2011/03/04

Хоёр хөрш Тавантолгойн тендерт цойлох боломжтой



Хоёр хөрш Тавантолгойн тендерт цойлох боломжтой
Энэ онд багтаан Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч, гэрээт олборлогч компанийг сонгох том ажилтай. Энэ асуудлыг "Эрдэнэс МГЛ", Төрийн өмчийн хороо хариуцан ажиллаж байгаа юм. Тэд стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийг энэ оны нэгдүгээр сарын 31-нд хаасан. Энэ шалгаруулалтад дэлхийд уул уурхайгаараа тэргүүлэгч улсын компаниуд зодоглож буй.

Тухайлбал, гадаадаас БНХАУ-ын "Шиньхуа", Японы "Мицуи" компанийн хамтарсан нэгдэл, Люксенбургийн "Арселор миттал лимитед", БНХАУ-ын "И-Тай", ОХУ-ын "Эн Плас", Австралийн "Фортискю Металс" групп, Бразилийн "Вале", "Оросын төмөр зам" тэргүүтэй консорциум, Японы "Марубени", "Иточу" тэргүүтэй хамтарсан концерн, БНСУ-ын "Корес" хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Мэско Стийл", Интернэшнл Коул Вентчур", Австралийн "Экстрата" групп, БНХАУ-ын "Эрдос Ченлон" групп өөрсдийн материалаа явуулжээ. Харин тэдэнтэй өрсөлдөхөөр "Монголын  алт" "Монголын авто зам" консорциум, "Сигнум Индастриал" компани оролцож байгаа юм.

"Эрдэнэс МГЛ", Төрийн өмчийн хороо, үнэлгээний ажлын хэсэг эдгээр компанийн материалтай танилцаж дуусаад дараагийн шатанд тэнцүүлэх компаниудаа нэрлэх аж. Энэ шалгаруулалтаас их зүйл хамаарах юм. УИХ-ын нэр бүхий гишүүд эдгээр компанитай холбоотой байх өндөр магадлалтай. Иймээс 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойй" ордын хөрөнгө оруулагч компанийг сонгосны дараа эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдана гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн онд эдгээр компани өрсөлдөх тухайгаа мэдэгдэхэд УИХ-ынхан тэдний тухай жиг жуг ярьж байсныг санах хэрэгтэй.

Иймээс энэ тендерт хэн ялалт байгуулахаас гишүүдийн улс төрийн цаашдын замнал харагдах юм. БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Оюутолгойн гадаа үлдсэн тус улсын компаниуд Тавантолгойн ордыг алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэдний "Корес" хамтарсан нэгдлийн төлөөлөгчид өнгөрсөн зун Монголд ирэхдээ манай нэр бүхий улстөрчидтэй уулзсан гэх цуу тарсан юм. Мөн Тавантолгойн ордод хараагаа чиглүүлсэн "Оросын төмөр зам" нэгдэл улсынхаа эрх баригчдаар түрүү барьж тендерт ялалт байгуулахыг хүсэх болсон байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс Москвад айлчилсан юм.

Энэ үеэр Дорнодын уран, Тавантолгой болон бусад ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Оросын тал илэрхийлсэн юм. Энэ үеэр нэг тэмдэглүүштэй үйл явдал болсон нь тус улс Монгол Улсын өрийг цайруулсан. Тухайн үед Оросын "Коммерсант" сонинд "Монголын өрийг тэглэсэн явдал нь тус улсад манай улсын компаниуд үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Эльгиний нөөцөөс гурав дахин том Тавантолгойн ордыг ашиглахад нээлттэй боллоо" хэмээсэн байна. Иймээс өмнийн говьд хойд хөршийн компаниуд нэлээд ач холбогдол өгч байгаа юм.

Харин Тавантолгойн хөрөнгө оруулагч компанид өрсөлдөж буй "Оросын төмөр зам" нэгдлийн сул тал бол техник хангамж аж. Тэд энэ талаараа Хятадын консорциумуудаас дутуу гэж Оросын хэвлэлийнхэн мэдээлжээ. Бид стратегийн хоёр том хөрштэй. Иймээс тэднийг гомдоох нь бидний хувьд халтай. Үгүй ядаж, хилээ хааж, гаалын татвараа нэмэх зэргээр Монголыг дарамталдаг нь нууц биш. Хэрэв энэ байдлаас үзвэл хоёр хөршийн компаниуд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгох тендерт цойлох боломжтой юм. Гэхдээ манай улсын эрх баригчид цаашдын техник, технологио бодъё гэж байвал Япон, Австралийн компанийг сонгох хувилбартай.

No comments:

Post a Comment