Та нарыг доромжлох гэсэндээ ингэж бичсэнгүй. Цаана чинь хөрөнгийн зах зээл бүү хэл, хувьцааны талаар огт мэдлэггүй хүн олон байна. Тэгэхээр ямар ч арга байсангүй. Үүнийг үглэж нуршилгүй гол ажилдаа оръё. Манай хөрөнгийн зах зээл дээр 46 тусгай зөвшөөрөлтэй брокер дилерийн компани ажиллаж байгаа. Бүх брокерийн пүүсүүд хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн оролцох, хэрхэн өгөөж хүртэж болох талаар хичээл заавал яасан юм бэ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт үнэгүй тараах гэж байна. Ухаандаа 1.5 тэрбумыг нь гэсэн үг.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлснээр бол монгол хүн бүр улсын их баяр наадмаас өмнө 550 ширхэг хувьцааны эзэн болох нь. Хувьцаа гэж юу вэ, эзэмшсэнээр ямар ашигтай вэ, хувьцаагаа эргэлтэд оруулахдаа заавал брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэх хэрэгтэй гэх юм, дансаа яаж нээлгэх вэ, "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны нэрлэсэн ханш гэж яриад байх юм, хувьцааны нэрлэсэн ханш гэж юуг хэлээд байна вэ гэж бие биенээсээ шалгаах хүн олон байна. Хэн тэдэнд хамгийн эмх цэгцтэй мэдлэг, мэдээлэл, тайлбарыг өгч чадах вэ. Уг нь төр энэ үүргийг нуруундаа үүрч зохион байгуулмаар юм. Гэвч төр иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй нь бололтой.
Төрийн өмчийн хорооныхон лав хөрөнгийн зах зээлийн талаар иргэддээ ойлголт өгөх ажилд мөнгө төсөвлөөгүй гэдгээ дуулгана лээ. Хэрвээ хувьцааны талаар төр ойлголт өгөхгүй бол. Бол ч гэж дээ. Төр бараг хөдлөхгүй биз. Тэгвэл хэнд найдах ёстой вэ. Мэдээж хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд найдлага төрүүлнэ. Тэр нь "Монголын хөрөнгийн бирж", "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" компани, брокерийн пүүсүүд. Эдгээр хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлдэг байгууллага сургалт зохион байгуулж иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой хэмжээний мэдлэг өгч байгаа.
Хөрөнгийн биржийнхэн хөрөнгийн зах зээлийн талаар тогтмол сургалт явуулж буй. Мөн "Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо"-ноос долоо хоног бүрийн баасан гараг бүрт сургалт явуулдаг. Иргэдийн олонх ийм сургалт явуулдгийг мэддэггүй байх. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг тараах шийдвэр гаргаснаас хойш Хөрөнгийн биржийн сургалтад маш олон хүн хамрагдахаар бүртгүүлээд байгаа гэсэн. Хөрөнгийн бирж, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо хоёр бүх заал танхим, цаг заваа гаргаж сургалт явууллаа ч мөддөө бүх иргэдийг хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болгож чадахгүй.
Нэг талаас хүмүүс мэдлэг, мэдээлэл олж авах гэсэн, нөгөө талаас тэдэнд үйлчлэх боломж хомс байгаа яг энэ торгон орон зайд брокерийн пүүсүүд ажиллах хэрэгтэй байгаа юм. Албан байгууллага, компаниудаас захиалга авч хөрөнгийн зах зээлийн сургалт явуулаач. Тэгвэл олон байгууллага брокеруудад хандана даа. Зах зээлийн нийгэмд үнэгүй хөлсгүй зүйл байх биш. Тодорхой хэмжээний төлбөр аваад сургалт явуулж болно. Олон хүн хамрагдана даа, харж л байгаарай.
No comments:
Post a Comment