2011/03/24

Тавантолгой бол зүгээр л өгөөш

Тавантолгой бол зүгээр л өгөөш
Жирийн иргэд бид 6.4-хөн тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн ордыг хэрхэн хувааж идэхээ бодон сэрүүн зүүдэлж байхад гадаадын доншуур этгээдүүд баялгийг минь цөлмөж дуусах нь ээ. Өнгөрсөн онд манай улс 15.2 сая тонн нүүрс экспортолсны ганцхан саяыг нь Монголын компани гаргасан гэсэн дүн байна.

Гэтэл төр засаг “Тавантолгой” гэсэн ганцхан төсөлд иргэдийн анхаарлыг хандуулах сонирхолтой байгаа нь илт мэдэгдээд байх юм. Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компани Тавантолгойгоос 40 километр зайд Цант-Уул нэртэй нүүрсний орд илрүүлж, нөөцийг нь 740 сая тонн гэж тогтоогоод биржээс хөрөнгө босгож эхэлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тус ордын нийт нөөцийн 30 хувь нь коксжих нүүрс гэж зарлаж байгаа. Үндсэндээ коксжих, хүрэн нүүрсний харьцаа нь Тавантолгойтой ижил гэсэн үг. Зөвхөн энэ компани гэхэд л манай орны өмнөд хэсэгт 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул, олборлолтын ажил явуулж байна.

Ер нь говийн бүсэд хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудын дунд үндэсний компани нэг ч алга. Дан гадаадын компаниуд, тэгээд нөөцийг нь тогтоож орд болгосон тухайгаа эхнээсээ зарлаж байна. Дээр дурдсан Цант-Уулын орд гэхэд нөөц нь нэг тэрбум тонн хүртэл нэмэгдэх боломжтой гэж танилцуулган дээрээ дурдсан байсан. Нүүрсийг эрт дээр үед ургаж байсан шатсан ойн үлдэгдэл гэж тодорхойлдог. Тэгвэл эрт галавт тэр чигтээ ой модоор хучигдсан байсан гэж үздэг өмнөд нутаг маань тэр чигтээ нүүрстэй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

Өвөрмонголд нийтдээ 741 тэрбум тонн нүүрсний нөөц илэрсэн гэж өмнөд хөршийн Синьхуа агентлаг ярьсныг хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тийм болохоор Тавантолгойн эргэн тойронд байгаа хайгуулын талбайгаас нүүрс гарч л таарна. Манай улсын өмнөд хэсгээс Тавантолгойн энд хүрэхгүй ч тэрбумаар хэмжигдэх нөөцтэй ордууд удахгүй дуу дуугаа авалцан нээгдэх нь гэсэн дүгнэлтийг дээрх баримтууд дээр түшиглэн хийж болно. Харин тэр үед шинэ ордуудыг стратегийн ач холбогдолтой эсэхийг тогтоох журам хуучирсан байх магадлал харагдаж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулинд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Гэтэл Тавантолгойг ашиглаад эхэлчихвэл ирэх жилээс манай улсын ДНБ-ий хэмжээ өснө. Энэ өсөлт нь цаашид тогтвортой байна гэж таамаглаж байгаа.

Тэгэхээр, таван хувь гэдэг заалтыг баримтлах юм бол таван жилийн дараа Асгатын хэмжээний орд илрэхэд стратегийн ач холбогдолгүй болох байдал харагдаж байна. За энэ ч яах вэ, стратегийнх гэж тооцох үгүйгээ өөрсдөө ярих болохоор болох асуудал юм биз. Харин иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг, зарим нэг мэргэжилтнүүдийн ярьснаар, цаашид төрийн эргэлт гарах шалтгаан болж магадгүй Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Хуулийн энэ зүйлийн 3-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ.

29.1 гэдэг нь 29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах,
29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;
29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;
29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох; 29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;
29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх. гэсэн есөн үүргийг манай улс хүлээлгэдэг юм байна.

Дэлхий нийтийн жишгээс арай илүү эрхийг эдлүүлдэг байгаа биз. Эцсийн эцэст, Монгол Улс дайн самуунтай улс биш. Бид нэгэнт хөрөнгө, мөнгөтэй болж байгаа юм бол үүнийхээ хэрээр хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа өндөрсгөж байх учиртай. Өөрөөр хэлбэл, 300 саяас дээш ам.доллар оруулсан компани болгонтой тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийгээд байж болохгүй. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт 50, 100, 300 сая ам.доллар үнэндээ бага мөнгө болж хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-д оруулах хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эс бөгөөс тогтвортой байдлын гэрээ байгуулах хугацааг 30 биш, дээд тал нь 20 жил байхаар зааж, сунгах нөхцлийг мөн эргэж харах хэрэгтэй юм.

“Айвенхоу майнз”-тай бид 2009 онд тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн. Тухайн үед зэсийн ханш эдийн засгийн хямралын дараа дөнгөж өндийж байсан. Гэтэл хоёрхон жилийн дараа зэсийн үнэ хоёр дахин нэмэгдэж 9000-гаас хол давсан. Цаашид ч тогтвортой байна гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байна. Зөвхөн зэс төдийгүй бусад металлын үнэ ч цаашид тогтвортой өндөр ханштай байна гэж байна. Зэс, алт гэж ярьж явсан Роберт Фрийдланд өнөөдөр мөнгөнд бас анхаарлаа хандуулахыг хөрөнгө оруулагчдаас хүсч байна. Учир нь мөнгөний ханш өнөөдөр сүүлийн 34 жил байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэнд байгаа юм.

Гэтэл эрх баригчид ганцхан Тавантолгойн ордыг тойрсон асуудал дээр иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхийг оролдож, ашиглах үйл явц удаашрах төлөвтэй байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас анзаарагдах боллоо. Чингис хаан дотоодын самууныг намжааж иргэдийн анхаарлыг өөр зүйлд төвлөрүүлэх зорилгоор гадаадад аян дайн хийсэн гэсэн таамаглал байдаг юм билээ. Энэ арга өнөө үед давтагдаж байгаа бололтой. Уг нь Тавантолгойг бушуухан нэг тийш нь болгочихвол ард түмэнд арай өөр, алсыг харах боломж нээгдэх гээд байна санж.

No comments:

Post a Comment