2011/03/11

"Бодлууд" ном . Х.Баттулга Таван толгойн бүрхэг ирээдүй


battulga_bodluud_book_cover87 жилийн өмнө ч монгол ноёд ардуудыг “ашигт малтмалын уурхай олдвол бид бүгдээрээ жаргана” гэж ухуулдаг байж. Социализмын оргил үед “Эрдэнэт ашиглалтад ороотохвол бид бүгд жаргана” гэж ухуулдаг байлаа. Өнөөдөр “Таван толгой ашиглалтад ормогц үндэсний хөрөнгөтөн бид та нарыгаа жаргаагаад өгнө” гэж улиглаж байна.Сүүлийн үед Энержи ресурс компаниас монголчуудын тархийг угаах сурталчилгаагаа эрчимжүүлж “Нүүрсний үнэ үнсний үнэтэй тэнцэх нь хурдалъя” “Үндэсний хөрөнгөтнүүд бид нар л та нарыгаа тэжээнэ” гэх зэргийн бачим сандруу юмс нэвтрүүлэх боллоо. Тархи угаалгынхаа оргил материал болгож “Таван толгойн өчигдөр, өнөөдөр” хэмээх болхи нэвтрүүлгийг мөнгөөр зодон бүх ТВ-үүдээр цацуулснаас үүдээд бид энэхүү нийтлэлийг тэрлэв.
Бодит байдал дээр тэдний хөөргөж, яаруулж байгаа шиг сайхан зүйлс болохгүй. Ард түмэнд юу ч оногдохгүй, хоосон үлдэх магадлал илүү бодитой болж байгааг эргэцүүлэх, сэрэмжлүүлэхийг бид зорилоо.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад ороод 30-аад жил болсон ч Монгол Улс гайхахаар хөгжилд хүрсэнгүй. Үйлдвэрлэлийн оргил үе1986 оны тоо баримтаас үзэхэд бид дэлхийн улсуудаас хөгжлөөрөө 106 дугаар байранд явж байжээ.

“Эрдэнэт”-ийн баялгаас ард түмэнд наалдаж, нялзсан юм тун бага. Үйлдвэрийн олборлолт огтхон ч буураагүй байхад монголчуудын 40 хувь нэн ядуу, 35 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсаар байгаа нь үүний жишээ биш гэж үү? Харин Эрдэнэтэд хяналтаа тогтоосон цөөн тооны дарга, эрх мэдэлтнүүд хагартлаа баяжиж, олсон зөөсөн мөнгөөрөө эрх мэдлээ батжуулах гэж эргүүлээд бидний тархийг угааж суудаг болжээ.

Бороо Гоулд алтны уурхай, Төмөртэйн Цайрын уурхай ашиглалтад ороод монголчууд, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын иргэдийн амьжиргаанд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарсангүй, гялтайж гялайх хөгжил бүр ч харагдсангүй. Улсын төсөвт юу ч орсонгүй. Тогтвортой байдлын гэрээ гэгчээр халхавчлан эдгээр ордыг эзэмшигч гадаадын компаниудыг 5 жил татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн 5 жилд нь өгөх ёстой татварынхаа талыг л өгч байх гэрээ хийчихсэн юм чинь аргагүй ч биз ээ.

Дандаа Уул уурхайг хариуцсан сайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд зэрэг өндөр алба хашиж байсан эрх мэдэлтнүүд уг уурхайнуудад хяналтаа тогтоосон байх ба ашиг нь ард түмэнд бус тэдний халаасанд орж байна.

Өнгөрсөн жил Цайрт минералз компанийн цэвэр ашиг гэхэд 106 сая доллар буюу тэрбум 500 сая төгрөг болсон бөгөөд үүнээс монгол улсад нэг доллар ч ногдсонгүй. Бороо гоулд 45 тонн алтны нөөцтэй ч монгол улсад нэг грамм алт ч ногдохгүй байх боломжтой гэрээг ноёдууд хийчихсэн болохоор яалтай билээ. Тэд татвар төлөхгүй таван жилдээ багтаж бүх алтыг хамахаар шамдаж байгаа.

Шуналтнуудын дараагийн бай нь Таван толгой болоод байгаа нь хэнд бүхэнд илэрхий болсоор удлаа.
Нүд улайсан 14 олигархи ойрмогхоноос “Таван толгойн баялгаас 14 -хөн хувийг нь л бид авна, 50 хувийг нь та нар минь аваарай” гэж ухуулах суртал нэвтрүүлгээ эрс эрчимжүүллээ. Тэд “Нүүрс, үнс хоёрын үнэ тэнцэнэ” гэж муу ёрлох мөртлөө “Үндэстний хөрөнгөтнүүд л та нарыг тэжээнэ”, “Гадныхан авсан бол та нарт юу ч үлдээхгүй байсан юм. Бид тулдаа 14-хөн хувийг аваад бусдыг нь та нартаа өглөө” гэж улайран, улангасан дайрч буй нь итгэлээс илүүтэй эргэлзээ авчирч байна. Тэдний ёрлож байгаа шиг 10 жилийн дараа нүүрс үнс шиг болох юм бол улайрах хэрэг юун? Үйлдвэр барих гэсээр байтал 5 жил ашиглах гэсээр байтал 10 жил болоод үнс олборлох болох нь. Үнс болох юманд шунаад байгаа нь гайхал төрүүлнэ.

Ийм туйлширсан мэдээлэл, ухуулгын цаана цаг үргэлж атгаг санаа нуугдаж байдаг тул уншигч Та хамтдаа монгол хүний уужуу ухаанаар тэдний атгаг санаархлын цаана юу нуугдаж байгааг эргэцүүлье, хамтдаа бодож тунгаая!


Бүлэг 1. Алаагүй баавгайн арьсыг 14 хуваасан нь

Энержи ресурс гэх компани нь BHP компанийн “хаяад явсан”, хэн ч тоохгүй хогийн ордыг эх оронч сэтгэлээр авч үлдсэн гэх домог нийгэмд тарж бараг итгэл үнэмшил болов. Үнэн хэрэгтээ Таван толгойн ордын лицензийг сунгалгүй хугацааг нь хэтрүүлж, хүчингүй болгохоор хав дарсан хүн нь тэр үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр. Лиценз хүчингүй болгомогц энэ хоёр хүний дундын өмчлөлийн Майн инфо компани сэм өөртөө шилжүүлэн авч. Дашрамд Майн инфо компани нь Цайрт минералзын уурхайг эзэмшдэг нь тодорхой болсон. Б.Жаргалсайхан АМГТХЭГ-ын дарга байхдаа Хятадын удирдагч Ху Жинтаогийн айлчлалын үеэр өөр компанид олгохоор тохиролцсон зээлийг зувчуулж өөрийн болгож цайрын орд газарт хөрөнгө оруулсан нь тэр.

Нөөц нь 250 тэрбум ам.доллараар тогтоогдсон асар их ордын тухай яриа тул нам гүм өнгөрч чадсангүй. Монгол Улсын хамаг баялгийг мэдэх Үйлдвэр худалдааны сайдын анхааралд өртжээ. Ингээд л ҮХ-ны сайд асан Сү.Батболдтой бялуугаа хуваалцахаас аргагүй байдалд хүрсэн байна. Тэд хамтран Энержи ресурс компанийг байгуулсан ч Бороо гоулдыг луйвардсан асуудал нь хурцдаж эхэлсэн тул Таван толгойг түр хойш тавьжээ. Бороо гоулдыг гадныхантай хамтарч залгисан, ард түмэнд юу ч оногдохгүй байх зохицуулалт хийсэн хүн нь өнөөх Үйлдвэр худалдааны сайд асан Сү.Батболд байлаа.

Бороогийн асуудал хурцдаж эхлэхтэй зэрэг 250 тэрбум ам.долларын нөөцтэй нүүрсний ордынх нь талаар ард түмэн мэдчихвэл юу болох вэ? гэсэн асуулт Сү.Батболдын санааг зовоож. Ямартай ч юуны түрүүн тэрээр улс төрд тэнцвэртэй байдал тогтсон байсан учир улс төрийн гол намаас шуналтай хүмүүсийг элсүүлэх замаар шийдвэрлэе гэсэн дүгнэлтэд хүрчээ. МАХН болон Ардчилсан намаас тийм хүмүүс олдсон. Эдгээр хүмүүсийг тоочвол:
Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа олны итгэлийг хүлээж төр засгийн өндөр дээд албан тушаалд сонгогдсон хүмүүс. Уг нь тэднийг ард олныхоо төлөө ихийг хийгээрэй гэж сонгосон байтал 250 тэрбум ам.долларыг өөрсдөдөө хуваарилах, завших талаар илүүтэй санаа зовж, шаргуу ажиллажээ.

Ингээд алаагүй баавгайнхаа арьсыг 14 хуваахаар тохирч байтал “стратегийн орд газарт төр 50 хүртэл хувийг эзэмшинэ” гэсэн хууль гарч ахин мухардалд оруулж. Ийм хууль гараагүй байсан бол тэд хүн бүр 18 тэрбум ам.доллартай болчих гээд нойр нь хүрэхгүй тарчилж байсансан.

Гай газар дороос гэгчээр Ашигт малтмалын хууль шинэчлэгдэв. Таван толгойн талаарх мэдээлэл ил болов. Олны эсэргүүцэл ч оволзов.

Сү.Батболд тэргүүтэн удаан шаналсны эцэст саяхнаас нэгэн гарц олсон нь “бид нар тус бүр нэг хувь, нийтдээ 14 хувь эзэмшье улс тавин хувийг нь та нар ав” гэсэн болзол тавих болжээ. Үүнийхээ үндэслэл болгож 4.4 тэрбум төгрөгийг бид Таван толгойд “булсан” гэдэг үлгэр тараав. Үнэн хэрэгтээ газар дээр нь ажилласан мэргэжилтнүүдийн үнэлгээгээр өнгөрсөн жилүүдэд Энержи ресурс ХК лицензийн төлбөр хэлбэрээр 200 орчим сая төгрөг тушааснаас өөр ямар ч зардал гаргаагүй ажээ. Олон улсын жишигт лицензийн төлбөрийг хөрөнгө оруулалт гэж үздэггүй юм байна. Энэ бол тухай ажил, үйлчилгээг явуулахын төлөө эрх авч байгаа зайлшгүй зардал болохоос хөрөнгө оруулалт биш. Цайны газар ажиллуулж байгаа иргэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлд төлсөн мөнгөө хөрөнгө оруулалт гэж тооцвол манай татварын байцаагчид яах бол оо? Гэтэл эрх мэдэл атгасан, мөнгө тараасан луйварчдад хууль үйлчлэхгүй байгаагийн тод жишээ Таван толгойг тойрсон үйл явдал харуулж байна.

Тэд хууль хяналт, засаг төрийг төдийгүй хэвлэл мэдээллийнхнийг ч худалдаж авчээ. Одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үндэсний хөрөнгөтнүүд маань биднийг аварлаа” гэсэн суртал нэвтрүүлгийн давлагаа өрнөж байгааг уншигч та лав харсан байлгүй. 250 тэрбум ам. доллар гэдэг ямар ч шударга хүнийг эргэлзүүлэх тийм их мөнгө бололтой.

Одоо нэг бяцхан тоо бодъё. 14 –хөн хувь гээд байгаа нь мөнгөөр бол хэд юм бэ? 35 тэрбум ам.доллар. Төгрөгөөр бол 40 триллион буюу энэ жилийн төсвөөр баримжаалж үзвэл Монгол Улсыг 40 жил тэжээх мөнгө. Та бидний улсаараа 40 жил идэх мөнгийг 14 эрх мэдэлтэн завших гэж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболдын саяхан сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд тэрээр Энержи ресурст багтдаг хоёр компанийг эзэмшдэг учраас өөрт нь хоёр хувь ногдох ёстой ажээ. Зөвхөн Сү. Батболдод гэхэд таван тэрбум ам.доллар буюу монголын 2 сая 500 мянган иргэн таван жил идэх мөнгө ногдож байгаа юм.

Бүлэг 2. Буруу нь юунд байгаа юм бэ?

Юуны өмнө 14 олигархийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа нь эргэлзээ төрүүлж байна. Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа хариуцлагатай алба, өндөр суудалд тухалж байсан тэд ард олныг гийгүүлэхээр тоймтой ажил хийсэн үү? Эд нар эрх барьж, алба хашиж байхдаа энэ улсыг хөгжүүлбэл хөгжүүлчхээр, гийгүүлбэл гийгүүлчхээр хугацаа өнгөрсөн баймаар. Гэтэл юу ч хийгээгүй. Зөвхөн өөрсдөдөө ашигтай, олзтой зүйлийг шиншилж байгаад л сонгуульт хугацаагаа өнгөрөөсөн, өнгөрөөж байгаа улс. Тэд өөрсдийн удмынхныг хэдэн арван үеэрээ идээд, хэрэглээд барахгүй их хөрөнгөтэй болголоо хэмээн санахаас ард түмнийг өчүүхэн ч боддоггүй хүмүүст итгэх ямар ч боломж алга. Ард түмний сонголт, итгэлийг хөсөрдүүлж байгаад тэдний буруу нь байна. Ерөнхийлөгч асан П.Очирбат гэхэд л Тамсагийн нефтийг илрэхэд гүйж очин дээлэндээ нялж, “ингээд монголчууд бүгдээрээ баян боллоо” хэмээн уулга алдаж байсансан. Гэтэл өнөө нефтээс нь монголчууд юу ч олж долоосонгүй арав гаруй жилийн нүүрийг үзэв.

Канадууд өдөрт 2000 баррель нефть гаргаж байна гэж тайландаа дурдсан байхад тэднээс авсан хятадууд нь өдөрт 1000 баррель хүрэхтэй үгүйтэй нефть гаргадаг гэж мэлзэж байна. Өөрөөр хэлбэл, 1000 баррель нефть ямар ч бүртгэлгүйгээр хилийн чанад руу өдөртөө гарч байна гэсэн үг.

Дараагийн асуулт “монголчууд авсан нь сайн хэрэг” гэхээсээ ямар арга замаар олж авав? гэдэг асуулт хариултаа хүлээж байна. Хуйвалдаан, эрх мэдэл, албан тушаалаа ашиглах, бусдыг авлигадах, худалдан авах замаар л тэд ард түмний хөрөнгийг гартаа оруулсан. Тэд 14 хувийг өөрсдөдөө үлдээгээд 36 хувийг нь гадныханд худалдана гэж ярьдаг. Яг үнэндээ бол энэ 14 олигархи дотор уурхай ажиллуулах, нүүрс ухах сонирхолтой хүн нэг ч байхгүй. Засгийн газартай гэрээ байгуулмагц маргааш нь өөрт ногдох 1,2 хувиа гадныханд хямдхан ч хамаагүй зарж мөнгө олох гэсэн шуналтнууд. Тэдний 14 хувийг гадныхан авахаар тохиролцчихсон байгаа. Ингэхээр 36 биш 50 хувь нь шууд гадаадынхны мэдэлд очих гэж байна гэсэн үг.

Үүнтэй зэрэгцээд “төр 50 хувь ч биш 34 хувийг эзэмших нь хуульд нийцнэ” гэсэн яриа эрх баригчдын зүгээс гарлаа. Ингэхээр гадныхан 66 хувь эзэмших нь тодорхой болж байна. 14, 36, 50 хувь гэсэн тоонууд бол гэрээ байгуулахын өмнө монголчуудын тархийг эргүүлэхэд л хэрэгтэй тоо юмсанж.

Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад ормогц их хувь эзэмшиж байгаа гадныхан асуудлыг өөрсдийнхөө сонирхлоор шийдэх боломж бүрдэнэ. Улсын Их Дэлгүүр Хувьцаат компанид гарсан явдал давтагдаж жижиг хувьцаа эзэмшигч монголын төрийг “Энэ жил ногдол ашиг хуваарилахгүй, алдагдалтай ажилласан” гэх мэтээр маллах явдал хууль ёсны болно. Үр дүнд нь ард түмэн юу ч олж долоохгүй.

Соко ойл хэмээх гадаадын хяналтад байсан Тамсагийн нефтийн ордыг монголчуудаас асуулгүйгээр Датчин хэмээх хятад компанид худалдчихсан гашуун түүх бий. Энержи ресурсийн луйвраас болоод Таван толгойн 66 хувийг эцсийн дүндээ хятадууд худалдан авах нь тодорхой болж байна. Гадныхан нэг хоёр жил ажиллуулсан болж байгаад Соко ойл шиг хятадуудад худалдах тавилан илүү бодитой харагдаж байна. Эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг бусниулж байгаа нь буруу байна.

Эцэст нь хэлэхэд Энержи ресурс компани олох гэж буй хязгааргүй мөнгөндөө найдаад бүхнийг хуу хамж, хулдан авах замаар санаархлаа хэрэгжүүлэхээр улайрч. Тэд Засгийн газраар өөрсдийн болзлыг зөвшөөрүүлээд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр дэмжүүлж дөнгөлөө. Одоо УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна хэмээн бардам суух.
“МАХН-ын 38 гишүүн байгаагаас баттай болгосон 30 гишүүн, Ардчилсан намын 25 гишүүдээс Алтан гадсаар дамжуулаад 15-ыг элсүүллээ” гэж Энержи ресурсын нөлөө бүхий хүн ярьжээ. “Үлдсэн гишүүд нь яаж ч сарвайгаад гэрээ батлагддагаараа батлагдана “ гэж тэр бусдыгаа тайвшруулсан аж.

Үнэхээр ч та бидний сонгосон 56 гишүүн худалдагдчихвал үлдсэн 20 нь юу ч яриад нэмэргүй болох нь тодорхой боллоо. Энержи ресурсынхан УИХ-аар гэрээ нь батлагдана гэж бат итгэсний улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүхэлд нь худалдан авч олон нийтийн тархийг угаахаар түрэмгийлж байна. Тэд энэ ажилдаа хамаг л сайн мэргэжилтэн, сэтгүүлчдийг үнэ хайрлалгүй хөлслөн зүтгүүлж байна. Тэдний дунд ардчилсан, тэгш нийгмийн тухай эрүүгээ чилтэл чалчиж, хуруугаар холцортол бичсэн хүмүүс ч багтжээ.

Хэрвээ энэ хүмүүсийн санаархал биелж УИХ гэрээг баталбал юу болох вэ? Асар их мөнгө олж авсан олигархиуд олны уур хилэнг зайлуулах үүднээс шүүх, цагдаа хууль сахиулах хүчнийг хуйгаар нь худалдан авах болно. Цаашилбал эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд шударга сонгуулийг үгүй хийнэ. Бүгдийг худалдаж авна гэсэн зарчмыг монголд тогтооно.

Асар их мөнгө(монголын ард түмнийг 200 жил тэжээх хөрөнгө шүү!) учраас энэ нь түвэггүй биелэх зорилт байх болно.

Монгол орон 14 олигархийн хяналтад орж хөгждөг ч үгүй, үхдэг ч үгүй сүг болон хувирна. Яг ийм замаар явчихсан улсууд бэлээхэн байж байна. Мексик бидэн шиг асар их баялагтай ч цөөн тооны олигархиуддаа залгиулснаас баян хоосны ялгаа туйлдаа хүрснийг бид мартах ёсгүй. Баячууд нь мориндоо алтаар жүчээ босгож байхад ядуус нь хоолны мөнгө олохоор Америк руу амиа золин цагаачилдаг Мексикийн тавилан биднийг хүлээж байна.

Төгсгөл

Тэгээд яах вэ? гэж асуух хүн олон байгаа.
Юуны өмнө хэлэхэд нүүрсний үнэ, хэзээ ч үнсний үнэтэй тэнцэхгүй тул яарах хэрэггүй тайван байцгаая. Өмхийрөөд ялзрахгүй нь л үнэн. Гэрээгээ хурдхан батлуулах гэхдээ олигархиудын зохиолгосон үлгэр шүү дээ. Тэд яагаад яарав? .... Сонгууль ойртож байгаа болохоор. Ирэх сонгуулиар энэ луйварчдыг хэн ч сонгохгүй. Тэгэхээр сонгуулиас өмнө “амжиж мөнгөтэй” болохоор яарч байна. Мөнгө байхад эд нар сонгохгүй хаачдаг юм гэсэн ахархан бодолдоо буцалж байна.

Алаагүйн баавгайн арьсыг 14 хуваачхаад хөөрцөглөж байгаа луйварчдыг ялгаж, салгаж харцгаая. Ард түмнээрээ тулхтай хэлцэж, хамгийн зөв шийдлийг олъё.

Орос, Хятад гэх мэт ил тод байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай байдаггүй улсуудын гарт баялаг минь орчих боломжийг хаая. Олон мянган хувьцаа эзэмшигч, хариуцлагатай уул уурхай, туршлагатай нөхөн сэргээлт бүхий хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийе.

Үндсэн хуульд заасан “газрын хэвлий дэх баялаг ард түмнийх байна” гэсэн заалтыг хатуу сахиулъя. Ард түмний хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон асар их баялаг бүхий орд хэрхэн ямар замаар луйварчдын гарт орсныг тогтоож, хуулийн хариуцлага ногдуулъя.

“Таван толгойг тойроод таван зуун толгой хэрэлдлээ” гэх юм.Хоёр сая толгой хэлэлцээд хамгийн ашигтай шийдэлд хүрч болохгүй гэж үү? Хэрэлдэж хэлцэж байж үнэнийг олох нь ардчилсан нийгмийн үндсэн шинж гэдэггүй бил үү?
Хамгийн гол нь баялгийн жинхэнэ эзэд ард түмэнд Таван Толгойн нүүрсний орд өгөөжөө өгөх хувилбарыг л бий болгоё. Ямар нөхцөлд ард олон хожих гарцаагүй нөхцөлийг бий болгож байж ашиглая.

Таван толгойг завшихаар улирагсад, нам дамнасан олигархиуд замдаа таарсан болгоныг няцалж, хэмхчихээр улайран байна. Таван толгойг ард түмэндээ “Эрдэнийн хишиг” болгон түгээх санаачилга гаргасан Ардчилсан намын даргын машин онхолдсон, буруутан болох гэрэлгүй явсан мотоцикл олдохгүй байгаа зэрэг нь УИХ-аар Таван толгойн гэрээг батлуулахын өмнө тохиож байгаа нь санамсаргүй хэрэг мөн үү? гэж бодоход ч хүргэж байна. Ирээдүйгээ эрүүл саруулаар харж чадах эсэхээс минь та бидний хувь тавилан шийдэгдэх онцгой үе тулж ирлээ.

Таван толгойг яаран шийдвэл та бидэнд үнс ч олдохгүй хоцрох бодит аюул бий болоод байна. Уншигч та нэгийг болгоох биз ээ.

2007.07.23

No comments:

Post a Comment