2011/03/17

Тавантолгойн төлөө Америкчууд Оросоос, Оросууд Хятадаас болгоомжилж байна


Тавантолгойн төлөө Америкчууд Оросоос, Оросууд Хятадаас болгоомжилж байна
Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон хүн толгойгоо гашилгаж байна. Тус ордод олборлолт хийх эрх бүхий "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын Хөрөнгийн биржүүд дээр арилжаалбал хэтдээ нийт өртөг нь 10-12 тэрбум ам.доллар болно гэж ажиглагчид дүгнэж байгаа.

Энэ талаар "Wall Street Journal" сонин нэгэнтээ онцолж байв. Тэгвэл тэр их хөрөнгө босгох ажлыг хариуцахын тулд олон улсын нэртэй банкууд өрсөлдөж, бие биенийхээ мууг үзэж байсан нь саяхан. Эцсийн дүнд нь "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs", "Macquarie Group" гэх дөрвөн банкийг сонгосон. Гэвч шалгаруулалт дахин явуулж, IPO хийх банкуудыг нэмж сонгоно гэх мэдээлэл тархаад байгаа. Барууны хэвлэлүүд энэ талаар онцолж, "JP Morgan", "Citigroup"-ийнхэн хүчтэй лобби хийж эхэлсэн гэх болж.

Харин манайхан түүнийг нь арай өөрөөр тайлбарлаж, тав, тивээс банк сонгох гэж байгаа учир Хятадын "Bank of China" уг шалгаруулалтад тэнцэх магадлалтай гэж байх, юм. Ямартай ч тэмцэл дуусаагүй байна. Банкууд нэг нэгнээ хардаж, өөрсөдтэй нь холбоотой гарсан сөрөг мэдээллүүдийг өрсөлдөгч банкууд нь тараасан гэх болжээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г олон улсын Хөрөнгийн биржүүд дээр гаргаж, арилжаалах эрх бүхий банкуудын нэг болох Германы "Deutsche Вапк"-ны хувьд сүүлийн үед нэлээд асуудалтай байгаа. Өмнөд Солонгос дахь тус банкны салбарын ажилчдыг индексийн өсөлтийг худлаа мэдээлж, компаниудыг алдагдалд оруулсан хэмээн буруутгасан юм.

Өмнөд Солонгосын тухайд, томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох "Deutsche Вапк"-ыг тус улсын санхүүгийн зохицуулагчид зургаан сарын өмнөөс шалгаж эхэлжээ. Тэгээд эцэст нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын хувьцааны арилжаанаас 324 их наяд вон буюу 289 тэрбум ам.долларын алдагдалд оруулсан болохыг нотолсон байна. Энэ талаар "Deutsche Ваnк"-ны Өмнөд Солонгос дахь салбарыг хариуцсан төлөөлөгчид тайлбар өгөхгүй гэсэн бол Германы Франкфуртад байдаг төвөөс нь одоог хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Гэхдээ ажиглагчдын зүгээс "Deutsche Ваnк"-ны үйл ажиллагаанд энэ бүхэн сөргөөр нөлөөлнө хэмээн дүгнэж байгаа юм.

Одоо Өмнөд Солонгосын зүгээс тус банкны арилжаанд хатуу хяналт тавьж, нэлээд хэмжээний торгууль ногдуулж байгаа. Үүнтэй зэрэгцээд өөр олон орны санхүүгийн зохицуулагчид "Deutsche Ваnк"-ны салбаруудад шалгалт хийж эхэлсэн нь тус банкинд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж байгаа юм. Энэ талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Ямартай ч энэ бүхний дүнд "Deutsche Ваnк"-ны орон нутаг дахь салбарыг нэг тэрбум воноор торгожээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд "Голдман Сакс"-ын дуулиан ч намжаагүй байна. АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороонд бүтэн жилийн турш шалгуулж, буруутай гэдэг нь нотлогдчихсон тус банкны хувьд тэрбум ам.доллараар хэмжигдэх торгууль төлөхөөр болсон.

Харин тэдгээр банкны талаарх шинжээчдийн дүгнэлт янз бүр байгаа юм. Нэг хэсэг нь олон улсын биржүүд дээрх хувьцааны арилжаанд нь ноцтой хэлбэлзэл гарахгүй байгааг онцолж, "Энэ бол эдгээр банкны хувьд итгэл даахуйц гэдгийг нотолно" гэж дүгнэжээ. Үнэхээр ч энэ сарын 1-нд "Deutsche Ваnк"-ны нэгж хувьцаа 62.61 ам.доллар байсан бол уржигдар 57.76 ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, бага зэрэг буурсан гэсэн үг. Харин "Голдман Сакс"-ын хувьцаа 161.31 ам.доллар байснаа уржигдар гэхэд 157.76 ам.доллар болсон байна.

Банкуудын тухай яриа нэг иймэрхүү. Харин одоо үүн дээр нэмээд оператор компаниудын сонгон шалгаруулалт олны анхаарлын төвд дахин орж эхэллээ. Австралийн Мелбурн дахь "Пенгана Капитал" хөрөнгө оруулалтын газрын шинжээч Тим Скройдерс "Тавантолгойд олборлолт хийх эрх бүхий оператор компаниар сонгогдож чадвал тухайн компанийн хувьд энэ бол том шагнал болно. Тиймээс энэ асуудал уул уурхайн гигантуудын анхаарлын төвд байгаа. Гэхдээ сонгогдсон компанийн хувьд эхлээд дэд бүтцийн бүтээн босголтын ажилд зориулж тэрбум, тэрбумаар нь хөрөнгө хаях шаардлагатай болно. Тэгж байж ашгаа хүртэнэ.

Тэгэхээр бэл чадлын хувьд том компани сонгогдох нь дамжиггүй" хэмээн "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт томоохон зах зээлтэй орнууд "ВНР Billiton", "Рио Тинто"-гийн нийлүүлэлтээс хараат шахуу болчихоод байгаа энэ үед 15 сая тонн кокосжсон нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд бол чухамдаа аманд орсон шар тос л гэсэн үг юм. Харин аль компани сонгогдох магадлалтай вэ гэдэг дээр гадны шинжээчид мөн л өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Сиднейд төвтэй "Пэтирсонс Секуритис"-ийн шинжээч Андрью Харрингтон "Монголтой өнө эртний харилцаатай байсан Оросын компаниуд нөлөөгөө ашиглан сонгогдох магадлалтай.

Нөгөө талаас "Мицуй", "Шеньхуа" компанийн хамтарсан консорциумын хувьд Монголд нэлээд олон жил үйл ажиллагаагаа явуулж байсан. Тиймээс бусад компанитай харьцуулахад хөлөө олчихсон, танилын хүрээ ч ихтэй" гэж дүгнэсэн байх юм. Одоогийн байдлаар Тавантолгойд олборлолт хийх эрхтэй оператор компаниар сонгогдохын тулд АНУ-ын "Пибоди Энержи" болон Хятадын "Шиньхуа", Японы "Мицуй" нэг консорциум болж байгаа. Мөн Өмнөд Солонгос, Япон, ОХУ-ын компаниуд ч өрсөлдөж байгаа билээ. Барууныхны хувьд оросууд сонгогдох магадлалтай гэж хардаж байгааг дээр дурьдсан.

Харин манай хойд хөршийнхөн Хятадын компаниудад илүү боломж бий гэж дүгнэж байх юм. Энэ талаар "Известия" сонинд мэдээлжээ. ОХУ-ын талаас сонгон шалгаруулалтад хоёр консорциум өрсөлдөж байгаа нь тэдний ялах магадлалыг сулруулж, товчхондоо бол санал хуваана гэсэн үг. Гэтэл үүнтэй зэрэгцээд санхүүгийн чадавхийн хувьд Оросын компаниудаас хэд дахин өндөр Хятадын тал ялах боломж нэмэгдэх юм.

Австралид болсон үерийн улмаас Азийн зах зээл дээр кокосжсон нүүрсний үнэ асар богино хугацаанд 78 хувиар өсчихөөд байгаа. Тиймээс ийм үед Азийн орнууд түүхий эдийн шинэ эх үүсвэртэй болохын тулд бүх хүчээ дайчлах нь дамжиггүй. Япон, Өмнөд Солонгосын компаниуд ч анхаарлын төвд орж байна.

No comments:

Post a Comment