2011/03/28

Иргэдийн нэр дээр данс шууд нээнэ

Иргэдийн нэр дээр данс шууд нээнэ
Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 538 ширхгийг үнэгүй эзэмшүүлэхээр болсон. Энэхүү ажлын бэлтгэлтэй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танилцлаа. Одоогийн байдлаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд данстай 457 мянган иргэн байна. Тиймээс эхний ээлжинд тэдний хувьцааны эрх нээгдсэн аж. Цаашид иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэр дээр автоматаар данс нээгдэх юм байна.

“ҮШТГХГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам “Манай төв нь иргэд, аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгох бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраар баталгаажуулж байгаа юм. Мөн иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, үл тасрах горимоор, ажиллах өндөр хүчин чадалтай мэдээллийн тоног төхөөрөмжийг гадаадаас худалдаж авсан. Ингэснээр урьд нь нэг иргэнд данс нээхэд таван минут зарцуулдаг байсныг хоёр секунд болгох боломж бүрдсэн” гэж ярилаа.

Төвлөрсөн хадгаламжид нээгдсэн дансны батламжийг иргэдэд тараана. Үүний ард удирдамж бичсэн бөгөөд хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл тус хувьцааг борлуулж болохгүйг анхааруулсан аж. Харин иргэд хувьцаагаа эргэлтэд оруулахын тулд брокерийн пүүсэд дахин данс нээлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэдийн хоёр дахь данс юм. Олон улсын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ мэдрэгдэн, хоёр дахь зах зээл нээгдэх үед иргэд хувьцаагаа энгийн хувьцаанд хөрвүүлэх боломж бүрдэнэ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас хараахан тогтоогоогүй байна. 1.5 тэрбум ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хэт бага, эсвэл өндөр тогтоовол нэлээд эрсдэл авчирна. Тиймээс нэлээд судалгаа хийж, болгоомжтой хандахыг анхааруулж байгаа юм. Харин хувьцааны нэрлэсэн үнэ нь 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэх бололтой. Цэнхэр, ягаан тасалбарын түүхийг давтахгүйн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж гол үүрэг гүйцэтгэх юм.

Тиймээс эхний ээлжинд брокер, диллерийн пүүсэд тавих шаардлагаа өндөрсгөх аж. Орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулах, нэг аймагт хоёроос доошгүй пүүсийн салбар байхыг шаардаж байгаа юм. Мөн банкууд брокер, диллерийн үйл ажиллагаа явуулж болох асуудлыг Монголбанк баталж, эхний банкуудтайгаа ярилцаж эхэлсэн байна. Энэ нь банкны системийг ашиглах, үр дүнтэй арга гэнэ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай “Дэлхийн томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах хүсэлтээ тавьж эхэлсэн. Гэвч бид тодорхой шалтгаануудаас болж тэдгээр компанийн хувьцааг бирж дээрээ арилжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Арилжаа, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйлчилгээ манайд хоцрогдсон, өртөг нь өндөр.

Эдгээр нь зах зээл тэлэх, хөрөнгө оруулалт татахад саад болдог. Иймээс эрх зүйн орчноо сайжруулахаар хууль боловсруулж байна” гэж ярилаа. Мэргэжилтнүүд одоогийн хэрэгжиж буй Үнэт цаасны тухай хууль олон улсын стандартыг хангахгүй байгааг онцолсон. Үүнийг шинэчлэхийн тулд гадны зөвлөхүүдтэй гурав орчим жил хамтран ажиллаж, боловсруулсан хуулиа ХЗДХЯ-нд шилжүүлжээ.

Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хууль бэлэн болж байгаа юм. Энэ нь Хөрөнгийн биржийг олон улсын зах зээлийн түвшинд хүргэхэд эрх зүйн орчныг бүрэн хангахаар боловсрогдсон гэлээ. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн цахим тооллогын программ нь 1993 оноос хойш шинэчлэгдээгүй аж. Тиймээс интернэтэд суурилсан программ суулгахаар төлөвлөж байна. Дээрх программ нь секунтэд 25 мянган ширхэг хувьцааг арилжаалах боломжийг бүрдүүлэх аж.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийтдээ 14.2 сая ам.долларын өртөгтэй аж. Энэхүү төслийн үр дүнд зах зээлийн механизм, төлбөр тооцооны систем, бүртгэлтэй байгаа компаниудын стандартыг сайжруулахад тодорхой алхам хийгдэх юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржид арилжаалахаар төлөвлөж байна.

Харин “Санхүүгийн зах зээл өргөжих болсонтой холбогдож энэ шатанд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Иймээс иргэдийг зөв мэдээллээр хангах, санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцаанд иргэд хэрхэн оролцох, ямар бэлтгэлийг хангасан байвал зохих талаар сургалт сурталчилгаа сайн хийх хэрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зөвлөлөө.

No comments:

Post a Comment