2011/03/16

Тавантолгойн олборлогчийн шалгаруулалтад Германы "шигшээ баг" оролцож байна


Тавантолгойн олборлогчийн шалгаруулалтад Германы
-Германы уул уурхай, банк санхүүгийн аваргуудын десант Улаанбаатарт буулаа-

Германы уул уурхай, банк санхүү, бизнес, төрийнхний "десант" Улаанбаатарт буугаад байна. Уул уурхай, эрчим хүч, хүнд аж үйлдвэр, банк санхүүгийн том компаниудын удирдах түвшнийхэн, Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Европын холбооны албаны төлөөллөөс айлчлалын баг бүрджээ. Германчуудын хүчтэй бүрэлдэхүүнтэй айлчлал төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой"-н мэдлийн Цанхын зүүн хэсэгт гэрээт олборлогчийн шалгаруулалтад саналаа өгөөд байгаа "ВВМ" консорциум, дэлхийд тэргүүлэгч, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагаатай, уул уурхайн Герман технологийн давуу талыг танилцуулахад чиглэсэн байна. 

Германы бизнесмен, шийдвэр гаргагчдын бүрэлдэхүүн Улаанбаатарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхахаас гадна Германы хоёр байгууллага Тавантолгойд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. "Германы "шигшээ баг" гэмээр консорциум нь Thyssen Krupp, SMS Siemag, FAM, Uhde, Siemens, Alpine, RAG зэрэг томоохон компаниуд, Германы Засгийн газрын мэдлийн Бүтээн босголтын банк зэрэг олон улсын түвшний аваргуудаас бүрдсэн байна. 

"ВВМ"-ийн хэвлэлийн мэдээнд дурьдсанаар Германы уул уурхайн консорциум Тавантолгойн Цанхын зүүн хэсгийн олборлолтод 350 сая ам.долларын хөрөнгө оруулахаа албан ёсоор зарлаад байгаа юм. Энэ нь Монголд Германы нэг компани дангаараа ийм хэмжээний хөрөнгө оруулах анхны тохиолдол болно. Төслийн хөрөнгө оруулалтыг олон улсад туршлагатай, нэр хүнд бүхий KfW IPEX Bank буюу Германы бүтээн босголтын зээлийн банк хариуцна.

Баруун Европ дахь Монголын бэртний бөгөөд хамгийн том түнш болох Герман чанарын нүүрс олборлох техник технологи, тоног төхөөрөмж, ноу хау нь дэлхийд тэргүүлэгч зэргийнх юм. Ялангуяа уурхайн ил олборлолтын салбарт Герман технологи дэлхийд тэргүүлж байна. Консорциумын гишүүн Thyssen Krupp болон Siemens компаниудын уул уурхайн ил олборлолтын "Германд үйлдвэрлэсэн" технологи үр ашиг өндөртэй, баталгаатай болж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Энэхүү дэвшилтэт технологиор Германд жилдээ 200 гаруй сая тонн нүүрс олборлож, нэг тэрбум гаруй куб метр хөрс хуулдаг. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг "ВВМ Operta" нь Германы чулуун нүүрсний зах зээлд тэргүүлэгч, өөрийн ил уурхайд олборлолт явуулдаг юм. Тавантолгойн гэрээт олборлогч буюу "гэрийн үйлчлэгч" нь эрх, үүргийн хувьд стратегиин хөрөнгө оруулагч буюу "гэрийн эзэгтэй"-нхээс эрс ялгаатай. Гэрээгээр хөлсөө авч ажиллана, хувь эзэмшихгүй, нүүрс зарж борлуулахгүй, ноогдол ашиг хүртэхгүй. 

Техник, технологи, тоног төхөөрөмж, машин механизм, хөрөнгө санхүүгээ бие даан хариуцах, хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагаатай, дэлхийд тэргүүлэгч ноу хау, туршлагатай, хэлсэндээ байх хатуу зарчимтай байхыг шаардаж байгаа билээ. Герман чанар Монголын Тавантолгойн гэрээт олборлогч буюу "гэрийн үйлчлэгч"-ээр шалгарахаар хүчтэй өрсөлдөх нь тодорхой боллоо.

No comments:

Post a Comment