Яагаад, заавал манайхны сонгосон түнш болгон элдэв юманд орооцолдсон, байдаг байдагтаа нэр хүнд нь уначихсан нөхөд байгаа нь сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа уул уурхайн салбарт шүү. Төр засгийн удирдлагууд үнэхээр гэнддэг үү эсвэл зориудаар уулзан учирдаг уу гэдгийг уншигчдын зарим нь ухаж ойлгох гэж зовох болов. “Эрдэнэс Тавантолгой” хэмээх үүргээ гүйцэтгэж чадвал үнэхээрийн ачтай буянтай компанийг манай Засгийн газар дэргэдээ байгуулсан. Өмнийн говь дахь яндашгүй баялаг нүүрсээ олборлон зөөж, түүнээс олсон ашгийнхаа 10 хувийг ард түмэнд тараах буянтан болох учиртай энэ компанийнхан хувьцаагаа арилжих “акул” банкнуудынхаа сонголтыг хийсэн.
Германы “Дойче банк”, АНУ-ын “Голдман Сакс” банкуудтай хамтран ажиллахаар болсноо зарлаад долоо ч хонолгүй түншүүдийнх нь талаарх түгшүүрт мэдээлэл дэлхийгээр тарж байна. Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийнхнийг залилж өөрсдөдөө 40.5 сая ам.долларын ашиг олохоор завдсан “Дойче банк”-инд хангүг нөхөд нэг тэрбум вонны торгууль ногдуулсан тухай өдөр тутмын хэвлэлүүд мэдээллээ. “Голдман Сакс”-ын хувьд монголчуудад эртнээс муугаараа танигдсаныг уншигчид мэдэж байсан учир “Эрдэнэс Тавантолгойнхны шийдвэрийг гайхаж хүлээн авсан байх. Манай толгой бизнесмэнүүд учрыг нь олж дашин шог болгодог “Олон овоот”-ын лицензтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгнө хэмээн нэг хэсэг манаргасан гайхлууд шүү дээ.
Энэ нь ч яахав манайхны буруу байсан гэж бодъё. Тэгвэл гаднын хэвлэлүүдээр гарч буй сөрөг мэдээллүүдийг хэрхэн ойлгох нь эргэлзээ төрүүлэхгүй байхын аргаг үй юм. Эхнээсээ “Дойче банк” нь залилангийн хэрэгт холбогдож дэлхийд нэрээ сэвтүүлж эхэлж байна шүү дээ. Солонгосууд их адтай улс. Тэд манай томчууд шиг найрааны улс төрд гаршиж, цөөхүүлээ цөм баяжих зорилго агуулдаггүй. Ийм зорилготой нэгэн байлаа ч тэд нь нийгмийнх нь өчүүхэн хэсэг тул хор хөнөөл нь бага. Тэднийг залилсан бол заавал шийтгэл амсч таарна. Харин манайд бол өөр байж хамжааргагүй албатууд нь ард түмнийхээ хөрөнгийг харьд өгчихөөд мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж өлхөн чадах билээ. Иймийн учир их мөнгө дагуулсан ажил бүхний цаана их хардлага дагадаг юм.
Ингэхэд чухам яагаад, заавал Франкфуртэд төвтэй Германы “Дойче банк”, АНУ-ын “Голдман сакс”-ыг дэлхийн зах зээлд хувьцаагаа арилжихад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкаар шалгаруулснаа “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн нийтэд ил тод зарлачихвал элдэв хэл ам бага гарна. Тэд анхнаасаа хамаг юмаа хааж боосон тухай Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь гишүүн Ж.Батзандан өөрөө хэвлэлийнхэнд баахан хов хэлсэн. Түүнийхээр бол “Дойче банк”, ”Голдмен сакс” хоёрын шалгаруулалт хууль бус хэмээн үзжээ. Ийм үг хэлснийх нь төлөө ТУЗ-өөс хөөсөн ч айхгүй гэдгээ дуулгаж. Байдал ийм байхад ард түмэн, хэвлэлийнхэн тэднийг хардахгүй байхын аргагүй байгаа юм.
Дээрх хоёр банк болоод Тавантолгойн хувьцааг борлуулах, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд оролцох эрх авсан Францын “Би Эн Пи Пэрибас”, Австралийн “Макваэри” банкуудыг ч албан болоод албан бусаар шалгахад гэмгүй. Нэг анхаарах зүйл байгаа нь төр засгийнхан тэдэнтэй хуйвалдсан байж мэдэх учраас энэ ажлыг хэвлэлийнхэн хийж чадах байх. Чухам яагаад тэднийг итгэлт түншээрээ сонгосноо ил тод зарлахыг хувьцааны эзэн болох бид шаардах эрхтэй. Хөрсөн доорх баялаг зөвхөн ард түмнийх учраас түүнээс “боссон” хувьцааг хэрхэн зарцуулахаа иргэдтэйгээ хамтарч шийдэх ардчилсан нийгмийн дүрэм бий. “Дойче банк”, ”Голдмен Сакс” хоёр итгэж болох найз уу, ирээдүйг маань булаах харийнхан уу гэдгийг л ард түмэн мэдэхийг хүсч байна.
No comments:
Post a Comment