Иргэн бүрт ирэх 550 ширхэг хувьцааг хэн, хэрхэн тогтоох, уурхайн бэлтгэл ажил ямар төвшинд байгаа, бусад дагалдах ажлын бэлтгэлийг хангасан уу. Тавантолгойн хувьцаанаас дэлхийн хөрөнгийн зах зээлд гарах 30 хувийг ямар үндэслэлээр, хэн, яаж тогтоосон...
Шалгарсан компанитай "Эрдэнэс Тавантолгой" хамтарч ажиллана
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд Тавантолгой гэж эрдэмтэд дүгнээд буй. Энэ уурхай 6.5 тэрбум тонн нөөцтэй. Үүнээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмших нэг тэрбум тонн нүүрсний 78 хувь нь коксжих төрлийнх гэж Эрдэс баялгийн зөвлөл тооцоолсон. Одоо ажиллаж байгаа Ухаа худагийн уурхай дээр "Эрдэнэс Тавантолгой", стратегийн хөрөнгө оруулагчийн ашиглах Цанхийн баруун хэсгийн ажил эхэлснээр энэ ордод гурван том уурхайн амьдрал өрнөнө. Мөн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад ялсан компанийн уурхайн ажил эхлүүлэх хэсэгт 1.2 тэрбум тонн нөөц бий.
Үүний 68 хувийн коксжих нүүрсийг олборлож, борлуулалт хийж, хөрөнгө оруулах компани, консорциумыг сонгон шалгаруулах ажил хэд хэдэн удаа хойшилсны эцэст хураангуй жагсаалт гарcан. Тэдгээрээс тодрох ялагч энэ долоо хоногт мөн л хөшигний ард байна. "Эрдэнэс Тавантолгой" компани шалгарсан олборлогчтой 5-10 жилийн хугацаатай гэрээ хийх юм. Хамтарч ажиллах хугацааг харин хэлэлцээр хийхдээ тохирох юм байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Засгийн газрын түшмэд их мөнгө амласан компанийг сонгохыг урьтал болгож байна
"Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа онцгой анхаарах хэдэн зүйл байгааг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үзэв. Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангах чадвар, энэ чиглэлд хийх алхмууд чухал гэж тэрээр хэлсэн. Манай эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин дөнгөн данган зургаан хувьтай байдаг. Үүнийг ойрын жилүүдэд ядаж 20 хувьд хүргэх шаардлагатай байна. Энэ зорилтыг шийдэж чадахгүй бол бид бусдын түүхий эдийн хавсарга байсан чигээрээ насыг барна.
Тиймээс Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь алсдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангаж чадах эсэх, Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах нөхцөл бүрдэх эсэх, эдгээрийг угтах дагалдах дэд бүтцийг байгуулахад шалгуур үзүүлэлт байх ёстой. Харин уг зорилтыг бүрэн шийдэхүйц, Монголын ирээдүйн хувь заяаг шийдвэрлэх бүтээн байгуулалтын гогцоог олж харсан төсөл шалгарах нь чухал. "Засгийн газрын түшмэд яарч садаран энэ эрхийг ахиухан мөнгө амласан нэгэнд өгөх, урьдчилгаа мөнгө авч, тараахыг урьтал болгож байгаа нь ажиглагдаж байна" хэмээсэн.
Донбассын түүхийг Тавантолгойд давтах уу?
Тавантолгой бол хойд хөршийн томоохон ордуудаас нүүрсний чанар, нөөц, олборлолтын зардлаараа давуу талтай гэдгийг олон улсын инженерүүд тогтоогоод байгаа. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа энэ ордыг Оросын Донбассын уурхайн түүхийг давтахгүй гэх газаргүй гэдгийг манай зарим эдийн засагч, инженер сануулж байна. Тэд "Донбасс Тавантолгойгоос хэд дахин их нөөцтөй. Үүнээс 1.0 тэрбум тонн нь коксжсон нүүрс. Гэвч хойд хөршид энэ баялгийг Тавантолгойг ашиглаж байгаа шиг сорчлоод, үлдсэнийг нь хөсөр хаясан. Энэ алдааг давтахгүйн тулд Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрсийг сорчилж биш бүхлээр нь ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь энэ байх ёстой" хэмээн ярьсан.
Ахмад инженер Г.Даваасамбуу "Уг нь "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагуудын хэлснээр долоо хоногийн эхээр ТУЗ хуралдаж, зарим нэг тендерийн ялагч тодрох байсан. Гэвч Тавантолгой ордын тендерт тунаж үлдээд байгаа компаниудаас хэн нь хамгийн үнэтэй цэцэг барих нь шийдвэр гаргагчдад чухал. Тиймээс Мартын 8-наар хөрөнгө оруулагчийн тендерийн ялагчийг тодруулсан гэхэд үгүйсгэх газаргүй. Ихэнхдээ баяраар далимдуулж шийдвэр гаргадаг эрх баригчид уламжлалаа энэ удаад алдаагүй гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээсэн. Тэгэхээр ирэх өдрүүдэд мартын цэцэгтэй шалгаруулалтын хариу тодрох биз ээ.
No comments:
Post a Comment