"Дойче банк"-ны Өмнөд Солонгос дахь салбар хариуцсан ажилтнууд нь залилан хийснээс болж, тус банк нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болсон бол "Голдман сакс" банк өнгөрсөн онд санхүүгийн залилангийн олон хэрэгт холбогдсоны улмаас мөн л торгууль төлөхөөр болж, 3.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх бололтой.
Тиймээс эдгээр банкинд "Эрдэнэс Тавантолгой"-н хувь заяаг даатгах нь зөв эсэх талаар УИХ-ын гишүүд болон холбогдох албаныхан хөндлөнгийн ажиглагч ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
ТӨХ-ны дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар: ӨРСӨЛДӨГЧ БАНКУУДЫНХ НЬ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ
-IPO хийхэд зөвлөх банкаар сонгосон "Дойче банк" болон "Голдман сакс" банкийг тойрсон хэл ам тасрахаа байлаа. Эдгээр банк манай улсын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах уу?
-Эдгээр мэдээлэл ердөө л өрсөлдөгч банкуудынх нь хийж байгаа хариу үйлдэл байх. Дээрх хоёр банкийг зүгээр нэг сонгочихоогүй. Үнэлгээний хорооны шалгуурт тэнцсэн болохоор нь сонгосон тухай олон удаа ярьсан даа. Тэгээд ч энэ асуудлын талаар ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгнө.
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: БАНКУУДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ҮНЭН ЭСЭХИЙГ НОТЛОХ ХЭРЭГТЭЙ
-"Дойче банк", "Голдман сакс"-ын талаар гараад байгаа сүүлийн үеийн мэдээллийн талаар та ямар бодолтой байна. Ер нь энэ хоёр банкийг "Эрдэнэс Тавантолгой"-н IPO хийхэд зөвлөх банкаар сонгосон нь зөв үү?
-"Дойче банк", "Голдман сакс" хоёр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том л байгууллагууд шүү дээ. Сүүлийн үед эдгээр банкны талаар гараад байгаа мэдээллүүд нь бусад банкны хоорондын хуйвалдаан л байх. Үүнийг нь нотлох хэрэгтэй л дээ. Эдгээр банк дэлхийн хэмжээнд хийгээд ирсэн ажлаа манайд хийж чадах болоод л сонгогдсон. Энэ бүх хэл амнаас болоод дээрх банкуудтай хамтрахаа болилоо гэхэд дахиад л банк хайх хэрэг гарна шүү дээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: ЗӨВЛӨНӨ ГЭДЭГ ЭДГЭЭР БАНКНЫ ХИЙЖ СУРСАН АЖИЛ НЬ ШҮҮ ДЭЭ
-"Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г хийхэд зөвлөх банкаар сонгосон "Дойче банк", "Голдман сакс"-ын талаар ямар бодолтой байна вэ?
-Эдгээр банкийг ямар шалгуураар "Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г хийхэд зөвлөх банкаар сонгосныг нь мэдэхгүй ч мэдээж манайхаас тавьж буй шалгуурт тэнцсэн учир л шалгарсан байж таарна. Ер нь дэлхийд энэ төрлийн үйлчилгээг үзүүлээд хүлээн зөвшөөрөгдсөн л банкууд шүү дээ. Хийж сурсан ажил нь юм чинь манайд ажиллаж чадах биз дээ.
-Монгол Улс стратегийн 15 орд газартай гэдэг нь худлаа. Тавантолгойн орд Монголчуудын эцсийн найдвар гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон?
-Монгол Улсад стратегийн 15 орд байгааг хэдийнэ илрүүлээд тогтоочихсон байхад ийм зүйл ярьж болохгүй байх. Стратегийн 15 орд газар байгаа нь үнэн. Тавантолгойн орд сүүлчийн стратегийн орд гэдэг бол ташаа мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан: TOM БАНК СОНГОСНООР TOM ХУУРТАЖ БОЛЗОШГҮЙ
-"Эрдэнэс Тавантолгой"-н IPO-г хийх зөвлөх банкаар сонгосон банкуудын талаарх таны бодол?
-"Дойче банк" болон "Голдман сакс" банкуудыг дэлхийд нэртэй, том банк учир сонгосон гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Үүнд би ганц л хариулт хэлмээр байна. Их том банк сонговол их л том хууртана. Зөвлөх компанийн эрхийг ямар ч банк авч болно. Харин өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадах уу гэдэг асуудал л чухал. Өөрөөр хэлбэл, том хамтрагчтай байх тусам эрх ашгаа хамгаалахад хүчин мөхөсддөг юм. "Эрдэнэс Тавантолгой" дээр ийм асуудал тохиолдох вий гэдэгт л санаа зовж байна.
No comments:
Post a Comment