2012/02/20

Дөрөвдүгээр сард бэлэн мөнгө, хувьцааны аль нэгийг сонгоно



УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон намрын ээлжит чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга А.Тлейхан, гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Байнгын хорооны дарга А.Тлейханы танилцуулснаар намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 72,2 хувийн дундаж ирцтэйгээр 17 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд хуулийн төсөл 15, тогтоолын төсөл хоёрыг хэлэлцсэнээс хоёр хууль, хоёр тогтоолыг чуулганаар хэлэлцүүлэн батлуулжээ. Гурван хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлэн болгожээ. Чуулганы үйл ажиллагаанаас шалтгаалж зарим хуулийн хэлэлцүүлэг удааширсан байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус чуулганаар батлуулсан байна. Мөн Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталснаар тэтгэврийг нь түр зогсоосон иргэдэд олгож байгаа нөхөн олговрын доод хэмжээг хоёр үе шаттайгаар, эхний шатанд 140300 төгрөг, дараагийн шатанд 162 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор болсон байна. Мөн Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ. Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, эхний шатанд 32500 төгрөг, дараагийн шатанд 40 мянган төгрөг олгохоор уг тогтоолд тусгасан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын мэдээллийг сонсч, сургууль, ясли, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн хомсдлоос гарах арга замууд, цаашид хэдэн цэцэрлэг шинээр байгуулах, төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар асуулт, хариулт өрнүүлсэн байна.

Гишүүн С.Эрдэнийн хэлснээр хэлэлцээд баталж амжаагүй хэд хэдэн хуулийн төсөл байгаа аж. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Боловсролын тухай зэрэг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд батлах шатанд шилжүүлжээ.

Гишүүн Д.Оюунхоролын мэдээлснээр Нийгмийн халамжийн тухай хуулийг баталснаар орлогогүй байсан иргэдэд халамжийн сангаас тэтгэвэр тогтоох эрх бүрдсэн байна. 1990 оноос хойш хөдөлмөр эрхлээгүй байсан иргэдэд тэтгэвэр авах эрх нээгджээ. Боловсролын тухай хуулийн төсөлд 25-аас дээш жил ажилласан багшид сургуулийн өмчийн хэвшил ялгахгүйгээр тэтгэвэрт гарахад нь нэг удаа 24 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох асуудал гацаанд орсон байна. Ирээдүйн оюунлаг иргэдийг бэлтгэе гэвэл багш нарт өмчийн хэвшил ялгалгүй тэтгэмж олгох ёстой гэж тэрбээр тайлбарлав.
С.Эрдэнэ гишүүн ч мөн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлэв. “Боловсролын салбар тэргүүлэх салбар л юм бол суурь боловсролыг үнэгүй олгох ёстой. Багш нарыг хөгжүүлэх асуудлыг өмчийн хэлбэрээр ялгаварлах ёсгүй. Аль ч өмчийн сургуульд Монголын ирээдүй үе сурч байгаа. Монгол Улс боловсролоор алагчлахгүй байх конвенцид нэгдэн орсон. Үндсэн хуульд иргэдийг эрхэлж буй ажил, албан тушаалаар нь ялгахгүй гэж заасан” гэж байлаа. Сургуулийн туслах ажилтанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг байнгын хороодоор дахин хэлэлцэх аж. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн бага, дунд, ахлах ангид суралцах хугацаа 5+5+2 жил байсныг 5+4+3 жил болгох талаар үргэлжлүүлэн ярилцах юм байна.

Байнгын хорооны дарга А.Тлейханы сэтгүүлчийн асуултад өгсөн хариултаас үзвэл намуудын амласан 1,5 сая төгрөгийг иргэдэд олгохдоо нэг хэсгийг бэлэн мөнгөөр, үлдсэн хэсгийг Тавантолгойн хувьцаагаар олгоно гэж 2012 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуульд заажээ. Эхний ээлжинд бүх иргэдэд дөрөвдүгээр сарын 1-ний дотор хувьцаа тарааж, нэг сая төгрөгөө бэлнээр авах хүмүүс саналаа гаргах юм байна. Бэлэн мөнгийг эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхөөр болжээ. Уг нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёрдугаар сарын 1-нээс бэлэн мөнгө олгох байсан ч тодотгох зүйл гарсан тул ийнхүү хойшлуулсан гэв. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор бэлэн мөнгө, хувьцааны аль нэгийг сонгох юм байна.

Гишүүн Д.Оюунхорол Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн талаар товч танилцууллаа. Дөрөв, зургаан хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар одон хүртээдэг болсноос хойш 92 мянган эх хоёрдугаар, 39700 эх нэгдүгээр одон авчээ. Хүн амын 2010 оны тооллогоор нэг өрх дунджаар хоёр хүүхэдтэй гэсэн тоо гарчээ. Нийгэм ийм болоод байхад олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн үнэгүй хөдөлмөрийг Монгол төрөөс одонгоор үнэлсэн хэрэг гэж Д.Оюунхорол гишүүн хэллээ. Үүн дээр жилд нэг удаа олон хүүхэдтэй өрхөд нэмэр болгож эх, үрсэд мөнгөн тэтгэлэг өгөх гэсэн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан төсөл шийдвэрлэгдэж чадахгүй байна гэв. Мөн хасах дөчөөс дээш градусын хүйтэнд, нийслэлээс 1000-аас дээш км-ийн алсад ажиллаж амьдарч буй иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл хаврын чуулганаар шийдэгдэх төлөвтэй байгаа аж. Инновацийн тухай хуулийн төслийг мөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах аж. Энэ нь эрдмийг бүтээл болгох нэн чухал хууль болохыг А.Тлейхан гишүүн онцлов.

No comments:

Post a Comment