"www.azomining.com" сайт: сонгогдсон банкууд өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй
Монголчуудын хувьд урьд нь Тавантолгойн IPO шиг ийм их хэмжээний хувьцаа олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргаж байсан туршлагагүй. Саяхан Монгол Улсын Засгийн газар уг ажлыг хариуцан гүйцэтгэх хөрөнгө оруулалтын банкуудыг шалгарууллаа. Азтай гэж тодотгож болохуйц тэдгээр банк нь "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs", "Macquarie Bank" юм. Тэд Тавантолгойн нийт хувьцааны 30 хувийг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржийн аль нэг рүү гаргах аж.
"Wall street journal" сонин: "J.P.Morgan chase", "citigroup" банкны лобби хүчтэй хэвээр байна
Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааны 10 хувийг дийлэнх хэсэг нь нэн ядуу амьдралтай 2.9 сая иргэндээ тараана. Харин олон улсын Хөрөнгийн биржүүд дээр гаргах 30 хувийн хувьцааны нийт өртөг нь алсдаа 10-12 тэрбум ам.доллар болж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. Түүнчлэн Тавантолгойн IPO хийх хөрөнгө оруулалтын банкуудыг хэдийгээр сонгочихсон боловч банкируудын үзэж байгаагаар тэдгээрийг солих магадлалтай гэнэ. Тиймээс "J.P.Morgan Chase", "Citigroup" банкууд лоббигоо хүчтэй хийж эхэлсэн. Эдгээр банкны хувьд Тавантолгойн IPO-г хийх сонирхол маш их байгаа юм. Түүнчлэн "МсКinsey & Co" пүүс иргэдэд хэрхэн энгийн хувьцаа тарааж өгөх талаар зөвлөгөө өгөх ажлыг хариуцах аж.
Ямартай ч Монголын Засгийн газар энэ онд багтаан Тавантолгойн хувьцааны асуудлыг цэгцлэх зорилт тавиад байгаа. Гэхдээ банкируудын үзэж байгаагаар хөрөнгийн зах зээл хөгжөөгүй Монголын хувьд энэ бол хэтэрхий богино хугацаа юм. Тавантолгойн хувьцааны асуудлыг цэгцэллээ гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэх явдалд нэлээд хугацаа шаардагдана. Учир нь Монголын дэд бүтэц муу, бүтээн байгуулалтын олон ажил хийх хэрэгтэй байгаа зэргээс ингэж дүгнэж болох юм. Оператор компанийг албан ёсоор сонгосны дараа Тавантолгойн ордын өндөр чанартай, коксжсон нүүрсийг хэзээ олборлож эхлэх вэ гэдэг нь тодорхой болно. Тус ордыг эзэмшиж байгаа төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд оператор компанийг сонгох асуудал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Одоогийн байдлаар Хятадын "Шиньхуа групп", АНУ-ын "Peabody Energy" нар сонгогдох магадлал хамгийн өндөр хэмээн албаны төлөөлөгчидтэй ойр эх сурвалж мэдээллээ.
"Ройтерс" агентлаг: Тавантолгойн ирээдүй IPO-гоо амжилттай хийх эсэхээс xaмаарна
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ шинэ дээд амжилт тогтоож байгаа энэ үед зургаан сая гаруй тонны нөөцтэй Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлж байна. Монголын Засгийн газар тус ордын хувьцааг Хонконг, Лондоны Хөрөнгийн биржүүдэд гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, хөрөнгө оруулалтын банкуудаа сонгон шалгарууллаа. Тавантолгойн хувьд Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлийн түүхий эдийн эрэлтийг дангаараа бүрдүүлэх боломжтой орд газар юм.
Монголын Засгийн газрын хувьд уул уурхайн салбарын хөгжилд хэтэрхий их анхаарал хандуулж байгаа талаар ажиглагчид онцолдог. Ямартай ч Тавантолгойн ордыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулахын тулд наад зах нь гурван жилийн хугацаа шаардагдана. "CITIC Securities International''-ийн шинжээч Дэвид Лэй "Уул уурхайн компаниуд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай борлуулахыг эрмэлзэж байгаа. Энэ ч утгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг их татах болсон. Гэхдээ тэдний анхаарлын төвд хэр удаан байх эсэх нь IPO-гoo хэр амжилттай гаргаж чадах эсэхээс нэлээд хамаарна" хэмээн онцолжээ.
Энэ бүхнээс гадна сонгогдсон банкуудтай холбоотой таагүй мэдээллүүд нэлээд цацагдах болсон. Тухайлбал, Германы "Deutsche Вапк"-ны Өмнөд Солонгос дахь салбар хариуцсан ажилтнууд залилан хийснээс болж, хэрэгт татагдан тус банк нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болсон юм. Үүнтэй зэрэгцээд Goldman Sachs" банк өнгөрсөн онд санхүүгийн залилангийн олон хэрэгт холбогдсоны улмаас нэлээд их хэмжээний төлбөрт унасан тухай мэдээлэл бас цацагджээ.
АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос өнгөрсөн онд тус банкийг 2008 оны санхүүгийн хямралыг эхлүүлсэн хэмээн буруутгасан юм. Тухайн үед "Голдман Сакс" банк моргейжийн чанаргүй зээлүүдэд баталгаа гаргасны улмаас тэр нь АНУ-ын банкны тогтолцоог бүхэлд нь ганхуулахад хүргэсэн гэж үзэж байв. Үүнтэй төстэй олон хэрэгт холбогдсон "Голдман Сакс"-ын хувьд 3.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа аж. Энэ талаар "Wall Street Journal”-д мэдээлжээ.
No comments:
Post a Comment