2012/02/10

БАРУУН ЦАНХИЙН БАРАА


 Хамтарсан Засгийн газар задрахтай хамт бараа сураг нь тасарсан Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээнээс шинэ чимээ дуулдав. Олон сарын турш гацаанд орсон энэхүү хэлэлцээ сэргэх тийш хандах, эсэх нь өнөөдөр товлосон нэгэн уулзалтаас шууд хамаарах болжээ. ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэлээр удирдуулсан Япон, Солонгосын томоохон компаниудын нэгдэлд багтдаг Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” болон БНСУын “Корес” группээр ахлуулсан 11 компани өнөөдөр Засгийн газрын Ажлын хэсэгтэй уулзаж ярилцахаар болсон байна. Энэ бол Тавантолгойн хэлэлцээ мухардмал байдалд шилжээд буй сүүлийн найман сарын хугацаанд чих дэлссэн цөөн мэдээллийн хамгийн нааштай нь ч байж мэднэ.
Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компаниудын хувь эзэмшлийн дүнг зарлахад өмнийн говь дахь Баруун Цанхийн бараа монголчуудад төдийгүй дэлхийн зах зээлд тун чиг ойртож нэгэнтээ үзэгдэх шиг болоод өнгөрсөн билээ. Тэгэхэд БНХАУ-ын “Шинхуа” группэд 40, АНУ-ын “Пибоди”-д 24, ОХУ, Монгол Улсын хамтарсан консорциумд 36 хувийг (18:18) хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байв. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр оросуудын төсөөлснөөс эсрэгээр эргэж, тэдэнд ногдуулсан 18 хувь Кремльд таалагдаагүй учраас Баруун Цанхийн бараа замхрахад хүрээд байгаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОЙЛГОЛЦОЖ ЭХЭЛЖЭЭ
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар Оросын хувийг нэмэх ямар хувилбар бодож боловсруулсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй боловч “Хөрөнгө оруулагчид ойлголцож эхэлсэн” гэнэ. Монголын 18, Америкийн 24, Хятадын 40 хувиас хасах замаар “Оросын төмөр зам”-ын 18 хувийг нэмэгдүүлж Кремлийн бухимдлыг барагдуулах яриа хөөрөө үр дүнд хүрч байгаа бололтой. Оросын тал 18 хувиа бага хэмээн заалдаж, хэлэлцээний ширээнд эргэж суухдаа Япон, Солонгосын компаниудыг эгнээндээ нэгтгэн удирдаж буй ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэлээс Монголын Засгийн газарт хатуухан болзол тулгасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэд Тавантолгойн ордод шинээр тавигдах төмөр замыг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд бүрэн авах шаардлага тавиад байсан. “Энэ компанийн 50 хувийг эзэмшиж байгаа эрх мэдлийн хүрээнд Оросын тал Тавантолгойн нүүрсний тээвэрлэлт, дэд бүтцэд хяналт тогтоох арга зам эрэлхийлэх болсноор Баруун Цанхийн хэлэлцээнд нааштай алхам хийгдээгүй” гэж Ажлын хэсэгт ойр эх сурвалж өгүүлж байлаа.
Харин Засгийн газар Тавантолгойн бүсэд тавигдах төмөр замыг “Оросын төмөр зам”- ын мэдэлд өгөхөөс татгалзсан хэвээр байгаа сурагтай. Харин нэг консорциумд багтаж Баруун Цанхийн тендерт оролцсон Япон, Солонгосын талуудтайгаа тохиролцох, аль тал нь ямар эрх, үүрэгтэй оролцож байгааг илүү тодорхой болгохыг “Оросын төмөр зам”-аар удирдуулсан Япон, Солонгосын компаниуд бүхий нэгдэлд санал болгосон байна. Хэрэв Орос, Япон, Солонгосын нэгдэл өөрийн өмчлөлд Тавантолгойн дэд бүтцийг авах саналаа орхиж, оронд нь Монголд унацтай өөр санал боловсруулбал хэлэлцээнд оролцогч Америкийн “Пибоди Энержи”, Хятадын “Шинхуа Энержи” группүүдэд оноосон хувиас тодорхой хувийг хасах замаар Оросын гомдлыг барагдуулж болохыг ч эх сурвалж өгүүлэв.
Үүнээс үзэхэд өмнө нь Баруун Цанхийн гэрээг Монголын Засгийн газраас зарласан хувь хэмжээгээр байгуулж, ажил хэргээ шуурхайлахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан Америк, Хятадын талын байр суурь бага зэрэг зөөлөрсөн бололтой. Баруун Цанхийг хөдөлгөхийн тулд оросууд ч чармайж эхэлсэн болов уу. Өнөөдөр Засгийн газрын Ажлын хэсэг Япон, Солонгосын компаниудтай хэлэлцэх болсон гэж байгаа нь үүний илрэл хэмээн ойлгож болох байх. Тэд удаан гацаасан хэлэлцээнд эргэж суухдаа Монголын талын саналын хариуд эерэг хариу барьж ирсэн байх магадлалтай. Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд болон БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компани бол “Оросын төмөр зам” нэгтгэлийн Тавантолгой төсөлд хүрэх санхүүгийн гол эх үүсвэр шүү дээ.
МОНГОЛД БАС БЭРХШЭЭЛ ЭХЭЛСЭН
Баруун Цанхийн бараа алсарсан эхний шалтгаан нь Оросын талын шаардлага байсан бол, харин удаах нь манай дотоодод гэнэт үүссэн улс төрийн нөхцөл байдал болж байна. АН хамтарсан Засгийн газрыг орхиж, энэ оны зургаадугаар сарын сүүлч хүртэл Парламент дахь хүчтэй сөрөг хүчний талбарыг эзэгнэх тактикт шилжээд байгаа нь Тавантолгой төслийг эргэлтэд оруулах МАН-ын Засгийн газрын төлөвлөгөөнд томоохон асуудал үүсэх магадлалыг өндөр болгож орхилоо. Баруун Цанхи хамтарсан Засгийн газрыг задрах хүртэлх саяхныг болтол УИХ-ын сонгуулиас өмнө хийж амжуулах АН-ын ажлын төлөвлөгөөнд ч бас байсан.
Одоо тэд сөрөг хүчин болсон учраас урьд нь баримталж байсан байр суурь, хэлсэн үг, хийсэн ажлаасаа хэрхэн булзахыг баримжаалах аргагүй. Тавантолгойн Ажлын хэсгийг байгуулагдсан цагаас нь АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд ахалж, Баруун Цанхийн хөрөнгө оруулагчидтай Монгол Улсыг төлөөлөн хэлэлцээ явуулж байсан. Одоо АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан, түүний хашиж асан Тэргүүн шадар сайдын албан тушаалын орон тоо ч үгүй болов Тэргүүн шадрын эрхэлж байсан ажлуудыг ерөнхийд нь Шадар сайд М.Энхболд хариуцаж үлдсэн боловч Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагчийг одоогоор албан ёсоор томилоогүй байна.
Эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол, Тавантолгойн Ажлын хэсгийг М.Энхболд ахлахгүй бололтой. Харин уг хэлэлцээг явуулахад гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн ЗГХЭГын дарга Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулагчидтай Монголын талаас нүүр тулах Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах гэнэ. Тавантолгойг монголчууд онцгойлон үздэг. Баруун Цанхиа хэрхэх нь 100 хувь Монголын асуудал юм. Монголчуудын мэдэлд байгаа энэ ордоос Оюутолгойг бодвол хавьгүй өргөн боломжийг хүлээх эрхтэйдээ олзуурхах хэрэгтэй. Тийм ч учраас Монголын Засгийн газар Баруун Цанхид хөрөнгө оруулахаар өрсөлдөгч гадаадын консорциумуудаас ихийг хүсэх нь дамжиггүй. Эс бөгөөс Монголын тал өөрөө Тавантолгойдоо ялагдах билээ.
Тавантолгойн хэлэлцээнд орж байгаа гурван тал хэдийгээр дэлхийд алдаршсан компаниуд боловч тэднийг монголчууд өөрсдийнхөө шалгуураар танихыг оролдож байна. Засгийн газрын Ажлын хэсгийнхнийг өдгөө Баруун Цанхиас аль болох ахиу хувь хүлээсэн Орос, өмнөх хэлэлцээний дүнд сонссон хувь эзэмшлээ алдахгүйг хичээ сэн Хятад, Америкийн талууд анаж байгаа. Ийм эмзэг үед Монголын баялгийг улс төрийн тогтворгүй байдал, сонгуулийн шоу шиг харалган тэнэг байр суурь хумхийн тоос болгож дөнгөнө. Аль нэг нам, хэн нэгэн улстөрч тэр сонгуульдаа ялдаг юм гэхэд, Тавантолгойгоороо л хийрхдэггүй юм шүү.

No comments:

Post a Comment