2012/02/17

Сая төгрөгөө битгий өг, хувьцаагаа ч бас



Ирж буй сонгуультай уялдаад УИХ-д олонхи суудалтай хоёр намын зүгээс “хэн нь түрүүлж амлалтаа биелүүлэх вэ” гэдэг алалцаан болж байна гэж. “Бид сая төгрөгийнхөө хувьцааг өгсөн, амлалтаа биелүүлсэн. Үүнээс цааш явах газар үгүй” хэмээн Засгийн газраас гарсан Ардчилсан намынхны араас “Бид ч гэсэн сая 500-гаа өгмөөр байна. Хувьцааг чинь худалдаад авчихья” хэмээн Ардын намынхан аархаж байна. Засгийн газарт орохдоо “Хоёулангийнхаа амлалтыг хамтраад хэрэгжүүлчихнэ” гэж ам гарсан хоёр нам одоо “би үхэх үү, чи үхэх үү” дээрээ тулаад байгаа нь энэ.

Хамгийн хачирхалтай нь, Ардчилсан намын сая төгрөгийн хувьцаа, Ардын намынхны сая 500 мянгыг гүйцээх ганц түлхүүр нь Тавантолгойн ордын ашиглалт. Гэтэл нөгөө Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчидтай хийх гэрээний төсөл нь ҮАБЗ дээр очоод уначихсан. Одоогоор олборлолт явуулж бай­гаа “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нитай хийсэн худалдан авал­тын гэрээнээсээ Хятадын тал бу­цаж эхлээд байгаа талаар ч эх сурвалжууд ам алдаж эхэлсэн байна. Хэрвээ ингэвэл “Chinalco”-гоос борлуулалтын урьдчилгаа болгож авсан 250 сая ам.долларын өрөнд Монголын Засгийн газар дахиад унана. Юун нөгөө сая төгрөгийн бэлэн тараалт энэ тэр.

Өмнө нь Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг тус биржид арилжаалахгүй гэсэн нь бас л манайхны хийсэн нөгөө “но”-той, ноцтой амлалтуудаас болсон. Тавантолгойн ордоос иргэн бүрт өгөх 536 ширхэг хувьцааг Засгийн газар сая төгрөгөөр үнэлж худалдаж авна гэсний дараа Хонконгийн бирж “Засгийн газар нь үнэ тогтоож байгаа нөхцөлд манайх арилжаалах боломжгүй” гэсэн гэнэ лээ. Ингээд хувь хишиг хүртэх, хувьцааны ногдол авах монголчуудын горьдлого талаар болж байгаа юм. Одоо нөгөө дэлхийн зах зээл “тоож шиншихгүй” болсон хувьцаагаа манай дарга нар Лондонгийн бирж дээр гаргах тухай “бүлтэрч” байгаа ч тэр болтол лай ч байна, зай ч байна гэдэг байх аа. Ядахдаа энэ хоёр биржид манай төрийн мэргэн түшээдийн гаргасан шийдвэрээс арай өөр хууль үйлчилдэг байлгүй.

Тиймээс сая төгрөгийн хувьцаа, сая 500 мянган төгрөгийн бэлэн мөнгөний амлалтыг арай өөр талаас нь хараад үзье, бүр эхнээс нь гэсэн үг л дээ.

2008 оны сонгуульд орохдоо Ардчилсан нам “Баян Монгол” хэмээх хөтөлбөр боловсруулж, уул уурхайн баялгаас иргэддээ хувьцаа тараахаар амласан юм. Зөвхөн Тавантолгойн орд ч бус, стратегийн олон орд газруудаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, үүнийхээ тодорхой хувийг иргэдэд хувьцаа болгон өмчлүүлэхээр. Гэтэл тухайн үед намын “пиарчин”-аар шилэгдээд байсан нэгэн киночин дундуур нь орж ирээд “Өө, наадахын чинь ард нь тоо тавихгүй бол хүмүүс хүлээж авахгүй, ерэн оны цэнхэр, ягаан тасалбар шиг л юм болно” гэж хэлээд “сая төгрөгийн” ханш тогтоосон гэж байгаа юм. Ингээд жинхнээсээ нөгөө “цэнхэр, ягаан”-ы араас аваачаад “шаачихаж” /уучлаарай/ байгаа юм биш үү.

Энэ хооронд сая төгрөгийн хувьцаанд хандаа хага даруулсан МАХН-ын нөхдүүд яадаг ийдэг билээ хэмээн сандралд орж, шороо самардаж эхлэхэд нөгөө “пиарчин” чинь жингийн туухай дээр тэдний талд очиж суугаад “сая 500 мянган төгрөг”-ийг бэлнээр санал болгосон гэх юм билээ. Уг нь бол С.Баяр мулгуудаа, эх орондоо хайргүйдээ, эдийн засгийн алуурчин болох гээд энэ тоог гаргаад ирчихсэн ч юм биш. “Ямар ч аргаар хамаагүй намаа сонгуульд ялуулахаар” амлаж, намын дарга болсон эр хүн аргаа барж, “аавынхаа толгойг маажихад” хүрсэн хэрэг. Ингээд өнгөрөгч 2008 оны сонгуульд Ардчилсан нам, Ардын нам /одоогийн нэрээр/ хоёр биш, харин “Боролдой” хүү өөрөө өөртэйгөө өрсөлдсөн болж таарч байна. Улс төрийг ингэж л хийж байна шүү дээ, ард түмээн.

Ийм байхад хоёр намаас “хувьцаагаа өг, хувь хишгээ тараа” гэж нүдийг нь бүлтэлзүүлж, амыг нь ангалзуулаад нэмэр байна уу. “Боролдой” студийн С.Мягмараас очиж амлалтаа нэхэх нь зөв юм уу ч гэж харагдаад байгаа.

Харин сонгуулийн дараа 44 суудал эзэлсэн МАХН ч, 27 суудалтай үлдсэн Ардчилсан нам ч “Би юу хийчихэв ээ” хэмээн амаа барьж, тархиа шааж эхэлсэн бөгөөд биелэх аргагүй амлалтуудаа биелүүлсэн нэр зүүхийн тулд хамтарсан Засгийн газар гэгч халгаатай зам руу орсон билээ. Яг үнэндээ долдугаар сарын 1-ний хэрэг явдал ч, сонгуулийн шинэчлэл ч шалтгаан нь биш. Харин МАХН-ын амласан сая 500-г Ардчилсан нам нь явуулахгүй, Ардчилсан намын амласан хувь хувьцаа ч ажил болохгүй байсан учраас бие биенээ барьцаалан байж засагт орсон хэрэг. Тэгээд хамтарсан Засгийн газрын биелүүлсэн гэх Ардчилсан нам, Ардын намын амлалтууд одоо юу болоод шувтарч байгааг хэн хүнгүй харж байна.

Сангийн сайд асан С.Баярцогт ажлаа өгөх үедээ “Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийг /зүгээр ч өгөөд байгаа юм биш л дээ, хувьцааг нь худалдаж авахыг хэлж байгаа юм/ төсөвт суулгачихсан, 330 тэрбум төгрөг болж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд амлаад байсан 10 хувийн хувьцааг иргэдээс худалдаж авна гэвэл дахиад 1,5 их наяд төгрөг орно оо” гэсэн. Гэхдээ энэ мөнгө одоо төсөвт байхгүй, хэзээ орж ирэх, хаанаас хулгайлахыг ч мэдэхгүй. Тийм учраас өнөөдөр иргэдийн зүгээс тавиад байгаа /яг үнэндээ бол хамгийн сүүлд АНАТХ-ынхон энэ сэдвээр Их хуралдай хийсэн л дээ, хэрэв тэднийг иргэн Г.Уянга, М.Энхсайхан, Н.Энхбаяр гэж харах юм бол/ “Хувьцаагаа ч авна, сая төгрөгөө ч авна” гэдэг шаардлага дэндүү увайгүй зүйл болж харагдаж байна.

Наанадаж сонгуулийнхаа үр дүнг харах хэрэгтэй шүү дээ. Хэн нь олонхи болж, юу амлалаа гэдгийг. Хэрвээ Ардчилсан нам сонгуульд ялсан бол хувьцаагаа авна, Ардын намаас бол сая 500-гаа авна. Энэ бол эрүүл шаардлага. Тиймгүй тохиолдолд 1 сая+1,5сая=1,5 гэдэг гаргалгаа харин ч логикийн хувьд илүү зөв болж байна. Ардын намыг сонгосон нь сая 500-гаа, Ардчилсан намыг сонгосон нь хувьцаагаа авна биз, болоо юм биш үү?

Манай улстөрчид, улс төрийн намууд ч гэсэндээ цаашдаа хэн дуртай нэгнийх нь хэлсэн үгэнд очиж бүдрээд, шидсэн чулуу болгоныг нь хөөж гүйгээд байж болохгүй гэдгийг энэ удаагийн сонгууль харуулсан болог, сургамж нь хаа юм. 

No comments:

Post a Comment