2012/02/26

Тавантолгойн IPO-г аравдугаар сар хүртэл хойшлуулж магадгүй



Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, гурван тэрбум ам.долларын IPO хийх асуудлыг Хонконгийн хөрөнгийн биржийн бүртгэлийн асуудлаас болж ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулж болзошгүй талаар нэрээ нууцлахыг хүссэн албаны нэгэн хүн “Dow Jones Newswires”–т мэдээлжээ. “Dow Jones” мөн чулуун нүүрсний асар том орд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани  ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулиас өмнө IPO-г гаргахаар төлөвлөж буйг ч дурьдсан байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн хувьцааг Лондон, Хонконг болон Монголын Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байсан ч Хонконгийн Хөрөнгийн бирж Монголд албан ёсны бүртгэлтэй компанийн IPO-г гаргахаас татгалзсан аж. Учир нь Хонконгийн Хөрөнгийн бирж олон улсад бүртгэлгүй Монголын компанид тусгай эрх олгохгүй гэж мэдэгдсэн билээ. Хонконгийн Хөрөнгийн бирж Хятад, Итали, Их Британи зэрэг дор хаяж 20 гаруй газар бүртгэлтэй компанийг бүртгэдэг аж. 

“Dow Jones”-т мэдээлэл өгсөн албаны хүний ярьснаар  “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал Засгийн газрын хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байгаа гэнэ. Түүний хэлснээр Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид тун удахгүй дээрх асуудлаар Хонконгийн талтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм байна. Гэвч хэлэлцээ хэзээ болохыг тэрбээр хэлээгүй гэнэ. Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргасны дараа Монголын Засгийн газар нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж, 19 хувийг хөрөнгө оруулагчдад хуваарилах ажээ. Харин үлдсэн 20 хувийг иргэдэд, 10 хувийг дотоодын компаниудад олгох юм. Гэвч хүн амын дийлэнх хувь нь хувьцаа эзэмшдэггүй, хадгаламжийн дансгүй учраас хувьцаа тараах нь хамгийн том бэрхшээл аж. Хонконгийн Хөрөнгийн биржийн бүртгэлийн газрын дарга Марк Дикенс Тавантолгойн асуудлаар “Dow Jones”-т мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Хонконгийн Хөрөнгийн бирж Монголын компанийн хувьцааг гаргахад хамтарч ажиллах дуртай байна гэжээ. Тэрбээр мөн “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэх эсэх нь тухайн компанийн хүчин чадлаас шалтгаалах бөгөөд ийм шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал гэж ярьсан байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дээрх асуудлаар мэдэгдэл хийхээс татгалзжээ. Хонконгийн Хөрөнгийн бирж уул уурхайн компанийн хувьцааг гаргахад онцгой анхаардаг байсан ч 2010 онд компаниудыг бодит нөөцөд тулгуурлаж, хөрөнгө босгоход хялбар болгох үүднээс дүрмээ өөрчилсөн аж. “Mongolian Mining Corp” буюу Монголын уул уурхайн корпораци (0975.HK) хоёр жилийн өмнө 650 сая ам.доллараар Хонконгийн Хөрөнгийн биржид IPO гаргасан билээ.  Гурван тэрбум ам.доллараар үнэлж буй Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаар 10 орчим тэрбум ам.долларын ашиг олж, хоёр тэрбум ам.долларын арилжаа хийдэг Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийг хоёр дахин өсгөнө гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм.  Хэрэв Хонконгийн Хөрөнгийн бирж Тавантолгойн хувьцааг гаргавал  тус биржийн хувьд  оны хамгийн том хэмжээний IPO болох аж. Хонконгийн Хөрөнгийн биржийн 2012 онд төлөвлөж буй өөр нэг томоохон гэрээ нь Хятадын даатгалын компанийн  зургаан тэрбум ам.долларын IPO-г гаргах ажил гэнэ. Тавантолгойн IPO хийх ажлыг Голдман Сакс групп, Дойче банк, BNP Парибас СА болон Маквайр групп гардан хариуцаж байгаа юм. 

No comments:

Post a Comment