2011/03/28

Тавантолгойд өрсөлдөх зургаан консорциумыг танилцуулж байна

Тавантолгойд өрсөлдөх зургаан консорциумыг танилцуулж байна
"Эрдэнэс Тавантолгой"-н зарласан тендерт өрсөлдөж буй олборлогч компаниудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

"Шинхуа Энержи" нүүрс олборлолтоор дэлхийд гуравдугаарт ордог
Хятадын "Шинхуа энержи" компани 1995 онд үүдээ нээсэн, нүүрс олборлолт, тээвэрлэлт, цахилгаан эрчим хүчний нүүрс нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Хятадын төрийн өмчит компани. "Шинхуа" групп корпорацийн охин компани. Нүүрс олборлолтоороо улсдаа тэргүүлдэг, харин дэлхийд гуравдугаарт ордог.

Японы "Mitsui&Co" компани хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлдэг
Японы "Mitsui&Co" компани 1947 онд байгуулагдсан. 65 улсад 151 салбартай. Японы голлох компаниудын нэг. Үйл ажиллагаа нь ган төмрийн үйлдвэрлэл, хими эрчим хүч, жижиглэн худалдаа, хоол хүнс, автомашин, харилцаа холбоо, дэд бүтэц, тээвэрлэлт рүү чиглэдэг. Гадаадад олон төрлийн хөрөнгө оруулалт хийдэг.

БНСУ, Япон, ОХУ-ын нэгдсэн консорциум
"Иточу" кимоно, "Марубени" зотон даавууны, "Сумитома"- номын дэлгүүрийн худалдаагаар бизнесээ эхэлж байжээ. "Иточу", "Сумитома", "Сожиц", "Марубени"-г Монголчууд андахгүй. Дөрвөн жилийн өмнө цэвэр ашиг нь 218,6 тэрбум иен болж байсан "Иточу"-гийн түүх 1858 онд кимоногийн худалдаагаар эхэлж байж. Эрчим хүч, эрдэс баялаг, металл, даавуу, санхүү, ой, содон бүтээгдэхүүн, даатгал, үл хөдлөх хөрөнгө, машин техникийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.

"Марубени" 1858 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа нь зотон даавууны худалдаагаар эхэлсэн. Мэдээж жил ирэх бүр үйл ажиллагаа нь өргөжиж байсан. "Тоцу", "Нанё Буссан" компаниудтай нэгдсэн нь өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн гэдэг.

"Сумитома"-гийн түүх бүр эртнийх. Масатомо Сумитомо 1615 онд номын дэлгүүрээ нээсэн үеэс тооцогддог. Жирийн нэг номын дэлгүүрээс эхэлсэн энэ бизнес өнөөдөр хүнд үйлдвэр, банк санхүү, цемент, хөнгөн үйлдвэр, химийн бүтээгдэхүүн, уул уурхай, автомашин, компьютерын салбарт явуулж байгаа үйл ажиллагаагаараа дэлхийг хэрээд байна.

Харин "Сожиц" залуухан компани. 2004 онд "Нисшо Ивай", "Ничимэн" корпораци нэгдэж байгуулжээ. Мөн л олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нэг том салбар нь уул уурхай. Өнгөрсөн онд 95 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.

Оросын монополь "Оросын төмөр зам" компани
Оросын төрийн өмчит Оросын төмөр зам компани улсынхаа толгой компани. Тус улсын ДНБ-ний 2,5 хувийг бүрдүүлдэг. Эзэмшлийн төмөр зам нь 85,500 км.

Австрали, Швейцарийн "Экстрата коул" консорциум нүүрсний акул
Австрали-Швейцарийн "Экстрата Коул" консорциум коксжих нүүрсний тав дахь том үйлдвэрлэгч. Өмнөд Африкийн томоохон нүүрс олборлогч. Австралийн нүүрсний экспортын толгойлогч. Өмнөд Африк, Австрали, Колумбийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг.

Бразилийн "Валэ" нүүрсний шуналтан
Бразилийн "Валэ" үндэстэн дамнасан компани. 1942 онд байгуулагдсан. Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг. Төмрийн хүдэр, зэс, төмрийн хайлш, нүүрс хүчлийн кали, хөнгөн цагааны салбарт амжилттай ажиллаж байгаа.

Бразилийн нийт экспортын 11,9 хувь нь "Валэ"-д хамаатай. Өнгөрсөн оны цэвэр ашиг нь 5,5 тэрбум доллар. Таван тивийн 38 оронд салбартай. Мозамбикт жилд 14 сая металлург, эрчим хүчний нүүрс олборлох 70 жилийн нөөцтэй уурхайтай. Австралид 2,7 тн нүүрсний нөөцтэй ордыг эзэмшдэг.

Люксембургийн "Арсэлор митал" гангийн магнат
Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн магнат тодотголтой энэ компани 1989 онд байгуулагдсан. Өнгөрсөн онд 78 тэрбум долларын ашигтай ажилласан. 60 оронд өөрийн төвтэй. Дөрвөн тивийн 20 орны аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил 90,6 сая тонн боловсруулаагүй гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ нь дэлхийн гангийн бүтээгдэхүүний найман хувийг эзэлдэг.

No comments:

Post a Comment