Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төр ажлаа эхлүүлсний зэрэгцээ иргэдэд эзэмшүүлэх хувьцааны асуудал анхаарал татах болов. УИХ-аас баталсан Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зааснаар 15 тэрбум ширхэг хувьцааг гаргана. Үүний 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх бол мөн 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаална. Харин Засгийн газраас гаргасан тогтоолоор нэг иргэнд 500 ширхэг хувьцаа ногдох болоод буй. Гэхдээ хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болоогүй байгаа юм. Мөн Тавантолгойн ордын хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гаргасны дагуу IPO хийх хөрөнгө оруулалтын банкийг шалгаруулах ажил ид үргэлжилж байна. Иймд бид дээрх асуудлын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах тодруулгыг хийлээ.
-Тавантолгойн хувьцааны үнэ хэзээ тодорхой болох вэ, нуугаад байна уу гэх хардлага бас бий боллоо. Мөн иргэд хэзээнээс эхэлж, хувьцаагаа эзэмших юм. Олон нийт энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж байна?
-Тавантолгойн хувьцааны үнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан тогтооно. Ямар нэгэн юмнаас нуугаад байгаа юм байхгүй. Тавантолгойн хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд ордын үнэлгээг гаргах ёстой. Ордын үнэлгээг би сууж байгаад гаргачихгүй. Энэ үнэлгээг олон улсын зах зээл дээр хамгийн нэр хүндтэй, туршлагатай компаниар хийлгэх ёстой. Ингэснээр дэлхий дахин тэдний гаргасан үнэлгээнд итгэж, олон улсын зах зээл дээрээс манай хувьцааг худалдаж авна. Одоо “Эрдэнэс тавантолгой” компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын 16 банк Монголын талд сонирхлоо илэрхийлчихсэн, сонгон шалгаруулалт ид болж байна. Ирэх долоо хоногийн дундуур дүн нь гарчих болов уу, тэр үед бид танилцуулна. Сонгон шалгаруулалтаар шалгаран, сонгогдсон том банкныхан ирээд бидэнтэй цуг сууж, Тавантолгойн ордыг үнэлээд, хувьцааны тоог та бүхэн мэдэж байгаа, 15 тэрбум хувьцаа бий, түүнд хуваагаад нэгж хувьцааны үнийг гаргана. Энэ бол эхний ажил. Хоёрдугаарт, тэр нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгждээ зарах, тэр нэрлэсэн үнээр нь хувьцааг иргэддээ хуваарилах бэлтгэл ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хангана. Засгийн газар асуудлыг авч хэлэлцээд улстөрийн шийдвэрээ гаргамагц ард иргэддээ хувьцаа тараана.
-Хувьцааг хэдий үед тараана гэсэн үг вэ?
-Баттай хэлэхэд улсын баяр наадмын өмнө хувьцаа тараана гэж ойлгож болно.
-Гэхдээ иргэдэд тараах хувьцаа нь давуу эрхийн хувьцаа байх уу, энгийн хувьцаа байх уу гэдэг нь маргаантай байна гэж дуулдах?
-Хувьцаан дээр нэг их маргаан өрнөөгүй, тэгж мушгиж болохгүй. Хоёр төрлийн хувьцааны тухай ярьж байна. Нэг нь Хүний хөгжлийн сангаар дамжуулж хуваарилах хувьцаа. Үүн дээр давуу эрхийн хувьцааг ярьж байна. “Эрдэнэс тавантолгойн” хувьд УИХ-аас баталсан тогтоолын дагуу энгийн хувьцаа юм. Гэхдээ энгийн хувьцаа гээд орхичихгүй. Ягаан, цэнхэр хувьцааны түүхийг санаж байгаа байх, та бүхэн. Овсгоотой хүмүүс нь тэр хувьцааг цуглуулж аваад, юм болгож чадсан бол бусад нь хоосон хоцорсон. Тийм алдааг дахиж гаргуулахгүйн тулд л хувьцааны хэлбэрийг яриад байгаа хэрэг.
-Хувьцаа ямар хэлбэрээр байлаа ч, түүнийгээ хэрхэн ашиглах арга ухаанд суралцаагүй цагт ягаан цэнхэр өнгийн хувьцааг тараахад гарсан алдаа давтагдахгүй гэх баталгаагүй юм биш үү?
-Зах зээл дээр хувьцааны үнэ жинхэнээрээ тогтоод ирэхээр үнэ нь хэд дахин өснө гэж тооцож байгаа. Тэр цагт Монголын иргэд эзэмшсэн хувьцаагаа үнэтэй цэнэтэй эд юм гэдгийг ойлгож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах чадварт суралцана. Ингээд тодорхой хугацааны дараа хувьцаагаа ашиглах боломжтой болох юм.
-Тэгвэл иргэдийн хувьд хувьцаагаа эзэмшингүүтээ ашиглаж болохгүй гэсэн үг үү?
-Иргэдэд хуваарилах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай байна, тиймээс зарж болохгүй гэсэн үг. Харин хөрөнгийн биржээр зарагдаж байгаа хувьцаанаас нэмээд худалдаад авах эрх бүрэн нээлттэй.
-Аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалахаар болсон. Тэдний хувьд мөн л тодорхой хугацаанд иргэд шиг хүлээлттэй байна гэсэн үг үү?
-Аж ахуйн нэгжүүдийн хувьд хувьцааг мөнгөөрөө худалдаад авчихсан юм чинь хувьцааны хоёр дах зах зээлийн арилжаа эхлэнгүүт хөрвөөд, бусад хувьцааны арилжаа шиг явчихна. Бидний тооцсоноор нэрлэсэн үнийг тогтсоны дараа нэг аж ахуйн нэгжид 30 мянга орчим хувьцаа оногдоно гэж тооцсон. Тэгэхээр манай Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гараад үнэ нь тогтонгуут нөгөө аж ахуйн нэгжүүд хувьцаагаа зарах, худалдаж авах эрх нь угаасаа нээлттэй, ийм байдлаар арилжаа хийгдэнэ. Иргэдийн хувьд тодорхой хугацаанд хязгаарлана, энэ хооронд иргэд тодорхой ойлголттой болж, хувьцаа нь өсөөд ирэхээр зөвшөөрөөд, за ингээд хувьцаагаа арилжаалж болно гэж үзэж, эрх өгнө. Ирээдүйд “Эрдэнэс тавантолгой” дэлхийд эхний хэдэд орох хувьцаат компани болно. Урьдчилсан ярилцлага, янз бүрийн байдлуудаас дүгнэлт хийхэд “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт үнэ цэнэ нэлээн үнэ хүрэхээр байгаа. Ойролцоогоор 10 гаруй тэрбум ам.доллар болно, урьдчилсан байдлаар тооцоход.
-Иргэд Тавантолгойн хувьцааг эзэмшихийн тулд ямар үүрэг хүлээх ёстой байгаа вэ?
-Эхлээд иргэдийн тоог үнэн зөв гаргана. Төвлөрсөн хадгаламж тооцооны төв байгууллага гэж байдаг, тэнд хүн амын тоо очно. Ингээд хувьцааны тоо, үнэ тодорхой болчихоор жагсаалтаар хүн амдаа нээх шийдвэр гарчихна. Иргэн та 550 ширхэг хувьцаа эзэмших боллоо гээд нотолгоог нь бидэнд өгчихнө.
Хоёрт, иргэн энэ хувьцааг хөдөлгөхөөр боллоо, брокерын пүүс дээрээ очоод данс нээлгэнэ. Онолын хувьд бүх иргэнд данс нээгдэнэ, Төвлөрсөн хадгаламж тооцооны төв дээр. Тодорхой арилжаа хийх болохоор брокерын пүүс дээрээ очиж хийнэ. Ингэхийн тулд эхлээд шалгуулна, бүх зүйл тохирч байна уу, чи өөрөө мөн үү, биш үү гэдгээ нягтлуулна. Төвлөрсөн хадгаламжийн тооцооны төвөөс түүнийг нь нотлоод өгчихнө. Брокерын пүүс тэр нотолгоог хүлээж аваад, данс нээгээд энэ хүн дээр ийм данс нээлээ шүү гээд буцаагаад Төвлөрсөн хадгаламжийн тооцоолох төвд баримтыг буцаагаад өгчихнө. Ингээд та өөрийнхөө эзэмшлийн хувьцааг эрх нээгдсэний дараа брокерын пүүсээрээ дамжуулаад зарж болно, бэлэглэж болно. Эсвэл зах зээл дээр гарч байгаа хувьцааг энэ дансаараа дамжуулаад худалдаж авч болно. Бүх юм чөлөөтэй.
-Гол нь иргэний бүртгэлдээ хамрагдсан байж л данс нээгдэх нь ээ дээ?
-Иргэдийн үүрэг бол иргэнийхээ шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх, орон сууцны тооллогодоо хамрагдсан байх явдал. Төрийн зүгээс аль болох иргэддээ бага төвөг учруулах, бага хураамж авахын төлөө ажил зохион байгуулж байна. Гэхдээ техник ажил маш их , бид амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна.
-Хөрөнгө оруулалтын банкуудаас хэдийг нь сонгохоор болж байна вэ?
-Ер нь бид энэ олон банкуудаас богино жагсаалт үүсгээд тэрэн дотроосоо яръя гэж бодож байсан юм. Явцын дундаас богино жагсаалт сонголт хоёр адилхан болж байна, тиймээс шууд сонгоё гэсэн бодолтой байгаа. Дэлхийн зах зээл дээрээс 2-4 тэрбум ам.доллар босгох хэлцэл маш их хүч шаардана. Тийм учраас нэгээс илүү банк орно. Гурваас дөрвөн банк шалгаруулна гэж ойлгож болно. Ямар банкууд шалгарах вэ гэдэг нь сонгон шалгаруулалт дуусаагүй учраас хэлэхэд эрт байна.
No comments:
Post a Comment