2011/03/02

Банкуудыг хэний үнэлэмжээр сонгов


Хөрөнгө оруулагч банкуудыг хэний үнэлэмжээр сонгов оо?

Коксжих нүүрсний чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсч буй Тавантолгойн орд газарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээ зарласан Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл их гүрнүүд, харийн томчуудын холын шуналыг хөндөх болсон. Тиймээс дэлхийн акулууд Монголын нүүрсэнд халаасаа гөвөхөөс буцахгүй байна.  Газрын хэвлий доорх их баялгаа сая сая ам.доллараар наймаалцах энэ ажил иргэд болоод эдийн засагт хэр ашигтай байх нь эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогоос шууд хамаарах нь ойлгомжтой.  Монгол Улсын Засгийн газар Тавантолгой төсөл хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс MGL”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан явдал.  Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” гэх компани улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ч гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулагч болон операторын тендерийг тус тус зарласан нь хэл ам дагуулж байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ хугацаанд Тавантолгойн орд газрыг хоёр хувааж, хоёр янзын тендер зарласан нь хөрөнгө оруулагчийн болон операторын тендер билээ. Тодруулбал, Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендерийг  зарлаад байгаа бөгөөд дүн нь хэзээ гарахыг албаны хүмүүс ч хариулж мэдэхгүй байна. Мөн Цанхийн баруун хэсэгт стратегийн буюу хөрөнгөө  босгож олборлолт хийх, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Уг тендерийн ялагчийг зарлах тов  өнөө ч бүрхэг байгаа. Тавантолгой төслийг хариуцсан ажлын хэсгийнхний “тун удахгүй гарна” гэх ам таглах төдий хариултаас өөр дээрх хоёр тендерийн ялагчийн талаарх тодорхой мэдээлэл алга. Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүнээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар сонгогдсон.

Тэд саяхан дэлхийн акул гэгдэх банкуудтай уулзалт хийж олон улсын хөрөнгийн зах зээлд Тавантолгойн хувьцааг гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг хариуцах банкуудыг тодруулаад байна. Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажлыг зөвлөхөөр дэлхийн нэр хүндтэй 16 банкныхан Монголын хатуу хахир хүйтнээр Улаанбаатарт хөл тавьцгаасан юм. Тэдгээрээс Монгол Улсад хөрөнгө босгож авахад нь туслах эрхийг дөрвөн банк өвөртөлсөн. IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” банкийг, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба”, Австралийн “Маквэари” банкууд сонгогдоод буй. Ажлын хэсгийнхний зөвлөхөөр шалгаруулсан дөрвөн банкны асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх учиртай. Гэтэл яг энэ үеэр манайхны сонголтод тунаж үлдсэн Германы “Дойче” банктай холбоотой тааруухан мэдээллийг BBC цацлаа.

“IPO хийх зөвлөх банкуудыг сонгож авахдаа ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээр явуулдаг үйл ажиллагаа, ирүүлсэн санал зэргийг нь харгалзан үзсэн” хэмээн магтаж суусан Германы “Дойче” банктай холбоотой сөрөг мэдээллийг англичууд дэлгэж эхэллээ. “BBC” агентлагийн мэдээлснээр германчууд өмнө нь Өмнөд Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж. Тус банкныхан Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа төлөө багагүй ашиг хүртэж байсан, хөрөнгийн биржийн индексийг зориудаар унагасан, тус улсын хөрөнгийн зах зээлд ноцтой хохирол үзүүлсэн зэрэгт нь Өмнөд Солонгосын Санхүүгийн үйлчилгээний комисс нэг тэрбум воноор торгох болсон гэнэ. Дэлхийн банкны салбарт аваргалдаг “акул”-ыг сонгосноо ажлын хэсгийнхэн бардамнаж суухад герман нөхдүүдийн булхай ийнхүү олон улсын хэвлэлээр илчлэгдэх боллоо.

Энэ “аварга”-ыг, Дойче банкийг сонгоход Монголын нэртэй эдийн засагчид, банкирууд, хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд байлцсан гэж бодохгүй байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан хөрөнгө оруулалтын банкыг шалгаруулсан шалгаруулалт хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Төлөөлөн удирдах зөвлөлд хөрөнгө оруулалтын банкны нэг ч танилцуулга орж ирээгүй, ажлын хэсэг гэх Засгийн газрын таван гишүүн улс төрийн шийдвэрээр бүх зүйлийг шийдсэн талаар мэдэгдээд байна. Ажлын хэсгийнхэн үнэхээр “акул”-ын ажлын туршлагыг нь үнэлэв үү.  Аль эсвэл нэр сүрэнд нь болов уу. Асуудлын цаана асуудал байв уу. Хүн хулгайлсан хэргээр Англид саатуулагдаад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлаар германчууд монголчуудад шахалт үзүүлэв үү.
Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг бужигнуулсан Дойче банктай холбоотой асуудлыг ажлын хэсгийнхэн мэдээгүй хэмээн хариулж байна. Энэ ч үнэн байх. Яагаад гэвэл ажлын хэсэгт багтсан эрхмүүдийн дотор хөрөнгийн зах зээлийн талаар олигтойхон мэтгэлцчих нэг ч хүн байхгүй. Тэд зөвхөн дээрээс өгсөн үүргийн дагуу л хөдөлсөн бололтой. Товчхоноор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөрөнгө оруулагч банкуудыг  туршлага, мэдлэг, эдийн засгийн үр өгөөжөөр нь биш эрх баригчдын үнэлэмжээр сонгочихсон юм биш байгаа. Энэ тохиолдолд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэсэн эцсийн зорилго нь “би юу хийчихвээ” гэдэг шиг дэмий юм болоод өнгөрөх вий.

No comments:

Post a Comment