2012/02/22

Таван толгойн хувьцаа ердөө л 77 кг нүүрс болж хувирлаа

Таван толгойн ордоос иргэддээ хишиг хүртээнэ гэсэн сайхан үгний цаана асар их мөнгөний тоглоом явж байсныг Таван толгойн ордыг ашиглах тухай тогтоолыг  батлах тэр мөчид олон нийт мэдэв.  Дарга, даамлууд бүгд л “Таван толгойн ордоос иргэддээ өгнө” гэж маасайтал инээж, бас хэрхэн яаж өгөх вэ гэж их л нямбай, чамбай үзэж байсан. Гэтэл тэр 20 хувь нь Таван толгойн бүх ордын бус Зүүн Цанхийн хэсэг газрыг эзэмшдэг  “Эрдэнэс таван толгой” компаний хувьцаа болж хувирав. Өмнөговь аймагт байх тус ордыг Зүүн Цанхи, Баруун Цанхи гэж хуваагаад “Энержи ресурс”, орон нутгийн  өмчит жижиг “Таван толгой” гэх зэргээр хэд хэд тасдан хуваасны нэг нь л “Эрдэнэс таван толгой”-н хэсэг орд. Эдийн засагч Г.Пүрэвбаатарын хэлж буйгаар Таван толгойн нийт ордын нөөц 6,4 тэрбум тонн байхад бидний эзэмшигч нь болно гэж хөөрцөглөөд байсан “Эрдэнэс таван толгой” дөнгөж 108 сая тонн нүүрстэй. Үүний 20 хувийг 2,8 сая иргэддээ хувааж өгнө гэвэл  77,2 кг болж байгаа аж. Таван ам бүлтэй айл байлаа гэхэд 386 кг, нэг тонн ч хүрэхгүй өчүүхэн хэсэг нүүрс оногдож байна гэхэд итгэмээргүй. Хуурлаа хуурлаа гэхэд энэ удаа арай дэндлээ. УИХ-ын гишүүд дээрх тогтоолыг батлах гэж толхилцож байх үедээ, хэвлэлээр нэг л их өглөгч хүмүүс болж гарахдаа энэ тухай огт дурдаагүй билээ. Чухам Таван толгойн ордоос хувь өгнө гэж анхнаасаа ярьсан тул ганцхан бөөрийг нь эзэмшдэг “Эрдэнэс таван толгой”-н хувьцаа гэж ойлгогдохооргүй байсан. Үүнийгээ ч тодруулсангүй, тодруулахыг ч хүссэнгүй. Учир нь “Эрдэнэс таван толгой”-гоос бусад газрыг УИХ-ын гишүүд, тэдний хань хамсаатнууд мэдэлдээ авч ашиглаж байгаа тул аль болох нуун дарагдуулаад өнгөрөхийг хүсч. Тэгэж ч чадлаа. Монгол улсын үндсэн хуульд байгалийн баялаг, ан амьтан, ой мод бол ард түмний өмч гээд заагаад өгчихсөн. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль гэсэн халхавч нэртэй лицензийн хуулиар Таван толгойн бусад хэсэг аль хэдийн хувь хүмүүсийн өмч мэт болчихсон байгаа. “Энержи ресурс”, жижиг “Таван толгой”, “Буян”-гийн Жаргалсайханд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шагнал болгон  өгсөн орд газар гээд бидний нийтээрээ өмчлөх ёстой газрыг хэсэг баячууд хувааж идээд, өвлийн дүн хүйтэнд далайн эрэгт наранд биеэ шараад хэвтэж байна. Өмнөговийн хэдэн малчдыг хувааж хүртэг гэж орон нутгийн өмчид шилжүүлсэн жижиг “Таван толгой”-г засаг дарга нь баян бизнесментэй хувааж идэж суугаа үнэн бодит баримт ч бидэнд байна. “Эрдэнэс таван толгой” компаний захирал Б.Энэбиш энэ ордын тухай мэдээлэл өгөх дургүй “мэдэхгүй, чадахгүй” гэсэн үгээр сэтгүүлчдийн амыг таглаж байсныг үүнтэй холбож ойлгохоос аргагүй. МАН ч бай АН ч бай бүгд л эцсийн мөчид мөнгөний төлөө гар өргөн санал өгөв.
   Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчүүхэн хувь хишигт нь баярлаж суух гэж дээ гэж ичих шиг, инээд ч хүрэх шиг. Үгүй ээ, энэ томчууд мөн ухаантай юмаа, мань мэтийг ингэж мадалж байдаг гээд ангайгаад үлдлээ. Одоо яах вэ? Их санасан газар есөн шөнө хоосон гэж энэ л байх даа.

No comments:

Post a Comment