Энэхүү системийг бүрэн нэвтрүүлэх болон биржийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах менежментийн багийн цалинд нийтдээ 15 сая ам.доллар шаардлагатай гэдгийг Английн тал мэдэгджээ. Төрийн өмчийн хороо Лондоны Хөрөнгийн биржтэй Боловсронгуй үйлчилгээний гэрээ буюу "Master service agreement"-ийг ойрын хугацаанд байгуулах юм. Энэ гэрээнд үйл ажиллагааны зардал хийгээд цалин хөлсийг ямар хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой тусгах аж.
Одоогийн байдлаар дээрх зардлыг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байгаа. Тиймээс санхүүгийн асуудлаас болж хоёр биржийн хамтын ажиллагааны явц удааширч болзошгүй байна. Гэхдээ зардлын хэмжээ нэгэнт тодорхой болсон учраас эх үүсвэрийг яаралтай тодорхойлох шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Мөн зардлын хэмжээ нэлээд өндөрт тооцогдож байгаа болохоор төсөвт тодотгол хийх замаар шийдэхээс өөр аргагүй гэх мэдээлэл ч байна.
Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай "Хэрэв төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзвэл Засгийн газар УИХ-д саналаа хүргүүлнэ. УИХ эцсийн шийдвэрийг гаргах учиртай" гэсэн юм. Тэгэхээр 15 сая ам.долларыг шийдэхийн тулд УИХ-ын хаврын чуулганыг хүлээнэ гэсэн үг. Төрийн өмчийн хороо Лондоны Хөрөнгийн биржтэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээ ёсоор ирэх сарын 20-ны дотор "Master service agreement"-ийг байгуулах учиртай.
Харин энэ гэрээг байгуулахын тулд Монголын талаас гаргах санхүүгийн эх үүсвэр тодорхой болсон байх шаардлагатай юм байна. Санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн тохиолдолд Лондоны биржийнхэн зөвхөн арилжаа, төлбөр тооцооны программ хангамж нэвтрүүлээд зогсохгүй хөрөнгийн зах зээлд оролцох компаниудын стандартыг тодорхойлох, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, мэргэжилтнүүдийг давтан сургах зэрэг өргөн хүрээтэй ажил хийх юм.
Лондоны Хөрөнгийн биржийнхэн Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд 15 сая ам.доллар шаардлагатай хэмээж буйг хэт өндөр зардал гэж ойлгох шаардлагагүй бөгөөд дээрх тооцоо нь зах зээлийн бодит үнэлгээ юм байна. Лондоны тал Монголын хөрөнгийн зах зээлийг өөд татсанаар асар их ашиг олно гэж найдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржийг Ази дахь стратегийн түншээ хэмээн албан ёсоор зарлаад байгаа юм. Ер нь англичууд энэ жил Торонтогийн биржээс эхлээд дэлхийн томоохон биржүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
Гэхдээ хөгжиж байгаа зах зээл гэдэг утгаар нь Монголын Хөрөнгийн биржид илүү их анхаарал хандуулж буй нь анзаарагдах болсон. Мөн тэд үнэт цаасны зах зээлд гарах их өсөлтийн ирээдүй Азид, тэр дундаа Монголд байх нь тодорхой гэдгийг ч баттай хэлж байгаа. Хоёр бирж хамтын ажиллагааны гэрээгээ хийж, төлбөр мөнгөний асуудлаа шийдсэний дараа Монголын компаниуд зөвхөн дотоодын биржид хувьцаагаа арилжаалаад зогсохгүй Лондоны Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжтой болох юм.
No comments:
Post a Comment