2011/03/07

Тавантолгойн хувь заяа Ерөнхийлөгчийн гарт байна

“Монгол-999” ХХК-ийн ТУЗ-ийн Ажлын албаны дарга Б.Аюуштай Тавантолгой тойрсон асуудлаар ярилцлаа.

-Саяхан “Монгол-999” үндэс­ний компаниудын нэгдлээс Та­ван­­­­­­­­­­толгойн олборлолтыг эх­­­лэх­­­­­­­­­­­­дээ Монголдоо ашигтай бай­­­­­­­­­­­­­­хаар гэрээ байгуулах, ордыг бүхэлд нь ашиглахын чухлыг са­­­­нуул­­­­сан мэдэгдлийг төр зас­гийн тэргүүнүүдэд хаяглан ил­гээсэн. Түүний хариуг ямар нэг хэлбэрээр өгсөн үү. Ер нь та бүхэн Тавантолгойн ордыг хуваах хэлбэрээр ашиглахыг эсэргүүцээд байгаагийн учир юу вэ?

-Одоохондоо ямар ч хариу өгөөгүй байна. Засгийн газар Тавантолгойн ордыг хэд хэд хуваагаад хэсэг бүрийг нь гадаадын аль нэг компани консорциумд ашиглуулах төсөл оруулж ирсэн шүү дээ, анх. Харин мэргэжлийн геологич, уулын инженерүүд болохоор Тавантолгойн ордын гол үнэ,цэнэ нь том хэмжээний орд гэдэгтээ л байгаа гэдгийг хэлж байгаа. Түүнээс Тавантолгойг 5-6, арав хуваасантай тэнцэх хэмжэний орд Монгол нутгийн хаана нь ч байгаа шүү дээ. Хэрвээ уг ордыг ашиглагч нь нэг газар байх аваас дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чанартай, цогц байдлаар хийнэ шүү дээ. Авто болон төмөр зам тавих, цахилгаан станц барих, нүүрс угаах, кокс химийн үйлдвэр байгуулахаас эхлээд орд дагасан бүтээн байгуулалт өрнөнө. Харин хувааж орхих юм бол зөвхөн олборлоод, зөөвөрлөхийг илүүд үзэх нь мэдээж биз дээ. Хоёрдугаарт коксжих нүүрсний агууламж ихтэйдээ үнэ цэнийг өсгөж байгаа хэрэг гэдгийг мэргэжилтнүүд нотолж байгаа. Тиймээс л Тавантолгойн ордыг хуваан ашиглах нь буруу. Уг ордыг бүхэлд нь ашигладаг үндэсний компани байгуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавиад байгаа юм. Үндэсний компани гэдгийг онцлох хэрэгтэй. Гадныханд ашиглах эрхийг өгөх нь буруу гэсэн саналыг бид дэвшүүлэн тавьсаар ирсэн. Бидний санал бол Засгийн газрын төслөөс тэс өөр юм. Харин өнгөрсөн оны долдугаар сард УИХ Монголын түүхэнд эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэхүйц түүхэн шийдвэрийг гаргасан. Энэ бол УИХ-ын 39 дүгээр тогтоол. Энэхүү тогтоолын үнэ цэнэ хэдэн жилийн дараа ойлгогдоно. Энэхүү тогтоолыг биелүүлж гэмээнэ монголчуудад Монте Кристо гүнгийн түүхийг давтах боломж олдоно гэж хэлбэл хүмүүст илүү ойлгомжтой юм болов уу.

-Тавантолгойн орд газрын ойр орчимд нутагладаг иргэд нүүрсийг нь өдөр шөнөгүй зөөгөөд дуусч байгаа гэлцэх юм билээ?

-Яалаа гэж. Өнөөдрийн хурдаар өдөр шөнөгүй зөөхөд 100 жил ч багадах тйим их баялаг орд гэдгийг Монголын геологичид тогтоосон шүү дээ. Үнэхээрийн асар их баялаг. Монгол Улсын гурван сая иргэнийг булангийн орныхон шиг баян тансаг амьдруулж чадахуйц орд газар шүү гэдгийг л хэлмээр байна. Тийм арвин баялгаа бид өөрсдөдөө, үр хойчдоо ашигтай байхыг бодох уу, эсвэл хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод ямар ч шийдвэр гарсан яах вэ гээд суух уу гэдгээ хүн бүр л бодох цаг ирээд байна. Тиймээс ч манай “Монгол-999” компани Тавантолгойн ордыг яаж ашиглавал зохистой вэ, засаг төр ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг маш анхааралтай ажиглаж байна. 

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд тодорхой заасаар байтал Засгийн газар Тавантолгойн ордыг хуваан эзэмшүүлэхээр болсноо олон түмэнд танилцуулж байна. Бүр тендер хүртэл зарлаад амжлаа. Үүнийг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ. Уг нь УИХ-ын шийдвэрийг Засгийн газар нь дагах учиртай баймаар?

-Засгийн газар болоод ТӨХ-ны зүгээс УИХ-ын тогтоолын хамгийн гол үзэл санааг алдагдуулсан шийдвэр гаргаад байгаа. Монголчууд хууль, тогтоолыг зөрчихдөө огт ажрахаа больсон. Энэ бол Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгаа хорон сэтгэхүй шүү дээ. Хууль, тогтоол гаргасан л бол биелүүлж, мөрдөж байх ёстой. Засгийн газар Тавантолгойн ордыг хоёр хувааж, нэг хэсгийг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид, нөгөө хэсгийг нь гадны компаниудад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ашиглах эрх өгнө гэж шийдвэрлэсэн нь үнэхээр харамсалтай. 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зарласан сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. 

-Тавантолгойн хувьцаанаас тус бүр 10 хувийг иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хуваарилахаар УИХ-ын тогтоолд дурдсан. Тэгэхээр ордыг хуваан, хагасыг нь гадныханд  эзэмшүүлснээр иргэдэд хүртэх хувьцааны хувь хэмжээ буурна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Бидэнд оногдох хөрөнгийн хэмжээ хэд дахин багасах магадлалтай. Тэгэхээр Засгийн газрын энэ шийдвэр монгол хүн бүрийн эрх ашгийг хөндсөн, хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр болоод байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадварт ч нөлөөлнө. Эрдэс баялгийн сайд “Гадаадын компаниудад ашиглах эрхийг нь л өгнө, тусгай зөвшөөрлийг нь өгөхгүй” гэж мэдэгдсэн. Энэ бол бүүр хариуцлагагүй мэдэгдэл. “Тусгай зөвшөөрөлгүйгээр эрдэс баялгийг ашиглахыг хориглоно” гэж Ашигт малтмалын хуулинд нь заасан байтал салбар хариуцсан төрийн сайд ийм мэдэгдэл хийсэнд үнэнхүү гайхаж байна л даа.

-Ордыг хуваан эзэмшүүлэхдээ ашиглахад хялбар, коксжсон нүүрс элбэгтэй, хамгийн өгөөжтэй хэсгийг нь гадаадын компаниудад ашиглуулах гэж байна гэх юм?

-Тэр өгөөжийн тухай би яримааргүй байна. Яагаад гэвэл өгөөжтэй гэдгийг нь мэддэг хүн нь би биш. Тавантолгойн ордыг нөөцийг бол Монголын геологичид тогтоосон болохоор хаанаа өгөөжтэй, хаанаа таарууг нь тэд хэлэх биз. Нөгөөтэйгүүр сайн, муу ямар боловч энэ ордыг хуваан эзэмшүүлэх ёсгүй гэдгийг л хэлэх байна. 

-Одоогоор Тавантолгойтой холбоотой гурван ч сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Эдгээр нь хуулийн дагуу хийгдэж чадаж байгаа юу?

-Энэ гурван тендер гурвуулаа л хууль зөрчсөн. Яагаад гэвэл энэ ордыг ашиглах эрх бүхий субъект нь “Эрдэнэс Тавантолгой” компани шүү дээ. Тус компанийг хуулийн дагуу байгуулчихаад дараа нь энэ компани өөрөө тендерээ зарлах ёстой байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулинд “Байгуулагдаагүй компани иргэний эрхзүйн харилцаанд бие дааж оролцохыг хориглоно” хэмээн тодорхой заасан байгаа. Гэтэл тэр компанийн өмнөөс ТӨХ, “Эрдэнэс МГЛ” зэрэг газрууд сонгон шалгаруулалтыг явуулаад байгаа нь хууль бус үйлдэл. Монголын эдийн засгийн хувь заяаг атгах эрх бүхий этгээд бол “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал, ТУЗ байх юм. Үүнд хэн гарч ирэх нь вэ гэдэг нь монгол хүн бүрт хамааралтай. Гэтэл ганцхан ТӨХ-ны асуудал юм шиг хандаж байгаа нь маш хариуцлагагүй хэрэг.

-Танай компани болон МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүү­дээс төрийн өндөрлөгүүдэд хандан мэдэгдэл хийсэн. Гэтэл үүнийг МҮХАҮТ-ын дарга өөртөө хамаагүй хэрэг хэмээн тайлбарласан байна лээ. Та тэрхүү мэдэгдлийг гаргасан ажлын хэсгийн гишүүний хувьд үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Засгийн газар, ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ээс удаа дараа зарлаад буй тендерүүд нь Монгол Улсын хууль болон УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ноцтой зөрчиж байгаа тул бид бүхэн Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт хандан мэдэгдэл хүргүүлсэн. МҮХАҮТ бол үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий байгууллага шүү дээ. Тиймээс танхимын тэргүүлэгчдээс мэдэгдлийг гаргаад танхимын даргадаа хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн юм. Яагаад ийн яаравчилсан бэ гэхээр нэгдүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтын сүүлийн хугацаа байсан юм. Гэтэл МҮХАҮТ-ын дарга М.Дэмбэрэл эл мэдэгдлийг хүлээн авалгүй шууд зугтсан. Тэр хүн өөрийн мэдлээр ажиллаж чаддаггүй, дарамт шахалтад байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байсан. С.Дэмбэрэл дарга утсаа ч авахгүй, яваад очихоор уулзахгүй болохоор бид ажлын хэсгийн ахлагч Б.Лхагважавыг байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж шийдсэн. Ажлын хэсгийн байр суурийг Монголын уул уурхайн ассоциаци, МҮЭ, Ажил олгогч эдийн нэгдсэн холбоо, Мэргэшсэн инженерүүдийн холбоо зэрэг байгууллагын саналыг ч хүлээн авсан. 

-Урьдчилсан сонгон шалга­руулалтын хугацааг хоёронтоо сунган нэгдүгээр сарын 31-нд шийдвэрлэхээр болсон. Энэ нь цаг хугацааны хувьд сар шинийн баяртай давхцаж байгаа. Үүнийг зарим хүмүүс “Чоно борооноор” гэж зүйрлэхүйц олон үйлдлийг давтах нь гэж хардаж байна?

-УИХ, Засгийн газраас аливаа чухал шийдвэрийг баяр наадамтай давхцуулдаг нь үнэхээр зүй тогтол болчихоод байна. Энэ удаа ч биднийг бууз баншиндаа бялуурч суух зуур шийдвэр гаргаж мэдэхээр байна. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн цаг хугацааны хувьд ийн таарсан нь чуулганаас чуулганы хооронд асуудал шийдэж, хэлэлцэх зүйлс бөөнөөр орж ирдэг гэдгээр тайлбарлаж байгаа ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм аргацаасан тайлбар хэлж буй нь харамсалтай хэрэг.

-Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ гэдгийг одоо болтол шийдээгүй байгаа. Энэ нь ямар хор холбогдолтой вэ. Нэгж хувьцааны үнийг чухам яажтогтоодог юм бол?

-Нэгж хувьцааны үнийг тодорхой болгох нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт үндэсний аж ахуйн нэгж компаниуд хувьцаа худалдаж авах давуу эрхээ эдлэхэд ихээхэн дэмтэй. “Энержи ресурс” л гэхэд Хонконгийн биржид гарах хүртлээ 42 сая ам.доллар зарцуулсан байдаг. Харин биржид гарсны дараа тэдний хувьцаа дөрвөн тэрбумд хүрсэн гээд мэдээлээд байгаа шүү дээ. Хувьцаа нь ийн их хэмжээгээр өсөн нэмэгдэх боломж ашигт малтмалын баялаг ордуудыг эзэмшихэд л бий болдог. Тэгэхээр тус компанийн хувьцааг Хонконгийн биржид гарахаас өмнө авах нь хамаагүй хямд байсан нь харагдаж байгаа биз дээ. Яг л үүнтэй адил,Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг 42 сая байхад нь тогтоох уу, дөрвөн тэрбумд хүрсэн хойно нь тогтоох уу гэдгийг л хэлээд байгаа юм. Хөрөнгийн зах зээлд гараад хувьцаа нь өссөн үед нь бол монгол компаниуд өөрсдөдөө оногдсон 10 хувийг авч чадахгүй байх магадлалтай. Ер нь бол хувьцааны нэгж үнийг олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт татах хүртэл тухайн компанид хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдгээр нь тогтоодог. Гэтэл ТӨХ-ны дарга Хонконгийн бирж дээр гарсан үнээр баримжаална гэж бодож байгаа гэсэн байна лээ. Зарим мэргэжилтнүүд бол газар доорх нүүрсийг үнэлж тогтооно гэсэн нь ч бий. Энэ бол маш буруу юм. ТӨХ-ныхон энэ талаар ямар ч мэдлэггүй гэдгийг олон зүйлээс харуулж байна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд гадаадын хөрөнгийн зах зээлд гарахын тулд ямар бэлтгэл хийдгийг, хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоодгийг, монголчуудыг гадныхан хүлээн авна гэдгийг, бид мөнгө босгож чадна гэдгийг “Энержи ресурс” харууллаа. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”  Данкогийн зүрх болон гэрэлтүүлсэн гэж ч болно. Тэдний замаар яваад шийдэж болно шүү дээ. Тэдний чадаж байгааг бусад монгол  компаниуд ч чадна.

-Монголын Засгийн газар ч өөрөө хөрөнгө босгож болох юм гэж зарим улстөрчид үздэг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?

-Нийлж байна. УИХ-ын гишүүн О.Чулуунбат уул уурхайн чиглэлийн нэгэн сонинд Засгийн газар хөрөнгө босгох боломжтой гэж хэлсэн байсан. Арабын баян сангууд огт хүүгүйгээр ч мөнгө зээлдүүлэхийг үгүйсгэхгүй. Мөнгө гэдэг зүгээр хадгалсан тохиолдолд үнэ цэнэ нь унаад л байдаг эд. Хөрөнгө оруулалт хийчихвэл ядаж инфляцид идэгдэхгүй хадгалах боломжийг бүрдүүлдэг. Хүүгүй зээл гэдэг чинь тийм ч үнэ цэнэгүй зүйл биш. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан 30 тэрбум төгрөгийн бонд таван минутын дотор зарагдсан. Санхүүгийн зах зээл дээр гарна гэдэг заавал хөрөнгийн биржид бүртгэгдэж хувьцаа гаргана гэсэн үг биш.

-Та бүхэн мэдэгдэл хийж, захидал илгээжээ. Ямар ч хариу өгөлгүй өнөөдөртэй золгосон юм байна. Ингээд таг чиг байгаад байвал дараагийн алхам юу байх вэ?

-Хууль зөрчсөн сонгон шалгаруулалтын шийдвэр гаргасан газруудыг шүүхэд өгөх хүртэл маш олон арга хэмжээ бий. Гэвч ингэх эсэх нь ТУЗ-ийн хурлаар шийдэх асуудал.Гэхдээ би хувьдаа  Монгол Улсын Ерөнхийлөгч ийм чухал асуудлыг үл хайхран, хуруугаа ч хөдөлгөхгүй сууна гэж бодохгүй байгаа. Энэ бол Улаанбаатарын утаанаас ч тлүү аюултай асуудал шүү дээ. Бид мөнгөтэй болчих юм бол нийслэлийн утааг нэг л жилд шийднэ. Тийм болохоор Тавантолгойн хувь заяа Ерөнхийлөгчийн гарт байна. Хойшид бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол “Нийтийн өмчинй тухай хууль” юм. Газрын хэвлийн баялаг, ашигт малтмал, гол ус, ургамал ногоо гэхчилэн нийтэд өмчлүүлдэг бүхэн эзгүйдсэнээс овжин хэсэг нь бүхнийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж байна. Хичнээн олон гол горхи үгүй болж, бэлчээр сүйдэж, хвор нандин ургамал цэцэг, ан амьтан газрын хөрснөөс арчигдаж байна вэ гэдгийг тооцоход харамсалтай тоо гарна. Тиймээс нийтийн өмчийг хамгаалсан хууль хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг торгон мөчид ирээд байна.

No comments:

Post a Comment