Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн бирж болгон хөгжүүлэхийн тулд ийнхүү Лондонгийн хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгон шалгаруулж ажиллуулж буй.
Юуны өмнө ЛХБ-ийг ийнхүү ажиллуулж буйн гол шалтгаан нь манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааны програм буюу хэрэглэгчдэд данс нээх, гүйлгээ, арилжаа хийх зэрэг дотоод програм нь 1993 оноос хойш нэг ч шинэчлэгдээгүй байсан бөгөөд ЛХБ-д төлж буй төлбөрийн 70 орчим хувь нь програм шинэчлэлийн ажилд зарцуулагдаж байгаа аж. Харин үлдсэн 30 хувийн төлбөрт хөрөнгийн биржийн менежментийн шинэчлэл, сургалт, зэрэгт зарцуулагдаж байгаа аж.
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН 65 ОРЧИМ ХУВИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 10 САЯД ХҮРДЭГГҮЙ БАЙНА
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон зарим УИХ-ын гишүүн Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн зарим мэргэжлийн байгууллагаар очиж танилцлаа.
Түүнийг Хөрөнгийн бирж дээр очих үед холбогдох албаны хүмүүс одоогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлаар танилцуулсан юм.
Тэдний танилцуулж буйгаар, Монголын хөрөнгийн биржид 336 компани бүртгэлтэй буюу хувьцаат компанийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн 457 мянган иргэн буюу насанд хүрсэн иргэний гурван хүн тутмын нэг нь Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ данстай юм байна.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх явдал. Тиймээс энэ ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар УИХ-ын дарга сонирхон асууж байлаа.
ҮЦТТТХТ-ийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламын мэдээлж буйгаар “Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас насанд хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 1,5 сая иргэний мэдээллийг хүлээн аван “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр иргэдэд эхний ээлжинд автоматаар данс үүсэх юм” гэлээ.
Харин одоо Засгийн газар хувьцааны нэрлэсэн үнэ болоод бусад шийдвэрийг гаргавал иргэдийн дансыг үүсгэн хувьцаа эзэмшигч хэмээсэн батламжийг өгөх юм байна.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын ярьж буйгаар “Нэг иргэний дансанд 538 ширхэг хувьцаа орох ба тус бүрийн нэрлэсэн үнийг Засгийн газар тогтоох учир одоогоор тэд байна гэх боломжгүй. Ямар ч байсан иргэдэд хувьцаа эзэмших данс автоматаар үүснэ. Одоо иргэдийг брокерийн пүүсүүдэд нээлгэж байгаа дансыг ашиглах цаг арай болоогүй. Учир нь иргэдэд өгөх 538 ширхэг хувьцааг Засгийн газраас чиглэл өгтөл буюу Тавантолгойн хувьцаа хоёр дахь зах зээлд гартал иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй байх юм. Үүнийг бид өмнө нь тарааж байсан цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтахгүйн тулд хийж байгаа” гэлээ.
Харин аж аж ахуйн нэгжүүдэд арилжаалах 10 хувийг түр харзнах хэрэгтэй байгаа юм. Учир нь өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 73 мянга орчим аж ахуйн нэгжийн 65 орчим хувийн жилийн орлого 10 сая төгрөгт хүрдэггүй байна. Тиймээс жижиг компаниуд Тавантолгойн хувьцааг худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүснэ. Дээрээс нь томоохон компаниуд ахиухан хувьцаа эзэмшихийн тулд жижиг компаниудтай тохиролцож эхлэх учир тус асуудлыг цэгцэндээ ортол нь түр хойшлуулах шаардлагатай байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна.
Түүнчлэн хоёр дахь зах зээл буюу олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааг борлуулах хүртэл иргэд хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай бөгөөд үүнд Засгийн газрыг хүч тавин анхаарахыг Төрийн өмчийн хорооныхон хүсч байлаа.
Одоогоор манай улсын нийт иргэний 94,9 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа. Ямар ч байсан насанд хүрсэн иргэд болох 1,5 сая иргэнд Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажил хангадаад байна. Аж ахуйн нэгжийн хувьд 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татвар, тайлангийн ямар нэгэн зөрчилгүй аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Харин хүүхдийн хувьд хэдэн оны хэдэн сарын хэднээс өмнө төрсөн хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх вэ гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байгаа юм.
Ямартай ч Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-үүд хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаатай болгохоор ажилласаар байна.
No comments:
Post a Comment