2011/03/04

Жижиг компаниудыг худалдан авах нь олширчээ

”Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцааны сургаар жижиг компаниудыг худалдан авах нь олширчээ

Засгийн газрын 139 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй олгохоор болсон. Харин 350 дугаар тогтоолын дагуу 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан компаниудад мөн л нийт хувьцааных нь 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдана хэмээсэн. Тиймээс энэ их хөрөнгийг хүлээж авах, хүлээлгэж өгөх ажлууд ид өрнөж байна. ТӨХ, “Эрдэнэс МГЛ” компани хувьцаа гаргах бэлтгэл ажлыг дөнгөж эхэлж байхад иргэд хувьцаагаа байршуулах дансаа нээлгэж,  үйлчлүүлэх брокер дилерийн компаниа сонгож, хувьцааны талаарх мэдлэгээ зузаатгаж эхэллээ. Харин аж ахуйн нэгжүүд хувьцаа авах бэлтгэл хангахдаа нарийн арга, ухаан сүвэгчилж эхэлсэн нь олон асуудал үүсгээд буй юм. Ингэх болсон шалтгаан нь компаниудыг том, жижиг гэж ялгалгүй бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон  асуудал аж. Үүнээс болж жижиг компаниуд хувьцаа авах хөрөнгөгүй хэмээн компаниа зарах хөдөлгөөнд идэвхийлэн оржээ. Тиймээс томоохон компанийн удирдлагууд  ”Эрдэнэс Тавантолгой” ХК-аас  хүртэх хувьцааныхаа тоог нэмэгдүүлэхийн тулд жижиг компаниудыг үнэ тохирч худалдаж авах сонирхлоо илэрхийлэх болсон байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар  сурвалжилсан юм.

ТӨХ-ны  мэргэжилтэн Ч.Чинзо-риг ийнхүү ярьж байна.  
-Хөрөнгөтэй компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас ихээр худалдаж авахын тулд жижиг компаниудыг мөнгөөр “цохиж” худалдан авч байна гэсэн. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ?

-Одоогоор ийм мэдээ­лэл ирээгүй байна. Гэхдээ иймэрхүү асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Тухайл­бал, хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдээр “2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан компанийг худалдаж авна” гэсэн зар сүүлийн үед нэлээд гарах болсон. Тиймээс энэ бүхнийг зохицуулах тодорхой саналууд гарч байгаа. Эцсийн байдлаар тогтоол шийдвэр гараагүй учраас тодорхой тайлбар өгөх боломжгүй.

-Ийм тохиолдолд том компанийн худалдаж авсан компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдахгүй гэсэн үнэн үү?
-Ийм санал ирж байгаа. Үүнийг үгүйсгэх ч аргагүй. Яагаад гэвэл, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлээд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдан авахыг санал болгоно. Гэтэл энэхүү саналын эрхийг дээрх маягаар худалдаж болохгүй шүү дээ. Тиймээс тэдгээр саналыг хэрхэх талаар хэлэлцэж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г хийхэд зөвлөх хөрөнгө оруулалтын банкуудыг зарласнаас хойш шуугиан дэгдэж эхэлсэн. Ямар болзол тавьсных нь үндсэн дээр банкуудыг сонгосон юм бэ?

-Би үнэлгээний хорооны гишүүн биш болохоор “Тийм учраас хөрөнгө оруулалтын банкуудыг шалгаруулсан” гэж хэлэх эрхгүй. Гэхдээ гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжаалах хувьцаа буюу тэр хэмжээний хөрөнгийг Монгол Улсад богино хугацаанд үр дүнтэйгээр төвлөрүүлэх, боломжийн үнээр хувьцааг  борлуулах  са­нал дэвшүүлсэн банкуудыг л шалгаруул­сан.

Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал ямар байх ёстой талаар лавласан юм.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг авах аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ базааж эхэллээ. Тэдэнд ямар шаардлага тавьж байгаа вэ?
 -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө буюу 30-ны өдөр байгуулагдаж, гэрчилгээгээ авсан ямар ч аж ахуйн нэгж худалдаж авах эрхтэй. Тэр дундаа Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагынхаа тайланг цаг тухайд нь гаргаж, тушааж байсан байх ёстой. Тиймээс татварын байгууллага ийм аж ахуйн нэгжийг хувьцаа худалдаж авах эрхээс нь орхигдуулахгүйн тулд одоо байгаа жагсаалтыг дахин нягталж байна. ТЕГ-т байгаа мэдээллийг орон нутгийн 32 татварын албанд илгээж, мэдээллийн баазад байхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг бүртгэх ажлыг эхэллээ. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг энэ бүртгэлд хамрагдаач гэмээр байна.

-Том компанийн удирдлагууд жижиг аж ахуйн нэгжүүдийг худалдан авч байна гэсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Томоохон компаниуд жижиг компанийг худалдаж авах тохиолдол бодит байдал дээр нэлээд гарч байгаа юм шиг байна.  Ямар нэгэн компанийг  худалдаад  авчихсан тохиол­долд тухайн компанийн эзэн нь өөр болно шүү дээ. Хэрэв ийм тохиолдол илэрвэл 2010 оны зургадугаар сарын 30-нд тухайн компани ямар эзэнтэй байсан, хэн үүсгэн байгуулсныг нь үндэслэж хувьцааг худалдах эсэхийг шийднэ. Тиймээс том компаниуд хувьцаагаа нэмж авах зорилгоор худалдаж авсан жижиг компанийнхаа нэр дээр дахин хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй.

Харин энэ талаар “Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс лавлахад тэрбээр ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байлаа.

Монголын томоохон компаниу­дын төлөөлөл болгож, АПУ ХК-ийн захирал П.Батсайханаас энэ талаар ямар байр суурьтай байгааг нь асуусан юм.  

-“Эрдэнэс  Тавантолгой” ХК-­­ийн хувь­­цааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд тэнцүү тоогоор худалдаална гэсэн нь том компанийн удирдлагуудад жижиг компанийг  худалдаж  авах сонирхол бий болгосон. Харин худалдаж авах үйлдэл гаргасан тохиолдолд худалдагдсан компанийн хувьцаа авах эрхийг хаах талаар ярилцаж байгаа юм байна. Энэ талаар таны бодол?

-Нэгэнт л хувьцааг өртэй, зээлтэй, том, жижгээс нь үл хамааран компаниудад нэрлэсэн үнээр нь худалдаж авах боломжийг олгоно гэсэн бол худалдах л хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар “Чи үүнийг авчихвал чамд хувьцааг нь өгөхгүй” гэдэг асуудал байж болохгүй байх.  Нөгөөтэйгүүр манайд бий болсон ноолуур, түүхий эд худалдаж авдаг хятадуудын сүлжээ жижиг компаниудын удирдлагад мөнгө тараагаад компанийг нь худалдаад авчихвал  “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувь хувьцаа маань бүгд гадныхны гарт орох эрсдэл энүүхэнд байна. Тиймээс энэ бүхэнд маш зөв бодлого гаргах хэрэгтэй гэж бодож байна.

Зөвхөн жижиг компаниуд гэлтгүй том компаниуд ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх хувьцаагаа хэн нэгэнд алдах вий гэсэн айдастай байгааг түүний яриа илтгэж байна. Том компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг гадныханд алдах вий гэсэн айдастай байгаа бол жижиг компаниуд хувьцааг худалдаж авч чадахгүй байсаар алдах вий гэсэн түгшүүртэйн улмаас компаниа зарж байгаа аж. Тиймээс мөнгөгүй гэж үзсэн компаниуд хувьцаа худалдаж авах эрх бүхий компаниа үнэд хүргэж зарах асуудал гарч байгаа юм байна. Энэ бүхнээс болж үүсээд буй асуудлыг зохицуулах зөв шийдвэр гаргаасай гэсэн хүлээлт нийгэмд бий боллоо.

No comments:

Post a Comment