Монголын сайхан оронд жил жил дэлгэрэгч хаврын улирал айлчилж байна. Манай улсад хавар болно гэдэг чинь “уул шугамандаа” уул уурхайн улирал ирлээ л гэсэн үг. Энэ хавар Баруун Цанхийн ордод хөрс хуулах ажил эхлэх төлөвлөгөөтэй. Өрнүүн их ажил ундрах тэрхүү талбарт лав л одоогийн байдлаар ганц хүрз хүргэчих төлөв алга л байна. “Тавантолгойн” гэж ерөнхий нэртэй ч, нэдэр дээрээ уг ордын Баруун Цанхийн хэсэгт хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендерийн дүн уг нь аль эрт гарсан билээ. Ялагч гурван консорциумын нэр ус хэдийнэ тодорхой болчихсон.
Монгол Улсын Засгийн газар АНУ-ын “Пибоди Энержи”, ОХУ-Япон-БНСУ-ын хамтрал, БНХАУ-ын “Шин хуа Энержи” компаниудтай хэлэлцээний ширээнд эргэн суух шалтгаан тендерийн дүн гарсан даруйд боссон учраас Баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө нам “суучихаад” байгаа. Талууд Баруун Цанхиас нүүрс олборлох гэрээгээ үзэглэж төвдөхгүй хагас жил гаруй гацаж буй нь Засгийн газрын Ажлын хэсгээс олгосон түрээсийн хувь хэмжээ “Оросын төмөр зам” эцэгтэй Япон, Солонгосын “хөвгүүдэд” эс таалагдсантай холбоотой. Хувь хэмжээгээ нэмүүлэх оролдлогоор хэлэлцээг үргэлжлүүлж буй Орос, Япон, Солонгосын хамтралын хүчин чармайлт одоогоор нааштай хариу сонсох янзгүй байгаа аж.
АНУ-ын “Пибоди Энержи” 24 хувиасаа, БНХАУ-ын “Шинхуа Энержи” 40 хувиасаа оросуудад тийм ч хялбар тавьж өгөхгүй нь бололтой. Ийнхүү Тавантолгой төслийг том зургаар нь харж хөдөлгөөнд оруулах гэсэн Засгийн газрын нүүдэл Цанхийн баруунтай удаашрах магадлалд хүрэв. Баруун Цанхийн хэлэлцээнд оролцогч Америк, Орос, Хятадын байр суурь өнөөдрийг хүртэл зөрчилдсөн хэвээр. Ялангуяа өөрсдийгөө нэг тал хэмээн хамтрал болж тендерт оролцсон ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэл хийгээд түүний удирдлага доорх Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марү- бени” компани болон БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компани өөр хоорондоо үг хэлээ олоогүй байгаагаас үзвэл хэлэлцээг зохион байгуулагч Монголын Засгийн газар гурван талын уулзалт яриаг цаашид эерэгээр өрнөхийг хүлээнэ гэвэл цаг дэмий алдах эрсдэлтэй нүүр туллаа. Иймээс Монголын тал “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэгчлэн ерөөс гацаатай сунжирсан энэ тендерийг буцаасан ч болохгүй гэх газаргүй санагдана.
Ярвигтай нөхцөлд хэлэлцээг явуулж буй Засгийн газрын Ажлын хэсэг ч Тавантолгойн тендерийн дуншаа байдлаас залхдаг болов уу. Лав л Ерөнхий сайд С.Батболдод Баруун Цанхид хэлэлцэгчдийг түргэлүүлэх бодол алга шиг байна лээ. “Маргааш гэхэд тохиролц” гэж тэднийг шахах шаардлага байхгүй гэж хэлсэн. Гэхдээ бас Баруун Цанхийн хэлэлцээ ужгирснаас болоод Тавантолгой төслийн ажил удахыг С.Батболд тэвчихгүй л болов уу. Эдийн засгаа бодсон ч, удахгүй болох улс төрийн сонгуулиа харсан ч Тавантолгойн тендерийг хэрхэн шийдэх нь яах аргагүй Ерөнхий сайдын удирддаг МАН-ын нэр хүндийн хамгийн том оноо болох юм.
Хөрөнгө оруулагчид нүүрс олборлох түрээсийн квотыг тохиролцох өдрийг хүлээлгүй Баруун Цанхид хөрс хуулах ажлыг эхлүүлэх санал Засгийн газарт бий дуулдсан. Харин хөрөнгө хүч, техник технологийн шийдэл нь тодорхойгүй. Зүүн Цанхи гэж бий. Баруунаа бодвол эхний нэг сая тонн нүүрсийг нь ухаад экспортод гаргачихсан бэлэн зэхээний орд шүү дээ. Энд хөрөнгө оруулбал Баруун Цанхийн гацаанд алдах боломжийг нөхөөд олчих боломж харагддаг. Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг байгуулж чадсан гавьяаг МАН-тай хуваалцаж асан АН одоо сөрөг хүчин.
Тавантолгой харин МАН-ын нуруун дээр үлдсэнээрээ сонгуулийн өмнөх улс төрийн шоглоом болж хувирах эрсдэл бодитой бий. МАН ард түмний өмчийг зөв залуурдахад улс төрийн ийм хүчин зүйлээс шалтгаалан хүчин мөхөстөхөөс зайлсхийх үүднээс нь бодоод үзсэн ч “Тавантолгойн” гэж нэршсэн Баруун Цанхийн тендерийг буцаасандаа гэмгүй биш үү. Уул уурхайн улирлыг эхлүүлж буй хаврын урь ч, улс төрийн ухаан жолоогүй сонгууль ч тэр гадаадын хөрөнгө оруулагчдыг яаруулахгүй нь дамжиггүй. Ээ, монголчуудын мэдэх хэрэг. Тендерээ буцаадаг санж уу, Тавантолгойд аргаа өөрчилсөн нь дээр шиг байна шүү.
No comments:
Post a Comment