2011/03/07

“Тавантолгой”-н төлөө 6 компани өрсөлдөнө

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн тендерийг хэрхэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MJL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендерийг  өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан. Энэхүү тендерийн ялагч байж болно гэсэн хувилбараар Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани үлдээд байгаа гэнэ. Тэдний нэгийг нь  энэ долоо хоногоос ялагчаар тодруулах юм байна. Тэгвэл  Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг мөн нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгосон бөгөөд уг тендерт оролцохоор гадаад дотоодын 15   оролцогч материалаа ирүүлсэн юм. Үнэлгээний хорооноос  тендерийн хоёрдугаар шатанд үлдэх компаниудын хурангүй жагсаалтыг гаргажээ. Эдгээр нь АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын консорциум, Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, Өмнөд Солонгосын “Крес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австрали, Швецарийн “Экстрата Коул”, Бразилийн Вале (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн “Арсэлор Метал лимитед”гэх компаниуд аж. Урьдчилан сонгон шалгаруулалтын дүнд хураангуй жагсаалтад багтсан эдгээр компани, консорциумтай УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээ хийсний үндсэн дээр эцсийн шалгаруулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар  Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ажиллаж буй билээ.

No comments:

Post a Comment