2011/03/29

“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийг хөөрөгдөж байсныг илрүүлжээ

“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийг хөөрөгдөж байсныг илрүүлжээ
Нэгж хувьцааных нь үнэ 1 сая 439 мянган төгрөг хүртэл өсч байсан “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ханшны өсөлт хөөрөгдөл байсныг албаны хүмүүс мэдээлж байна.
Он гарснаас хойш 500 мянган төгрөгөөс суга өссөн уг хувьцааны ханшийг мэргэжилтнүүд “но”-той хэмээн сэжиглэдэг байсан юм. Ялангуяа он гарснаас хойш хийгдсэн арилжааны мэдээг харахад 4 өдрийн арилжаагаар л 100-аас дээш ширхэг хувьцаа арилжсан бол бусад өдрүүдийн ихэнхэд нь өдөртөө 1-10 ширхэг хувьцаа л арилжиж байжээ. Энэ цөөн тооны хувьцааг хэсэг хүмүүс хоорондоо наймаалцаж, үнийг хөөрөгдөж байж болзошгүй гэсэн хардлага байсан билээ.

Ханш нь огцом өсч байх үед Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ болон Хөрөнгийн биржийн төлөөлөл орсон Ажлын хэсэг шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын урьдчилсан дүнгээр “Тавантолгой”-н хувьцааны өсөлт хөөрөгдөл байсныг тогтоосон байна. Энэ талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатаас тодруулахад “Он гаргаад ҮЦТТТХТ, Хөрөнгийн биржийн төлөөлөл, манай багийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт хийж байгаа.

Хөрөнгийн биржтэй харилцан мэдээлэл солилцож, дүгнэлтүүдтэй танилцаж эхэлсэн. Хөөрөгдөл байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Тодорхой тооны нийлүүлэлтийн данснуудаас тодорхой тооны дансууд руу хувьцааг хооронд нь тойруулж зарах замаар ханшийг өсгөсөн байна. Хөөрөгдөж хөөрөгдөж одоо үнэ нь буурч байна гээд орхихгүй. Бүх гүйлгээ бүртгэлд орчихсон байгаа. Шалгалтын дүн ойрын үед эцэслэн гарна” гэсэн юм.

Ямар ч байсан өнгөрсөн өвлийн Хөрөнгийн зах зээлийн халуун сэдэв болж байсан “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ханшны өсөлт зохион байгуулалттай, хөөрөгдөл байсан нь тодорхой боллоо. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа болохоор ямар хариуцлага тооцох талаар тодорхой шийдвэр одоохондоо алга. Хөрөнгийн биржийн мэргэжлийн байгууллагууд үүнд оролцсон байвал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.

No comments:

Post a Comment