2011/03/16

Б.Энэбиш: IPO хийх банкууд аль хэдийн ажилдаа орсон

Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажлыг зөвлөхөөр дэлхийн нэр хүндтэй 16 банкныхан Улаанбаатарт хүрэлцэн ирж, сонгон шалгаруулалтад оролцсон. Дээрх шалгаруулалтын  дүн гарсан бөгөөд дэлхийн зах зээлээс Монгол Улсад хөрөнгө босгож авахад нь тусалсныхаа шанд багагүй хувь хүртэх эрхийг дөрвөн банкинд олгожээ. IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банкийг монголчууд сонгоод байна. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын Би Эн Пи Парибас банк, Австралийн  Маквэари банк тус тус шалгараад буй. Гэвч Германы Дойче банк нь Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлээс хууль бусаар ашиг олсон, АНУ-ын Голдман Саксын уридлагууд нууцын зэрэглэлд хамаарах материал худалдсан гэх сөрөг мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар “Эрдэнэс MГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодрууллаа.

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх гол зохион байгуулагчаар сонгогдоод буй   Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банктай холбоотой сөрөг мэдээлэл ажлын хэсгийнхэн хэрхэн хүлээж авч байна?
-Энэ талаар Төрийн өмчийн хороо удахгүй та бүхэнд хариулт өгөх болно. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх банкууд ажилдаа хэдийнээ орсон байгаа. Тэднийг та бүхэнтэй холбоотой сөрөг мэдээлэл байна, ажлаа хийхээ боль гэх эрх байхгүй. Гэрээ бол гэрээ. Миний хэлэх үг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах эрх олгосон өдрөөс хөрөнгө оруулагч банкууд ажилдаа орсон байгаа. 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах “галт тэрэг” хөдөлчихсөн гэсэн үг үү?  
-Яг тэгж ойлгож болно.

No comments:

Post a Comment