхай бүхэн кэмптэй байна. Гэтэл зарим хүн ингэж байхаар тэнд уурхай дагасан том хот байгуулвал ямар вэ гэдэг саналыг тавиад байгаа. Таны хувьд?

-Би дандаа Оюутолгойг шүүмжлээд байдаг хүн биш. Сайн юм байвал хэлэх ёстой. Оюутолгой гэр кэмп барьж байгаа нь харин байж болох зүйл. Яагаад гэвэл уурхай дагасан хот үнэхээр хэцүү байдалд ордог. Налайхыг хар. Өнөөдөр хүмүүс нүхэнд дарагдаж үхэж байна. Эрдэнэт өнөөдөр уурхайтай сайхан байгаа байж болох ч үүний дараа яах вэ гэдэг төлөвлөгөөг өнөөдөр бид ярьж байх ёстой. Уурхай дагаад хаягдсан хотуудад маш олон хүн хүнд байдалд ордог. Гэхдээ Оюутолгойн хувьд  ганц Ханбогд гэлгүйгээр тойроод байршдаг сумдад анхаарал хандуулаасай гэж л хэлмээр байгаа юм.

2011/09/26

“Эрдэнэс Тавантолгой” нууцлаг байгаа нь эрсдэл

“Монроуд” компанийн ерөнхий захирал Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монголчууд чадна” гэсэн уриатайгаар Тавантолгойн тендерт оролцсон боловч ялагдсан билээ. Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын Ажлын хэсэгт буцаагаад байгаа энэ үед Б.Гарамгайбаатар захирлын байр суурийг сонссон юм.

-Таныг “Монроуд”-ын Гарамгайбаатар гэж мэдэхээс Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Улс төрд хэзээнээс оров?
-Алт эрт ш дээ. Ардчилал бий болсон 1990- ээд оноос л Ардчилсан холбоо, Ардчилсан намын гишүүн болж, үйл ажиллагаанд нь тогтмол оролцсоор ирсэн. ШДХ-ны анхны гишүүдийн нэг гэж байгаа. МҮДН- ын ч анхны гишүүдийн нэг. Намууд нэгдснээс хойш Ардчилсан намын гишүүнчлэлтэй болсон. Ер нь бол намынхаа “арын албанд” зүтгэсээр ирсэн хүмүүсийн нэг л дээ.

-Хэнтий хэр их улс төрждөг аймаг вэ?

-Улс төрждөг гэдэг нь талцдаг гэж ойлговол огт улс төрждөггүй аймаг шүү. Манай Хэнтийчүүд харин үзэл бодлоо их чөлөөтэй илэрхийлдэг. Хэнтийчүүд хамтарсан Засгийн  Газарт анхнаасаа л тааламжгүй байж, хариуцлага хүлээх хүнгүй болно, амлалт сарнина гэдэг шүүмжлэл гаргаж байсан. Манай намын гишүүд ҮЗХ-ндоо өргөх бичиг хүртэл өгч байсан. Тэр үед зөвхөн Хэнтийчүүд л хамтарч засаг барих асуудлыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо бол бараг бүх аймагт л энэ талаар шүүмжлэл өрнөж байх шив. Аймгийн намын даргын хувьд гишүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж санаа бодлыг нь намын удирдах төвшинд уламжилж байсан. Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь одоогоор эрт байна. Он гараад бол ч. . .

-Та сая Ардчилсан намын Монгол хүн 2020 аянаар Хэнтий аймагт ажиллаад ирсэн. Гишүүд намын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна? Та тэр цуглаан дээрээс юуг хамгийн түрүүн юу олж харсан бэ?


-2020 хөтөлбөрийн хүрээнд манай нам нэлээд их арга хэмжээ зохиож ажиллаа. Хамгийн тод анзаарагдсан зүйл бол Таван толгой төслийн талаар иргэд мэдээлэл, ойлголт авахыг маш их хүсэж байгаа байдал. Мөн Ерөнхийлөгчийн архидалтын эсрэг санаачлага их дэмжлэг авч байна. Энэ чиглэлээр Хэнтийд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг мэдэрлээ, за гуравдугаарт ажилгүйдэл! Хэнтий аймаг дэд бүтэцийн хувьд  харьцангуй сайн атлаа ажилгүйдэл ихтэй байна. Ажилгүйдлээ дагасан сөрөг үзэгдлүүд, орлогын хомсдол, гэмт хэрэг, архидалт санаа зовоож байна. Өөрийн гэсэн орлоготой, жижиг бизнесээ болох эрмэлзэл бий болж, эрэлт үүссэн байгаа нь хамгийн их таалагдсан. Энэ бол их чухал зүйл шүү.

-ҮАБЗ-өөс  “Таван толгой” төслийг ашиглах одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэж буцаасан. Ерөнхийлөгч ч хориг тавьсан байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхое.

-ҮАБЗ-ийн шийдвэрийг би хувь хүнийхээ хувьд дэмжиж хүлээж авсан. Таван толгойн орд газар бол олон арван жил монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах ёстой, цаашлаад хойч ирээдүйн маань амьдралд ихээхэн хамаатай орд учраас яаруу дааруу хандаж болохгүй. Оюу толгой шиг байдлаар тохиролцчихвол үргэлжилсэн заваан юм болно. Монголчууд ахиад л хохирно. Миний үзэж байгаагаар уг төсөл дээр ойлгомжгүй, засаж залруулах, нягтлах маш олон асуудал бий. Иргэдэд ногдох хувь хэмжээ, ногдол ашгаа хэрхэн яаж олж авах, хэр батлагаатай байх. Хувьцааг хэн, хаана арилжих үй олон асуулт дагуулсан хирнээ ямар ч хариулт байхгүй, битүү, хатуу байдлаар явагдаад байгаа нь осолтой.

-Тавантолгойг тойрсон асуудал байнга л хэл ам дагуулдаг.  Таны бодлоор яг юу нь болохгүй байна, явал дээрдэх вэ?


-Би одоогоор хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд үндэслэж л дүгнэлтээ хийж байна. Таван толгойн орд газрыг  ашиглах асуудалтай холбогдуулан УИХ-аас гаргасан тогтоол илтэд зөрчигдсөн. Ашигт малтмалын хуулийн зүйл заалттай ч харшлахаар үйлдэл гаргаад байна уу гэж ойлгогдохоор байгаа. Хамгийн гол нь энэ асар том ордыг  ашиглах шийдэл нь буруу байна. Засгийн Газрын ажлын хэсэг тус ордыг баруун, зүүн хоёр хэсэгт хуваасан нь УИХ- ын тогтоолыг зөрчсөн. Зүүн хэсгийг стратегийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахаар тогтсон гэх нь эргэлзээ дагуулсаар байгаа юм. Хуулиараа бол хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн бүх үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, тайлан тэнцэл, зарлага орлого олон нийтэд ил тод байх ёстой. Энэ ард түмэн чинь тэр ордыг эзэмшигчид нь шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний заалт бүрхэг, шийдвэрүүд бүгд нууцлагдмал байгаа нь аюул дагуулж мэдэхээр юм. Иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах  10 хувь (энэ хувь тодорхойгүй болсон), гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр борлогдох 29, нийтдээ 49 хувь нь хуваарилагдсан гээд л байгаа. Үлдэх 51 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилах юм ярьсан. Эндээс Таван толгойн 51 хувь нь монголчуудад, нийт иргэдэд олгогдохгүй, иргэдэд олгогдох битгий хэл Монгол улсын мэдэлд байх эсэх нь эргэлзээтэй болчихсон юм билээ.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлцэл байгуулахдаа хоёр янзаар байгуулж болох хувилбар бий. Нэгдүгээрт, зөвхөн олборлогчийг сонгон шалгаруулах, хоёрдугаарт олборлох болон борлуулах эрхийг нь стратегийн хөрөнгө оруулагч нарт олгоод, түүнээс татварын ашиг, роялтын татвараас гадна борлуулсан ашгаас хувь хүртэх гэрээ байгуулж болохоор байгаа. Гэтэл ТӨХ-ний дарга Д.Сугарын сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд стратегийн хөрөнгө оруулагч нарт өгсөн 51 хувийн борлуулалтаас монгол улс ашиг хүртэх хувилбар огт харагдаагүй. Энэ нь нийт иргэдэд оногдох хувьцааны хувь хэмжээнд нөлөөлөөд байх шиг санагдаж байгаа юм.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” н өөрийнх нь ашиглах 49 хувь нь яаж зах зээл дээр арилжаалагдах, нэрлэсэн үнэ хэд байх гэх мэт бусад бүх асуудал нь ил тод биш, нэг л нууцлаг байгаад байна. Нэрлэсэн үнэ хэд байхаас иргэдийн гар дээр ирэх 536 хувьцааны анхны хэмжээ, үнэлгээ тодорхой болох учиртай. Хэрвээ тэр үнэ 10 төгрөг байх юм бол яах юм?

-“Таван толгой” төслийн ажлын хэсгийн ахлагч нь танай намын дарга байх аа?. 

-Саяхан Ардчилсан намын аймгийн дарга нарын цугларалт болж бид асуудлаа ярилцлсан. Энэ үеэр намын дарга Н.Алтанхуягаас асуусан л даа. ҮАБЗ хэлэлцээд, засч залруулах олон асуудал байгаа юм байна гэж үзээд, Ерөнхийлөгч өөрийн биеэр хориг тавиад олон нийтэд зарлачихлаа, ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж үзэж байгааг асуусан.  Тэгэхэд Н.Алтанхуяг дарга алдаатай асуудлууд байгааг зөвшөөрч, засахаар ажиллаж байгаа гэж байна лээ. Таван толгойг ашиглах гэрээг бүр зогсоочхож болохгүй. Хийх ёстой. Монголын ард түмэн хохироод үлдэхгүй байх хувилбараар л хийгдэх ёстой

-“Монголын авто замын нэгдэл” Таван толгойн тендерт оролцохоо мэдэгдэж байсан. Юу болсон бэ?


-Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендерт 15 компани оролцсон гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тэдний дунд Монголын авто замын нэгдэл  консерциум байсан. Бид тендерт шалгараагүй ч гэсэн ийм том бүтээн байгуулалтын ажилд Монголчууд орж ажиллаж чадна, тийм боломж, чадвар, нөөц байгааг мэдрүүлсэн гэж бодож байна.

-Иргэд энэ талаар мэдээлэлгүй байгаа, мэдээлэл авах боломж ч хомс байх шиг байна. Ер нь уул уурхайн баялагийг эргэлтэнд оруулахад мэдээлэл хомс, нууцлаг байх нь маш том аюул дагуулдаг л даа. Энэ тал дээр танай нам, таны зүгээс тодорхой зүйл хийх төлөвлөгөө бий юу?

-Иргэдэд “хувьцаагаа аваад л мөнгөтэй болчихно” гэсэн түгээмэл төөрөгдөл их байна. Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэггүй байх үед тараагдсан цэнхэр, ягаан тасалбарын гажуудал өнөөг хэр нь залруулагдаагүй. Тухайн үед хувьцаагаар ашиг олох талаар тоймтой мэдээлэлтэй хүн тун цөөхөн байсан. Тэгээд цөөн хэсэг нь ашиг олоод олонхи нь юу ч үгүй хоцорсон.  Таван толгойн хувьцааны хувьд хувьцаа эзэмшигч ганц нэг хүн юу ч болохгүй. Гэр бүлээрээ, ах дүүгээрээ, хамт олноороо нутаг нугаараа нийлж, сан байгуулах, төвлөрөл, хуримтлал үүсгэж байж, хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх зарчмаар явбал илүү үр дүнтэй байх болов уу.  Энэ тал дээр төрийн зүгээс системтэй сургалт явуулах ойлголт дээшлүүлэх ажил хийх ёстой. Таван толгойн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах 29 хувийг гадаадынхан хамаад авчих эрсдэл харагдаад байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдана гэсэн мэдээлэл сониноос олж харсан. Тэгэхээр монголд бүртгэлтэй гадаадын маш олон компани байгаа ш дээ. Тиймээс л нягтлах, эргэж харах асуудал их байна гэж яриад байгаа маань  энэ. Хэдийгээр би энэ асуудлыг хариуцсан хүн биш  ч гэсэн иргэн хүнийхээ хувьд бодож санаж яваагаа хэлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

-Ордын тодорхой хэсгийг арилжаалахад үйл ажиллагаа явуулах үндсэн зардал бүрэн босно гээд байгаа нь хэр бодитой вэ.

-“Таван толгой” бол дэндүү том орд. Дэлхийд эхний гуравт л гэж ярина. Ашиглахад мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Миний бодлоор бусад бүх асуудлыг түр хойш тавиад эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гээд байгаа чинь ердөө л энэ ш дээ. Замаа тавиад, цахилгаан шугам сүлжээ, ажилчдын байх орон сууцыг шийдвэрлэчихээд ухаж эхлэх ёстой. Шууд л ухаад зөөгөөд унахаар байгаль орчин яаж сүйдэж байгааг бүгд харж байна. Хөшөөтийн уурхайг ашиглах гэж байгаа тал эхлээд замаа тавьж байна. Энэ бол зөв жишиг. Би зориуд тодотгож хэлмээр байна. Нэн тэргүүнд яавал байгальд хор хохиролгүй байх вэ гэдгийг л бодолцох ёстой. Дахин нөхөгдөшгүй зүйлдээ хайр гамтай хандахгүй бол хичнээн алт, нүүрс байгаад орлож чадахгүй шүү дээ.

-Ардчилсан намын гишүүдийн дунд нөлөө бүхий бизнес эрхлэгчид олон байдаг. Нийтлэг жишиг гэж хэлж болохоор болсон нэг зүйл бол намын үйл ажиллагааг дэмжсэний хариуд албан тушаал горилох, янз бүрийн байдлаар наймаалцах явдал их байдаг л даа. Таныг замын салбарын томоохон компани удирддагийн хувьд энэ асуултыг тавьж байна.
-Ардчилал бий болох үед би оюутан байсан. Намаас албан тушаал горилоод, наймаалцаад байсан явдал надад байхгүй. 1996 онд АХЭ-ийн засгийн газрын сүүлийн жилд нь Авто замын газрын орлогч даргаар томилогдож ажилласан. Удалгүй 2000 онд МАХН- төр барьж намын харъяаллаар хоморголон халах үед хувийн салбарт эргэж орсон. Тэр үеэс хойш замын бизнес эрхлэж байна. Зам бол хүнд салбар. Хамгийн их өртөг зардалтай салбар гэдгээрээ хэл ам гарах асуудал ч их байдаг л даа.

-Анод банкаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл гарч байсан. Анод банкийг санхүүгийн хүндрэлд оруулсан буруутны нэг  гэж байсан. . .

-Хэвлэлээр ташаа мэдээлэл их цацагдах юм. Нягталж, тодруулаагүй, ажлаа хялбарчилсан сурвалжлагчийн алдаанаас бусдад буруу ойлголт түгэх явдал гарсаар байгаа нь харамсалтай. Товчхондоо бол манай комдани банкнаас зээл авч, улсын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн нь үнэн. Зах зээлийн нийгмийн ердийн л механизм. Зах тэгээд зээл гэж байгаа биз. Эрүүл санхүүгийн орчинд зээл бол байх л ёстой зүйл. Яагаад энэ асуудлыг буруутгаж ярьдаг гэхээр Монгол улс дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үүднээс эргэн төлөгдөх нөхцлөөр хэд хэдэн тендер зарласан. Эргэн төлөгдөх нөхцөл гэдэг бол компани бүх эрсдлээ даагаад, мөнгөө олно, ажлаа хийнэ. Тодорхой хугацааны дараа улсаас мөнгөө эргүүлэн авна. Ийм л гэрээ шүү дээ. Хоёр том гэрээг бид хэрэгжүүлсэн. Ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр олохын тулд арилжааны банкуудтай гэрээ хийсэн. Яг тэр үед Анод банкны асуудал гарч, намайг Анод банкны ТУЗ-ын гишүүн мэтээр ташаа мэдээлэл цацагдаж эхлэсэн. Би бол олон зээлдэгчийн л нэг. Улсын бүтээн байгуулалтын ажил учраас төлбөр мөнгө нь графикаар хийгддэг. Улсын мөнгө орж ирэхэд Анодын зээл төлөгдчихсөн. Гэтэл сонинууд шуугиулж хаячихаад, төлсөн тухай нь мэдээлдэггүй ээ. Бид одоо Анод банктай ямар ч тооцоо байхгүй. Гарч байгаа мэдээллийг харж байхад шар сонинд гарсан анхны мэдээллийг бага зэрэг өөрчлөөд л тавиад байдаг юм байна лээ. 

Мандал боомтоор нүүрс гаргаж эхэллээ

ӨМӨЗО-ы Бугат хотын Мандал боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг импортолж эхэлсэн тухай урд хөршийн “Синхуа” агентлаг мэдээлжээ. Тус боомтоор нүүрс гаргасан эхний өдөр 15 хүнд даацын машинаар нийт 797 тонн нүүрс импортолсон байна. “Мандал” боомтод байрлах Бугат хотын “Фуван” уул уурхайн компани хөрөнгө оруулалт хийн боомтод нүүрс тээвэрлэх зориулалтын зам, буулгах талбай, гааль, мэргэжлийн хяналтын объектыг цогцоор нь байгуулжээ. Тус улсын албаны хүмүүс оны эцэс гэхэд энэ боомтоор 10 мянга гаруй тонн нүүрс импортолох тооцоо гаргасан байна. “Монгол Улсаас экспортлох нүүрсийг тус боомт дээр хүлээн авснаар ард иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулахад өндөр ач холбогдолтой бөгөөд цаашид боомтын үйл ажиллагааг тогтмолжуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” Синхуа агенлагийн мэдээлэлд дурьджээ.

2011/09/23

Үйлдвэрчний эвлэл Тавантолгойн гэрээнд санал өгнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг ил тод явуулахыг шаардлаа.

Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын “Шинхуа” групп 40 хувь, Орос-Монголын консорциум 36 хувь, АНУ-ын “Пийбоди энержи” компани 24 хувийн оролцоотой эзэмшүүлэх тухай мэдээлэл ил тод бус байгааг шүүмжилсэн. Мөн хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөллийн байгууллага болон эрдэмтэн шинжээчдийн санал дүгнэлтийг тусгахгүй байгаа талаар шүүмжилсэн.

Уг нь Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 1.3-т “Монгол Улсын хэмжээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой Тавантолгойн хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангаж ажиллана” гэсэн заалттай байдаг юм байна. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэн дээрх дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн гэрээг байгуулах явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг оролцуулахыг ийнхүү шаардлаа.

Засгийн газар дээрх заалтыг биелүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугнаар зүйлийн 115.1, 115,2-т заасны дагуу Үйлдвэрчний эвлэл Хамтын маргаан үүсгэж байгаагаа энэ үеэр дуулгасан. Түүнчлэн “Оюутолгой”-н гэрээг байгуулахад хэн зөвлөхөөр ажиллаж, одоогийн Тавантолгойн гэрээний төсөл дээр хэн хэн зөвлөхөөр ажиллаж байгааг ил тод болгохыг хүссэн. Учир нь “Муур багш”-ийн үлгэр шиг буруу хүнээс зөвлөгөө авсан байх вий гэж үйлдвэрчний эвлэлийнхэн болгоомжилж байгаа ажээ.

Юутай ч тэд өөрсдөө 23 зүйл заалт бүхий гэрээний санал боловсруулсан байгаа гэнэ. Үүнд ажлын байрны тоо болон монгол ажилчдын цалин хөлсний хэмжээг тусгасан байхыг оруулсан байна. энэ тухай тусгайлсан заалт оруулах болсон нь учиртай аж. “Оюутолгой”-н монгол ажилчдын жилийн цалин 13 сая төгрөг байхад гадаад ажилчдынх 145 төгрөг байдаг гэнэ. Мөн “Бороо гоулд”, Эрдэнэт үйлдвэрийн монгол, гадаад ажилчдын цалин маш хол зөрүүтэй байдаг учраас энэ зөрүүг Тавантолгой төсөл дээр давтахгүй байх үүднээс ийм заалтыг оруулахыг тэд хүсчээ. Мөн Тавантолгойн гэрээний төсөлд хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах эрх олгохоос биш хувь эзэмших эрх олгохгүй байх саналыг тэд мөн гаргажээ.

Оросууд Тавантолгойн төсөлд итгэл алдарчээ


Тавантолгойн төсөлд орол­цох гадаад хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын дараа орол­цоо­ны хувь хэмжээгээ тогтоолгож авсан гэх олон улсын хөрөнгө оруулагчдын гурван  төлөөлөл Монголын ҮАБЗ-өөс энэ хувь хэмжээг өөрчлөх шийдвэр гар­гас­ны дараа өөрсдийн орол­цооны ирээдүйд итгэл алдарч эхэлсэн гэх мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн байна. Ялангуяа Оросын “РЖД” компаниар удирдуулсан Япон, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн орны төлөөлөл бүхий консорциум Тавантолгойн төс­лийн 36 хувийг эзэмшин олбор­лолт явуулахаар зэхэж бай­сан нь ийнхүү дахин хувь хуваах байдалд шилжсэнээр эрсдэлтэй байдалд орлоо хэмээн Оросын хэвлэлийнхэн шуугиж эхэлжээ. 

Өчигдрөөс эхлэн Оросын сайтуудад тавигдсан Тавантолгойн төс­лийн талаарх мэдээл­лүүдийг дор орчуулан хүргэж байна.      

Дэлхийн хамгийн том нүүрс­ний ордуудын нэгэн болох Тавантолгойн ордод олборлолт явуулах тендерээс шалгараад байсан Оросын төмөр зам компани /РЖД/ болон түүгээр тол­гой­­луул­сан олон улсын консорциум уг ордыг ашиг­лах төслийн 36 ху­вийг эзэмшихээр болоод байсан юм. ОХУ энэ эрхийг авахын төлөө өнгөрсөн таван жил  хугацаанд багагүй хичээж, байнга өрсөлдсөөр ирсэн билээ. Өнгөрсөн долдугаар сард гаргасан бүрэн бус албан мэдээгээр “РЖД” компанийн тэргүүлсэн олон улсын консор­циум Тавантолгойн төслийн 36 хувийг, харин Хятадын Шиньхуа Энержи 40 хувийг, Америкийн Пибоди Энержи 24 хувийг эзэмшихээр тохирсон тухай мэдээлж байсан юм.

Гэтэл өчигдрөөс /энэ мэ­дээ­­­лэл есдүгээр сарын 20-д гарсан.ред/ Монголын төрийн удирдлагууд энэ хувь хэмжээг өөрчлөхөөр болсон нь тодорхой болжээ. Тэгэхдээ хувь эзэмших талуудад одоо хэр нь оноогдож байгаа хувь хэмжээг нь эргэн харах болсон тухайгаа илт­гэ­сэн албан мэдэгдлийг өгөө­гүй байгаа аж. Нөгөө талаар өөрсдөд нь оногдох хувийг нь тодорхойлсон анхны шийд­вэ­рийг баталгаажуулсан албан мэдэгдлийг ч бас тэдгээр компа­ниуд аваагүй  байгаа гэнэ. Энэ бүхнээс үзвэл гадаадын компаниудад оноосон хувь хэмжээний талаар Монголын тал ямар ч шийдвэр гаргаагүй болж таарч байгаа юм.

2009 оноос Оросын “РЖД” компани Тавантолгойн төлөө өрсөлдөөнд орж эхэлсэн бөгөөд тухайн үедээ энэхүү монополь компани Монголын талтай Тавантолгой болон алт-зэсний томоохон орд Оюутолгойд ол­бор­лолт явуулах сонирхлоо   хамтын ажиллагааны гэрээндээ оруу­лахаар тохирсон байжээ.Тэгэхдээ энэ хэлэлцээний дагуу Оросын төмөр зам ком­пани Монголд шинэ тө­мөр замыг барихаар аль эрт тохиролцчихсон байсан бо­лол­­­той. Гэхдээ хоёр тал харилцан тохирч гар барьсан ч, үү­нийгээ цаасан дээр буулгаж, батал­гаа­жуу­лаагүй юм байна.

Харин энэ тохиролцоо ажил хэрэг болох явц дунд Монголын Ерөнхийлөгч солигдсон бөгөөд Монголын тал ч энэ асуудлыг өөрий­­нхөөрөө буюу анх хэлэлцэж тохирсноосоо өөрөөр тайлбарлах болсон юм. Монголын Засгийн газар Оюутолгойн ордыг  “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ын нэгдэлд зарсан бол дараагаар нь Тавантолгойг бүх сонирхогчдод санал болгож эхэлсэн билээ.Тавантолгойг зарах асуудал амар хялбар байсангүй. Эхлээд түүнийг хоёр хувааж 51 хувийг нь Монголд үлдээж үлд­сэн 49 хувийг нь олон улсын томоохон уул уурхайн концернүүд оролцсон шалгаруулалтаар зарахыг оролдсон юм. Гэвч дараа нь энэ шал­гаруулалтын дүнг цуцалсан байна. Харин Тавантолгойг зарах сүү­лийн хувилбарыг 2010 онд УИХ-аар баталсан юм. Үүгээр бол Тавантолгойн 30 хувийг олон улсын биржээр арилжаалах, харин Монгол Улс өөртөө 50 хувийг үлдээн, 10 хувийг нь ард иргэддээ, 10 хувийг дотоодын компаниудад нэрлэсэн үнээр нь зарахаар төлөвлөсөн.


Энэ хувилбараар гадаадын хөрөнгө оруулагчдад оногдох хувийн төлөө Оросын “РЖД” компани олон улсын консорциум толгойлж оролцсон бөгөөд энэ шалгаруулалтад өмнө нь өрсөлдөж байсан нөгөө л томоохон өрсөлдөгчид бас оролцжээ. Харин шалгаруулалтын ялагчаар нэг биш харин гурван ч өрсөлдөгчийг тодруулах өвөрмөц шийдлийг мон­гол­чууд гаргасан байна. Тэгээд тэдгээр ялагчдад төсөлд оногдох Тавантолгойн хувийг  тухай бүрд нь харилцан адилгүй хэмжээтэйгээр оноож өгсөн аж. Гэтэл одоо дахиад л хувааж хувиа тогтохоор болж байгаа юм байна. Энэ хуваарилалтын талаар Оросын төмөр зам компанийн захирал Н.Якунин ярихдаа, “Монгол Улс энэ том ачааг хун, хавч, цурхай гурвын үлгэр шиг яаж авч явах гэж байгааг нь сайн ойлгохгүй л байгаа” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Бид Тавантолгойгоос толгой эргэмээр их ашиг хайгаагүй, харин УБТЗ-ийн хувийг  эзэмшигч удирдлага болох Оросын Засгийн газрын нэрийн өмнөөс даалгаврыг нь гүйцэтгэж байгаа юм” гэсэн байна.

Тавантолгойн өрсөлдөөнд орол­цохыг сонирхсон ч эцэстээ Монголд ажил хэрэг явуулахаас татгалзаж байгаа миний таних нүүрсний компаниудын төлөөлөл хэлэхдээ энэ түүх дуусах яагаа ч үгүй гэж байгаа юм. Урьд өмнө нь Монгол Улс хоёр хөрш болох Хятад Орос хоёрыг л хардаг байсан бол одоо энэ улсын барим­жаа авах тогтолцоо илүү ярвигтай болсон бөгөөд гуравдахь цэг нь АНУ болсон байна. Хэлэлцэж тохирох боломж бараг л байхгүй гэсэн үг.

Тавантолгойн асуудал яригдаж эхлэх үеэр Оросын “РЖД” компани ялалтдаа бүрэн итгэлтэй байсан аж. Энэхүү итгэлтэй байдал нэлээд хугацаанд үргэлжилсэн байна. Одоо харин ийм итгэл бараг л алга болж байх шиг байна хэмээн хойд хөршийн хэвлэлүүд сенсаацилж байна. Ийнхүү Тавантолгойн төс­лийг тойрсон шуугиан хөрөнгө оруу­лагчдад таалагдахгүй байж мэдэх бөгөөд Монголын Засгийн газар ирэх оноос эзэмшиж  байгаа Тавантолгойн 50 хувиа хөрөнгийн бирж дээр хувьцаа болгон зарахад нь ч сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна.

Улстөрчид Оюутолгой, Тавантолгойгоор үлгэр зохиожээ


Улстөрчид Оюутолгой, Тавантолгойгоор үлгэр зохиожээ
Монгол ардын үлгэр. Ерөнхий зохиомж нь хонины сүүл тасарч сүүлэн хүү болоод айхтар мундаг мэргэн цэцэн нэгэн болж буй тухай. 

Мэдээж үлгэрийн утга санаа үүгээр дуусахгүй. Арван таван толгойтой атгаалжин хар мангас, шатарчин хүү, цуутын цагаагч гүү гэх мэтээр цааш үргэлжилнэ. 

Харин сүүлийн үед манай улстөрчид мөнөөх үлгэрийн ерөнхий агуулгыг эрс өөрчилж, реформ хийж байгаа гэхэд болно. Тэр үлгэрийг нь зөвхөн багачууд бус бүхий л насны Монгол Улсын иргэд сонсдогоороо онцлог.  “Үлгэр ингэж сайхан эхлэв…Үлгэр тэгж сайхнаас сайхан төгсөв” гэх маягтай. Түүнд нь итгэхгүй байхын аргагүй. Цаг үргэлж зурагтаар ард олныг гүн нойронд автахаас өмнө тархи толгойг нь сэнхэртэл ярьдаг болохоор олонх нь итгэчихсэн. 

Итгэх, итгэхдээ “Би чинь баян Монгол Улсын иргэн хүн. Тун удахгүй улс баян болно. Тэгэхээр бид баян болно. Тэр үед би улам баян болно” хэмээн хөөрцөглөдөг болчихсон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд эгэл жирийн иргэд ч адилхан. “Сэтгэл баян бол ходоод цатгалан” ч гэмээр юм шиг.

Нэг тийм сонин хэгжүүн зөгнөлтэй хүмүүс. Тэгвэл дээрх үлгэрийн гол сэдэв болох Тавантолгой, Оюутолгой хоёрын ирээдүйг улстөрчид хэрхэн зурж байна вэ. Бүхэл бүтэн дөрвөн жилийн турш мэтгэлцэхдээ тэд арай зөвхөн “Энэ хоёр ордын тухай үлгэрийг хэн сайхан зохиох вэ” гэсэн уралдаанд түрүүлэхийг л чухалчилж ирсэн юм биш биз. Энэ дунд нөгөө дүрэм журам, үнэ цэнэ гэдэг чухлаас чухал бүхэн нь чухам ямархан түвшинд үнэлэгдэж байгаа бол оо. 

Сонирхолтой л асуултууд. Эндээс сэтгэл цатгаж, ходоод өлсгөсөн улстөрчдийн үлгэрийн ерөнхий агуулга руу орцгооё.

Үлгэр ёсоор бол Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол Улс 2040 он гэхэд эндээс 31-32 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олох тооцоо бий. Мөн манай улсын эдийн засаг арван жил тутамд 10 хувиар өсч, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн эхний шат буюу 30 жилийн дараа гэхэд эдийн засгийн өсөлтөө 30 хувьд хүргэх нигууртай. Энэхүү ирээдүйн үр дүнг үл тоомсорлолоо гэхэд 2013 оны зургаадугаар сараас эхлэн Оюутолгойгоос анхны бүтээгдэхүүнийг олборлож, бид “Оюутолгойг экспортлогч” улс болох юм.  

Энд мэдээлсэн бүхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын амин сүнс нь. Мэдээж үүний төлөө төмөр зам, эрчим хүч, зам, барилга байгууламж барих нь тодорхой. Гагцхүү орлого талаас нь асуудлыг харахад дээрх мэдээлэл та бидний ирээдүйг ерөнхийд нь тодорхойлох юм. Гэвч өнөөдөр сэдэв бүтэж буй бүтээн байгуулалтын тухай бус харин УИХ хийгээд Засгийн газрын зөрчилдөөн рүү эргэж, хургах нь тэр. 

Уг маргааны гол сэдэв нь мэдээж УИХ-ын 57 дугаар тогтоол. Өнгөрсөн оны долоодугаар сарын 16-ны өдөр УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын гол агуулга нь “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэх өгүүлбэр. УИХ-ын гишүүд “Энэ тогтоолын биелэлтийн талаар хангалттай хариулт авч чадахгүй байна” хэмээн үзсэн учраас өдгөө Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. 

Үүнээс үүдэн Оюутолгойн нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр болчихоод байна. Энэ тохиолдолд нөгөө сайхан төгсгөлтэй үлгэрийн тухай санаж, санаашрахад тун хэцүү. Хамгийн сонирхолтой нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ийн асуудал бужигнаж байх зуур Тавантолгойд барих төрийн бодлого ч тодорхой бус болов. Монгол Улсын эдийн засгийг урагш нь огцом түлхэх хүчтэй гээд байсан хоёр толгой ийнхүү маргаан мэтгэлцээний бай болчихоод байна. Нэг ёсны цаашид бүх маргаан Оюутолгойг онилсон УИХ-ын 57 дугаар тогтоол болон Тавантолгойг хэрхэн ашиглах вэ гэдгийг чиглүүлсэн УИХ-ын 39 дүгээр тогтоолыг тойрч өрнөнө гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өөрийн нөлөөг алдах хүсэлгүй гэдгээ энэ сард илэрхийлсэн.

Тэрбээр АНУ руу явахаасаа өмнө Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин хийх болсныг олон нийтэд зарлаж, Засгийн газарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-ын 39 дүгээр тогтоолыг дагаж мөрдөх үүрэг өгсөн байгаа. Засгийн газар зөвхөн баруун Цанхид ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо төдийгүй ерөөсөө Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах бодлогыг зангидахдаа дээрх зөвлөмж, тогтоол хоёрын алийг нь ч чиглэл болгоогүйд асуудал бий гэдэг. 

Тухайлбал, уг тогтоолын 1.2-т “Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараах арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу үе шаттай хэрэгжүүлэх” хэмээж. Тэрхүү дараах арга хэмжээ гэдэгт нь “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх. Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах. Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэсэн гол заалтууд бий.

Гэтэл Тавантолгойн баруун Цанхид ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах шалгаруулалт хийгээд Засгийн газрын барих ёстой ерөнхий бодлого нь дээрх тогтоолыг зөрчсөн. Наад зах нь, Тавантолгойн арван хувийг бус зөвхөн баруун Цанхийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараахаа Засгийн газар мэдэгдсэн. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 50 хувийг иргэн, үндэсний аж ахуйн нэгжид эзэмшүүлэх тухайд бүр ч хийсэн ажил байхгүй. 

Зөвхөн 20 хувь гэсэн бэлгэдлийн тоо л явж буй. Энэ тохиолдолд Тавантолгойгоос ихээхэн хэмжээний ашиг хүртэх мөрөөдөлтэй монголчуудын мөрөөдөл талаар болох нь гарцаагүй. Засгийн газар хийгээд эрх баригчдын хувьд ч энэ тухай ярьсан үлгэр нь зүгээр л аман зохиолын нэг хэлбэр төдийхнөөр түүхнээ үлдэж ч мэднэ. Оюутолгой болон Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах их зорилгын цаадах адилтгаж болох алдаа нь энэ. “УИХ тогтоол гаргадаг. Тэр тогтоол нь хэрэгждэггүй” гэсэн богинохон хэрнээ институт хоорондын зөрчлийг хурцатгаж мэдэх энэ өгүүлбэр эцсийн дүндээ Монголчууд ялагч бус ялагдагч болохыг дохиолох шиг.

Тэр үед улстөрчид нөгөө л үлгэрээ ярина. “Оюутолгой, Тавантолгой хоёр ингээд дууслаа. Одоо цаана нь 14 стратегийн орд байна шүү дээ. Тэр ордууд дээр л алдаагаа давтахгүй бол та нар ч тэр, бид ч тэр баяжина” гээд л… Эцсийн дүндээ энэ бүхэн нь УИХ-ын сонгууль бол ердөө л “Хэн нь сайн үлгэр зохиох вэ” гэдэг уралдаан төдийхнөөр үнэлэгдэх тэр цаг ойртож буйг илэрхийлж байж мэдэх юм.

Тавантолгой, Оюутолгойгоор хамтарсан Засгийн газрын сайдууд болон УИХ-ын гишүүд өөр хоорондоо хангалттай сайхан үлгэр зохиож уралдсан. Харамсалтай нь үлгэрт үнэн байдаггүй гэдгийг ард түмэн хэзээ ойлгох нь тодорхойгүйд л энэ бүх хэтрүүлэг, хийсвэрлэлийн эх үндэс оршиж буй биз ээ.

Тавантолгойг тарамдуулах захиалгыг Засгийн газарт хэн өгөв?


Тавантолгойг тарамдуулах захиалгыг Засгийн газарт хэн өгөв?
Монгол дэлхийд данстай ашигт малтмал, бас нууцтай улс. 

Төр, засгийн шийдвэрүүдийг, яриа хэлэлцээг, үйл явцыг иргэд мэдэж болохгүй. Энэ бол манай орны гадаадад ялгарах олон онцлогийн нэг. Иймдээ ч таг чиг явсан Засгийн газар маань Тавантолгойгоо тарамдуулчихаад байна. "Алаагүй баавгайн арьсыг хуваах"-ын үлгэрээр АНУ, Хятад, Орос тэргүүтнүүд өмнийн говиос хишиг хүртэх урт дараалалд хүлээстэй байна. 

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ төслийг буцааснаар хувь, эзэмшил нь зэрэглээ болох вий гэж эмээх нь элбэгшив. Ингэхэд, Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Эх орны хишиг гэж хэт сүржигнэснээс өөр зүйл тэдний гэрийн даалгавраас харагдахгүй байна. 

Үндэсний эрх ашиг хэмээх зүйлийг бүр уландаа гишгэсэн хэмээн тэднийг доктор С.Авирмэд шүүмжилдэг. Эдийн засагч, эрдэмтэдтэйгээ нуугдаж тоглож өнгөрөөсөн хугацаа энэ бүхнийг батлаад байна. "Засгийн газарт арай гэж дунд дүн тавилаа" гэж МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлж байлаа. 

Харин ард түмэн тэдэнд муу дүн тавьж байна. Бизнесийн орчныг шинэчилнэ, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ, хүн бүр хангалуун амьдарна, уул уурхайгаараа дэлхийн эдийн засгийг тэргүүлнэ гээд л өнөөх амлалтууд хэрэгжилтээ нэхсээр байгаа. Үүний хамгийн бодит шалтгаан бол Тавантолгойг иргэдэд хаалттай сэдэв болгож, судлаачдын саналыг хөсөр чулуудаж, хэнтэй ч ярилгүй дур мэдэж өчнөөн хувь тараасан.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн Монгол талын оролцоог 51-ээс доошгүй хувьд тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварыг урьдчилан авахаар тохиролцохыг зааж өгсөн. Шинээр барих авто зам, эрчим хүч, төмөр зам, усан хангамж, үндэсний боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө гээд тулгын чулууг нь хэрхэн өрөхийг хэнд ч ойлгогдохоор тусгасан байна. 

Гэтэл Засгийн газрын гаргасан төсөлд энэ бүхэн эсрэгээрээ байна. Гэрээ байгуулахдаа гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэхээс гадна гэрээний төслийг боловсруулахад олон улсын нэр бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах талаар заасан. УИХ-ын 40 дүгээр тогтоол гарснаас нэг жил таван сарын дараа буюу 2010 оны тавдугаар сард Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Хөрөнгө оруулалтын гэрээ, оператор компанитай нүүрс олборлох гэрээ, эдгээрийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн төслүүдийг оруулж ирсэн. 

Гэсэн ч хоёр Засгийн газар дамжиж боловсруулсан бичиг баримт гэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал болоод УИХ-ын 40 дүгээр тогтоолыг зөрчсөн байлаа. Ийнхүү бүдэрсэн Засгийн газар төслөө дахин боловсруулан өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд УИХ-аар хэлэлцүүлээд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолд Тавантолгойн нүүрсний ордод ашиглалт явуулах "Эрдэнэс МГЛ"-ийн охин компани "Эрдэнэс Тавантолгой"-г байгуулж, ордын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, том хөрөнгө оруулах компанийг сонгох гэрээний төсөл, түүнийг сонгох тендерийн баримт бичгийн төсөл, сонгогдсон компанитай байгуулах гэрээний нөхцлийн талаар маш тод тусгаж өгсөн. 

Гэтэл тэд дахиад л бүдэрчихлээ. Яагаад гээч. Үүнээс тэс ондоо гэрээ хийхээр дайрч, Тавантолгойг хэд хэд хувааж, эцэст нь Монголчууд юутай үлдэх нь ойлгомжгүй болсон хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ сарын 9-ний шийдвэрээр Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээг дахин хийх болж байна. 

Өнгөрсөн сард "Чайна дэйли" сонинд "Японы "Kyodo News" агентлагийн мэдээлснээр Монголын ард түмний дотоодын бодол санаа, дарамт шахалтын улмаас Хятадын "Шенхуа" группт Тавантолгойн томоохон хувийг олгосон ч дэмжлэг хараахан алга" хэмээн нийтэлж байлаа. Энэхүү нийтлэлд "Олон нийтийн санаа бодол" хэмээн тэмдэглэснийг зарим эх сурвалж "Оросууд өөрт ногдсон хувь хэмжээ, шатахууны нийлүүлэлтдээ сэтгэл хангалуун бус байгаагаас болсон" хэмээн тайлбарлажээ. 

"Монгол Улсад Оросоос ирэх түлшний нийлүүлэлт ихээхэн чухал бөгөөд Кремльд ч энэ нь хөшүүрэг болсоор ирсэн юм" гэж "Looking Alpha" сайтад бичжээ. Харин "Ройтерс"-ийн мэдээлэлд "Монгол Улс Тавантолгойд өрсөлдөж буй олон компаниас зөвхөн Хятадын "Шенхуа", АНУ-ын "Пийбодий" болон Оросын Төмөр зам" зэрэг консорциумд хариу өгсөн хэмээж. Ийнхүү дэлхий хүртэл биднийг ойлгохоо больчихлоо. Үндэсний эрх ашгаасаа татгалзаж, Тавантолгойг тарамдуулах захиалгыг чухам хэн Засгийн газарт өгөв.

Элчин сайд Такүо Кидокоро: Дараагийн элчин сайдад Тавантолгойд онцгой анхаарахыг захинаPost title


Элчин сайд Такүо Кидокоро: Дараагийн элчин сайдад Тавантолгойд онцгой анхаарахыг захина
Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Такүо Кидокорогийн албан томилолтын хугацаа дуусаад удахгүй нутаг буцах гэж байна. 

Ноён Элчин сайдын хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон хүртээсэн юм. Элчин сайд Такүо Кидокоротой ярилцлаа.

-Юуны өмнө Монголын төрийн дээд одон медаль "Алтан гадас" одон хүртсэнд баяр хүргэе. Та Монгол Улсад ямар хугацаанд ажиллаад буцах гэж байна вэ?
-Баярлалаа. Монголын төр, засаг намайг өндрөөр үнэлсэнд талархаж байна. Би 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Элчин сайдаар томилогдож ирсэн. Хоёр жил, долоон cap Монгол Улсад Элчин сайдаар ажиллалаа. Гэхдээ үүнээс өмнө би 1973 онд анх Монголд ирж байсан. Түүнээс хойш олон удаа ирж байлаа. Нийтдээ Монголд найман жил ажилласан байна.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал болсон. Тэдгээрээс чухам алийг нь та онцлох вэ?
-Маш олон зүйл бий. Ялангуяа манай хоёр орны харилцааг маш ойр дотно байгааг мэдрүүлсэн зүйл бол гуравдугаар сарын 11-ний өдөр Япон улсад болсон байгалийн гамшиг байсан. Улс оронд маань байгалийн гамшиг тохиолдоход Монголын ард түмэн, төр засгаас чин сэтгэлээсээ хандаж, шуурхай тусламж үзүүлсэн. Тиймээс ч би гуравдугаар сарын 12-ны өдөр буюу гамшиг болсны маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн.

Энэ бол хоёр орны харилцааг ойр дотно гүнзгийрсний гэрч болсон гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч санал нэг байсан. Зөвхөн Монголын төр, засаг төдийгүй жирийн ард иргэд, миний огт танихгүй хүмүүс ч чин сэтгэлээсээ хандаж байсан.

Монголчууд нэг сая долларын мөнгөн тусламж, яаралтай аврах баг явуулж тусласан. Үүнээс гадна япончуудын хувьд төсөөлөхийн аргагүй тусламж бол гамшигт нэрвэгдсэн газрын оршин суугчдаас Монгол Улсад урьж авчирсан. Дөрвөн удаагийн ээлжээр нийтдээ 32 хүн Монголд ирсэн.

-Япон бол Монгол Улсын хамгийн сайн түнш, Монголын хамгийн том донор улс. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбарт танай улсын буцалтгүй тусламж их хэрэгжсэн. Тэдгээрээс тоймлоод дүгнэхэд ямар дүн гарах бол?
-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжууд 1990 оноос Монголд хэрэгжиж байгаа. 1997 онд намайг Монголд ирэхэд дунд сургуулиудын ачаалал ихтэй, зарим cypгууль гурван ээлжээр хичээллэж байсан. Тиймээс Япон улс Монголд боловсролын салбарт, тэр дундаа дунд сургуулийн байрыг шинээр барих, засварлахад туслах ёстой юм байна гэж тусламжаа эхлүүлсэн. Бага сургуулийг засварлах төсөл 1999 оноос хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 55 сургуулийг засварлах болон шинээр барьсан байна. Мөн төмөр зам, дөрөвдүгээр цахилгаан станц, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол соёл гээд олон салбарт хамтын ажиллагаатай.

1973 онд анх Японы Элчин сайдын яам "Улаанбаатар" зочид буудлын нэг өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэр үед жилд 1-2 оюутан л сургуульд сурахаар Японыг зорьдог байсан. Одоо бол жилд 1000 гаруй хүүхэд сурахаар явж байна. Энэ тоо тэр үед мөрөөдөл байсан биз.

-Цаашид ямар салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй гэж та хүсч байна?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай болсныг мэдэгдсэн. Стратегийн түншлэл бий болсноор харилцан ашигтай санал солилцох, хамтарч ажиллах боломжтой болж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламентад уг хэлэхдээ "Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан нийгэмд орсон 20 жидийн хугацаанд Япон улсын тусламж байсан учраас ардчиллыг амжилттай байгуулж чадсан гэж талархал илэрхийлсэн. Мөн Монгол бол гайхамшигтай ашигт малтмал, газрын баялагтай. Харин Японд дэлхийн шилдэг технологи байна. 

Энэ баялгийг ашиглахад дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах ёстой. Байгалийн баялгийг байгаль орчинд хоргүй байдлаар олборлох, ашиглах технологи дэлхийд ганцхан Японд л байна. Тиймээс Монголын баялгийг Японы дэвшилтэд технологитой хамтатгая, сэрцгээ" гэсэн. Энэ бол Монгол Улс Японыг нэгэн түншээ хэмээн итгэж хэлсэн хэрэг гэж бид ойлгож байгаа.

Монгол Улс бол хөгжиж буй орон. Ашигт малтмалын энэ агуу баялагтай улс орны хувьд аль болох Монголд ашигтай байх ёстой гэж үздэг. Тэр утгаараа Монгол түүхий нүүрсээ гаргах биш, дэвшилтэт технологи ашиглан боловсруулж өндөр үнэ хүргэх ёстой. Тэгж байж Монголын брэндийг бий болгоно.

-Тавантолгойд хөрөнгө оруулагчдын асуудлыг Монголын Засгийн газар хараахан шийдээгүй байгаа энэ үед та нутаг буцах гэж байна. Тавантолгойн асуудалд Японы хүсч байгаа 10 хувийг Монголын Засгийн газар зөвшөөрнө гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ. Тавантолгойн асуудалд ямар байр суурьтай байна?
-Тавантолгойн асуудлыг шийдэж дуусаагүй байхад буцаж байгаа нь харамсалтай. Гэхдээ миний байр суурь бол Японы дэвшилтэт технологийг ашиглаад Монгол Улс өндөр үнээр гадаадын зах зээлд ашиглах ёстой гэдгийг онцолмоор байна. Түүнээс биш 10 хувь гэдэг тоондоо гол биш. Монголын ашигт малтмал дэлхийд үнэтэй, брэнд болно гэдгийг харуулах юмсан гэдгээр бид хандаж байгаа. Ашигт малтмалыг ашиглахад дэд бүтэц маш шаардлагатай. Монголд одоохондоо дэд бүтэц бүрэн шийдэгдаж амжаагүй байна. Технологи ч хангалттай алга. Монгол одоо болтол нүүрсийг утаа гаргасан чигээр нь л ашиглаж байна. Гэтэл Японд одоо нүүрсийг хэрэглэдэгч утаа гардаггүй, Бүрэн шийдэж чадсан. Тиймээс шилдэг, дэвшилтэт технологи гэдэг агуулгыг нь онцолж ойлгоосой гэж бодож байна.

-Элчин Сайдын алба гэдэг залгамж халаатай байдаг. Таны халааг авах хүнд аль салбарт илүү анхаарал хандуулахыг захих вэ?
-Ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлээсэй. Мөн боловсролын салбарт, техник технологийн салбарт харилцаа улам гүнзгийрэх байх. Жишээ нь уул уурхайн чиглэлээр оюутнууд сургах, мэргэжилтнүүд солилцох харилцаа өргөжиж байна. Технологийн дэвшил гэдэг хурдан байдаг ч тэр технологийг бүрэн дүүрэн эзэмшихэд 20-30 жил шаардагддаг. Дараагийн Элчин сайдад Тавантолгойн асуудалд хичээнгүйлэн ажиллаасай гэж захина. Мөн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Тиймээс хоёр улсын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх тал дээр санаачлагатай ажиллах байх.

-Та нутагтаа очоод ямар ажил хийх вэ?
-Маш их ажилласан учраас эхлээд хагас жил орчим амарна. Дараа нь аль нэг их сургуульд багшлах болов уу. Японы төрийн албан хаагч хувийн салбарынхантай бараг холбоогүй учраас хувийн салбарт ажиллахгүй байх.

-Та манай улсад олон жил ажилласан байна. Энэ хугацаанд монголчуудыг хэр мэддэг болов?
-Миний ажигласнаар Монголчууд Орос, Хятад хоёр том хөрштэй учраас аливаа зүйлд маш хурдан шийдвэр гаргадаг. Япончууд бол доороос нь эхлээд бүх шат дамжлагыг давдаг учраас их хугацаа алддаг. Манай хоёр улс хамтын ажиллагаандаа энэ хоёр ялгаагаа бодолцож байх учиртай. Нэг нь аль болох хурдан шийдэхийг хүсдэг, нөгөө нь илүү бодож, нухацтай байх гээд байдаг. Энэ хоёрыг хослуулж ажиллах хэрэгтэй байх.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудал дуулиан болоод байгаа. Энэ тал дээр Элчин сайд ямар хариулт хэлэх вэ?
-Хоёр орны албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүйг хэлэх хэрэгтэй. Гэхдээ сонинд гарсан байж болох юм. Үүнд ямар нэг тайлбар хийх боломжгүй.

Тавантолгойгоор хэдэн талх авч болох вэ


Тавантолгойгоор хэдэн талх авч болох вэ
Өнөөдөр нэг ширхэг талхны үнэ 650-1500 төгрөг. Үүнээс үнэтэй талх ч бий. Гэхдээ тэр өндөр үнэтэй талхыг жирийн иргэд иднэ гэж байхгүй. Жижигхэн булчик гэхэд дор хаяад гурван мянган төгрөгөөр үнэлэгддэг шүү дээ. Мэдээж амттай, амтлагч нь гайхалтай болоод тэр байх. 

Тэгвэл Монголын Тавантолгойг талхны үнэтэй харьцуулаад үзье. Одоогийн байдлаар уг ордын нөөц нь 6.4 тэрбум тонноор хэмжигдэж буй. Бодит үнэлгээг "Монгол 999 үндэсний нэгдэл"-ийнхэн багаар бодоход 450 тэрбум ам.доллар хэмээн зарлаж байсан. Харин Засгийн газар энэ талаар тодорхой мэдээлэл өгч байгаагүй. "Зах зээлийн үнэлгээг өнөөдрийн тооцоогоор эцэслэн зарлах боломжгүй" гэх үндэслэл л хэлдэг.

Энэ бүрхэг тайлбарын араас Тавантолгойн үнийг талхны үнэтэй харьцуулахад хэцүү. Гэсэн ч "Тавантолгой талхны үнэ хүрэх үү" гэдэгт хариу олох гээд оролдъё. Угаасаа "1+1=2" гэдэг математикийн томъёоллыг эцсийн үнэн гэж үздэг тэр үе ард хоцорчихсон шүү дээ. Харин энэ асуултад хариулахын тулд тоо бодох хэрэггүй. Тэр дундаа 450 тэрбум ам.долларыг нэг талхны үнэ болох 650-1500 төгрөгт хувааж, хэдэн ширхэг талх авч болохыг нь ч тооцох шаардлагагүй. 

Гагцхүү улстөрчдийн хийрхэл, пиар хөөсөн улстөржилт нь энэ ордыг талхны үнэд ч хүрэхээргүй үнэ цэнэгүй болгоход учир шалтгаан нь оршиж буй. Оюутолгойтой л нэгэн адил. Маргана, мэтгэлцэнэ, дахиад маргана, дахиад зөрчилдөнө...Эцсийн бүлэгтээ хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлэх эрх авсандаа баярлаж, талархана. "Гайхалтай их мөнгийг бид бага хүүтэй зээлчихлээ. Одоо ийм хэмжээний зээл өгдөг банк гэж байхгүй шүү дээ" гэж ирээд л бөөн реклам цацна. Энэ бол бодит үнэн. Тавантолгойг хямдруулах үндсэн шалтгаан нь. 

Уг ордын баруун Цанхийн хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулагчдаас Монголын Засгийн газар тэрбум ам.долларын урьдчилгаа авахаа зарласан. Албан ёсны бус ч анхан шатны шалгаруулалтад үлдээд байсан Америк, Орос, Хятадын хөрөнгө оруулагчид ч дээрх зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөхөө амласан. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаасныг эс тооцвол дээрх гурван орны хөрөнгө оруулагчид Тавантолгойн тендерт дахин ялалт байгууллаа гэхэд зээл өгдгөөрөө өгнө гэсэн үг. Манайх ч авдгаараа аваад, тараадгаараа тараана. Тараалтаас хувь хүртэх субьект нь ард түмэн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр ёсоор "Хүний хөгжил сан"-гийн мөнгөө тэрхүү зээлээс авна. Дараа нь Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орохоор иргэд өөрсдийн авах ёстой хувь хишгээсээ эргүүлж төлнө. Асуудал ингэж тойрог хэлбэрээр үргэлжлэх нь тодорхой. Үүнд л мөнөөх талхны үнийн учир оршиж буй.

Хэрэв "Хүний хөгжлийн сан"-гийн cap бүрийн 21 мянгаар зөвхөн талх авна гэж тооцвол сардаа 14-32 ширхэг талх авна. Харин сая 500 мянгыг бүхэлд нь талхны мөнгөнд зарцуулна гэж үзвэл 1000-2307 талхны үнэ болно. Энэ бол мөнөөх 450 тэрбум ам.долларын өртөгтэй гэх Тавантолгойгоос иргэдэд ирэх бодит ашиг нь. Мэдээж өнгөрсөн 2008 оноос 2012 оныг хүртэлх сонгуулийн жилийн хувьд авч үзвэл шүү дээ. 

Цаашид хэрхэн өсөхийг та бид тааварлах аргагүй. Зөвхөн улс төрийн намын удирдлагууд л мэдэж байгаа. Азаар ирэх онд энэ бүх оньсогоны хариулт тодорхой болж, та бид үүнээс ч илүү олон талхаар Тавантолгойгоо арилжих нь тодорхой.

Үүнд эрхэм уншигч та баярлаж байна уу. "Талх авах мөнгөтэй болгосон төрдөө баярлалаа" гэж хэлэх урам зориг дүүрэн байна уу... Энэ асуултыг улстөрчид та биднээс асууж, улмаар "Иргэд баяртай байгаа" хэмээн хариулсаар удаж буй. Угтаа Тавантолгой талхны мөнгө хүрэх нь үнэн. Үүнтэй харьцуулашгүй их гэдэг нь ч үнэн. Гэвч зөвхөн талх худалдаж авах төдий үр ашгийг л бид хүртэнэ. 

Тэгээд ирээдүйд худалдаж авах гурван талхныхаа мөнгөөр өнөөдөр нэг талх худалдан авч, Засгийн газрын тавьсан зээлийн хүүд золигт гарахаа мэдэхгүй "Төрийн минь хишиг" хэмээн хөөрцөглөвөл үүн шиг гутамшиг байхгүй.

Түүнчлэн арайхийн талхны үнэтэй харьцуулан Тавантолгойн ашгийг тооцоолж байх хооронд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглалын хийсэн бүх хэлэлцээр хүчингүй болчихсон. Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Тэргүүн шадар сайдаар ахлуулж буй ажлын хэсгийн ажлыг хамгийн сайн мэдэж байгаа. Өөрөө ч үүрэг чиглэл өгсөн нь тодорхой. Гэтэл Ерөнхий сайдын гишүүнчлэлтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Тавантолгойн төслийг, хэлэлцээрийнх нь хамт буцаачихсан. Үүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас ч, УИХ-ын даргаас ч ангид ганцаараа шийднэ гэж байхгүй. Тэгэхээр Ерөнхий сайд хэн нь сайн гэж магтаад, хэнд нь муу гэж шүүмжлээд байгааг ойлгоход хэцүү аж. 

Хамгийн гол нь тэдний улс төр Тавантолгойн үнэ цэнийг өргөхөөс илүүтэй унагах аюултайд эмзэглэх шалтгаан нь оршиж буй. Тавантолгойн өртөг талхны үнээс их бага, олон талх авч чадах, чадахгүйдээ гол бус. Гагцхүү уг ордыг дундуур нь хоёр хуваан баруун, зүүн Цанхи хэмээн нэрийдэж, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу иргэддээ олгох ёстой 10 хувийг зөвхөн нэг хэсгээс нь өгнө хэмээн хуурч байна. Үүнд хэдий хүртэл итгэсэн мэт ажиллаж, амьдрахыг бид мэдэхгүй. Харин итгэл алдрах үед нь өршөөл эрлээ гээд өршөөгдөхгүй гэм нүгэлтний тоонд орчихсон байх вий дээ.

Нэг ёсны Тавантолгой хийгээд талхны үнийн тооцоо энэ хүрээд дуусч болох ч талхаа худалдан авч дийлэхээ байсан тэр иргэдийг хэн, хэзээ номхруулах вэ гэдэг нь л өдгөө юунаас ч илүү чухал юм.