2012/02/16

Хятадууд ”Эрдэнэс ТТ”-той хийсэн наймаагаа буцаах уу


Хятадууд Монголын Засгийн газартай хийсэн наймаагаа буцаахаар шийдсэн  тухайгаа албан бичгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишид ирүүлсэн гэх мэдээлэл байна.

 Өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээр Тавантолгойн зүүн Цанхиас олборлох нүүрсийг  худалдаж авах гэрээг Хятадын “Чайналко” компани “Эрдэнэс Тавантолгой”-той хийж, Монголын Засгийн газарт 250 сая ам.долларынхаа урьдчилгааг аль хэдийнэ өгчихсөн билээ. Тус компани өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд албан ёсоор Монголын хэвлэл мэдээллийнхний өмнө Монголоос нүүрс худалдаж авах ёслол үйлдсэнээс хойш  зургаан сарыг үджээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газар ч хятадуудаас урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллараа Эх орны хишиг нэрээр иргэдэд хэдийнэ тараачихсан.  Гэрээ ёсоор бол  “Чайналко” компани таван жилийн турш Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдан авах ёстой. Гэтэл гэрээ хийснээсээ хойш хоёр, гурав сарын дараанаас хятадууд “Танай нүүрсний чанар муу, тээвэрлэлт нь эрсдэлтэй байна” хэмээн гоншигнох болсныг нүүрсний салбарынхан ч баталж байна лээ.

Хятадууд эхэн үедээ үүнийгээ аман хэлбэрээр илэрхийлж  байсан бол өнгөрсөн сард Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн гэрээгээ цуцалмаар байгаагаа албан бичгээр өгүүлжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодруулахад, “Би ийм бичиг ирснийг мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн.

Коксжих нүүрсний чанараараа дэлхийд гайхагдаж байгаа, гадаадынхны шунал хүслийн цэг болоод буй Тавантолгойн ордын “оригиналь” нүүрс хятадуудад гологдох болсон шалтгааныг нүүрсний салбарынхан хоёр янзаар тайлбарлаж байна. 

Урьдчилгаа 250 сая ам.доллараа Монголын Засгийн газарт аль хэдийнэ тушаачихсан хэрнээ хятадууд яагаад наймаагаа буцаахаар ийнхүү албан бичгийг “Эрдэнэс Тавантолгой” компанид илгээв ээ. Нүд, шүдээ ухаад өгөх нь холгүйхэн аашилж байсан “Чайналко”-гийнхан Монголоос худалдан авч байгаа нүүрсний чанар эрс муудсан гэдэг гомдлыг албан бичигтээ дурджээ. Хамгийн сайн чанарын, хамгийн үнэтэй нүүрсийг Монголоос дэлхийн зах зээлээс хамгийн хямдхан худалдан авч байгаа хэрнээ чанарын асуудлыг хөндөх болсны  шалтгаан нь юу байв аа. Тэгвэл энэ шалтгааны эзэд, асуудлын гол буруутан нь манай тээвэрлэгч компаниуд бололтой юм. Тэд Тавантолгойн ордоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх замдаа  сайн чанарын коксжих нүүрсийг замын ченжүүдэд өндөр үнээр зарж, оронд нь хүрэн нүүрс хольчихдог гэсэн яриа бий. Энэ хэрвээ үнэн бол “танай нүүрсний чанар муу болсон, тээвэрлэлт нь эрсдэлтэй байна” гэх хятадуудын гомдол үндэслэлтэй.

Гэхдээ нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой”-д ирүүлсэн “Чайналко”-гийн албан бичиг хятадуудын шантаажийн нэг хэлбэр байж ч болох талтай юм билээ. Монголын Засгийн газар өөрсдийнх нь мөнгийг нэгэнтээ идээд, уучихсан болохоор элдэв янзын гомдол, акц гаргаж байгаад Тавантолгойн коксжих чанарын нүүрсийг 70 ам.доллараас доогуур үнээр авах гэсэн хужаа нарын арга заль байж ч магадгүй юм. Тэртээ тэргүй Монголын Засгийн газар өрөнд орсон, хэрвээ хятадуудтай хийсэн гэрээгээ цуцалвал сайн чанарын нүүрстэй гэх Тавантолгой ордын нэр хүнд дэлхийд навс унана. Тэгвэл Тавантолгойн ордоор тэжээлгэх тухай монголчуудын мөрөөдөл талаар болох нь тодорхой учраас хятадууд Монголын эмзэг талуудыг ашиглан, боломжгүй байдлаар нь далимдуулж, Тавантолгойн нүүрснийг хямдхан үнээр авах санаархлын илрэл гэх хүмүүс ч байгаа юм. Хэрвээ их гүрэн холын бодлогоор “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн наймаагаа буцаавал Монголын эдийн засагт эрсдэл учирна. Эспортлогч орон болох хүсэл, иргэдэд тараах хувьцаа, ирээдүйд хэрэгжүүлэх Монголын Засгийн газрын томоохон төлөвлөгөөнүүд бүгд нурах нь ойлгомжтой.

Өгсөн мөнгийг чинь идээд дууссан, хоосон хүний хоёр чихийг огтлоод авах уу гээд ямар гүрийлтэй нь биш. Улс орны нэр хүнд, эдийн засгийн хөгжлөө бодсон ч монголчууд ингэж хэлж чадахгүй.  Далайд гарцгүй Монголд Хятадаас өөр нүүрсээ зарах том зах зээл байхгүй болохоор хятадууд бидний өмнө тор тавьчихаад байгаа ч юм билүү. Монгол Улс хүссэн хүсээгүй нүүрсээ Хятадын том зах зээлд экспортолж таарна. Тэгэхээр хятадуудын Монголын Засгийн газартай хийсэн наймаа буцаагдвал өнгөрсөн жил 17 хувьтай гарсан хэмээн хөөрцөглөөд байгаа эдийн засгийн өсөлт байхгүй болно гэдгийг монголчуудаас түрүүлээд тооцчихон байхыг үгүйсгэмгүй юм.  Өнгөрсөн онд манай улс төсвийн дийлэнхийг нүүрсний экспортоос олсон орлого бүрдүүлсэн бөгөөд Монгол 2011 онд 21 сая тонн нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлсэн гэх тоо баримт бий.

Ер нь сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Та­ван­толгой” компани бага­­гүй асуудалд ороод бай­гаа аж. Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн охин компани “Эрдэнэс Таван­толгой” компанитай гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос олборлосон нүүр­сийг Цагаан хад хүртэл тээвэрлэж буй “Гео транс”, “Хурд”, “Шанд хурай” зэрэг тээврийн компанийн 300-гаад жолооч өнөөдрийг хүртэл нэг, хоёрдугаар сарынхаа цалинг авч чадаагүй байгаа гэнэ.

Тээврийн компаниуд Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээгээр сар бүрийн эхний 10 хоногт багтаан тэдний дансанд “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөө шилжүүлэх ёстой. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар тээвэрлэлтийн мөнгөө шилжүүлэхгүй байгаагаас жолооч нар цалингаа авч чадахгүйд хүрчээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс асуухад “Би тэр асуудлыг мэдэхгүй, мөнгөө шилжүүлсэн” гэсэн. Ноён Б.Энэбишийн хувьд сүүлийн үед “мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа” гэдэг үнэн болчихоод байгаа. Тавантолгой төслийн стратегийн хөрөнгө оруулагч хэзээ тодруулах вэ гэсэн асуултад тэрбээр “Соаl Mongolia-2012”-ын үеэр мөн л “Мэдэхгүй” гэж байсан юм. Тэгэхээр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани, “Мэдэхгүй” хариултаар дүүрч, шийдвэрлэх олон бэрхшээл тэнд үүсчихээд  байна.

Эцэст нь хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чайналко”-той хийсэн наймаа цуцлагдвал олон улсын хөрөнгийн зах зээлд ирэх тавдугаар сард гаргана гэсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

No comments:

Post a Comment