2011/03/07

Иргэд хувьцаагаа хямд үнээр зарчихвал авах өгөөж нь багасна


Иргэд хувьцаагаа хямд үнээр зарчихвал авах өгөөж нь багасна
-Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат хариулж байна-

-Иргэд хувьцааны дансаа нээлгээд эхэлчихлээ. Их л яарч байх шиг байна?

-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг энэ оны эхний хагаст багтаан олгоно гэж үзсэн. Үүнээс болж өнөөдөр брокер дилерийн компаниуд дээр данс нээлгэх иргэдийн бужигнаан үүсч байна. Уг нь ингэж бужигнах шаардлагагүй. Иргэд хувьцаа эзэмшигч болохын тулд юун түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Тэр бүртгэлийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв авч иргэдэд данс нээж өгөх юм. Харин брокертой хэзээ гэрээ байгуулах вэ гэхээр хувьцаагаа дансандаа хийгээд арилжих үед л хэрэгтэй. 

Одоо бол үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид бүртгүүлээд улмаар нийтэд арилжаалах хоёрдогч зах зээл нээгдэх хүртэл хугацаанд бусдад худалдах боломж нь хаалттай байлгах талаар ярьж байгаа. Харин яг одоо "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшихийн төлөө яарч брокерийн компанид данс нээлгэх шаардлага байхгүй. Яагаад гэхээр иргэд хувьцаагаа өнөөдөр авлаа гэхэд маргааш нь зарж болохгүй шүү дээ.

-Брокерийн компанийг сонгоход та бүгдийн мэдээлэл чухал. Тиймээс иргэд энэ талын мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Брокерын компаниудын талаар манай хорооноос мэдээлэл авч болно. Танилцуулга, ажилтан, захирлын тухай мэдээлэл, холбоо барих хаяг, компанийн оршин байгаа газар зэрэг бүх мэдээллийг ирэх долоо хоногтоо багтаан цахим хуудсандаа тавина. Одоо ч энэ компаниудын санхүүгийн чадавхийн талаарх мэдээллийг манай цахим хуудсаас харж болно. 

Тэгэхээр юуны түрүүнд брокерын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шалгуурт нийцсэн байх ёстой. Ажилтнууд нь мэргэшсэн, дүрмийн сангийн хөрөнгө нь хуульд заасан хэмжээнд хүрсэн, өөрийн эргэлтийн хөрөнгийн зохистой хaрьцaa, санхүүгийн чадавхийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Тэр шаардлагыг хангасан брокерийн компанийг иргэд сонгох нь зөв.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараах ажлыг энэ оны эхний хагаст багтаан хийнэ гэж байгаа. Мэргэжлийн хүний хувьд танд ямар нэг болгоомжлол төрж байна уу?

-Бидний зүгээс тус компанийг олон улсын зах зээлд гараад шаардлагатай хөрөнгөө татаж бүртгэлээ хийлгэсний дараа иргэдэд үнэгүй өмчлүүлсэн хувьцааг олон улсын зах зээлийн ханшаар зарах эрхийг нь нээгээч гэсэн байр суурьтай байгаа. Үүнийгээ бид дээш нь уламжилсан. Тэр болтол иргэдийн өмчлөлд хэвээр байлгаач гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол угаасаа жижиг зах зээлд үнэ ханшийн өсөлт нь бага байж таарна. Тэгэхээр иргэд маань олон улсын зах зээлийн үнээр хувьцаагаа зарах боломжоо алдана. 

Олон улсын захад бүртгүүлж ханш тогтоогүй байхад хямд үнээр зарчихвал иргэдийн авах өгөөж багасна. Тийм ч учраас иргэдийн өмчлөлд хувьцааг үнэ төлбөргүй өгчихөөд хоёр дахь зах зээлд нээх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Тэр хугацаанд иргэд ногдол ашгаа авах, хуралд оролцох эрхээ эдлээд явах боломжтой.

No comments:

Post a Comment