"Тавантолгой"-гоос иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр болсон. 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг л хүн бүрт тараан өгөх юм. Ингэхдээ нэг хүнд 550 ширхэг хувьцаа ногдож байгаа бөгөөд хэдэн төгрөгөөр үнэлэгдэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Харин аж ахуйн нэгжид хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдахаар тогтоосон юм.
Хувьцаа тараахад хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц чухал үүрэгтэй. Учир нь хувьцаа хуваарилах ажлыг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хариуцан ажиллах юм. Хувьцаа эзэмшихэд хөрөнгийн зах зээлийн талаар анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд оролцох хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, шууд буюу үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид нь зуучлагчгүйгээр худалдаа хийхийг хэлнэ. Хоёрдугаарт, шууд бус буюу зуучлагчаар дамжуулж худалдаа хийх арга юм.
Үнэт цаасны зах зээлийн гол оролцогсдын нэг нь үнэт цаас гаргагч. Үүнд төр, аж ахуйн нэгж байгууллагууд багтдаг. Харин зуучлагч гэдэгт брокер, дилер, хөрөнгийн бирж орно. Үнэт цаас худалдах, худалдан авахад брокер, дилер биржээр дамжуулан наймаалдаг. Брокер нь шимтгэлийн хэлбэрээр орлого олдог зуучлагч юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн өмнөөс арилжаанд оролцоно гэсэн үг. Хувиараа хөрөнгө оруулагч нар брокерийн пүүстэй хамтран ажиллах бөгөөд үнэт цаас арилжих захиалга өгдөг.
Харин брокерийн пүүс нь захиалгыг бүртгэх, үнэ ханшийн өөрчлөлтөөс үүссэн тооцоо ногдол ашгийг бодож үйлчилдэг газар юм. Аж ахуйн нэгж байгууллагууд ихэвчлэн хувийн дилерээр дамжуулан арилжаанд оролцдог. Бага шимтгэл авдаг брокерийн пүүс цөөхөн үйлчилгээ үзүүлдэг. Манайд 46 брокерийн пүүс үйл ажиллагаагаа явуулдаг. Брокерийн пүүсүүд хувь хүнтэй данс нээх гэрээ хийхдээ таван мянган төгрөгийн шимтгэл авдаг. Харин аж ахуйн нэгж данс нээлгэхдээ 50 мянган төгрөгийн хураамж төлдөг ажээ. Данс нээлгэхдээ анкет бөглөх, холбоо харилцааны хэрэгслийг ашиглан арилжааны захиалгуудаа өгч болдог байна.
Харин брокерууд өгсөн захиалгыг биелүүлэх үүрэгтэй байна. Хөрөнгө оруулагч захиалгын талаар тодорхой мэдээллийг өгөх үүрэгтэй байдаг аж. Тухайлбал, захиалгын хэмжээ гэх мэт. Захиалгын хэмжээ нь хөрөнгийн биржүүдээр багц багцаар хийгддэг. Нэг удаа бүртгэхдээ 100 ширхэг үнэт цаасыг нэг багц гэж үздэг бөгөөд эуугаас бага бол нэг ширхэг бүрэн бус багц гэж бүртгэдэг байна. Харин гүйцэтгэх хугацаа гэдэг нь хөрөнгө оруулагч үнэт цаасны арилжаа хийх хугацаагаа зааж өгч болдог. Ингэхдээ хэд хэдэн нэр томьёог хэрэглэдэг байна.
Тухайн өдөрт нь багтааж арилжаа хийхийг нэг өдрийн захиалга гэж нэрлэдэг. Биелэгдэх боломжгүй арилжаа хүчингүй болдог. Харин хугацаа заагаагүй захиалгыг нэг өдрийн захиалга гэж нэрлэдэг байна. Нээлттэй захиалга нь биелэгдэх хүртлээ хүчинтэй байдаг. Гэхдээ захиалга биелээгүй тохиолдолд брокер үйлчлүүлэгчдээ мэдэгдэх ёстой ажээ.
Иргэн, аж ахуйн нэгж брокерийн пүүсүүдэд данс нээлгэхдээ: Хэрвээ өмнө нь "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв"-д данс нээлгэж байгаагүй бол дараах материалыг бүрдүүлэх ажээ.
Үүнд:
- Данс нээлгэх хүсэлт
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Төвлөрсөн хадгаламжийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ эсвэл ХНХ-ын шийдвэр
- Төвлөрсөн хадгаламжийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтад зурах нотариатаар баталгаажуулсан гарын үсгийн маягт
- Данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхийг баталгаажуулсан хуулбар,
- ҮЦТТТХГ ХХК-ийн интернэт дансны үйлчилгээний маягтыг бүрдүүлдэг. Харин иргэд данс нээлгэхдээ:
- Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээгээ авч ирж данс нээлгэх боломжтой. /Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, иргэний үнэмлэхийн зөрчилгүй байх/
- Данс нээлгэх хураамж төлнө.
No comments:
Post a Comment