-Тавантолгойн хэлэлцээр хаалттай явагдаж байна. Өрсөлдөгчдийн талаарх тооцоо судалгаатай танилцсан уу. Энэ бүхнийг юу гэж харж байна?
-Консорциумын саналыг харгалзаж аль нь ашигтайг хэлж болох юм. Гол асуудал Монгол Улсын болон хөрөнгө оруулах компанийн ашиг сонирхол. Тэд улсынхаа нийтлэг чиглэлийг барьж гэрээ хэлэлцээрт ордог. Өөрөөр хэлбэл, хоёр талын ашиг сонирхол хайчны уулзвар дээр байна. Бид улс орондоо ашигтай хувилбарыг сонгох ёстой. Монгол Улсын ашиг сонирхол бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд гаргаж түүнээсээ ашиг хүртэх.
Гэвч боломж бүрдээгүй байна. Мөн санхүү, эдийн засгийн боломжгүй. Бүтээгдэхүүнээ баяжуулаад гаргах зайлшгүй шаардлагатай. Монголын ашиг сонирхлыг хамгаалах хэлэлцээрт оролцож байгаа талууд юуны өмнө боловсруулах үйлдвэрийн чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг гүн боловсруулж кокс, химийн үйлдвэрлэл байгуулж өгөх саналыг тусгасан консорциумыг илүү сонирхох ёстой.
-Консорциумын талаар та ямар бодолтой байна. Бүтээгдэхүүнээ хаана борлуулвал манайд ашигтай байх вэ?
-Манайд ойрхон орон, манай ашигт малтмалыг бохир, түүхийгээр нь боловсруулж нэмүү өртөг шингэсэн, ашиг хуримтлуулахыг эрмэлзэнэ. Харин энэ нь Монголын ашиг сонирхолтой зөрчилдөнө. Нэг үгээр хэлбэл кокс, ганга, зэс зэргээр үйлдвэрлэлээ тасралтгүй хангах тэдний зорилго. Тэгэхээр хоёр талын сонирхлыг хослуулахын тулд гүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр манай тал асуудлаа тодорхой болгох ёстой. Зургаан консорциумаас нэгийг сонгоно гэвэл төрийн алсын хараатай бодлого геополитекийн утгаар буруу явагдаж асуудал үүснэ. Анхнаасаа 15 консорциумыг дэмжиж ижил нөхцөл тавих байв. Консорциум бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгоё.
Оруулсан 15 тэрбумаар дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэр, орон сууц, хот байгуулалтын тухай ярьж болох байсан. Тавантолгой говийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад гурван тэрбум, боловсруулах үйлдвэр барьж байгуулахад 15-20 тэрбумыг бүрдүүлэхээр байгаа. Зургаан консорциум үлдсэн тохиолдолд дор хаяж 4-5 тэрбум ам.доллар гаргаж Тавантолгойд оролцох эрхтэй болно. Хариуд нь хөрөнгийн баталгаа болгож 30 жилийн хугацаанд боловсруулсан болон боловсруулаагүй түүхий эдээ хүн болгоны оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр улс оронд нь нийлүүлнэ гэдэг хэлбэрээр тохиролцох хэрэгтэй. Нэгдсэн консорциумд Монгол Улс оролцож газрын доорх баялгаа үнэлэх байдлаар нэг тэрбум доллараа гаргаж болох байсан.
-Өрсөлдөгч зургаан консорциумд манай тал ямар нөхцөл санал болгох бол. Таны хэлж буй зүйлс хэрэгжих болов уу?
-Зургаан консорциумыг үргээчих вий. Энэ зургаа нэгдсэн нэг консорциум болж болох юм. Энэ тохиолдолд хөрөнгийн чадварт харилцан адилгүй байдал үүсч болно. Чадваргүй тохиолдолд боломжтой нэгнээсээ зээл авч болно. Тухайлбал, Монгол Улс одоогоор хөрөнгө байхгүй. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглээд зогсохгүй анх хөрөнгө оруулахад тусалсан улсдаа эхний хэдэн жилдээ нийлүүлэх нөхцлөөр хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Монгол Улсын олон улсын консорциум байгуулах хэрэгтэй юм. Төлөөлөн удирдах зөвлөлд консорциумд нэгдсэн бүх төлөөллийг оруулж сонгох зарчмыг хэлэлцээрээр тохирох ёстой. Алсдаа удирдлага нь монгол хүн байх бодлогоо мартаж болохгүй.
Ордыг сорчилж ашиглуулж болохгүй. Тухайн нэг компани уурхайг орхиод явсан тохиолдолд монгол хүн ажиллуулах боловсон хүчин бэлтгэсэн байх ёстой. Ордын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх алсын бодлого чухал. Нэгдэх хэлбэрийн хамтын ажиллагаа Монголд байсан. Хөрөнгийн давуу байдлаар бага хөрөнгө оруулагчдад нөлөөлөл үзүүлдэг учраас эдгээр хөрөнгө оруулагчдын хэн нэгэнд нь давамгай нөхцөл бүрдүүлж болохгүй. Нөгөө талаар хоёр гурван компани нэгдэж бусдын эрх ашигт хохирол учруулах хэмжээнд төлөөлөн удирдах зөвлөлийг ажиллуулж магадгүй. Үүнийг гэрээний нөхцлөөр хааж өгөх хэрэгтэй.
No comments:
Post a Comment