2011/03/03

Ч.Хурц: Монголд миллиардаар ярих нүүрсний нөөц бий


Ч.Хурц: Монголд миллиардаар ярих нүүрсний нөөц бий
Геологи, уул уурхайн сайд асан, Эрдэс зүйн ухааны доктор, профессор Ч.Хурц "Coal Mongolia-2011" чуулга уулзалтын тухайд ийн ярилаа.

-"Coal Mongolia-2011" чуулга уулзалтын талаархи бодлоо хуваалцахгүй юу?
-Чуулган дээр ярьж байгаа улсууд, илтгэл тавьж байгаа асуудлууд онцгой чухал юм. Бүгд Монгол Улсын хувь заяаны тухай ярьж байна. Монголын ард түмнийг геологи, уул уурхайн чиглэлээр гэгээрүүлэх асуудал хамгийн гол асуудал. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр Канадын илтгэгч "Үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага каластрт шилжчихээд байна" гэж ярьсан. Тэр нь юуг хэлээд байна вэ гэхээр оюуны потенциал, хөрөнгө, техник тоног төхөөрөмж, бүтээн байгуулалтын төвлөрлийг нэгдмэл болгох тухай асуудал. Канад хүн Монголын хөгжлийн тухай илүү ярьж байхад монголчууд бид өнөөдөр энэ хурал дээр юу гэж ярьж байна? Цанхийг тэрэнд өгье. Баруун, зүүн хэсэг болгоё гэж л ярьж байна. Монголчууд чадахгүй, хөрөнгөгүйдээ ингэж байна уу? Үгүй юм. Өнөөдөр бидэнд юу хэрэгтэй, юу дутагдаад байна вэ гээд харж байхад төрөөс Монгол Улсын эрдэс баялгийн салбарын тогтвортой байдал байна. Ард түмэн төрөөсөө үүнийг шаардах ёстой.

-Чуулганы ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 
-Ач холбогдол асар өндөр байна, Олон хүн хөрөнгө оруулъя гэж байна. Тэгэхээс өөр арга алга. Ер нь 30 жилийн дараа монгол хүнийг байхгүй болгоё гэж ярьж байгаа юм уу, эсвэл 300 жилийн дараа монголчууд байж байх юм аа гэж бодож байгаа юм уу. Энийг чинь хийдэг нь төр байхгүй юу. Ард түмэн түүнээ төрөөсөө шаардах ёстой, Тийм учраас л нүүрсний тухай асуудлыг ярьж байгаа энэ хурал дээр Засгийн газрын үйлдвэр эрхэлсэн шадар сайд, холбогдох мэргэжлийнхээ улсуудтай суугаад "Ийм бодлого явж байна. Одоо яах вэ" гээд, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөөд нэгдсэн нэг бодлогын үүднээс хийх ёстой юм. Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний асуудал, гангийн үйлдвэрийн асуудал цаашдаа органик химийн асуудал ерөөсөө явж явж Монголын хүрэн ба коксжих нүүрс дээр тулахаас өөр аргагүй болоод ирлээ шүү дээ.

-Монголд тийм хэмжээний нөөц байна уу? 
-Үнэхээр асар их нөөц байна. Тэр 150, 160 тонн нүүрсний нөөц байна аа гэдэг чинь хэдхэн орд дээр бидний үед, өөрөөр хэлбэл би 1992, 1993 оны үзүүлэлтээр яриад байна. Өнөөдөр 2011 он. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн Түвшин-ширээ, Баяндэлгэрийн уулзвар дээр 79 метрийн зузаан хүрэн нүүрсний давхарга огтлоод зургаан цооногоор баталгаажуулаад орхилоо. Хичнээн сая тонны нүүрсний нөөц байгаа гэж та нар бодож байна? Энэ бол миллиардаар ярих тонн байхгүй юу. Хүрэн нүүрс л дээ. Тэгтэл дэлхийн шинжлэх ухаан яаж сайхан хөгжиж байна. Бид 80, 90-ээд оны үед 10 метрийн зузаан нүүрсний үе дотор байж байгаа 2 метрийн зузаан шаварыг тусад нь ялгаж авч чаддаггүй байсан шүү дээ. 

Тийм учраас нүүрсээ шавартай юутай хээтэй нь Шарын голоос ачдаг байлаа. Багануураас одоо ч ачиж л байгаа6 Гэтэл өнөөдөр Германы Вёртон-2000 гэсэн техник гараад ирсэн байна. Тэр нь 30 сантиметрийн зузаантай шавраас эхлээд 30 сантиметрийн зузаантай нүүрсийг хүртэл тусад нь ялгаж авах чадалтай. Тийм технологи нэвтэрчихсэн байна. Тэр технологийг манай нүүрсний уурхайнууд хэрэглэх ёстой Германууд тэр техникийг зам барилгын чиглэлээр бүтээсэн байтал өнөөдөр Өвөрмонголд нүүрсэн дээр хэрэглэж байна. Тийм сайхан нөхцөлөөр л ашиглах нь чухал байх. 

No comments:

Post a Comment