2012/02/12

Ц.БАЯРСАЙХАН: ТӨР ТАЛ ЕЭВЭНГИЙН ҮЛГЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ЛУЙВАРДАХ НЬ



Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших нь тодорхой болсон. Гэхдээ уг ордын 15 тэрбум хувьцааны 10, эсвэл 20 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Уг нь 10 хувийг нь иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр эзэмшүүлэхээр УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан. Гэвч “үндэсний” хэмээх том нэрэн дор хэдхэн компанид өнөөх 10 хувь ногдох нь шударга бус хэмээн үзсэн УИХ-ын хэсэг гишүүн дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэдэд уг хувийг нэмж олгох замаар 1072 хувьцаа эзэмшүүлэх төсөл боловсруулсан билээ. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэг сумаар хоёр туулай буудахаар шийдэж, “1072 хувьцаа авах уу, нэг сая төгрөг авах уу” гэсэн сонголт нэмж бий болгосон.
Хэрэв иргэд сая төгрөг авна гэвэл хувьцааг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгоно, улмаар тэдэнд худалдаж байж иргэдийн мөнгийг олгох зарчимтай. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулав.
Б.Батбаяр: -Би уг нь төсөл санаачилсан ч одоо танигдахааргүй болчихож. Уг төслийн зорилго нь ердөө л иргэдэд 1.5 сая төгрөг олгох намуудын амлалтыг биелүүлэхэд чиглэсэн байна. Тавантолгойн гурван тэрбум хувьцааг иргэдэд олгох юм байна. Хувьцаа авах уу, нэг сая төгрөг авах уу гэхээр түүний нэрлэсэн үнийг 900 орчим төгрөгөөр тогтоожээ гэсэн үг. Уг нь хөрөнгийн биржид хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох ёстой. Гэтэл УИХ хувьцааны нэрлэсэн үнийг бүр хуульчлан тогтоох гэж буй нь хууль бус. Нэг хувьцаа 900 орчим төгрөг гэдэг чинь бодит үнэ мөн үү. Уг нь зүүн Цанхийн хувьцаанаас иргэдэд өгнө гээд байгаа атал ингээд үнийг нь тогтоочихоор нийт Тавантолгойн ханш болчихоод байна.
С.Бямбацогт: -Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, баялгаасаа иргэддээ 1.5 сая төгрөг олгох чинь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйл. Энэ зорилгоос Ажлын хэсэг хазайгаагүй. Тавантолгойн ордыг ангилж, хувьцааг нь үнэлээд байгаа юмгүй. 39 дүгээр тогтоолд “Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгоно” гэсэн өгүүлбэр байхгүй. Хувьцааны 20 хувийг иргэдэд олгоё л гэж байгаа. Засгийн газар зохион байгуулалтыг нь хийнэ.
Ц.Баярсайхан: -39 дүгээр тогтоолоор иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Дээрээс нь иргэн бүртээ баялгаас 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Гэтэл үүнийгээ нэг юм болгосон уг төсөл чинь тал еэвэнгийн үлгэр шиг байна. Хувьцаа өгсөн болоод, дараа нь түүнийг нь зарж сая төгрөг болгох замаар ард түмнийг луйвардах нь. Энэ бол төрийн том луйвар. Уг нь энэ асуудлаар төрийн бодлогоо гаргасан шүү дээ. Гэтэл одоо иргэдэд хувьцаа нэртэй цаас харуулсан болоод түүнийгээ аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө, эсвэл төр авна гэх юм. Нэг юмыг гурван хүнд зэрэг худалдах нь. АН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлаар сайн ярилцах хэрэгтэй. Энэ чинь анхны хувилбараасаа 180 хэм өөрчлөгдсөн байна.
С.Бямбацогт: -Хуурсан юм байхгүй, хоёр намын өгсөн амлалтын хүрээнд хийж байгаа ажил. Ард түмэнд хувьцаа эзэмших үү, сая төгрөгөө авах уу гэсэн сонголт олгож байгаа юм. Энэ мэтээр мэтгэв. Тэгж байтал АНын дарга Н.Алтанхуяг Байнгын хорооны дарга Д.Зоригтод мессэж илгээж, уг асуудлаар АН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэйг уламжилсан аж. Нэгэнт намын дарга нь мессэж нисгэсэн учир Байнгын хорооны дарга АН-ынхан завсарлага авч буйг уламжилснаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

No comments:

Post a Comment