2011/03/30

Цанхийн баруун хэсэгт оросууд хүчтэй байна

“Таван­толгой” төс­лийн хүрээнд “Эрдэнэс MГЛ” төрийн өмчит компани Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендер зар­лаад байгаа. Нэг дэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх ком­пани, консорциумыг тод­руулах олон улсын нээлт­тэй тендер. Оператор компанийг тодруулах уг тендерийн ялагчийн “титмийг” авахаар Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани хүч үзэж буй аж. Тэгвэл  Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийн хоёрдугаар шатанд АНУ-ын “Пибоди Энер­жи”, БНХАУ-ын “Шинхуа Энер­жи” болон Японы “Мицуи” компаниудын консорциум, Оро­сын “Төмөрзам” болон Японы консор­циум, Өмнөд Солонгосын “Крес” груп­пээр ахлуулсан компаниудын нэг­дэл, Авст­рали, Швецарийн “Экстрата Коул”, Брази­лийн Вале (хууч­наар СиВиАрДи-CVRD), Люксем­бургийн “Арсэлор Метал лими­тед” гэх компаниуд үлдэж, Мон­гол Улсын Засгийн газрын тө­лөө­лөлтэй хэлэл­цээр өрнүүлж байна. 

Хураангуй жа­гсаал­тад багтсан дээрх зургаан компани, кон­сорциумтай УИХ-ын 39 дүгээр тогтоолд заас­ны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ талаар ажлын хэсгийн гишүүн, “Эрдэнэс MГЛ”-ийн захирал Б.Энэбишээс тодруулахад “Хэлэл­цээр үргэлжилж байгаа. Ирэх дөрөв­дүгээр сарын эхээр тендерийн ялагч тодорчих магадлалтай” гэсэн ха­риулт өгсөн юм. Ажлын хэсгийнхний Цан­хийн баруун хэсэгт олборлолт явуулах ком­паниудтай хийх хэлэлцээр ирэх до­лоо хо­ногт үргэлжлэх бөгөөд зарим эх сур­вал­жийн мэдээлж буйгаар Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Мицуи” компаниудын консорциум  тендерт ялах нэлээд шаанстай байгаа гэнэ. Тавантолгойн баруун Цанхийн орд 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй,  жилд 15 сая тонн нүүрс олборлоход 30 жил ашиглах орд бөгөөд  Тавантолгойн анхдагч хувьцааны үнэ 1.5-5 тэрбум ам.доллар гэж тооцоолж буйгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Хонгконгод болсон уул уурхай, хөрөнгө оруулалтын зөвлөгөөн дээр хэлсэн байна. Тавантолгойн хувьцаанаас иргэдэд 10 хувийг олгох асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэх бололтой. 

No comments:

Post a Comment