2011/03/29

Д.Сугар: Эрдэнэс-Тавантолгойн нэрлэсэн хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ

Д.Сугар: Эрдэнэс-Тавантолгойн нэрлэсэн хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ
-Нэгж хувьцааны үнэ 300-1000 төгрөгт тогтох нь-

"Эрдэнэс-Тавантолгой"-н нэгж хувьцааны нэрлэсэн үнийг энэ оны эхний улиралд багтаан тогтоох тухай засгийн газар,төрийн өмчийн хорооноос мэдэгдсэн. Эхний улирал дуусахад гуравхан хоног үлдлээ.

Одоо хүртэл иргэд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад хишиг хувьцаагаа яаж авахаа мэдэхгүй байгаа. Ойролцоогоор нэг хүнд 538 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ. Засгийн газраас хувьцааг хэрхэн олгох асуудлаар журам боловсруулж байгаа юм байна.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас нэгж хувьцааны үнийг хэрхэн тогтоож байгаа талаар тодрууллаа.

“Нэгж хувьцааны үнийг тогтоох хоёраас гурван саналыг төрийн өмчийн хороо гаргалаа. Саналаа засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Нэрлэсэн үнийг засгийн газар албан ёсоор тогтоогоогүй гэж хэлж мэдэхгүй байна. 1000 орчим төгрөгөөр тогтоох болов уу гэсэн яриа байна. Гэхдээ үүнд болгоомжлох хэрэгтэй. Хэрэв мянгаар тогтоовол нэрлэсэн үнэд тулчих аюул байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг тогтоодог аргачлал бий. Энэ аргачлалаар 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх талаар засгийн газар маргааш хуралдаж шийдвэр гаргана” гэлээ.

Иргэдийн хувьцааг эхний улиралд багтаан эзэмшүүлэх шийдвэр энэ хурлаас гарна. Харин аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшүүлэх ажлыг судлах шаардлагатай байгаа тул хойшлуулжээ. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр худалдах хувьцааны талаар мөн засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх юм байна. Нэгэнт хувьцааг иргэд аж ахуйн нэгжид худалдах, хуваарилах техникийн ажиллагаа хангагдсан болохоор шийдвэр хүлээгдэж байгаа юм.

Ийнхүү тавантолгойг хэрхэн ашиглаж эхлэх нь тодорхойгүй байгаа хэрнээ иргэдэд хувьцааг эзэмшүүлэх бэлтгэл хангагджээ. Ногдол ашиг тараадаг компанийн тоо цөөрч буй ч иргэдийн хувьцааны талаарх ойлголт сайжирчээ. Энэ сард 58 мянган иргэн хө- рөнгийн зах зээлд “тогложээ”. Одоогоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данстай 437 мянган хүн байгаа. Гэхдээ иргэдэд эхний удаа давуу эрхийн хувьцаа үнэгүй тараана. Тиймээс энгийн хувьцаанд шилжтэл энэ данс ашиглагдахгүй талаар төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ярьж байв.

Хувьцаа эзэмших дансаа 5000 төгрөгөөр нээлгэнэ

Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 300-1000 төгрөгт тогтоох шийдвэр гаргасан тохиолдолд иргэд хэрхэн хүлээж авах, тэдний байр суурийг сонсохоор хөрөнгийн биржид очсон юм. Биржийн үүдэнд урт дараалал үүссэн байлаа. Иргэд хувьцааны талаар ойлголт авахаар зорьж буйгаас гадна дансаа нээлгэхээр ийнхүү цугларчээ. Иргэн хүн хувьцааны данс нээлгэхэд 5000, аж ахуйн нэгж 50000 төгрөг байв. Үүнд иргэд маш их бухимдаж байсан юм.

Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Г.Бавуу: Ядуу ард түмний хувьцаа ямбатны халаасанд орно


Монголын төр хувьцааны дансаа нээлгэ гэсэн. Дансаа нээлгэхээр иртэл 5000 төгрөг нэхэж байна. Хоногийн хоолоо залгуулж ядаж байгаа иргэн яах юм. Луйвар явагдаж байна. Давуу эрхийн хувьцаа гэж нэрлэсэн болж ямар ч хэрэггүй данс нээлгэж төр ард түмнээ луйвардлаа. Төрийн өмчийн хороо, төр, засгийг өөрчлөөгүй цагт тавантолгойн хувьцаа сая доллар байсан ч ард түмэнд юу ч наалдахгүй, ягаан цэнхэр тасалбар шиг үлгэр болоод өнгөрнө. Ард түмэн гэнэн байна. Уужуу тайван гэсэн нэрийн дор өөрсдийгөө хуурч 20 жил боллоо. Өнөөдөр энд хөл тавих зайгүй байгаа ч дансаа нээлгэх мөнгөтэй хүн хуруу дарам цөөн. Ядуу ард түмний хувьцаа ямбатны халаасанд орно.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн А.Баатар: Хувьцааны ашиг цөөн хүнийг тэтгэнэ

Хувьцааны нэрлэсэн үнэ өндөр бага байх бидний амьдралд нөлөөлөхгүй. Хувьцааны дансныг 5000 төгрөгөөр нээж луйвар хийж байгаа төрд үнэхээр гомдож байна. Хувьцааны ашиг цөөн тооны хүний амьдралыг тэтгэнэ. Төр, засгийг өөрчилж байж энэ асуудлыг ярих ёстой. “Тавантолгой”-н хувьцаа нэг сая 500 мянга болж байна. Ард түмэнд оногдох хувьцаа энэ хэмжээнд тооцогдсон тохиолдолд хувьцаа тараах тухай ярих хэрэгтэй.

Нэг хүнд 13 мянган ам.долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ

“Иргэний хувьцаа” төрийн бус байгууллага нэг хүн хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших боломжтойг тооцоолжээ. Энэ тооцоогоор 13 мянган ам.долларын хувьцаа эзэмших боломжтой аж.

Тавантолгойн орд газар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний нэг тонныг олборлоход 56 ам.доллар гэж тэд үзэж байна. Ингэж олсон орлогын 10 хувийг л иргэддээ хувьцаа болгож олгоход хангалттай. Нийт орлогын 10 хувь 35,84 тэрбум ам.доллар болох бөгөөд үүнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг мoнгол хүнд 13 мянган ам.долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”- н хараат бус ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандангийн ярьж буйгаар дунджаар таван гишүүнтэй нэг өрх тавантолгойн ашгаас 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой аж. Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ижил төстэй хувьцааны ерөнхий дүр зургаас ийм мөнгө босох нь гэсэн тооцоог тэрээр хийжээ.

No comments:

Post a Comment