Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн зөвлөхөөр сонгоод байгаа Германы “Дойче” банк нь Өмнөд Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл саяхан цацагдсан. Үүнтэй зэрэгцээд мөн л манай талын сонголтод торж үлдээд байгаа “Голдмэн Сакс” банкны удирдлагуудын ёс зүйтэй холбоотой таагүй мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдаад байна.
“Goldman Sachs” банкны захирлуудын нэгэн байсан Ражат Гупта албан тушаалаа ашиглан олж авсан нууц мэдээллийг бусдад зарсан хэргээр шийтгүүлж, торгууль хүлээж байгаа тухай АНУ-ын Хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комиссоос зарлажээ.
“Голдмэн Сакс”-ын (Goldman Sachs) удирдлагын албан тушаалд 2006 оноос өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл гурван жил хагасын хугацаанд ажилласан тэрбээр Уоррен Баффетийн 2008 онд “Голдмэн Сакс”-т оруулсан таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар Галлеон группын үндэслэгч Ража Ражатнам гэдэг хүнд мэдээлж байсан аж. Тэгэхдээ энэ мэдээллийг олон нийтэд хүргэх болоогүй байхад нь урьдчилан задалсан тул ийнхүү шийтгэж байгаа аж.
Дээрхи тусгай комиссийн мэдээлж байгаагаар бол ноён Гупта дэлхийн нэр хүндтэй санхүүч Уоррен Баффетийн хийсэн дээрх хөрөнгө оруулалтын талаар бусдад утсаар мэдээлж байсан гэнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь “Голдмэн Сакс”-ыг санхүүгийн хямралын үеийг даван гарахад чухал нөлөө үзүүлсэн байна.
Мөн ноён Гупта нь “Голдмэн Сакс”-ын удирдлагад ажиллаж байхдаа буюу 2007 онд Procter & Gamble компанийн болон “Голдмэн Сакс”-ийн ашиг орлогын талаарх нууц мэдээллийг ч бас ноён Ражатнамд өгсөн хэмээн давхар шийтгэл хүлээх болж байгаа аж.
Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес учраас удирдлагуудынх нь ёс зүй, үйл ажиллагааны сахилга бат тухайн банкны талаарх хамгийн чухал үзүүлэлт юм.
Тавантолгойн хувьцааны хувь заяанд IPO хийх үйл явцад зөвлөхөөр ажилласан хөрөнгө оруулалтын банкны нэр хүнд чухал нөлөөтэй. Компанийн үнэлгээ, хувьцааны үнэ цэнэ бодитой, баталгаатай эсэхийг зөвлөхийн олонд танигдсан нэр хүндээр юун түрүүнд хэмждэг гэсэн үг. Тийм учраас Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллах банкуудыг шалгаруулан сонгож байгаа үйл явц өндөр шалгууртай, ил тод, талуудын санал, байр суурьд үндэслэгдэх ёстой юм. Өнөөдрийн байдлаар дээрх нэр бүхий банкуудыг хэний саналаар ямар үндэслэл шалгуураар сонгоод байгаа нь ойлгомжгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “шалгуур тавьсан” гэхээс өөр тодорхой тайлбар хийхийг хүссэнгүй. Харин тус компанийн ТУЗ дэх иргэний төлөөлөл болох Ж.Батзандангийн мэдэгдэж буйгаар манай талд саналаа ирүүлсэн 16 банкнаас чухам ямар шалгуураар алийг нь сонгох вэ гэдэг асуудал ТУЗ-д орж ирээгүй аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын хэсэг буюу хэдэн сайд л улс төрийн шийдэл гаргасан гэж үзэж байгаа юм. Тавантолгойн ордын хувь заяа, үүнээс олох ашиг орлого нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа өнөөдрийн нөхцөлд, иргэн бүр нь түүний хувьцаа эзэмшигч болж байгаа тохиолдолд зөвлөх банкны сонгон шалгаруулалт улстөрчдийн үзэмжийн хэрэг байх нь зохисгүй бус уу.
No comments:
Post a Comment