2012/02/15

Бэлэн мөнгөнөөсөө татгалзаж, Тавантолгойн хувьцаа эзэмшиж болно


Бэлэн мөнгөнөөсөө татгалзаж, Тавантолгойн хувьцаа эзэмшиж болно

Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшигч болох уу, эсвэл оюутан, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг авсан тул хоосон хоцрох хэрэгтэй юү. Тав биш тавин жил энэхүү хоолыг сая төгрөгөөр арилжих нь зөв үү, буруу юу гэхчлэн олон асуулт ар араасаа хөвөрч байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг сая төгрөг+АН-ын нэг сая төгрөг бүхий хувьцаа=2.5 сая уу, эсвэл сонголт уу. Асуултын хариу нэгэнт тодорхой болсон мэт харагдавч хоёр нам санал зөрөлдөж, асуудлыг хойш татсаар байна. Гишүүдийн өргөн барьсан тогтоолын анхны төслөөр иргэн бүрт “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 20 хувийг олгохоор тусгасан. Харин ажлын хэсгийнхэн дээрх санааг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ.

Нийтийн эрх ашиг, амьжиргаанд тулгуурласан энэхүү тогтоолын төсөлд хүн бүр анхаарлаа хандуулаад буй. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр Я.Батсуурь гишүүнээс өөр асуулт асуух гишүүн ч гараагүй нь хоёр нам хэдийнэ эцсийн хариугаа гаргажээ гэж дүгнэж болохоор байлаа. Тэрбээр “Миний санаачилсан төсөл тэс өөр болчихлоо. Монгол Улс баян хоосны ялгааг арилгана гэдэг атлаа энэ маягаараа хувьцаа олгох юм бол Тавантолгойн хувьцаанаас олон хүн авч чадахгүй. Тэр дундаа оюутнууд хувьцаагүй үлдэнэ. Өндөр настнууд ч хувьцаа авч чадахгүй. Дээр нь амьдралын төвшин доогуур, орлого багатай иргэд хувьцаагаа арилжиж, хувьцаагүй л үлдэнэ. Байгалийн баялгийг ингэж шударга бусаар хуваарилдаггүй юм” гэв.

Түүний асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд “Харин ч таны өргөн барьснаас овоо танигдахаар төсөл болсон. Тодорхой заасан. Иргэдэд 536 хувьцаа олгох байсан нь 1072 болж нэмэгдсэн. Оюутнууд энэ жилийн сургалтын төлбөрт төрөөс олгох 500 мянган төгрөгөөсөө татгалзах замаар хувьцаатай болж болно. Үгүй бол үлдсэн хэдэн сард авах сар бүрийн 21 мянган төгрөгөөсөө татгалзаж, 100 мянган төгрөгийн хувьцаатай болох боломжтой. Гэхдээ орлого улсын төсөвт төвлөрнө. Энэ бүхэн төрийн өмч хувьчлагддаг шиг явна. Өмнө нь гаргасан шийдвэрээр 55- аас дээш насны эмэгтэйчүүд, 60- аас дээш насны эрэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүнд хувьцаа олгохоор болсон. 330 тэрбум төгрөг үүнд зарцуулагдана. Харин бусад хүмүүст олгох мөнгөний хувьд үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах замаар олох юм” гэж хариулав.

Гэсэн ч Я.Батсуурь гишүүн “Бид ялгаварлан гадуурхахгүйгээр хувьцаа олгох ёстой. Сая төгрөгөө бэлнээр нь өгдгөөрөө өг, хувьцаагаа ч өг” хэмээн хэлсээр байсан юм. Ямартай ч иргэд сонголт хийх нь гарцаагүй бололтой. Иргэн бүрийн “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт нэг сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилт хийхээр болсон юм. Харин сургалтын төлбөр хэлбэрээр хоёр удаа 500 мянган төгрөг авсан оюутнууд, сая төгрөгөө бэлнээр авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийсэн бичилт хийхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэн мөнгөнөөс татгалзаж, хувьцаа авч болно. Эс бөгөөс Тавантолгойн хувьцаанаас эзэмшихгүй. Харин үлдсэн хоёр сая орчим иргэний хувьд хувьцаагаа юу, бэлэн мөнгө үү гэсэн сонголт хийнэ. Хэрэв бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаалж болно. Засгийн газар иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгажээ.

Харин хоёр сая орчим иргэн үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авна гэвэл энэхүү мөнгийг Засгийн газар гаргаж өгөх эсэхийг Я.Батсуурь гишүүн тодруулахад урьдчилсан байдлаар 50 хувь нь арилжиж, үлдсэн нь хувьцаагаа эзэмших сонирхолтой байгааг судалгаагаар тогтоосон гэнэ. Ингэснээр тэрхүү хувьцаагаа арилжих иргэдэд бэлэн мөнгөний асуудлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой хэмээн хариуллаа.

Ямартай ч асуудлын талаар хэлэлцүүлэг төдийлөн өрнөлгүй, дараагийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн өдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж, гишүүд анхны хэлэлцүүлгийг нь хийхийг зөвшөөрч, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн.

УИХ 2011 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн багцад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг худалдан авах зориулалтаар баталсан. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад худалдан авах тусгай зориулалтын техник хэрэгслийн үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өсчээ.

Хөрөнгө оруулалтын задаргаанд эдгээр техник хэрэгслийг импортоор худалдан авахад төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тусгаагүй зэргээс шалтгаалан 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад шаардагдах 2500 ширхэг сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээг худалдан авахад төсөвт тусган баталсан хөрөнгө хүрэлцэхгүйд хүрсэн талаар танилцуулгад дурьдагдсан юм.

Сонгуулийн бэлтгэл хангахад зургаан сар орчмын хугацаа үлдсэн, төсвийн тодотгол хийх цаг хугацааны боломж муутай байгааг ч тодотгожээ. Иймээс энэхүү үйл ажиллагааны онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-аас дээр дурьдсан техник хэрэгсэл, программ хангамжийг импортоор худалдан авахад Монголын тал хариуцан төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг удаа чөлөөлөх тусгай хууль батлан гаргах нь хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чухал арга хэмжээ болох аж.

Дээр дурьдсан 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дүнд багтсан импортоор худалдан авч буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, түүнтэй уялдсан үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байлаа. Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг дэмжин байнгын хороонд дараагийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлсэн юм.

No comments:

Post a Comment